A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 76 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 76 | |
|
Нийслэлийн XIII хорооллын II байрны гадна хананд “Билэгийн Дамдинсүрэн энд амьдарч байлаа” гэсэн товчхон боловч тодорхой бичээс бүхий дурсгалын самбар бий.
Олон сайхан дууны ая, дуурь, хөгжмийн бүтээлээрээ монгол хүн бүрийн сэтгэлд мөнхрөн үлдсэн их хөгжмийн зохиолчийн амьдралынхаа сүүлчийн он жилийг өнгөрөөсөн тэр байрны үүдээр өнгөрөх бүртээ би ямар нэгэн аяз, аялгуу олж сонсохыг хичээдгээ саяхан анзаарсан юм. Гэвч өвөл бол будрах цас, хавар сэвшээ салхи, зун хүүхдийн цангинасан их дуу, шуугиан, намар бол шувуудын ганганаа сонсдгоо энд тэмдэглье.
Энэ бодолтойгоо учиг нэгтгэж, Билэгийн Дамдинсүрэн гэж хэн байсныг, түүнийг дурсах шалтгаан энэ цагт юу байгааг эмхлэн бодлоо.
Саяхнаас бид телевизийн нэгэн шоунаас нүдээрээ инээмсэглэсэн, даруухан бор залууг нийтээрээ онцлон, шохоорхов. Гялгар, чамин гоёлгүй ч хөгжмийн хэл гэж юу байдгийг тэрбээр тайзнаас үзэгч, сонсогчдод “заав”.
Нэрийг нь Э.Дашням гэх эгэл, боргилын туйл болсон залууг өдгөө Монголчууд бүү хэл дэлхий андахгүй болов. Дууг аргадаж, илбэж дуулахын урыг тэр дэлхийн шоу тайзан дээрээс гайхуулав.
Түүний дуулсан “Нэр үгүй салхи” дууг сонссон хэн ч амьсгалаа даран байж сонсов. Энэ хэн бэ, хаана, төрж өсөв, хэний үр сад вэ хэмээн нийтээр гайхан, онцлов.
Анзааргагүй сонсогчийн чихэнд торохгүй байж мэдэх ч нэг л өөр увидас түүний үзүүлбэр бүрт “нуугдчихаад” байв.
Түүний дуу хоолой, намба төрх, байгаа байдал яагаад соронз мэт олныг татаад байгаагийн нууцын эрэлд бид нийтээрээ гарав. Ингээд учрыг олж, хариултаа олсон.
Тэр чинь агуу, суут хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү байж шүү дээ хэмээн нийтээрээ гайхацгааж, учрыг нь хамтдаа тайлцгаасан. Тэгж л таарна шүү дээ.
Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж энэ юм. Энэ дэлхий дээр монголчууд шиг удам судар, өвөг дээдэс, ураг төрлийнх нь хэлхээ хамаарлыг голчилдог ард түмэн бараг байхгүй ээ.
Тийм ч учраас хэний ч таньж, мэдээгүй явсан Э.Дашням гэх даруухан бор залууг олон дундаас онцолж, хэний үр удам болохыг нь тодруулан, эрсээр хүссэн хариултаа олж, сая нэг санаагаа амраацгаав.
Хариултаа олсон даруйдаа “Тэгж л таарна. Нэг л өөр байсан юм. Агуу Билэгийн Дамдинсүрэнгийн удам байжээ. Аялгуу, хөгжмийн хэлээр ингэж “ярихаас” яах вэ дээ хэмээцгээж, генийн хадгалагдан, удамших гайхамшгийн тухай дахин ярих, бодох, нухацтай тунгаахад хүрэв. Юм гэдэг учиртай ажээ.
Э.Дашнямын өвөө аав Билэгийн Дамдинсүрэн болбоос, дуурь, бүжгэн жүжиг, симфони, цөөхүүл хөгжим, хөгжимт жүжиг, киноны хөгжим, дуу гээд Монголын хөгжмийн урлагт байж болох бүхий л төрөл, жанраар хойч үе судалж барахгүй их өв үлдээсэн сод хүмүүн юм.
Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” гэх симфонийг сонсон уярч, он цаг, орон зайнаас үл хамаарч эх нутаг, элгэн садан, ижий ааваа санан дурсаагүй нэг ч хүн байдаггүй болов уу.
Шувуу нисэж, хөвч тайга салхинд шуугихаас өөр анир үгүй цавчим хадат хөх уул өөд мацан мацсаар оргилд нь хүрч, бэл рүү нь хараа сунган тайвшрах шиг “Хэнтийн өндөр ууланд” симфони бол монгол хүний, монгол соёлын оргил бүтээл яах аргагүй мөн.
Агуу мастер Б.Дамдинсүрэн “Хэнтийн өдөр ууланд” симфони төрсөн түүхийг ийн дурссан байдаг.
“Чөлөөлөх дайн дууссан намар нэг их сайхан тогтуун өдөр ногоон онгоцоор Хэнтийн нуруугаар ниссэн юм. Намар оройн байгаль, уул тэр аяараа цэнхэрлээд л, араатан, жигүүртэн түмэн хэлээр дуугараад л, зохиолч бол уянгат шүлэг бичих сэн. Миний илэрхийлдэг хэл бол хөгжим юм.
Уран байгалийн өнгө зохиолыг, уул, усны шивнээг илэрхийлье гэж бодсон” гэсэн нь симфонийн аялгуу, хийц, айзам, цараатай нь яг таарч байх шиг санагддаг аа.
Бүтээгчийн дээрх тайлбаргүйгээр сонсогчийн чих, зүрх, тархи, бодол, төсөөлөл рүү Б.Дамдинсүрэн гуайн тухайн үед онгоцноос харж байсан байгалийн өнгө, зохирол, харц нүдэнд нь тодорсон уулсын бараа яг л тэр янзаараа хөгжим болон эгшиглэх шиг санагдах. Ийн бодохоор монголчууд бол түүхийн аль ч цагт оюуны тэжээл, сэтгэлийн цэнгэл болсон хөгжим, дуу, яруу найраг, гоо зүйн туурвигч, өндөр дээд сэтгэгч, уран бүтээлчээр дутаагүй ард түмэн.
Шувуу нисэж, хөвч тайга салхинд шуугихаас өөр анир үгүй цавчим хадат хөх уул өөд мацан мацсаар оргилд нь хүрч, бэл рүү нь хараа сунган тайвшрах шиг “Хэнтийн өндөр ууланд” симфони бол монгол хүний, монгол соёлын оргил бүтээл яах аргагүй мөн. Агуу мастер Б.Дамдинсүрэн “Хэнтийн өдөр ууланд” симфони төрсөн түүхийг ийн дурссан байдаг.
Энэ нь С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Г.Жамьян, Б.Шарав нарын хөгжмийн сод мастеруудын оркестор, симфони, цомнол, дуурь, тайз, дэлгэцийн бүтээлээр илэрдэг бол яруу найраг, үргэлжилсэн үг, жүжиг, гоо зүйн бүрэн хэмжээний сонгодог дэг, өвийг В.Инжинаш, V Богд гэгээн, Д.Данзанравжаа, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Намдаг, Л.Түдэв, Д.Батбаяр, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай нарын бүтээл туурвилаас сав, шанаганыхаа хэмжээгээр авч болохоор байна.
Цаг үетэйгээ хамт төрж, амьдарч асан он жилүүддээ өөр өөрийн үүргээ гүйцэтгээд одох суутнаар ирээдүй ч мөн дутахгүй биз ээ. Яг үүнтэй утга дүйх үгийг Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хэлсэн нь бий.
Тэрбээр “Монгол Улсын тусгаар тогтнолыг амь насаараа тунхагласан өвөг дээдсээс гадна соёлоор дархалсан хоёр хүн бий. Тэр нь Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж хоёр.
Яаж вэ гэж асуу. “Төрийн дуулал”-аа бичиж дархалсан” хэмээсэн нь маргахын аргагүй үнэн. Түүний санааг дэлгэрүүлбэл, дээрх хоёр уран бүтээлч бол Монгол үндэстний хөгжмийн соёлыг хорьдугаар зуунд авч гарч ирээд, хойч үедээ хүлээлгэж өгсөн зүтгэлтнүүд.
Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэн нь 1919 онд хуучнаар Дархан чин вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Үнэгтий хэмээх газар мэндэлжээ.
1924-1928 онд Гандантэгчэнлин хийдэд шавилан суусан бөгөөд Төвөд, худан монгол бичгээр чөлөөтэй уншиж, бичдэг гойд сэргэлэн нэгэн байжээ. 1935 оноос Улсын Төв театрт хөгжимчнөөр орсон нь уран бүтээлээ туурвих хамгийн том хаалга нээсэн явдал болжээ.
Ингээд хөгжмийн урлагт өөрийгөө дайчлан суралцсаар 1941-1954 онд Улсын төв театрт хөгжмийн удирдаач болон ахижээ. Түүний намтарт Ленинград хотын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцсан сайхан түүхээс эхлээд шоронд сууж явсан бараан дурсамж ч байжээ.
Улмаар 1956-1957 онд Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1957-1958 онд Улсын хөгжимт драматик театрт уран сайхны удирдагч, 1958-1962 онд Бээжин хотын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцан төгссөн байна.
1962-1981 онд Улсын дуурь бүжгийн театрт хөгжмийн зохиолч, найруулагч, 1981-1982 онд Дорнод аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1983 оноос “Монгол кино” үйлдвэрийн хөгжмийн ерөнхий редактор хийхийн хажуугаар уран бүтээлчийн хувьд бяраа таниулсан олон төрөлт бүтээлээ хийсээр байжээ.
“Шарай голын гурван хаан”, “Хатанбаатар Магсаржав”, “Мандухай сэцэн хатан”, “Талын баатар”, “Амарсанаа”, “Цогийн идэр нас”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Зам”, “Далан худалч” зэрэг хөгжимт жүжгийн аялгууг зохиосон, Монголын хөгжмийн театрын үндэслэгч байсныг хойч үеийнхэн нь мартах ёсгүй учир энд хэргээр дурдав. Б. Дамдинсүрэн киноны хөгжмийн агуу мастер байв.
Тэрбээр “Цогт тайж” киноны хөгжмийг дөчин таван онд Л.Мөрдорж гуайтай хамтран бичсэнээс хойш “Нөмрөг хадны цуурай”, “Ичээнд нь”, “Солонгын таван өнгө”, “Хүний сайхан сэтгэл”, “Өнөр бүл”, “Говь Хянганд тулалдсан нь”, “Сахиул уу, сахиус уу”, “Фронтод явах өргөдөл”, “Ацаг шүдний зөрөө”, “Хөх өвсний нуур хөлгүй”, “Сэрүүн дуганы мөхөл”, “Аянгат цагийн дууль”, “Эцгийн голомт” зэрэг киноны хөгжмийг бичсэн байдаг.
"Ийм нэгэн хаан байжээ" жүжиг туурвисан учир 1949 онд, БНМАУ-ын Төрийн дуулал туурвисан учир 1951 онд БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал буюу төрийн шагналыг хоёр удаа хүртээжээ.
Ингээд 1969 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин болж, Монголын хөгжмийн урлагийн тулгын чулууг тавьсан өндөр үүргээ төр, түмнээрээ үнэлүүлжээ. Б.Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэмдэглэн өнгөрүүлж байв.
Сэтгүүлч М.Мөнхтунгалаг
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|