• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0

Улаанбаатар хот өвлийн бэлтгэлээ базааж, дулааны шугам, хоолойн засварын ажил хэдийн эхэлжээ. Ингэхдээ “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК засвар үйлчилгээнд хамрагдах бүс, хорооллын байршлыг зарлаж, засварын үргэлжлэх хугацааг  товлосон. Тус хуваарийн дагуу ажил, үйлчилгээ харьцангуй хурдан хийгдэж  байгаа тухай иргэд ам сайтай байна. Гэвч өнөөх л жилийн жилд хөрс ухаж, шороо овоолон зам таглаж, халуун ус таслан амьдрах тух алдагдуулж буйд бухимдах иргэн цөөнгүй. Иймд засвар үйлчилгээний ажлын талаар тодруулахаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Бидний нэрлэж заншснаар Ахуйн үйлчилгээний уулзвараас  III, IV хороолол руу өгссөн автозамын голоорх хөрсийг сэндийлэн овоолжээ. Ажлын хувцастай залуучууд тонголзож, төлөвлөгөөт засварын ажил үргэлжилж байгаа нь тодорхой. Гэвч газрын хөрсийг ухаж, овоолсон шороон дээр замын чулуун хавтангуудыг давхарлан тавьсан нь  орчныг бохир бөгөөд эрсдэлтэй болгожээ. Сул овоолсон шороо дэрлүүлэн, давхарлаж тавьсан хавтангууд газар ухах, засварын ажлын явцад нурж, ажилчдыг болон иргэдийг гэмтээж мэдэхээр харагдана. Түүнчлэн хүрэн өнгийн модоор дөрвөлжлөн хашсан нялх ногоон модод пургисан шороо, тоосон дундаас аврал эрэх мэт цухуйна.

Зарим газраа хайрцаг нь үл харагдам шороонд даруулжээ. Урт шороон овоолго “Билэг” их дэлгүүрийн  уулзвараас “Ачлал” их дэлгүүрийн уулзвар хүртэл сунайн үргэлжилжээ. Мөн хэд хэдэн газар явган хүний гарц таглан, битүүмжилсэн нь худалдаа үйлчилгээний газрыг зорин ирсэн иргэдэд багагүй төвөг учруулж байгаа харагдана лээ. Хэзээ мөдгүй төрөх дөхсөн эмэгтэй “1000 нэрийн барааны дэлгүүр орох гэж баахан тойрчихлоо. Ядаж явган хүний гарцаа чөлөөлж болмоор доо. Нэг ажил хийх гэж нэлээд чирэгдэл учруулах юм” хэмээн бухимдангуй ярилаа. Уг засварын явц, гүйцэтгэлийн талаар  гүйцэтгэгч компанийн засварын мастер М.Бүрэнбаатараас тодруулахад “Нийт 440 метр урт шугам хоолойд засвар хийж байна.

Зургадугаар сарын 29-нөөс энэ сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажлаа эхэлсэн. Дуусах тун дөхөж байна. Энэ хэсгийн шугам өндөр насжилттай, эвдрэл байнга гардаг учраас сольж, шинэчилсэн. Тэгэхгүй бол өвөл дулаан хангамж эхлэхээр  осол гарах, дулаан доголдох эрсдэлтэй. Шугам хоолойг засаж дууссаны дараа, усаа шахаж, шалгалт хийнэ. Түүний дараа нөхөн сэргээлт, хучилт хийдэг” хэмээх тайлбарлалаа. Ийм нэгэн тоос манарч, түм түжигнэсэн дүр зураг III, IV хороололд өрнөж байна. Хотын нүүр царай болсон хороолол өдгөө зунжин арчилж тордсон хөрсөө ухаж, шороог нь ургаж ядаж буй модод дээр хэнэггүйхэн овоолчихоод, сааралтан буй нь энэ.

Бид явсаар Сүхбаатар дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт ирлээ. 33 гэсэн хаягтай таван давхар саарал тоосгон байрны орцны дэргэд хуучивтар модон сандал дээр хэдэн настан суужээ. Тэдний цаахантаа зогсох 40 эргэм насны эмэгтэй, нэг гараараа ташаагаа тулж, нөгөө гараараа нүүрээ саравчлан нүдээ онийлгож ирээд, орцны хаалга дээр наасан бичгийг тод дуугаар унших нь хуучны киноноос олж хардаг сонин уншилгын цагийг санагдуулам. Эмэгтэйг уншиж дуусмагц, халуун ус тасрах тухай зар орц, үүдний сандалаас, сүүдрэвч хүрч, сүүдрэвчээс тоглоомын талбайд “цуурайтах” нь тэр.  Хажуугийн сүүдрэвчид шатар нүүж суусан үеийн хоёр өвгөн ам уралдах шахам “Сольж, шинэчлэх нь сайхан л юм. Даанч ганц жилийн насгүй байх юм.

Одооны хүүхдүүдийн ажлыг ер ойлгохгүй юм. Материал тэгээд муудчихдаг юм уу. Бид нар хоцрогдоод ойлгохоо байчихсан юм уу. Бүү мэд” хэмээн толгой сэгсрэнгүй хэлээд, нүүдлээ үргэлжлүүлэв. Олны ярианаас баримжаа аван шугам хоолойн засварын зүгт очлоо. Х хорооны байрнаас баруун тийш явж, “Кhaan hotel” гэсэн хаяг бүхий байшингийн дэргэдүүр өнгөрмөгц халуун наранд газар шорооны ажил хийж ядарсан залуус, байшингийн сүүдэр бараадан суужээ. Тэд түр амсхийх зуур, хүйтэн кола тойруулж байгаа харагдана. Засварын ажлын талаар тодруулахад “Нэг их олон хонохгүй дуусчихна аа. Ахлах цайндаа явсан байна” гэв. Энэ хэсгийн засвар харьцангуй цомхон бөгөөд автозам дагуу нарийн жим гарган газар ухаж, шороог нь хоёр талд нь нямбайлан овоолжээ. Гэвч явган зорчигчдод чамгүй хүндрэлтэй байгаа нь түүгээр өнгөрөх хүмүүсийн бухимдлаас илхэн. Ухсан нүх рүү унахгүйн тулд аль болох том алхаж, харайх шахам гарах юм. Гэтэл овоолсон шороо хөлийн аясаар нурж, өмд гутал завааруулахаас эхлээд төвөг удах аж.

Ийнхүү төлөвлөгөөт засварын ажлууд урагштай байгаа ч иргэд, оршин суугчдад ээлтэй байх талаас нь зайлшгүй анхаарах хэрэгтэй нь энэ бүхнээс илхэн. Угаас явган хүний зам талбай муутай дээрээ  овоолсон шороо асгачихаар хэн хаагуур нь алхаж, гишгэх билээ. Ахмад настан, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хамгийн их түүртэж байгаа харагдсан. Арга ч үгүй биз. Аз жаргалтай Улаанбаатар хотод тааваараа алхах боломж алга. Үргэлж, үсэрч харайх нь холгүй байна шүү дээ. Энэ бол ердөө овоолсон шорооныхоо нэг хэсгийг зорчигчдод зориулан зай гаргаж, бэлдэхэд л шийдэгдэх асуудал баймаар.

Нөгөөтэйгүүр нэг ажил хийх гэж, өмнөх ажлаа сүйдэлдэг гэм буй. Хот тохижилтынхны зунжин усалж, зэрлэгийг нь зулгааж, ширхэг навчийг нь хайрлаж ургуулсан зүлэг ногоо, мод ургамлаа хайр найргүй тоосонд булж, шороонд дарж орхино. Дараа жил нь ахиад тарина, ахиад ухна, ахиад тарина. Тэр бүрд ажилчдын цалин хөлс, тоног төхөөрөмж, бараа материалын үнэ өртөг урсана. Цаашлаад хоолтой, хоолгүй хонож буй татвар төлөгчдийнхөө халаасыг тэмтчинэ. Пат, Мат хоёрын үлгэр шиг бүтэл муутай бүтээн байгуулалт, засвар үйлчилгээнийхээ уялдаа холбоог сайжруулах цаг хэдийн болжээ.

Ж.БАЯРБАТ:  ӨВЛИЙГ ӨНӨТЭЙ ДАВАХЫН ТУЛД БЭЛТГЭЛЭЭ САЙТАР ХАНГАХ ШААРДЛАГАТАЙ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэр хөгжлийн хэлтсийн ашиглалт, засварын инженер Ж.Баярбатаас тодрууллаа.

-Өвлийн бэлтгэлтэй холбоотой дулааны шугам хоолойн засварын ажлууд үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд хэчнээн цэгт засварын ажил хийж байгаа вэ?
-Долдугаар сарын 16-27-ыг хүртэл дулааны төв магистраль 12А,Б,В,Г,Д,Е,Ж,  А,Б,В,Г,Д болон 2 Г,Д,Е  хэсэгт буюу “Отгонтэнгэр” дээд сургууль, Монгол кино нэгдэл, Баянзүрх дүүрэг, Шинжлэх ухааны академийн хүрээлэн орчим, “Жаргалан”, “Оддын”, “Аман хуур”,“River Garden”, “Ногоон төгөл” хотхон, БНСУ-ын элчин, Централ тауэр, Маршал таун, “Баян Монгол”, Ахмадын хороолол, “Шинэ монгол” сургууль, XIII хороолол, Нарантуул зах орчим, Цагдаагийн орон сууц, Ботаникийн цэцэрлэг зэрэг газарт шугам, хоолойн засвар заасан хугацаандаа дуусна. Мөн энэ сарын 28-аас Говь мебель, Вокзал, Наранбулаг, Төмөр замын эмнэлэг, Богд ар хороолол, Гранд плаза, Бичил, III, IV хороолол, “Өргөө” кино театр, Гандан,Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ орчимд  долоо хоног үргэлжилсэн засвар хийнэ.

-Үүнээс өөр төлөвлөгөөнд тусгагдсан засварын ажил бий юү?
-Байгаа. Есдүгээр сарын 1 гэхэд өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан байна. Мөн аравдугаар сар хүртэл хийх цөөн ажил бий.

-Энэ онд  дулааны шугам хоолойд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хэр их засвар орж байна вэ?
-Энэ жил есөн удаагийн зогсолт хийхээс одоо зургаа дахь зогсолт нь явагдаж байна. Зогсолт гэдэг нь шугамаа зогсоож, засвар хийхийг хэлнэ. Бид жил бүр засвар хийх төлөвлөгөө гаргаж, Эрчим хүчний яам, Нийслэлийн ерөнхий менежер, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай зөвшилцөн баталж,  түүнийхээ дагуу ажлаа хийдэг.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн дулааны шугам сүлжээ байдаг вэ?
-Нийслэлийн хэмжээнд Дулааны шугам сүлжээний харьяалалд нийт 14 магистраль шугам байдаг бөгөөд түүний засвар үйлчилгээг есөн бүлэгт хуваан хийдэг.

-Иргэдийн зүгээс яагаад чанартай, олон жилийн настай засвар, үйлчилгээ хийж болдоггүй юм бэ гэх санал, шүүмж их байдаг. Заавал жил бүр засвар хийх шаардлагатай байдаг юм уу?
- Та унаж буй машинаа тогтмол, тос маслыг нь сольж, жил бүр  оношилгоонд хамруулдаг биз дээ. Засварын ажил түүнтэй л адил. Тасралтгүй ажиллаж байгаа техник янз бүрийн доголдолд орох тохиолдол гардаг. Мөн манай дулааны шугам, хоолой насжилт өндөртэй учир  эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор засвар, үйлчилгээ хийдэг. Өвлийг өнөтэй давахын тулд бэлтгэлээ сайтар хангах, жил бүр засвар хийх шаардлагатай.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ