• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0

"Эмээлт" захад ноолуур килограмм нь 50 мянган төгрөгийн үнэтэй байна.

Засгийн газар “Ноолуурыг 105 мянган төгрөгөөр авна” гээд л малчдаа хаваржин хүлээлгэв. Сүүлдээ бүх аймгийн ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч чадахгүй болоод явчихлаа. Ингээд “Ямаа тус бүрт 20 мянган төгрөг өгнө” гэв. Өдөржин малынхаа бэлчээрт шогшиж, “Ноолуурын үнэ дуулдана уу” гэж утас цохиж, мэдээ сонсож суугаа малчид хаа сайгүй. Ченжүүдэд өгөх гэхээр нөгөө хэд нь Засгийн газрын хэлсэн үнэнээс хоёр дахин доогуур үнэ хэлээд суучихсан. Засгийн газартаа өгөх гэхээр мөнгөгүй, байхгүй гээд зовлон тоочсон ийм нэг хавар энэ жил тохиож байна. Ноолуурын үнэ ханш ямар байгааг “Эмээлт” захаас сурвалжиллаа.

ЦАС ОРООГҮЙ ӨВӨЛ НООЛУУР ШОРОО ИХТЭЙ БАЙХГҮЙ ГЭЭД ЯАХ БИЛЭЭ

“Эмээлт” захад ноолуур өгөхөөр ирсэн малчин бараг л алга. Ирж байгаа ганц, нэг нь нааш, цааш холхилдож, ноолуурын үнэ судлаж зогсоно. Малчид “Ноолуур хэдээр авах вэ” хэмээн машиныхаа цонхоор хашхирч, урдаас нь ченжүүд “Аль аймгийнх вэ. 50 мянган төгрөг. Гэхдээ харж байж болно” гэнэ. Ийм яриа ганц хоёрхон түүхийн эд авдаг газрын гадаа өрнөж байв. Төв аймгийн Баянцогт сумын малчин Э.Эрдэнэбаяр 65 килограмм ноолуур тушаахаар иржээ. Гэтэл тэрбээр ноолуураа зарж чадахгүй  гурван ч ченжийн нүүр үзэв. Ченжүүд шуудайтай ноолуурыг нь “авна” гэж машинаас нь буулгаад, жин дээр жинлэж, задалж үзээд л авахаа больчих юм.

Энэ талаар тэрбээр “Цас унаагүй газрын ямааны ноолуур юу гэж пургиагүй байх билээ. (пургиа гэдэг нь шороо). Ноолуурыг маань авна гээд машинаас буулгаад, шуудайг нь хагалж үзээд л пургиа ихтэй байна гээд авахаа больчих юм. Ирснээсээ хойш гурван ч газарт шуудайтай ноолуураа үзүүллээ. 

Манай суманд ноолуурыг 45 мянган төгрөгөөр авч байгаа. Үнэ нь өдөр ирэх тусам ганц, хоёр мянган төгрөгөөр буураад байх юм. Тэгэхээр нь борлонгоо ч самнаж амжилгүй хэдэн килограмм ноолуураа тушаахаар ирлээ. Гэтэл авах газар бас олдохгүй бололтой. Өнгөрсөн жилийн өдийд уг нь булаацалдаад авч байсан юм” гэлээ. Малчин Э.Эрдэнэбаяр хэд хэдэн ченжийг царайчилж яваад, арайхийн ноолуураа килограммыг нь 50 мянган төгрөгт тушаагаад нутаг буцлаа.  

ЗАСГИЙН ГАЗАР ОРОЛЦООГҮЙ БАЙСАН БОЛ НООЛУУР 85 МЯНГАД ХҮРЭХ БАЙСАН

Ноолуур тушаахаар ирсэн малчдын хөл хөдөлгөөний талаар “Эмээлт” захын “Сутай” төвийн ченж Г.Пүрэв “Ноолуурыг аймаг аймгаас нь шалтгаалаад, 50-65 мянган төгрөгөөр авч байна. Зүүн гурван аймгийнх нарийн ширхэгтэй учраас 65 мянган төгрөг. Харин баруун болон говийн аймгууд 50-55 мянган төгрөгийн үнэд хүрнэ. Ноолуур цуглуулалтын ажил өдийд дундаа орчихсон байх ёстой. Гэтэл одоогоор 100 кг ноолуур аваагүй сууна. Ноолуураа борлуулахаар ирж байгаа малчид тун цөөн байна. Цөөхөн ямаатай, ганц хоёрхон килограмм ноолуур авдаг Төв аймгийн малчид л орж ирж байх шиг. Бусад нь аймаг, сумандаа өгөх нь өгөөд, зарим нь Засгийн газрын шийдвэрийг хараад сууж байгаа бололтой.  

Хэрэв Засгийн газар ноолуур худалдаж авах ажилд оролцоогүй бол ноолуурын зах зээлийн үнэ 70-80 мянган төгрөг болох байлаа. Ханш тогтворгүй байгаа болохоор манай компанийнхан орон нутаг руу явж ноолуур аваагүй. Очоод үнэтэй авчихдаг, үнэ нь 5-10 мянган төгрөгөөр буурах юм бол бид алдагдал хүлээх магадлалтай. Өмнө нь өгдөг байсан хэдэн малчдаа ноолуураа аваад ирэх болов уу гээд өдөржин зам ширтэж хүлээж байна. Өдийд зүүн гурван аймгийн ноолуур самнагдаж дуусаад, худалж аваад дуусчихсан. Харин баруун аймгуудын ноолуур самнагдаад, ид дундаа орчихсон байдаг цаг хугацаа. Малчид Засгийн газар угаасаа 100 мянгаар авч чадахгүй гэдгийг ойлгоод, яг ноолуураа тушаах гэж байтал ямаанд 20 мянган төгрөг өгнө гээд зогсоочихлоо. Манай энэ хавиар ноолуур авч байгаа ченж бараг л алга. Ханш байхгүй болохоор тэр шүү дээ” гэлээ.

 
 

ӨНГӨРСӨН ЖИЛИЙН НООЛУУРАА ЗАРЖ ЧАДААГҮЙ БАЙНА

Мөн тус захын ченж М.Хонгор “Монгол Улсын ноолуурын 70-80  хувь нь Итали руу гардаг байсан юм. Гэтэл коронавирусийн өвчлөлтэй холбоотойгоор улс орнууд хилээ хаачихсан. Бид өнгөрсөн жилийн угаасан ноолуураа ч зарж чадаагүй.  Өнжсөн ноолуурын чанар алдагдаад үнэ нь буурдаг юм. Засгийн газар нь хэлсэн үнэдээ авч чадахгүй болохоор ханшгүй бид яаж ноолуур үнэтэй авч чадах билээ. Энэ жилийн ноолуур өнжих магадлалтай байна. Засгийн газар нь ч авч чадахгүй, иргэд ч өгч чадахгүй байсаар энэ хавар, зуныг барах шинжтэй байгаа учраас ноолуур өнжихгүй гэх баталгаа алга.

Малчид бас бүх аймгийн ноолуурыг яг адилхан үнээр авна гэж ойлгоод байдаг. Зарим аймгуудын ноолуур пургиа, шороо, хялгас ихтэй ирдэг. Тийм ноолуурыг бид яаж адилхан үнээр авах юм бэ. Тэрийг чинь угаана, цэвэрлэнэ. Шороо, хялгас ихтэй ноолуур угаалаа тал жин нь алга болчихдог юм. Ноолуурт чанар гэдэг зүйл чухал. Манай улс 10 мянган тонн ноолуур авлаа гэхэд гурван мянган тонныг нь үндэсний үйлдвэрүүд худалдаж аваад, бүтээгдэхүүн болдог. Үлдсэн ноолуурыг нь гадагш экспортлох болдог. Гэтэл энэ жил худалдаж авдаг хятадууд байхгүй учраас ноолуур үнэд хүрэхгүй байгаа юм” гэв.

 
 

НООЛУУРЫН ҮНЭ УДАХГҮЙ УНАНА  

Харин дараагийн ченж “Ноолуураа тушаахаар ирж байгаа малчин бараг л алга даа. Хөдөө байдаг ах, дүү хамаатан садангаасаа арай гэж хэдэн килограмм ноолуур авч байна. Өнөөдөр гэхэд гурван килограмм ноолуур худалдаж авлаа. Уг нь баруун аймгийнхан өдийд ноолуураа тушаахаар ирсэн байх ёстой. Ноолуурыг өдийгөөс авч эхлээд, зургадугаар сарын эхэн үе гэхэд  дууссан байдаг. Гэтэл үнэ харсан хэдэн хүмүүс л гэртээ сууж байх шиг байна. Ирсэн хэд нь “Засгийн газар 105 мянгаар авна гэсэн” гээд бухимдаад байх юм. Энэ жил угаасаа ноолуурын үнэ 50 мянгаас дээш гарахгүй. Одоо удахгүй бүр үнэ нь унах магадлалтай байна. Цаашаа нийлүүлэх зах зээл байхгүй тул бид үнэтэй аваад, хааш нь зарах билээ. Засгийн газар алдагдалтай учраас л хэлсэн үнээрэээ авч чадахгүй байгаа юм. Иргэд ноолуураа хаана ч тушаасан ямааныхаа 20 мянган төгрөгийг авна гэдгээ ойлгох хэрэгтэй. Зарим нь Засгийн газарт зарж байж 20 мянган төгрөг авна гээд бодоод байна. Харин зарим нь бидэнд тушаасан бол манайхаас ямааныхаа 20 мянган төгрөгийг авна гэж ойлгоод нэхээд байх юм. Ядаж Засгийн газар нь иргэдээ мэдээллээр бүрэн хангах хэрэгтэй. Ноолуураа тушаахаар ирж байгаа хэдэн малчин нь битүү шороотой, авахын аргагүй ноолуур авчирчихаад 50 мянгаас дээш  үнээр өгнө гээд уурлаад байх юм” хэмээв.

НООЛУУР АВАХ ЧЕНЖ АЛГА

“Хөдөө байдаг ахынх  маань цөөхөн хэдэн ямаатай. Тавхан килограмм ноолуур тушаахаар ирээд борлуулж чадсангүй. Шороо ихтэй гээд авахгүй юм. Төв аймгийн нутаг сул шороо ихтэй, ноолуур пургиа ихтэй байхгүй гээд байх юм. Жил бүр л Төв аймгийнхны ноолуурыг авах гэж ченжүүд мяалж, үнийг нь бууруулдаг. Энэ жил ч бас ялгаагүй байна” хэмээсээр цагаан тортой хэдэн килограмм ноолуураа зарж чадахгүй аргаа барж яваагаа ярив. Энэ мэт “Эмээлт” захыг зорьж ирсэн хэдхэн малчин ноолуураа зарж чадахгүй арга ядаж байна. Ченжүүд шороотой ноолуур авахгуй хэмээн таахалзсаар. Мөн тэд баруун аймгийн ноолуурыг 50 мянган төгрөгөөс дээш авахгүй гэдэг байр сууриа илэрхийллээ.    

Өдийд ч “Эмээлт” захын ченжүүд ноолуураар халгиж, цалгиж, малчид малынхаа ашиг шимийг өвөртлөөд, “Нарантуул” захаар хөндлөн гулд алхаж  байдаг үе. Гэтэл энэ хавар малчид хэдэн ямааныхаа ноолуурыг борлуулж, таван төгрөгтэй болох хүслээс цааш хэтрэхгүй бололтой. Ч.Улаан сайд аа, малчид таныг  хэзээ ноолуурыг маань хэлсэн үнээрээ хэзээ авах бол гээд чих тавин хүлээж сууна. Арга ядаад ченжүүдэд өгөх гэхээр ямаанд оногдох 20 мянган төгрөгөө авч чадахгуй болов уу гээд эргэлзэж, тээнэгэлзсээр хаврыг үдэх нь ээ. 

Д.Чанцалдулам

 
image
TAGS





Холбоотой санал болгох мэдээ