• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    93   |  
0

 

Лувсандоржийн Өлзийтөгс гэх нэр яагаад ч юм яруу найраг шиг уншигддаг. Тэртээ оюутан цагийн дэврүүн, хайлган он жилүүдэд зүрх сэтгэлтэй минь ханьссан гэрэлт найзын минь нэр учраас тэр байх.

2007 оны намар санагдаж байна. МУИС-ийн хичээлийн II байрны өөдөөс харсан байранд өнөөдрийнх шиг сүлжээ дэлгүүр, буузны газар байрлаж байсангүй. Архивын ерөнхий газар байдаг байв. Түүний зэрэгцээ хаалганд жижигхэн номын дэлгүүр ажилладаг байлаа. 

Бидний хэдэн оюутнууд Төрийн шагналт зохиолч, Дармын Батбаяр гэх их хүнээс номын дуу сонсож, өөр өөрийн савны хэмжээгээр үгийг нь сонсож, явсан гэрэлт он жилүүдэд нэгэн үеэрээ Л.Өлзийтөгсөд автсан билээ. 

Яг энэ үед “Л.Өлзийтөгсийн “Миний гунигийн түүх” гэх шинэхэн ном хэвлэлтээс гарчээ” гэх мэдээ сонсов. Тухайн үед өнөөдрийнх нь шиг фэйсбүүк, ухаалаг гар утас байхгүй. Эдийн засгийн боломж ядмагхан оюутан шинэхэн хэвлэлтээс гарсан Өлзийгийнхөө номын эрэлд гарав. 

Явсаар өнөөх жижигхэн боловч хайсан бүхнээ олдог номын дэлгүүртээ очлоо.  

Дэлгүүрийн байр тун давчуу тул хаалгаар оронгуут чухал, эрэлттэй, шинэхэн номуудыг танхимын голд дэлгэсэн байдаг тул шууд л гол ажилдаа оров. Ширээ дүүрэн дэлгэсэн нонуудын эхэнд цав цагаан хавтастай, нимгэвтэр ном дөнгөж л уншигчдын гарт очих байраа эзэлсэн байхыг харав. Барьж аваад хавтсыг нь эргүүлж, тойруулж хараад нээв.

Яг одоо

Яг одоо нэг нь амьсгал хурааж байгаа

Яасан харуусал!

Яасан ариусал!

Яг одоо нэг нь дарс шимж суугаа

Яасан ганцаардал!

Яасан жаргал!

Яг одоо нэг нь шүлэг бичиж байгаа

Яасан эрэл!

Яасан сэрэл!

Яг одоо нэг нь нулимсаа арчиж суугаа

Яасан амьд!

Яасан гуниг!

Яг одоо нэг нь үсээ сүлжин инээж

Яг одоо нэг нь үсээ үгтээн шархирч

Яг одоо нэг нь үүр цайх шиг бүдэгхэн байгаа

Яг одоо нэг нь үүр цайчихсан шиг тодхон байгаа

Яг одоо нэг нь амьсгал хурааж байгаа

Яасан үнэн!

Яасан худал!  

...Яагаад ч юм сэтгэл дүүрч, яруу найрагчийн мэдрэмж, сэрэхүйн өмнө хорвоогийн амьдрал, ертөнцийн жам түрхэн зуур зогсчихож байгаа мэт. Нүд нээгдэх шиг. Нэг хүн дотор минь орж суучихаад аяар аяархан мэгшин уйлаад байх шиг, эсвэл хэдэн арваар нь давхарлаж өмссөн хувцсаа нэг нэгээр нь тайлах шиг, нүцгэлэх шиг, юу ч үгүй хоосрох шиг мэдрэмж төрж билээ. Нэг л тийм ер бусын.

Имэрч, амталж, таашааж уншсан шүлгийн мөр бүхэнд автан зогсоо миний өмнө яасан гэж бодно. Өнөөх Өлзий буй биеэрээ зогсож байлаа. Ихээ урт гоёмсог цагаан пальтон дээр бөөрөнхий үслэг малгай өмсчихсөн, өнөөх л нүдний шилнийхээ араас зөөлөн инээмсэглэчихсэн яруу найрагчийн дүр өнөөдөр ч сэтгэлд тодхон байна. Тэр өдрөөс хойш арав гаруй жил өнгөрсөн ч гайхалтай сайхан уулзалт тэр байсан. “Тэнгэрт ургадаг модод”, “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном” зэргийг нь үзэг, дэвтэр салгахгүй хуулж авсан дэврүүнхэн насандаа Л.Өлзийтөгсийн гэх “Төсөөллийн өрөө”-гөөр ханатлаа сэлгүүцсэн дээ. 

Монголын яруу найрагт хэн дуртай нь гишгэх зай олгоогүй өнөөдрийг хүртэл туурвисаар, гоо зүйн таашаалт амьдралыг бүтээж тэндээсээ гэрэлтэж яваа Монголын Анна Ахматова танд мэхийн ёслоё.

М.Мөнхтунгалаг

TAGS





Холбоотой санал болгох мэдээ