• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0

Ковидтой, сонгуультай, хөл хориотой 2020 оноо бид  ийн үдэх гэж байна. Дэлхийн хэмжээнд эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал гэхчлэн нийгмийн томоохон цөм болсон салбаруудад чамгүй хямрал, олон хүний амь насанд аюул, бизнест нь хохирол учруулсан ч гэгээтэй тал нь үүнээс хавь их гэдэгт итгэлтэй байна.

2020 онд бидэнд шинийг сэтгэж, хэрэгжүүлж, цахим орчинд суралцаж, ажиллаж, байгаль дэлхий зөвхөн хүн төрөлхтөнд зориулагдаагүйг ухамсарлан, хувийн сахилга баттай байх, амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх, хэрэглээгээ танаж хуримтлал үүсгэх, хайртай хүмүүстээ илүү их цаг зориулж, халамжлах, бусдад туслах, хуваалцахын үнэ цэнийг ухааруулав.

Ингээд өөр өөрсдийн салбартаа хувь нэмрээ оруулж байгаа эрхмүүдийг “Year in review” ярилцлагадаа оролцуулж, өнгөрсөн нэг жилийнх нь ухаарал, ололт амжилт хийгээд ирэх жил юу руу тэмүүлж буйг нь уншигч тантай хуваалцахаар зэхлээ.

Номадик Контент ХХК-ийг үүсгэн байгуулагч Г.Гантуяа

#Та 2020 оноо дүгнэвэл өөртөө ямар оноо өгөх вэ, онцлох ололт, амжилт гэвэл юуг тодотгох вэ?

Covid-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөтэй холбоотойгоор бизнесийн анхны төлөвлөгөөтэй харьцуулахад компани маань орлогын болон чанарын нэгтгэсэн үзүүлэлтээр 80 хувийн гүйцэтгэлтэй ажилласан. 

  • Энэ жилийн онцлох амжилтаас дурдвал бид менежментийн түвшинд маш сайн баг бүрдүүлж чадлаа.
  • Шинэ компаниудын хувьд томоохон төсөл, тендерүүдэд хэрэгжүүлэх боломж хомс байдаг бол манайх гурав дахь жилээсээ эхлэн олон улсын байгууллагын хоёр том тендерт ялж, контентоор дамжуулж нийгмийн хандлагыг өөрчлөх, эерэг нөлөөллийг бий болгож зорилготой ажлуудыг гүйцэтгэсэн нь бас нэгэн амжилт байлаа.

Монголын зах зээл жижигхэн учраас оюуны бүтээлийн үнэлэмж, уран бүтээлч хүмүүсийн цалингийн үнэлэмж бага байдаг. Тухайлбал, Монголын зах зээлд хийгдэж буй ажлыг олон улсын зах зээлд хамгийн багадаа 10-20 дахин өндөр дүнгээр үнэлдэг. Тэр ч утгаараа бид ажилчид, уран бүтээлчдийнхээ цалинг өсгөхийн тулд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж дэлхийн зах зээлд гарах ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Тиймдээ энэ жилийн хувьд  контентийн салбарт гадны зах зээлтэй хамтран ажиллаж эхэлсэн. 

  • Анхны алхмаа Польшийн компанийн контентийг гүйцэтгэгчээр эхлүүлсэн нь creative буюу бүтээлч салбар дэлхийн зах зээл рүү гарах боломж  байгааг харуулж байна.

#Энэ жилийн хувьд хамгийн мартагдашгүй дурсамж эсвэл ухаарал, цоо шинээр сурсан зүйл юу байв?

Цар тахлын нөлөөлөлд автсан 4 сарын хугацаанд манай удирдлагын түвшний 4 ажилтан тодорхой хугацаанд цалингаа авахаас татгалзан, бүсээ чангалж, ур чадвараа нэмэгдүүлэхийн төлөө өөрсдийгөө дайчлан ажиллаж чадсан нь энэ оны хамгийн мартагдашгүй үйл явдал болсон. Компани маань өсөж дэвжихээр, байгууллагаа гэсэн чин сэтгэлтэй эдгээр хүмүүст хамгийн түрүүнд боломжийг олгох ёстой гэсэн итгэлийг бэхжүүлж өгсөн. 

Харин хувийн амьдралын хувьд нөхөр бид хоёр орлого их хэмжээгээр олдог байсан ч хуримтлуулахад суралцаагүй байжээ. Тансаг худалдан авалт ихээр хийх эсвэл бусдад туслах байдлаар мөнгөө үрэлгэн зарцуулдаг байснаа ковидийн үеэр илүү их анзаарсан. Тиймдээ ч гэр бүлийнхээ илүү зардлуудаа танаж, зээлүүдээ амжилттай хаасан. Санхүүгийн сахилга батын тухайд бидэнд хэлж, зөвлөх хүн ч байсангүй, хүн аливаа сорилт тулгарахад эдгээрийг ухаарч зоримог шийдвэр гаргадаг юм байна.

Түүнчлэн ковидийн дэгдэлт дасан зохицох чадвар хамгийн чухал болохыг маш тодоор харуулсан. Магадгүй бидний хүүхэд нас эсвэл зах зээлийн эхэн үе шиг эдийн засгийн нөхцөл байдал хэзээ ч үүсэж болохыг ковид ухааруулж айл өрхүүдийг ухаалаг хэрэглээтэй болгож байгаад талархууштай.

#Ирэх жил ямар гурван зорилгыг өөртөө тавьж байна вэ?

Хувийн зорилгын тухайд, Монголын олон менежер залуусыг Япон улсын 60 гаруй жилийн түүхтэй  хүний нөөцийн институтийн менежментийн хөтөлбөрөөр бэлдэж, олон улсын жишгээр ур чадвараа сайжруулахад нь туслахыг зорьж байгаа. Удахгүй тус институтийн менежментийн хөтөлбөрийн албан ёсны сургагч багшийн лиценз авна. Монголд менежерийг тухайлан бэлтгэдэггүй, хариуцсан ажлаа маш сайн гүйцэтгэж байгаа ажилтнаа менежер болгочихдог, тухайн ажилтанд менежментийн ур чадвар дутагддагаас болж, том зургаар харахад тухайн компанийн процесс доголдох нь бий.

Хоёрдугаарт, дунд шатны 4 менежерээ чадваржуулж, мөн багаа 20-30 хувиар томруулж, ажилтнуудынхаа ур чадварыг нь сайжруулахад түлхүү анхаарч ажиллана. Юуг зорьж байна вэ гэхээр энэ салбарт байгаа хүний нөөцийн чадавх өсөж байж нэг хүнд оногдох цалин хөлсний хэмжээг өсөх учиртай. Аль нэг компани үлгэр жишээ байсны үндсэн тухайн салбарын компаниудын үнэлэмж өсдөг. Тэгэхээр бид чадавхаа илүү сайжруулна гэсэн зорилготой байна. Бүтээлч салбарт ажиллаж байгаа ажилтнуудын чадавх сайжирснаар хүний капиталын цалин хөдөлмөрийн үнэ цэн, хөлс нэмэгдэх ёстой гэсэн зарчмыг компани дээрээ жишиг болгож харуулах зорилготой.

Гуравдугаарт, Номадик контентийн хувьд ирэх онд өмнөх оныхоо орлогоо хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн том зорилго тавьсан. 2021 онд ковидийн эдийн засгийн нөлөөлөл хамгийн өндөр байх болов уу гэж таамаглаж байгаа. Үүний хүрээнд  ирэх ондоо дунд болоод бага орлоготой, эрсдэлийн үеийн гэсэн 3 төрлийн төлөвлөгөөг байгууллага дээрээ гаргасан.

 
 "Gerege Creative Solutions" COO Гаррет Вилсон

#Та энэ жилээ дүгнэвэл өөртөө ямар оноо өгөх вэ, онцлох ололт, амжилт гэвэл юуг тодотгох вэ?

Өөрөөс хамаарах буюу хувь хүний хөгжилтэй холбоотой тавьсан зорилгуудынхаа хувьд бараг 70-80 хувийг биелүүлжээ. Харин цар тахлын хөл хориотой холбоотойгоор засгийн газрын шийдвэрүүдээс болж карьерийн хөгжлийн зорилгуудын гүйцэтгэл нь 10 дөнгөж хүрэх хувьтай 2020 он дуусаж байна. Хил хаах шийдвэр гарсны улмаас би хилийн чанадад 7 сарын турш гацаж, бүтэн сарыг тусгаарлалтад өнгөрөөсөн. Монголд хийх ёстой байсан ажлууд алдагдаж, хайртай хүнтэйгээ хамт байж чадаагүй нь миний хувьд маш хохиролтой шийдвэр байсан. Тодруулбал, би Монголд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах төслийн санхүүжилтэд гадаадаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа бөгөөд хил хаасны улмаас олон улсын хөрөнгө оруулалт татах боломжгүй болсон. Энэ төсөл амжилттай хэрэгжсэн бол олон зуун хүнийг ажлын байраар хангах байлаа. 2021 онд хохирлоо барагдуулж, даагаа нэхэж дахин оролдоод үзье.

Энэ жилийн үйл явдлуудын эерэг талыг дурдвал хал үзэж хашир суусан гэх үү дээ. Эрсдэл тооцоолол дээр илүү туршлагажсан гэж хэлж болно. Гадаадад гацсан хугацаанд уулзаагүй зарим гэр бүлийн гишүүдтэйгээ уулзаж, хамт байж илүү дотно харилцаа тогтоож чадсан зэрэг эерэг талуудыг олж дурдаж болно.

#Энэ жилийн хамгийн мартагдашгүй дурсамж эсвэл ухаарал, цоо шинээр сурсан зүйл юу байв?

Эрх чөлөөний үнэ цэнийг илүү их мэдэрсэн гэх үү дээ. Бид өөрт олгогдсон эрх чөлөөгөө үнэлдэггүй, анзаардаггүй юм байна. Хөл хорионы үеэр эрх чөлөөг илүү ихээр үнэлж сурч байна шүү дээ.

#Ирэх жил ямар гурван зорилгыг өөртөө тавьж байна вэ?

1. Эрүүл мэнддээ илүү их анхаарал хандуулна. Ирэх ондоо дасгал хөдөлгөөнийг илүү эрчимтэй, тууштай хийж хоол хүнснийхээ сонголтод ч мөн маш анхааралтай хандаж, амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлнэ.

2. Оюун ухаанаа хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийнэ. Ирэх онд 20 ном уншиж, сошиал медиагийн хэрэглээгээ багасгаж, байгальтай илүү ойрхон амьдрахаар төлөвлөж байна.

3. Амьд харилцах харилцааг бий болгохыг эрхэмлэнэ. Гэр бүлийн гишүүд болон хайртай найз нөхөдтэйгөө цахимаар харилцахаас илүүтэй аль болох амьд харилцаа үүсгэж хэвшинэ.

4. Карьераа шинэ түвшинд  хүргэнэ. Хөгжүүлж буй төслөө хэрэгжүүлж олон нийтийн хүртээл болгоно.

"Сүмитомо Корпораци"-ийн Мьянмар улс дахь салбарын зөвлөх Д.Энхцацрал

#Та 2020 оноо дүгнэвэл өөртөө ямар оноо өгөх вэ, онцлох ололт, амжилт гэвэл юуг тодотгох вэ?

2020 онд нийт 7 сарыг гэрээсээ ажиллах горимд, 80-аад хоногийг хатуу хөл хорионд өнгөрүүлсэн хэдий ч оны эхэнд тавьсан зорилтуудаа хангалттай хэмжээнд буюу ойролцоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй биелүүлжээ. 

Онцолмоор ололт амжилтууд гэвэл Бостоны Их Сургуулийн магистрын хөтөлбөрөө дуусгасан, зорилтот хуримтлалынхаа 89 хувийг бүрдүүлж, дасгал хөдөлгөөн байнга хийдэг болж зөв дадлуудыг хэвшүүлж эхэлсэн зэргийг дурдаж болохоор байна.

#Энэ жилийн хамгийн мартагдашгүй дурсамж эсвэл ухаарал, цоо шинээр сурсан зүйл юу байв?

Урт удаан хугацааны хөл хорионы үеэр бүтээмжтэй ажиллах, суралцах дадал бүтээх, гүн төвлөрч ажиллах, өдөр тутмын амьдралын энгийн, жижиг зүйлсээс сайн сайхныг мэдрэх гээд олныг ойлгож, ухаарсан жил байлаа. Өдгөө сатаарах зүйлс дэндүү их байдгаас амьдралын томоохон зорилгууд дээрээ төвлөрөх боломжгүй байдаг ч цар тахлын үед хэн нэгнээр шахаж шаардуулалгүй, хором мөч бүрийг таашааж, зөв зохион байгуулалттай ашиглахыг сурч байгаадаа олзуурхаж байлаа. Мөн цар тахлаас үүдэн боловсрол дэлхий нийтэд хүртээлтэй болж байгааг ашиглан дэлхийн нэр хүндтэй сургуулиудын хичээл авч, хүссэн ур чадвараа эзэмших нь улам хялбар бөгөөд өргөн сонголттой болж байгаа нь олзуурхууштай.

#Ирэх жил ямар гурван зорилгыг өөртөө тавьж байна вэ?

  • Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчийн олон улсын зэрэг болох CFA charterholder цол авах.
  • CFA мэдлэгээ практик дээр хэрэгжүүлж хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийж сурах.
  • Нийт 120 удаагийн дасгал хөдөлгөөн хийх.
  • Хол хорио тавигдсаны дараагаар Турк, Европоор аялах нэх мэтчилэн хэдэн зорилтууд бий. 

Шинэ жилээр сэтгэлийн хөдлөлөөр зорилт тогтоох бус эхлээд өнгөрч буй оноо дүгнэж цэгнээд, 5 жилийн дараах өөрийгөө төсөөлж, түүн дээрээ үндэслэн 2021 оны төлөвлөгөөгөө тодорхойлоорой гэж хэлмээр байна. Би хувьдаа “Year Compass” ашиглан жилийн төлөвлөлтөө хийдэг. 

Жилийн зорилтууд нэг бүр нь таны өдөр тутмын хэвшилд их бага хэмжээгээр шигтгэгдэж байж биелэх магадлал нь нэмэгдэх боломжтой.

"ONEFIT" ТУЗ-ийн дарга М.Хатанбүүвэй

#Та энэ жилээ дүгнэвэл өөртөө ямар оноо өгөх вэ, онцлох ололт, амжилт гэвэл юуг тодотгох вэ?

Хүн яг амьдралдаа биелүүлмээр байгаа хорин таван зүйлээ жагсаагаад хорийг нь хасаад, тэгээд эхний таваа л үлдээ гэсэн байдаг юм. 

Яагаад вэ гэхлээр бусад хорь нь эхний таваасаа цаг авна. Дараа нь тэрийг хийчихдэг байж гэж харамсах би дургүй. Тэгэхээр энэ жилийн хувьд өөрийн хийнэ гэсэн зүйлүүдээ "өөрийн бодол өөртөө зөв" гээд зориглоод Монгол залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих, дэлхийн зах зээлд Монголын нэрийг таниулах хоёр ч старт ап компанид хөрөнгө оруулалт татаж чадсан. 

#Энэ жилийн хамгийн мартагдашгүй дурсамж эсвэл ухаарал, цоо шинээр сурсан зүйл юу байв?

Би хүсэх юм бол юуг ч хэзээ ч ямар ч цаг хугацаанд, хойш тавилгүйгээр гүйцэтгэж чадна гэдгээ ойлгож авсан. Мэдэхгүй чадахгүй гэдэг үгнээс айж болохгүй оролдоод үзэх хэрэгтэй. Бууж өгөхгүй, алдаа гаргасан ч түүнээсээ суралцаад яваад байвал урагшилна. Алдаа гаргах вий гэж ухрах биш харин ч алдаагаа боломж, туршлага болоод урагшлах юм бол чи илүү их хүчтэй хүн болж хөгжиж, дээшилнэ.

#Ирэх жил ямар гурван зорилгыг өөртөө тавьж байна вэ?

Олон жилийг шинэ ур чадварт суралцаж, өөрийгөө бэлдэж өнгөрүүлжээ. Харин одоо шинэлэг, бусдад үнэ цэн санаануудаа хэрэгжүүлэ, шинийг хийж бүтээх болно. 

"Хүн болгоныг энэрч, уур омогоо тэвчиж яв" гэсэн сургаалийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээнэ. 

Үүний дагуу харилцааны тал дээр бусдад хүндэтгэлтэй хандаж, хүмүүсийг бас өөрийгөө ч уучилж байна гэсэн зорилго тавьсан.

Мөн “Чи өөрөө хийх албагүй” гээд ном дээрээ сүүлийн хоёр жил ажилласан. Номоо ирэх жил хэвлүүлнэ. Номын утга санаа нь хүмүүс өөрөө хийж чадахгүй болохоороо бүтээж чадахгүй гэж айдастай байх нь бий. Хэрэв танд алсын хараа, зорилго байвал түүнийг бүтээлцэхэд өөр хамтрах хүмүүс олдож л таараа. Та нэг зүйлд сайн биш эсвэл дургүй байх нь тухайн зүйлийг сайн хийх хүн олдохгүй гэсэн үг биш юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ