• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    57   |  
0

Өнөөдөр коронавирусийн халдварын 5 дахь тохиолдол монголд бүртгэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд өөрийн сошиал хуудаснаа дараах сэтгэгдлийг бичжээ. Тухайлбал,

"Өнөөдөр орой 18.03 цагт Коронавирусийн 5 дахь тохиолдол гарлаа. Гурван сар салбарынхан маань төр засаг, түмэн олонтойгоо хамт халдварыг хориглож чадлаараа тэмцсэн болохоор хэцүү бас гунигтай санагдана.

Гаднаас зөөвөрлөгдөж ирсэн нь л дургүй хүргээд байгаа бололтой. Хэрэв тусгай үүргийн онгоц нисгээгүй бол гэсэн бодол зурвасхийн орж ирлээ.  Гэхдээ энэ бодол хэрэв миний үр хүүхэд, ээж аав, эмээ өвөө, эгч дүүс хоолны мөнгөгүй, буудлын зардалгүй хүний газар өвдөж шаналан байхад би онгоц битгий нисгэ гэж хэлж чадах байсан болов уу хэмээн бодох сацуйд сарнин одлоо.

Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын иргэн гадаадад явах, суух, эх орондоо ирэх Үндсэн хуулийн эрхийг ч нэхэн саналаа. Маргааш Турк руу онгоц нисгэж дахин Монголчуудаа эх оронд нь авчирна.

Энэ онгоцоор 2 нас ч хүрээгүй зүрх, тархины хавсарсан төрөлхийн хавдартай бяцхан хүү, хөгшин хөвөө, бие давхар гээд 250 иргэн маань эх орноо тэмцэн ирнэ.

Тэднийгээ халдвар тархсан улс оронд хувь заяанд нь даатгаж хөсөр хая гэх монголчууд гарахгүй биз ээ.

Өнөөдөр "К" халдвар дэлхийн 164 оронд хэдийнээ тархжээ. 200-гаад мянган хүн өвчилж, 7 мянга гаруй нь хорвоог орхилоо. Бид халдвар оруулалгүй тэсэхийн дээдээр тэссэн. Тэгэх тусмаа ард иргэд маань ямар дэг журамтай, эмх цэгцтэй, нягт нямбай байв аа.

Бүр цагаан сарыг ч өнжсөн шүү дээ. Өнөөдөр маск зүүгээгүй хүн алга. Ундааны сав цуглуулж буй эр ч масктай явахыг харлаа. Гараа угааж, гадуур явах нь цөөрсөн байна.

Ханиад томуу, халдварт өвчин ч хоёр, гурав дахин буурч байна. Коронагийн халдварын сургаар соёлт ертөнц үймэрч германчууд ариун цэврийн цаасан дээр зодолдож, англичууд Харибо, шоколад хуу хамж байхад монголчууд мах, гурилаа базааж байх жишээтэй. Амьдралын ухаан биш гэж үү.

Бид хүндрэлийг давж чаднаа. Төр засаг маань ч зоримог шийдэмгий тал талыг тооцон ажиллаж, тухайлбал эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч байна.

Эрдэм боловсролтой элэг зөөлөн эмч, мэргэжилтнүүд маань та бүхэнтэйгээ хамт энэхүү аюулт өвчнийг эрсдэл багатай даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Нацагдорж хамба тэргүүтэй уламжлалтынхан маань ч хамгийн хүндэрсэн хүнийг ч эмчлэхийн төлөө хамт карантилагдаад зүтгэнэ гэлээ. Манайхан Сарс, Мерс, Холер, Улаан бурхан гээд олон халдварт өвчний ард амжилттай гарч байсан түүхтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсыг хамгийн эрсдэлтэй орон гэж тооцож байсан ч түргэн шуурхай, зөв зохион байгуулалттай ажиллаж халдвараас сэргийлж байгаа загвар орон гэж үнэллээ. Бид коронавирус зөөвөрлөгдөн орж ирэхээс айж байсан. Гэвч тэр ирлээ.

Гэхдээ бид хамтдаа хэн нэгнээ хаяж гээлгүй КОВИД19-ийг цурманд оруулж тархахаас сэргийлэх чадна. Харин энэ үйлсэд уужуу ухаант элэг нэгт ахан дүүс та бүхний маань эв санааны нэгдэл, хүчин чармайлт, тус дэм 2 дахин хэрэгтэй болно. Бид 4 дахин хичээх болно. Бид хүнээ хаядаггүй Төрт улсын иргэд" гэжээ.

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ