• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    69   |  
0

Гэрлийн шоу, гал ассан бөмбөрийн үзүүлбэр, видео танилцуулга, эрч хүчтэй илтгэлээр энэ жилийн “ICT Expo” технологийн дэвшлийн үзэсгэлэн эхэллээ. ICT Expo нь технологи сонирхогч, орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхагч хэн бүхний энэ амралтын өдрүүдэд заавал зорих газрын нэг юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулдаг жил бүрийн энэ үзэсгэлэн ням гарагийг дуустал Мишээл Экспод үргэлжилнэ. 13 дахь жилдээ шинэ соргог технологийн шийдлүүдийг танилцуулж буй тус үзэсгэлэн энэ удаа “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор болж байна.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

“ICT Expo 2019”-ийг Мобиком корпораци, Юнител групп, Скайтел групп, ICT Group компаниудын ивээн тэтгэж төрийн болон хувийн хэвшлийн, үндэсний болон олон улсын 40 гаруй байгууллага оролцож буй юм. Тэдгээрийн заримтай бид танилцав:

Юнител ХХК-ийн Байгууллагын бизнесийн газрын дарга Б.Энхтүвшин

Юнител ХХК-ийн Байгууллагын бизнесийн газрын дарга Б.Энхтүвшин:

Амьдралд ойр асуудлуудыг шийдсэн, хэрэгжих боломжтой бүтээгдэхүүн үйлчилгээнүүд энэ жилийн үзэсгэлэнд багтжээ.

Юнител группын хувьд энэ жил Эрдэнэт хотын гэр хороололд анх удаа Юнивишнийн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлээд байгаа.

Өмнө нь тэдэнд зөвхөн хиймэл дагуулын болон кабелын телевизүүд л хүрч байсан. Харин өнөөдөр эдгээр айл өндөр хурдны интернет, өргөн сонголт бүхий контенттэй IPTV-гийн гурвалсан үйлчилгээнд хамрагдах болсон. Бид энэ төслөө цаашид өргөжүүлж, олон өрх айлд үйлчилгээгээ хүргэхийг зорьж байна.

Технологийн  чадамж улам нэмэгдэж байгаа энэ үед бид гуравдагч компаниудтай хамтарч олон үйлчилгээг гаргах боломжтой болсон. Хувь хүн, өрх, байгууллага тус бүрийн онцлогт зориулсан үйлчилгээнүүд гаргахаар мөн төлөвлөж байна. 

АйТүүлс ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тамир

АйТүүлс ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тамир:

АйТүүлс компани үндэсний хэмжээний анхны "cloud" үйлчилгээ болох “ICS”-ийг Монголчууддаа танилцуулж байна.

Өмнөх жилүүдэд гаднын компаниудын танилцуулга багагүй байсан бол энэ жил Монголчуудын оюуны бүтээл, дотоодын компаниудын хөгжүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг түлхүү байгаагаараа онцлогтой.

Үүлэн технологи нь байгууллага болон хувь хүмүүсийн мэдээлэл хадгалах боловсруулах үйл ажиллагааг хялбарчлан шийдвэрлэх юм. Бидний санал болгож буй үйлчилгээг хүлээн авахад мэдээлэл технологийн ажилтантай байх ч шаардлагагүй.

Газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаанд суурилсан царай таних систем, блокчейн платформ гэх мэт Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллага манай үүлэн үйлчилгээг ашиглаж байна.

Бид олон улсын жишигт нийцсэн дата төвийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголчууддаа хүргэхийг зорьж байна. Мөн байгаль орчинд ээлтэй эко дата төвийн хөгжүүлэлтийг ч чухалчлан үзэж байгаа.

Нэкст Электроникс ХХК-ийн Байгууллагын борлуулалтын албаны дарга Т.Баярсүх

Нэкст Электроникс ХХК-ийн Байгууллагын борлуулалтын албаны дарга Т.Баярсүх:

Энэ жилийн үзэсгэлэнд олон гоёмсог шийдэлтэй танилцуулгууд багтсан байна.

Нэкст Электроникс компанийн хувьд хэрэглэгчдэдээ хамгийн чанартай, шинэ технологийн бүтээгдэхүүнүүдийг хүргэхийг зорьдог билээ. Бид энэ жил байгууллагын хурал уулзалтад зориулсан технологийн цогц шийдэл, “4K” нягтшилтай 100 инчийн лазер телевиз, хамгийн сүүлийн үеийн хэвлэл болоод шошго наалтын төхөөрөмжүүдийг дээжлэн танилцуулж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төсөл

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн Г.Эрдэнэзаяа:

Манай төсөл 19,4 сая ам. долларын хөрөнгө оруулалттайгаар 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Бидний зорилго мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх юм.

Өнгөрсөн жил бид 11 аймагт эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа авах системийг нэвтрүүлээд байна. Цахим лавлагааг авах тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, системийг шинэчлэх, зориулалтын серверүүдээр хангах, нэгдсэн сүлжээнд холбох, цахим архивын сан бий болгох зэрэг ажлыг гүйцэтгэсэн. 

Өөр нэгэн жишээ гэвэл Дархан хотод Үндэсний нөөц дата төвийг байгуулж байна. Ингэснээр төрийн байгууллагуудын цахим мэдээллийн сан хадлага ослоос илүү хамгаалагдах юм. Бид 2020 оны хоёрдугаар хагаст төрийн үйлчилгээний нэгдсэн портал “burtgel.mn" сайтын гар утсанд зориулсан аппликейшнийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 

Энэ мэт олон сонирхолтой, шинэлэг, амьдрал хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээнүүд “ICT Expo”-д дэлгэжээ. Гурав хоногийн хугацаанд олон нийтэд нээлттэй үргэлжлэх тус үзэсгэлэнгийн үеэр МУБИС - Мишээл экспо төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ