• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    83   |  
0

Америкийн Нэгдсэн Улсын Индиана мужийн Монгол-Төвдийн Буддист соёлын төв хийдийн хамба лам Ажиа Гэгээнтэн нь 2006 оноос Монголчуудад, тэр дундаа хүүхдүүдэд зориулсан буян номын үйл хэрэг хийж эхэлсний зэрэгцээ “Цусны хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг”-ийг барьж ашиглалтад оруулан 2014 онд "Эх Нялхасын Төв"-д албан ёсоор хүлээлгэн өгсөн билээ. 

Түүнчлэн сурах хүсэл эрмэлзэлтэй, авьяас чадвартай ч санхүүгийн бололцоо дутмаг шинэ оюутнуудад улсын их дээд сургуульд сурахад нь дэмжиж, цаашлаад Монгол соёл, өв уламжлал, эх орондоо хувь нэмэр оруулах хариуцлагатай иргэн бэлтгэх зорилгоор түүний нэрэмжит “Зөв Тэтгэлэг” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх суралцагчдаас 10 хүртэлх шилдэг төгсөгчдийг 3 үе шаттайгаар шалгаруулж нийт 4 жилийн дээд сургуулийн сургалтын төлбөр, суралцах бусад зардлуудыг олгодог юм.  

Энэ жилийн буюу 2020 оны тэтгэлгийн ялагчдыг 8-р сарын 22-ны өдөр тодруулахаар шалгаруулах хороо ажиллаж байна. Шалгаруулалтын гол үзүүлэлт нь сурлагын түвшин, гэр бүл, санхүүгийн нөхцөл байдал, хувь хүний зан чанарын онцлог, төлөвшил болон  эцэг эхийн хандлага, дэмжлэг мөн нийгмийн ажил, урлаг спортын идэвх зэрэг болдог.  

Тэтгэлэгт тэнцсэнээр санхүүгийн бүрэн дэмжлэг хүртэхээс гадна төрөл бүрийн сайн дурын ажил хийхийн сацуу өөрийгөө таних, бусадтай зөв харилцах, үндэсний соёл, өв уламжлалаа судлах зэрэг олон сургалтуудад хамрагдах юм. Түүгээр ч зогсохгүй тэтгэлэгт хамрагдсан оюутнууд 3, 4-р дамжаанд суралцах үедээ хоёроос гурваараа нийлэн багт хуваагдан өөрийнхөө амьдарч буй хүрээлэлдээ зуны амралтаар хэрэгжүүлэх нийгэмдээ тустай бичил төслүүд санаачлан боловсруулан хэрэгжүүлэх юм.  

Шалгаруулалтын сүүлийн шат болох ярилцлагын шатны шүүгчдийн бүрэлдэхүүнд нийгэм, бизнес, боловсрол зэрэг олон салбарын 10 гаруй мэргэжилтнүүд ажиллах юм.  

Хаана: Эх Хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн хашаа дотор зүүн урд талд байрлах Энэрэл Нигүүлсэл Оюун билгийн төв, Сургалт судалгаа, зочин эмчийн байр  

Хэзээ: 2020 оны 8-р сарын 22-ны бямба гарагт 09:00 –18:00 цагт  

Дэлгэрэнгүй мэдээллийг “Зөв тэтгэлэг” сангийн зохицуулагч О.Саранчулуунаас тодруулна уу.

Утасны дугаар: 99039680 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ