• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: А.Одонтуяа   |    86   |  
0

Хотын амьдралын хэв маягт тохирсон, бие махбод, оюун ухаан, сэтгэл санаанд тань тустай доорх аргуудыг туршиж, таалагдсанаа өөртөө хэвшүүлж, 2020 ондоо эрүүл, амжилттай, аз жаргалтай байгаарай.

 1. Байнга худалдаж авах зүйлсийнхээ жагсаалтад цитрусын төрлийн бүтээгдэхүүн нэм

Хүнсээ бэлдэхдээ нимбэг, жүрж, бэрсүүт жүрж, мандарин зэргийг заавал авч заншаарай. Цитрусын төрлийн жимс нь С витамины агууламж өндөртэй байдаг тул коллагений хэмжээг ихэсгэж, арьсыг эрүүлжүүлэх ид шидтэй. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг байнга иддэг хүмүүсийн үрчлээ төдийгүй хөгшрөлөөс шалтгаалдаг арьс хуурайшилт бага байдгийг тогтоосон судалгаа хүртэл бий.

 2. Өдөр бүр хүнсний ногоо ид

Та хэвийн жинтэй, эрүүл чийрэг биетэй ч гэсэн хүнсний ногоог өдөр бүр идэж байгаарай. Аль болох өнгө алаглуулж идвэл илүү үр дүнтэй байх болно.

 3. Эмчийн үзлэгт ор

Ирэх ондоо багтааж бүрэн шинжилгээнд ороорой. Шүдний эмчид үзүүлэхээ мартуузай.  

4. Өдөрт авдаг илчлэгийн хэмжээгээ багасга

Амьдралын хэв маяг, биеийн онцлогтоо тохирсон илчлэгийн хэмжээнээсээ хэтрүүлэн идэх нь жин нэмэх, өвчлөх зэрэг олон асуудал үүсгэдэг. Насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 2000-3000, эмэгтэй хүн 1600-2400 илчлэг авах нормтой байдаг ч энэ нь нас, хүйс, ажил мэргэжлээс шалтгаалаад өөр өөр байдаг. Биеийн хүчний ажил, дасгал хөдөлгөөн хийдэггүй бол нормын хамгийн бага хэмжээгээр тооцож илчлэгийн хэмжээгээ авч байгаарай. Жишээ дурдахад 200 грамм үхрийн маханд ойролцоогоор 400-500 илчлэг агуулагддаг.

 5. Бусадтай зорилгоо хуваалц

Нэгэн судалгаанд бусдад зорилгоо хэлэх нь аль хэдийн түүндээ хүрсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг гэжээ. Мөн бусадтай ахиц дэвшлээ хуваалцах нь зорилгоосоо ухралгүй урагш тэмүүлэх урам зориг өгдөг аж. Итгэл даадаг найзууддаа ололт амжилтуудаа хуваалцаж байгаарай. Үүнд нийгмийн сүлжээг ашиглахад тохиромжтой.  

 6. Ургамал тарь

Энэ амралтын өдрүүдэд гэртээ таримал ургамал худалдаж аваарай. Дотоод орчинд ургамалтай байх нь стресс бууруулдаг гэсэн судалгаа бий. Мөн ургамал арчлах нь мэдрэлийн системд сайн нөлөөтэй ба цусны даралт бууруулдаг нь тогтоогджээ. Ургамалтай оффис нь цэвэр агаартай байхаас гадна ажилчдыг сэтгэл ханамжтай байлгаж, анхаарал төвлөрөлтийг нь нэмэгдүүлдэг аж.

 7. Нэг л ажилд төвлөр

Multitasking буюу олон ажил зэрэг амжуулах нь тийм ч үр дүнтэй биш бөгөөд таныг улам стрессдүүлдэг. Оронд нь нэг ажлыг эхнээс нь дуустал нь хийж, тухайн цагтаа тухайн ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлээд үзээрэй.

 8. Гэрээ анхилуун, сайхан үнэртэй болго

Үнэр нь тархины сэтгэл хөдлөлийг зохицуулж, дурсамж хадгалдаг хэсэгтэй холбоотой байдаг. Иймд зарим үнэр сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Судалгаагаар ванилины үнэр хүнийг илүү тайван, баяр баясгалантай болгодог бол гаа эрч хүчийг нэмэгдүүлдэг, лаванда стресс тайлдаг нь тогтоогджээ.

 9. Шатаар өгс

Гэрийнхээ, ажлын газрынхаа шатыг хэрэглэ. Нэгэн судалгаагаар ядарсан эмэгтэйг 10 минутын турш шатаар өгсүүлэхэд аяга кофе уусан хүнээс илүү их энэрги, эрч хүчтэй болдгийг тогтоожээ.

10. Хайртай дотнын хүмүүсийнхээ зургаар өрөөгөө чим

Аз жаргалтай, урт удаан амьдардаг хүмүүс гэр бүлийн хүмүүсийнхээ эд зүйлс, зураг хөргийг ил байлгадаг. Энэ нь тухайн хүний ямар гаралтай болохыг сануулж, хүндэтгэх сэтгэгдэл төрүүлдэг. Мөн өөрийгөө тасралтгүй үргэлжлэх зүйлийн нэг хэсэг гэж мэдрэх нь аз жаргалтай болгодог аж. Тиймээс өвөө, эмээгийнхээ хуримын зургийг эсвэл ямар нэгэн утга учиртай дурсамж агуулсан эд зүйлсийг тавиур дээрээ ил байрлуулаарай.

 11. Долоо хоног бүр гар утсаа ариутга

Бид өдөрт утсаа хэдэн сая удаа шалгадаг. Мөн гар утастайгаа 00 орох тохиолдол ч элбэг. Гар утас нь жорлонгийн суултуураас 10 дахин их нян тээдэг болохыг Аризонагийн их сургуулийн микробиоложист, доктор Чарльз Герба илрүүлжээ. Иймд бактери устгадаг зориулалтын нойтон алчуураар долоо хоногт дор хаяж нэг удаа утсаа цэвэрлээрэй.

12. Аялалд яв

Жилд хоёроос доошгүй удаа аялалд явдаг хүний зүрхний шигдээс тусах магадлал бага байдаг. Мөн удахгүй явах аяллынхаа тухай бодох нь аз жаргалын төвшинг нэмэгдүүлдэг гэнэ. Ядаж л амралтын өдрүүдээ тайван, идэвхтэй өнгөрүүлж хэвшээрэй. Жишээ нь нар мандах үеэр гадаа иогийн дасгал хийх, хаданд авирах, найзуудтайгаа ууланд алхах гэх мэт.

13. Хостойгоо хамт иог хий

Ням гарагийн өглөөг хостойгоо иог хийж эхлүүлэх нь үлдсэн өдрийг илүү баяр баясгалантай өнгөрүүлэхэд тустай. Хосууд хамтдаа иог хийх нь бие биеийнхээ галбирт илүү сэтгэл ханамжтай болдог ба бэлгийн харилцаа нь сайжирдаг аж. Ганцаараа иог хийх нь ч сэтгэл санаанд эерэг нөлөөтэй. Иогийн дасгалууд сэтгэл санааг тайвшруулахаас гадна аарцагны булчинг сунгадаг.

14. Дасгал хийх явцдаа роман сонс

Фитнес зааланд ном сонсдог хүн сонсдоггүй нэгнээс 51 хувь илүү үр дүнтэй дасгал хийдэг болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ. Аймшгийн, онц сонирхолтой, түүхэн гээд өөрийнхөө дуртай номоо сонсонгоо жимдээд үзээрэй. Явж өгдөггүй цаг хугацаа нисэх болно.

15.  Сайн дурын ажил хий

Нийгэмд тустай, сайн дурын ажил тогтмол хийвэл стресс болон цусны даралт буурдаг. Хог түүх, цэвэрлэгээ хийх, хүүхдийн асрамжийн газар ажиллах гэх мэтийг туршаарай.

 16. Усан эмчилгээг турш

Бие чинь тавгүйрхэж, өвдөлт мэдрэгдэж байна уу? Калифорнийн нэгэн спа үйлчлүүлэгчдээ халуун саунд 10 минут суулгаад, 10-15 градусын хүйтэн баннд 30 секунд оруулдаг. "Температурын огцом өөрчлөлт нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, хортой бактерийг гадагшлуулдаг. Ингэснээр хүн илүү эрч хүчтэй болдог юм" хэмээн тус спаны захирал Кристи Диккинсон хэлжээ.  Судалгаанаас үзэхэд булчин сэргээх усан эмчилгээ нь бүтэн өдрийн амралтаас илүү үр дүнтэй гэнэ. Харин гэрийн нөхцөлд эхлээд халуун шүршүүрт орсны дараа хүйтэн шүршүүрт хэсэг зогсох зэргээр турших боломжтой.

 17. Шинэ дасгал хөдөлгөөн турш

Бичлэг үзээд өөрт тохирсон, таалагдсан дасгал сураад хийгээрэй.  

 18. Гэрийн ажлаа хялбарчил

Хүн мөнгөөр аз жаргал худалдаж авч чадахгүй ч цаг хугацааг авч болно. Жишээ нь гэр цэвэрлэдэг компанид хандах, аяга таваг угаагч машинтай болох гэх мэт. Нэгэн судалгаагаар материаллаг бүтээгдэхүүн худалдан авсан хүнээс цаг хугацаа хэмнэдэг бүтээгдэхүүн үйлчилгээнд мөнгөө зориулсан хүн илүү аз жаргал, сэтгэл ханамжтай байдгийг тогтоожээ.  

19. Биед эвтэйхэн хувцас өмс

Бидний өмссөн хувцас бидний мэдрэмж, бүтээмжид нөлөөлдөг тул аль болох өөрт таарсан, эвтэйхэн хувцас сонгож байгаарай.  

20. Шинэ хоббитой бол

Ням гарагыг дахиад л гэртээ хэвтэж өнгөрөөх гэж байна уу? Баллетийн хичээлд суух, зургийн дугуйланд явах, шинэ хоол турших зэрэг өөрт таалагдсан зүйлээ хийгээд үзээрэй. 25 жилийн турш 7500 хүнийг судлахад хийх юмгүйгээс болж уйддаг хүмүүсийн зүрхний өвчнөөр нас барах магадлал хоёр дахин их байжээ.

21. Цоглог, хэмнэлтэй дуу сонс

Цоглог, хэмнэлтэй дуу нь дасгал хийхэд мэдрэгдэх өвчнийг бууруулж, сэтгэл санааг өргөж, стресс бууруулдаг байна. Тиймээс өөрт эрч хүчтэй өгдөг дууны жагсаалт гаргаад, цэнэгээ авч байгаарай.

22. Хуучин хувцсаа хандивла

Багадсан хувцсаа тураад өмсөнө гэж хадгалах нь утгагүй бөгөөд ихэвчлэн үр дүнгүй байдаг. Турах гэж шаналахын оронд эрүүл амьдралын хэвшилтэй болоход анхаараарай. Жишээ нь эрүүл хоол бэлтгэх сургалтад суух, амралтын өдөр ууланд алхдаг ханьтай болох гэх мэт.

23. Өөртөө зориулж бич

Сэтгэл санаагаар унасан үедээ найздаа зөвлөдөг шигээ өөртөө сайн сайхан үг хэл. Бусдад зөвлөж, тусалдаг шигээ өөрийгөө хэцүү нөхцөлөөс гаргаж байгаарай. Цаасан дээр буулгаж бичих нь илүү үр дүнтэй байдаг.

24. Олон төрлийн дасгал хий

Бүх дасгалын төрөл сайн ч өөр дасгалуудаар ээлжлэн хичээллэх нь хөгшрөлийн явцад нөлөөлдөг ДНХ-ийн нэг хэсгийг устах аюулаас сэргийлдэг. Тайчи, ханан авиралт, пилатус зэрэг шинэ дасгал хийж үзээрэй.    

25. Хостойгоо хамт тогтсон цагт унтаж хэвш

Тогтмол цагт унтаж, хангалттай нойр авах нь эрч хүчний гол эх үүсвэр юм. Сексийн анагаах ухааны сэтгүүлийн судалгаагаар эмэгтэйчүүд олон цаг унтаж амарсныхаа маргааш илүү их дур хүсэлтэй болдгийг тогтоожээ. Тэдний наймаас илүү унтсан цаг бүрт бэлгийн харьцаанд орох хүсэл 14% -иар нэмэгддэг гэжээ.

 26. Өөртөө урам хайрла

Дагаад хэлээрэй. "Өнөөдөр миний өдөр байх болно. Өөртөө талархаж байна" Өөртэйгөө өөдрөг яриа өрнүүлэх нь амьдралынхаа сайн сайхан зүйлийг олж харахад тусладаг хэмээн сэтгэл судлаач, доктор Жой Харден хэлжээ. Мөн өдөр бүр өөртөө талархах нь аз жаргалтай болгож, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг төдийгүй сайн унтаж амрахад тусалдаг.

 27. Гар утсаа бага оролд

Гар утасныхаа хэрэглээг хязгаарлаж, оронд нь гарч алхах, найзтайгаа кофе уух зэргийг туршаарай. Дэлгэцийн донтолтоос ангижрах амаргүй ч тусгай тохируулга эсвэл аппликейшн хэрэглээд үзээрэй.

 28. Шинэ зүйл сур

Биеийн тамирын дасгал нь бие махбодыг эрүүл байлгадаг бол тархины дасгал нь оюун ухааныг хурц байлгах түлхүүр юм. Ой тогтоолт нэмэгдүүлэх сургалтад хамрагдаарай.

 29. Өдөр бүр бясалга

Бодол санаагаа удирдаж, тархиа хоослох нь эхэндээ их хэцүү байх болно. Гэхдээ үр өгөөж нь дэндүү их гэдгийг санаарай. Жишээ нь нойрны чанарыг сайжруулах, стрессийг бууруулах, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх гэх мэт.

 30. Халуун баннд ор

Унтахаас нэг, хоёр цагийн өмнө халуун баннд орох нь нойргүйдэлд тустай болохыг нэгэн судалгаа тогтоожээ.

 31. Ус уу

Ус уух нь ямар давуу талтайг дурдах нь илүүц биз. Гэхдээ та зургаа болон түүнээс бага цагийн нойр авсан өдрөө илүү их шингэн уух ёстойг анхаараарай. Учир нь биеийн усны нөөцийг зохицуулдаг гормоны ялгарал нойрны сүүлийн үе шатуудад явагддаг тул бага нойр авсны маргааш хүн шингэний дутагдалд ордог.

 32. Урлагийн мэдрэмжтэй бай

Музей үзэх, театр орох, тоглолт үзэх нь сэтгэл гутралаас ангижрах, соёлд суралцахад тустай. Нэгэн судалгаагаар эдгээр газрууд руу тогтмол очдог хүн сэтгэлийн хямралд бага өртдөг гэдгийг тогтоожээ.  

 33. Нэрс, хушга ид

Дангаар нь идсэн ч хамтад нь идсэн ч нэрс, хуш хоёр бол эрүүл мэндийн супер хүч чадалтай. Нэрс нь даралт ихтэй, цусан дахь сахарын хэмжээ ихтэй, хэвлийн таргалалттай гэх мэт бодисын солилцооны эмгэгтэй хүмүүст, хушга нь муу холестерол бууруулдаг аж. Овъёос юмуу саладандаа хийгээд 2020 ондоо эрүүл хооллож хэвшээрэй

TAGS





Холбоотой санал болгох мэдээ