• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    105   |  
0

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах гэдэг нь хүйсээс үл хамааран хүмүүс нийгэм, улс төр, эдийн засаг, эрх зүй, соёлын ба гэр бүлийн харилцааны хүрээнд эн тэнцүү үнэлэгдэж, эрх тэгш хүртэж, оролцоотой байхыг хэлнэ. Жендэрийн эрх тэгш байдлын талаар ташаа ойлголттой байх нь жендэрт суурилсан хүчирхийлийг өөгшүүлэхэд хүргэдэг. Энэ нь цаашлаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нийгэмд тэгш бус байдал, хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтыг бий болгож, боломж, бололцоог нь хязгаарлаж, эрүүл мэнд, аюулгүй байдалд нь хохирол учруулж мэднэ.

Тэгвэл Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гэр бүлд гишүүдэд зориулсан мэдээлэл, зөвлөгөө, тусламжийн вебсайт “Familycenter.mn” мэдээ мэдээллийн цахим сайт нээгдлээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-ын Монгол дахь суурин төлөөлөгч асан Тара Нилтэй цөөн хором ярилцлаа.  

- Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын үйл ажиллагааг танилцуулбал ?

-Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх соёлыг бий болгохын төлөө дагнан ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Бид олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний хүрээнд НҮБ-ын тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилго болох энх тайван, шударга ёсыг цогцлоох, мөн 5 дугаар зорилго болох жендэрийн эрх тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх чиглэлээр голлон ажилладаг.

-Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад иргэд эрх зүйн мэдлэгтэй, зөв мэдээлэлтэй байх нь чухал байдаг. Энэ тал дээр  ОУХЭЗБ-аас одоо хэрэгжүүлж байгаа төслийн гол онцлог нь юу вэ?

- “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслөөр хууль зүйн туслалцаа үзүүлэгчид болон иргэний нийгмийн байгууллагуудад хохирогч төвтэй хандлагаар үйлчилгээ үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэх замаар жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод шударга ёс, хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино. Тэр ч утгаараа төслийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь олон нийт болон эрсдэлт бүлэгт чиглэсэн эрх зүйн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх соён гэгээрүүлэх кампанит ажил юм.

Гэр бүлийн хүчирхийлэл хувь хүнд хамааралтай, эмзэг сэдэв учир хохирогч эсвэл эрсдэлт бүлгийн хүмүүс тэр бүр нээлттэйгээр тусламж эрдэггүй. Тиймээс энэ удаагийн соён гэгээрүүлэх кампанит ажлын гол онцлог бол жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох, хохирогчийн эдлэх эрх, хамгаалах тогтолцоо болон эрсдэлт нөхцөлд хаанаас, ямар төрлийн үйлчилгээг авах боломжтой талаар мэдлэг мэдээлэл олгох юм. Энэхүү эрэлт, хэрэгцээнд тулгуурлан бид гэр бүлийн гишүүд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй иргэдэд зориулсан мэдээллийн нэгдсэн вебсайтыг хөгжүүлж олон нийтэд хүргэхээр бэлэн болоод байна.

-Тус мэдээллийн платформын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай уншигчдад хүргэвэл?

Тус вебсайт нь үндсэн гурван цэстэй. 

  • Эхнийх буюу “мэдээлэл” цэс нь гэр бүлийн гишүүдэд мэдлэг олгох, гэр бүлийн эрүүл, эерэг харилцааг бүрдүүлэхэд чиглэсэн олон төрлийн сонирхолтой мэдээ мэдээлэл, сорил, нийтлэлийг агуулна.
  • Хоёр дахь “зөвлөгөө” цэст гэр бүлийн боловсрол олгох, харилцаанд гарч буй зөрчил маргааныг шийдвэрлэхэд туслах хуульч, сэтгэл зүйчийн мэргэжлийн зөвлөгөө байршина.
  • Гурав дахь буюу  “тусламж” цэс нь жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээ мэдээлэл хүргэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон эрсдэлт бүлэгт үзүүлэх туслалцаа, үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээллийг агуулна.

-Гэр бүлийн хүчирхийллийг тухайн иргэний боловсрол, өссөн орчин, хүмүүжилтэй холбодог. Зөв төлөвшсөн хүн ийм үйлдэл гаргахгүй гэх хүмүүс байдаг. Энэ үнэн болов уу?

Жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэл нь хувь хүний хувийн асуудал биш гэдгийг санах нь чухал юм. Энэ бол жендэрийн талаарх хэвшмэл үзэл хүчтэй шингэсэн нийгэм болон соёлд илэрч буй асуудал бөгөөд жендэрийн хэвшмэл үзэл нь ялгаварлан гадуурхалт болон жендэрээс хамаарч хүмүүст хандах ялгаатай хандлагыг бий болгоход хүргэж байна. Харин ялгаварлан гадуурхалтын хамгийн ноцтой хэлбэр бол хүчирхийлэл юм. Мөн түүнчлэн хэрэв та жендэрийн хэвшмэл үзэл хүчтэй шингэсэн нийгэм, соёлын орчинд амьдарч байгаа бол төдий чинээ жендэрт суурилсан хүчирхийллийн гаралт өндөр байх, хүчирхийлэл үйлдэгч хүчирхийлэл үйлдсэнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх тийм тогтолцоог бий болгож байна гэсэн үг.  

-Бусад улс оронд гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад чиглэсэн жишээлбэл ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг вэ?

Би АНУ-ын иргэн тул өөрийн орны гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлдэг үйлчилгээний практик туршлагаас хуваалцъяа. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тулгарч буй томоохон саад бэрхшээл бол хохирогчид хүчирхийлэл үйлдэгчээс эдийн засгийн хувьд хамааралтай байх эсвэл дундаа үр хүүхэдтэй байх явдал байдаг. Эдгээр хүчин зүйл нь тэднийг гэрээсээ явах эсвэл хүчирхийлэлтэй орчинг орхиж явахад нь саад болдог, учир нь тэд өөрсдийгөө санхүүгийн хувьд бие даан амьдарч чадахгүй эсвэл хүүхдүүдээ алдах зэрэг айдастай байдаг байна. АНУ-д хохирогч шүүхэд ханддаг бөгөөд иргэний журмаар гомдол гаргаж, шүүхээс хамгаалалт хүссэнээр шүүх тэдэнд өөрийн орон сууцыг эзэмших, тодорхой хугацаагаар асран хамгаалах зэрэг дэмжлэгийг үзүүлэх боломжтой. Үүнд тусгаарлах арга хэмжээ ч мөн адил орно.  Тиймээс хүчирхийлэл үйлдэгч хохирогчоос хол байж, оршин суугаа гэр орон сууцыг хохирогчид очдог, хохирогч хүүхдүүдээ авч үлддэг, хүчирхийлэл үйлдэгч мөн хохирогчид эдийн засгийн дэмжлэгийг нэг жил хүртэлх хугацаанд үзүүлэх гэх мэт арга хэмжээг хэрэгжүүлснээр хохирогчийг хүчирхийлэлтэй орчиноос салах боломжийг олгоход маш их тустай байдаг.  

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

- Баярлалаа. Энэ дашрамд уг төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, гүн туслалцаа үзүүлсэн төслийн Удирдах зөвлөлийн хамтран даргалагч, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Канад Улсын Засгийн газарт гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Уншигч та бүхэн гэр бүлд зориулсан сайт familycenter.mn-тэй танилцахыг хүсвэл доорх линкээр орно уу.  

https://familycenter.mn/ 

Баярлалаа.

TAGS