• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    71   |  
0

Дэлхийн Их 20 улсаас хөгжиж буй орны зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2020-2021 онд хойшлуулахаа мэдэгдсэн

Сангийн дэд сайд Х.Булгантуяатай ярилцлаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш манай улс эдийн засгаа тогтвортой байлгах шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлж байна. Засгийн газраас эхний ээлжинд эдийн засгийг идэвхжүүлэх долоон арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон. Хэрэгжилт ямар байгаа вэ?

-Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш өрхийн болон аж ахуйн нэгжүүдийн орлого буурч, зардал нэмэгдсэн амаргүй нөхцөл байдал үүслээ. Энэ нь улс орны эдийн засагт ч нөлөөлж байна. Тухайлбал, манай төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 700 гаруй тэрбум төгрөгөөр буурсан.

Эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгө болон олон улсын байгууллагын зээл, тусламжийн нэлээд хувийг эрүүл мэндийн салбарт зарцууллаа. Ингэхдээ эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг сайжруулах, техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай авах арга хэмжээнүүдэд гол санхүүжилтийг гаргасан. 

Мөн ажлын байр хадгалж үлдэх, орлого буурсан үед аж ахуйн нэгжүүдэд нэмэлт ачаалал өгөхгүй байхад анхаарч, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг зургаан сараар хойшлуулах шийдвэр гаргасан.

Эхний долоон багц арга хэмжээнд 5.2 их наяд төгрөг буюу 2020 оны төсвийн орлогын тал орчим хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Коронавирусийн тархалтын нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхийг тааж мэдэх аргагүй байгаа тул улс орон бүр эдийн засгаа тогтвортой байлгах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч байна.

-Дээр дурдсан 5.2 их наяд төгрөгийн санхүүжилт бүрэн шийдэгдсэн үү?  

-Ерөнхий сайд хэд хэдэн хувилбар судалсны үр дүнд эхний ээлжинд аж ахуйн нэгжүүдээ хамгаалах арга хэмжээ зарласан. Үүнтэй холбоотой холбогдох яамд тооцоо судалгаа гаргаж, УИХ-ын хаврын чуулганаар холбогдох хуулиудад өөрчлөлт хийлээ. Мөн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталлаа. 

Тус хуулиар Ковид-19 цар тахалтай тэмцэх явцад хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй тохиолдолд төсвийн нийт зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зохицуулалт хийхийг Засгийн газарт зөвшөөрсөн.

Ингэснээр Ерөнхий сайдын зарласан эхний долоон арга хэмжээг зохион байгуулах эрх УИХ-аас олгогдсоноор зохих журмуудад мөн өөрчлөлт орууллаа. Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэхтэй холбоотой журмаа танилцуулсан. Татварын ерөнхий газраас холбогдох журмуудад өөрчлөлт хийн батлаад байна. Нэг удаагийн шинж чанартай цар тахлын хуулийн үр дүнд зарим зардлыг тэвчиж, заримыг нь багасгах, шаардлагатай хөрөнгө оруулалтууд руу хөрөнгө нэмэх зэргээр зохицуулалт хийж байна.

Тухайлбал, 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хоол, ЕБС-ийн Үдийн цай хөтөлбөрийн зардлыг 2020 оноос 50 хувь нэмэгдүүлэхээр төсөвлөсөн бол энэхүү санхүүжилтээс боловсролын салбарын халдвар ариутгал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах шийдвэрийг Ерөнхий сайд гаргалаа.    

-Манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч, үүний үр дүнд дотроосоо халдварлаагүй цөөн улсын нэгээр нэрлэгдэж байна. Гэвч энэ нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүрээд байгаа шүү дээ?

-Монгол Улс нь коронавирусийн эрсдэл өндөртэй улсад тооцогдож, нэн яаралтай арга хэмжээ авах шаардлага үүссэн. Эрт арга  хэмжээ авсан нь эдийн засагт хүнд туссан нь үнэн. Гэхдээ БНХАУ-ын эдийн засаг маш хурдацтай сэргэж байгаа. Шинэ салбаруудад боломж гарч байгааг эдийн засагчид онцолж байгаа. Үүнийгээ дагаад манай эдийн засаг ч хурдан сэргэх боломжтой.

Тухайлбал, нүүрсний экспорт сүүлийн үед нэмэгдэж, өдөрт 500 орчим машин нүүрс хилээр гарах болсон. Зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ. Улаанбаатар хотын зочид буудал, хоолны газар гэх мэт үйлчилгээний газрууд 25 мянган ажлын байраар хангадаг. Цаашид бизнесийн үйл ажиллагааг  аажмаар нэмэх бололцоо байгаа. Аюулгүй байдал, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хангахад анхаарах ёстой  

-Дэлхийн бусад улс эдийн засгаа тогтвортой байлгах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна. Манайх үүнийг эдийн засагтайгаа хэрхэн уялдуулж байгаа вэ?

-ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагаас дэлхийн 100 гаруй улс найман их наяд ам.долларын эдийн засгийн тохиргоо хийж байгаа гэх судалгааг гаргасан. Үүнээс долоон их наяд ам.долларын тохиргоог дэлхийн Их 20 улсын Засгийн газар хэрэгжүүлж байна. Том эдийн засагтай улс орны хувьд энэ хэмжээний эдийн засгийн арга хэмжээ авах  боломж бололцоо нь байна. 

Харин бусад улс нийлээд нэг триллион ам.долларын тохируулга хийх л эдийн засгийн боломж байгаа. Ерөнхийдөө дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй гол арга хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг хойшлуулах эсвэл тэглэх, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тэглэх, санхүүгийн тайлан, тооцоолол гаргах хугацааг нь хойшлуулах, зэрэг арга хэмжээ авч байгаа.

Ялангуяа коронавирусийн халдвар хурдацтай тархаж, өвчлөл нэмэгдэж, иргэд нь гэрээсээ гарч чадахгүй, эдийг засаг нь бараг тэг зогсолт хийсэн улсууд  иргэддээ бэлэн мөнгө олгох, халамжийн үйлчилгээг нэмэх зэрэг арга хэмжээ авч байна. Жишээлбэл, АНУ Засгийн газар коронавирустай тэмцэх, иргэдийн амьжиргаа, ажлын байрыг хадгалахад хоёр триллион ам.доллар зарцуулсан.

Энэ нь тус улсын ДНБ-ий 10 орчим хувь, жилийн төсвийн орлогын 50 орчим хувьтай тэнцэх хөрөнгө. Саяхан ОУВС-аас 2020 оны эдийн засгийн төлөв байдлын тооцооллыг шинэчлэн гаргасан. ОУВС түүхэндээ анх удаа макро эдийн засгийн төсөөллийг хийхдээ вирусологч, эпидиомологч нарыг оролцуулан хийсэн тухай мэдээлж байна.  1960 оноос хойш ганц удаа буюу 2009 онд дэлхийн эдийн засаг хасахтай гарч байсан бол энэ жил мөн хасахтай гарахаар байгаа бөгөөд 2009 оныхоос 5-6 дахин унах төлөвтэй байгааг мэдээлсэн.

Хөгжсөн орны хувьд хасах зургаан хувьтай хөгжиж буй орнуудын хувьд хасах нэг хувьтай гарахаар байна. Улс орон болгон  эхлээд иргэдийн аюулгүй байдлыг хангахыг зорилгоо болгон   төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээний бэлэн байдалд онцгой анхаарч ажиллаж байна. Ингэж яаралтай арга хэмжээ авсны үр дүнд бид дотроосоо өвчин гараагүй дэлхийн жишиг улс боллоо. Цар тахлын үргэлжлэх хугацаа таамаглашгүй байгаа тул улс орнууд үе шаттай эдийн засгийн арга хэмжээ авч байна.

 Монгол Улсын Засгийн газар ийнхүү хоёр дахь шатны арга хэмжээг авахаар болсон. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатай нээж, эдийн засгаа идэвхжүүлэх мөн иргэд, тэр тусмаа халамж хамгаалал нэн шаардлагатай нийгмийн бүлэгт чиглэсэн арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Гэхдээ бид анхаарлаа сулруулж болохгүй. Өндөр анхаарал сэрэмжтэй байж, ариутгал халдваргүйжүүллээ сайтар хангана. Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг  эдийн засгийн чиглэлийн салбарын сайд нарт Засгийн газраас өглөө.

-Засгийн газраас авч хэрэгжүүлэх эхний арга хэмжээг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд чиглүүлсэн бол хоёр дахь арга хэмжээг зорилтот бүлэг, халамжийн чиглэлд хандуулжээ. Энд нийт 793 тэрбум төгрөг зарцуулна гэдгээ мэдэгдсэн. Үүний санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Дээр дурдсанаар хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвт суусан зарим зардлаас тохируулга хийх замаар шийдэж байгаа. Яам тус бүрт энэ мэтчилэн тохируулга хийж, зарим зардлыг хэмнэх замаар санхүүжилтийг шийдсэн. Үүсээд буй нөхцөл байдал нь хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, олон хүүхэдтэй айл өрхөд хүндээр тусаж байна. 

Эдгээр иргэнийг бид хамгаалах үүрэгтэй. Монгол улсын хүн амын гуравны нэг нь хүүхэд. 2018 оны ядуурлын судалгаагаар нийт хүүхдийн 36.8 орчим хувь нь нэн ядуу өрхөд амьдардаг гэсэн судалгаа гарсан. Хүүхдийн мөнгийг 100 мянга болгоход нэмж 513 тэрбум төгрөг шаардлагатай. Хүнсний талоны мөнгөн дүнг хоёр дахин нэмэхэд 14.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхэд 32.3 тэрбум төгрөг нэмж шаардагдана.  

-Тэгэхээр төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэсэн үг үү?

-Нэг удаагийн хуулиар төсөвт тодотгол хийхгүйгээр Засгийн газарт тодорхой тохируулга хийх эрхийг нь олгосон. Ингэхдээ зардал болон өр зээлийг нэмэхгүйгээр хийнэ гээд тодорхой заасан. 

Төсвийн орлого буурч байгаатай холбоотой алдагдал нэмэгдэх эрсдэл бий. Гэхдээ нөхцөл байдал хоёрдугаар хагас жилд хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. 

Төсвийн тодотгол хийнэ гэдэг нь маш том ажил. Хэдэн сараар аймаг сум, салбар бүрээр тооцоолол хийдэг бөгөөд энэ жил тооцооллоо хийгээд нэгтгэж байх үед ч эхний гаргасан төсөөлөл өөрчлөгдөхөөр байна.

Өөрөөр хэлбэл, үүнээс хурдан тохируулга хийх нь илүү үр дүнтэй, цаг хугацааны хувьд хэмнэлттэй тул цар тахлын нэг удаагийн хуулиар энэхүү эрхийг Засгийн газарт олголоо.

-Манай улсын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн хугацаанд тасалдсан. Үүнийгээ дагаад төсөвт ямар хүндрэл үүсээд байна вэ. Цаашдаа үүнийг нөхөх боломж байна уу?

-Бүх орлогоо үлдсэн хагас жилдээ нөхөж олно гэдэг хэцүү. Гэхдээ бид боомтуудын шинэчлэлийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Тийм ч учраас бид эдийн засгийн төсөөллийг нэг хувь болгож бууруулсан. Дэлхий зах зээлд алтны үнэ нэмэгдсэнтэйгээр  манайд алт олборлолт, тушаалт  нэмэгдэж байгаа. 

Газрын тосны үнэ буурсан, хил хаасантай холбоотойгоор экспорт зогссоныг мөн дахин эхлүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд төмөр замаар гардаг жонш, төмөр зэрэг гол нэрийн бараа бүтээгдэхүүний экспортод доголдол үүсээгүй.

Түүнчлэн хилийн боомтын шинэчлэл, цэвэрлэх байгууламж, гэр хорооллын барилга, авто зам гэх мэт улсын төсвийн хөрөнгө оруулалттай, олон улсын байгууллагын  зээл тусламжаар хэрэгжиж байгаа том төслүүд бий. 

Эдгээр төсөл зогсохгүй хэрэгжсэнээр ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд ажлын байр бий болно. Төсвийн орлогод ч нэмэртэй. Тиймээс  эдгээр төслийг үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Аюулгүй байдал, хорио цээр нэн тэргүүний асуудал хэвээр байна. Дотоодын ачаа тээвэрт доголдол үүссэн. Үүнийг зөв зохион байгуулах талаар Зам тээвэр, хөгжлийн сайдад Засгийн газраас үүрэг өгсөн. Салбар яамд энэ талаар тусгай судалгаа хийж, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.  

-Экспортоос гадна манай улсын импортын хэмжээ буурсан уу. Манайх хүнсний ногооны тодорхой хувиа БНХАУ-аас хангадаг шүү дээ?

-Зарим ханган нийлүүлэлт төмөр замаар хийгдэхээс илүүтэй авто замаар хийгддэг байсан. Ингээд хилийн хориг тавьж, халдвар гарснаас хойш импорт буурсан. Эхний долоон арга хэмжээнд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад анхаарсан. Дэлхийн улсуудад коронавирусийн халдвартай холбоотой гадаад худалдаа буурах, гадаад харилцаа доголдох зэрэг сөрөг үр дагаврууд гарах болсон.

Үүнтэй холбоотой цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх, хангамжийг доголдуулахгүй байх чиглэлд ХХААХҮЯ ажилласан. Хүнс хөдөө аж ахуйн салбар нь манай ДНБ-ий гуравны нэг хувийг эзэлдэг. Мөн ажлын байр бүрдүүлдэг том салбар. 

Тиймээс бид хүнсний дотоодын үйлдвэрлэлээ нэмэх чиглэлд тодорхой бодлого хэрэгжүүлж байна. 2020 оны улсын төсөвт үр тарианы шинэчлэлд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Тариалалтын ажил цаг хугацаандаа явж байгааг яамнаас мэдэгдсэн.  

-Дотоодоо хүнсний хангамжаа нэмэгдүүлэх чиглэлээр төсөв хөрөнгө нэмж гаргах уу?

-Энэ талаар Ерөнхий сайд ХХААХҮЯ-ны сайдад онцгойлон үүрэг өгсөн. Ингэхдээ мах, гурил, өргөн хэрэглээний ногоо зэргийн хангамжийг тасалдуулахгүй байх, тариалалтыг цаг тухайд нь эхлүүлэх, шаардлагатай тохиолдолд техник тоног төхөөрөмжөөр хангахыг үүрэг болгосон. Энэ салбарт иргэдийн зүгээс хамгийн их санаа зовж байгаа асуудал нь ноолуурын асуудал. 

Мөн махны экспортын чиглэлээр нөөц бүрдүүлсэн компаниудад хүндрэл гарч байгаа. Мах бэлдчихсэн ч нөхцөл байдалтай холбоотой экспортод гаргаж чадахгүй, шинэ мах гарах цаг болчихсон зэрэг асуудал бий. Тиймээс хүнсний барааны экспорт, импортыг хэвийн явуулах тал дээр ХХААХҮЯ  ажиллаж байна.

-“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн. Энэ нь төсвийн орлогод нөлөөлөх үү?

-Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. “Алт-2” хөтөлбөрийг бид Хөгжлийн банкаар дамжуулан явуулж байсан ч явц нь удаан байсан. Тухайн үед алтны үнэ өнөөдрийнх шиг өндөр байгаагүй. Өнөөдөр банкны салбарынхан эрсдэлээ бодож бизнесийн салбарт зээл гаргалт удаан байна. Харин алтны салбарт зээл олголт гайгүй сайн байна. Уул уурхайн салбараас ч үүнийг бодлогоор дэмжинэ гэдгээ мэдэгдсэн.

-Ирэх жилээс бондуудын өр нэхэгдэж эхэлнэ. Улс орнууд зээлийн хүү, үндсэн төлбөрүүдээ хойшлуулж болох боломжийг нээчихсэн гэх мэдээлэл бий. Манайх өрөө хойшлуулах боломжтой юу?

-2020-2024 оны хооронд бид 2.8 тэрбум  ам.долларын өр төлнө. Энэ нь манай улсын эдийн засагт том ачаалал ирнэ гэдгийг эртнээс тооцоолж ирсэн. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэх, төсвийн алдагдлыг бууруулах, өрийн хэмжээг нэмэхгүй байх, орлогоо нэмэгдүүлэх зэрэг ажлыг бид сайн хийж байсан. 

Харамсалтай нь, коронавирусийн халдвартай холбоотой онцгой нөхцөл үүслээ.  Дэлхийн бүх улс ийм нөхцөл байдал байгаа. Коронавирусийн халдвар багасвал дэлхийн санхүүгийн зах зээл ямар байдалд очих вэ гэдгийг тааж мэдэхгүй байна.

Иймд дэлхийн Их 20 улсаас хөгжиж буй орны зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2020-2021 онд хойшлуулахаа мэдэгдсэн. Тэгэхээр жилийн эцэс хүртэл 180 орчим тэрбум төгрөгийн төлөвлөсөн санхүүжилт хийгдэх шаардлагагүй болсон гэсэн үг. 

Нөхцөл байдал хоёрдугаар хагас жилд хүндэрвэл олон улсын байгууллага, хөгжсөн улсууд энэ цаг хугацааг сунгахыг үгүйсгэхгүй. Зарим нь биднийг зээл авч, санхүүжилтийг шийдэх хэрэгтэй гэж байна. Улс орон болгоны эдийн засаг хүндэрчихсэн энэ цаг үед хэн нэгэнд зээл өгч, гар сунгах улс ховор байх. Иймд бид өөрсдийн нөөц бололцоог дайчилж, эдийн засгаа тогтвороо байлгах нь чухал.

-180 орчим тэрбум төгрөгийн өрийг хойшлуулсан гэхээр энэ мөнгө төсөвлөчихсөн байсан гэсэн үг үү?

-Төсөвлөсөн байсан. Үүнийг Засгийн газар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, ажлын байр хадгалах гэх мэт Засгийн газраас шийдвэрлэсэн арга хэмжээнд зарцуулна.

-Коронавирусийн үед манайх гаднын улсаас нэмж зээл авсан уу?

-Бид олон улсын байгууллагатай санхүүжилтийн схемийг тохирдог. Энэ бол хэлэлцэж эхлээд хэрэгжих хүртэл 2-3 жил болдог явц. Гэхдээ олон улсын байгууллагууд энэ цаг үед маш уян хатан, шуурхай ажиллаж байна. 

Бид Дэлхийн Банкнаас 27 сая ам.доллар, Азийн Хөгжлийн Банкнаас 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг коронавирусын халдвараас сэргийлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангахад зориулж авсан. 

Нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх чиглэлээр хөнгөлөлттэй зээл авахаар яриа хэлэлцээ хийж байна. Хөнгөлөлттэй зээл гэдэг нь жилийн хоёр хувиас бага хүүтэй, 20 жил болон түүнээс урт хугацаатай, эхний  таван жил орчим нь хүүгийн төлбөрөөс чөлөөлөгддөг хөгжиж буй орнуудад олгогддог зээл. 

 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ