• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    80   |  
0
 

Эргэн тойрондоо гэрэл гэгээг түгээн чимээгүйхэн хөдөлмөрлөж буй эгэл хүмүүсийн эгэлгүй түүхийг хуваалцдаг  life is… ярилцлагын булангийн шинэ дугаараар эрүүл мэндийн энхийн манаанд зогсож буй Истанбул хотын сургалт судалгааны эмнэлгийн эмч, докторант Б.Батсайхантай уншигч таныг уулзуулж байна.

Хоосон торх хонгиноо ихтэй гэж манайхан ярьдаг. Хонгиноо ихтэй торхнуудаар дүүрсэн манай нийгэмд мэдлэг, чадвараараа гэгээ түгээхээр өөрийгөө бэлдэж, чимээгүйхэн хөдөлмөрлөж буй залуусын төлөөлөл гэж түүнийг нэрлэж болно.  

-Таны ажил тавлаг уу. Туркд очоод хэдэн жил болж байна вэ. Эмч болсон түүхээ хуваалцвал?

-2009 онд БНТУ-ын засгийн газрын тэтгэлгээр хүний их эмч мэргэжлийг эзэмшихээр Турк улсын зориод 12 жилийг үджээ. ЭМШУИС-д 2 жил, Туркд 7 жил, нийтдээ 9 жилийг хүний их эмчээр мэргэшихэд  зориулсан. Хонхы баяраар гэрийнхэн маань ч Монголоос ирсэн байсныг хэлэхүү, 9 жил сурсны эцэст дипломоо аваад баярласандаа нулимс дуслуулж байсан тэр мөч санаанаас ер мартдаггүй юм.

Өдгөө Истанбул хотын улсын эмнэлэг буюу сургалт судалгааны эмнэлэгт эмчээр ажиллахын хажуугаар Истанбулсын их сургуулд докторын зэрэг эзэмшихээр судалгаа хийж байна. Монголынхтой сургалтын системтэй харьцуулахад эндхийн анагаахын сургуулиуд маш шахуу хуваарьтай, олон кредит судалдаг тул оюутнууд их ачаалалтай байдаг. Монголд хичээлээс гадуур дуртай зүйлээ хийж болдог бол энд анагаахын оюутанд чөлөөт цаг гэж бараг л байхгүй, өглөө 08:00-17:00 цаг хүртэл хичээллэнэ, орой даалгавраа хийнэ. Тиймдээ ч улирал дуусахаар шалгалтаа өгчихөөд, өглөө юунд ч санаа зовохгүй сэрж, хүссэн зүйлээ хийж болох амралтын хоёр өдөх ирэхийг хоног тоолог хүлээдэг байж билээ.

-Туркд цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ, Эмчийн хувьд хэр ачаалалтай өдөр хоногуудыг туулж байна вэ?

-Туркд гуравдугаар сарын 12-нд Германаас зөөвөрлөгдсөн анхны тохиолдол бүртгэгдэж, анхны халдвар авсан иргэнийг эмчилж байсан эмч нь хүртэл нас барж нийгмээрээ цочирдож хүлээж авч байсан. Тухайн үед би хүүхдийн тасагт ажилладаг байлаа. Дэлхий нийтээрээ эмчилгээний туршлагагүй, тэр дундаа хүүхдэд ямар эмчилгээ хийх талаар заавар, зөвлөгөө, хомс  тул эхний хоёр сар амаргүй байлаа.  Монголчууд коронаг яаж хүлээж авч байна энд мөн адил тэгж л сандарч байсан бол одоо бүгд хүлээн зөвшөөрөөд, тоохоо болиод дасан зохицоод амьдарч байна.

Энд Хятадын компаниас вакцин худалдан авч эхний ээлжинд гурав хоногийн хугацаанд нийт 1,2 сая эрүүл мэндийн ажилтнуудаа вакцинжуулсан. Би арав хоногийн өмнө вакцинаа хийлгэлээ. Харин одоо ахмад настнуудаа вакцинжуулж байна. Эрүүл мэндийн нэгдсэн цахим системээрээ иргэд регистрийн дугаараа оруудаап хэзээ, хаана вакцинд хамрагдахаа харж болдог.

Өнгөрсөн зургаадугаар сараас улс эдийн засгаа бодоод хөл хориог цуцалахад тархалт эрчимтэй нэмэгдэж, арваннэгдүгээр сарын үед халдварын өдрийн шинэ тохиолдол 32 мянга, нас баралт 300-400 орчим гарч байлаа.

Харин одоо буцаад хөл хорионы дэглэмд шилжиж, ажлын өдөр 21:00-05:00 цаг хүртэл, амралтын өдөр бүтэн хөл хорио тогтоох арга хэмжээ авснаар халдварын шинэ тохиолдол буурч байна.

-Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажилтнуудаа төрөөс хэрхэн дэмжиж байна вэ, онцлох шийдвэр, бодлогоос дурдвал?

-Эхэндээ анзаарагдахгүй байгаад гурав дахь сараас эхэлж эмнэлгийн ажилтнууд төдийгүй ард иргэд ч сэтгэл зүйн хямралд өртөж эхэлдэг билээ. Ковидын голомтод удаан хугацаанд ачаалалтай ажиллаад ирэхээр стресс даамжирч, ажлаасаа халширч, бүтээмж буурна. Хаашаа л харна, коронавирус туссан өвчтөнүүдтэй ажиллах тул өөрөө тусах вий гэж болгоомжилно, өдөржин хамгаалалтын хувцастай ажиллах тул маскны цаанаас бусадтай ярилцах ч боломж тэр бүр гарахгүй, хоол унд идэх дуршил буурах зэрэг нь сэтгэл зүйн эрүүл мэндэд гарцаагүй нөлөөлж эхэлдэг юм билээ. Тиймээс төрөөс эмч нарт сэтгэл зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлсэн. Би ч бас ийм асуудалтай тулгарч сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байлаа.

Түүнчлэн яамны зүгээс 3,3 сараар цалингийн урамшуулал, нэмэгдэл өгч буй.  

Мөн халдварын оргил үед ар гэртээ харих шаардлагагүй гэж үзэж байгаа эрүүл мэндийн ажилтнуудад байрлах буудал гаргаж өгч, хоол ундыг төрөөс хангаж байв. Үүнээс гадна иргэд орой тогтсон цагт тагтан дээрээ гараад эрүүл мэндийн ажилтнууддаа талархал илэрхийлж алга ташдаг давлагаа эхлүүлсэн.

-Улсын эмнэлгийн ачаалал, үйлчилгээний нөхцөл ямар байна вэ?

-Би хүлээн авах тасагт ажилладаг. Ковид гарахаас өмнө томуу төст өвчин гэхчлэн эмнэлгийн ачаалал маш их байлаа. Хүмүүс гэрээсээ гарах нь багасаж, маск зүүж хэвшсэнтэй холбоотойгоор томууны дэгдэлт багассан.

Зөвхөн хүндээр өвчилсөн хүмүүсийг эмнэлэгт эмчлээд, хөнгөн туссан бол гэрээр 10 хоног хэрэглэх эм бэлдмэлийг хүргэлтийн багийнх нь эмчтэй цуг гэр гэрт нь хүргэж өгч, үзлэг хийж буй.

Мөн утсан дахь чип, эрүүл мэндийн ухаалаг системийн тусламжтай тусгаарлалтад буй иргэд дэглэмээ биелүүлж буй эсэхийг хянаж, зөрчил гаргасан тохиолдолд цагдаа нар торгууль оноодог (500 мянга орчим төгрөг)  дүрэм үйлчилж байна.

Ялангуяа ажилгүйдэл газар авч, нийгмээрээ эдийн засаг, эрүүл мэндийн хямралд автаад ирэхээр стресс бухимдалд орно, нийгмийн сэтгэл зүй нь сөрөг болно,  стрессээ тайлах арга нь бие биендээ уураа гаргах, хэрэлдэх болж хувирах жишээтэй. Өвчтөнүүдийн хувьд дурдахад өвдөх нь тэр хүний эрх, эмчлэх нь эмчийн үүрэг гэх байдлаар хандах нь олонтаа, мэргэжлийн бус байж хөндлөнгөөс оролцож, эмчийн ажлыг заагаад байвал хэн ч дуртай байхгүй шүү дээ. Тэгэхээр эмч өвчтөн төдийгүй нийгмийн аль ч салбарт энэ сорилтот цаг үед хүмүүс харилцан бие биенээ хүндэлж, сэтгэл зүйн дэм өгч, харилцаандаа анхаарах хэрэгтэй.

-Коронавирус тусаад идгэсэн хүмүүсийн үнэрлэх, амтлах мэдрэмж буурдаг, сульдаа, нойргүйдэл зэрэг физиологи болон сэтгэл зүйн эрүүл мэнд тогтворгүй болж байна гэж судлаачид үзэж буй юм билээ. Танай өвчтөнүүдэд ийм тохиолдол ажиглагдаж байна уу?  

-Хууч өвчин үүсгэдэг, үргүйдэлд хүргэдэг гэх зэрэг маш олон таамаглал дэвшүүлж байгаа.

Эдгэсэн өвчтөнүүдэд илэрч буй шинж тэмдэг түр зуурынх уу эсвэл хууч үлдээдэг үү гэдгийг одоогоор тодорхойлох нь эрт. Магадгүй 5, 10 жилийн дараа халдвар авсан хүмүүсийг судалгаанд хамруулж дүгнэж болох юм.  Ковид тусаад эдгэснээс 10 хоногийн дараа байгалийн дархлаа тогтож эхэлдэг, хүндээр өвчилж эдгэх тусам илүү сайн дархлаа тогтдог. Дархлаа тогтоход хүний эсэд иммунглобулин G гэх эсрэг биет буюу уураг үүсдэг. Энэ уургийн хэмжээ эдгэснээс хамгийн багадаа 2 сар ихдээ 6 сарын хугацаанд  хүний цусанд хамгийн өндөр тунтай байдаг буюу дархлаа үүссэн гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл корона туссан хүмүүс хамгийн багадаа 2 сар хамгийн ихдээ 6 сарын хугацаанд дахиж халдвар авахгүй гэсэн үг. Мөн 2 удаагийн  вакцин хийлгэсний дараа үүссэн зохиомол дархлаа 8-10 сар л таныг хамгаалах буюу вакциныг жил болгон хийлгэнэ гэсэн үг.

Халдвар авсан эхний 5 хоног булчин өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг өндөр мэдрэгддэг бөгөөд дархлаанаас хамаарч дунджаар хоногт 10 өвчлөл баг багаар эдгэрч эхэлдэг. Энэ үед эм, тарианаас гадна шим тэжээлтэй, чанартай хоол хүнс хэрэглэх нь маш чухал, мөн сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарч, хүндээр тусгаж авахгүй байвал харьцангуй хурдан эдгэнэ.

-Истанбул дахь Монгол иргэд танай эмнэлгээр үйлчлүүлэх тохиолдол байна уу?

-Би энд сурдаг Монгол оюутнуудтай байнга холбоотой байдаг, зарим нь утасдаад зөвлөгөө авдаг. Ихэнх оюутнууд эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй болохоор улсын эмнэлгээр үйлчлүүлэх нь ховор. Халдварт өвчин бол нийгмийн эрүүл мэндийн маш том асуудал тул эрүүл мэндийн даатгалтай байхаас үл хамаарч, оршин суух зөвшөөрөлтэй л бол ДЭМБ-ын зарчмаар дэлхийн аль ч орон үнэгүй эмчилдэг. Истанбул дахь Монголчуудын дийлэнх нь залуу хүмүүс болохоор ихэвчлэн хөнгөн тусаж байсан, тиймдээ ч хэрэглэх эмэ гэртээ үнэгүй хүргүүлээд, гэрээр эмчилгээ хийлгэж буй.

Энд бол коронагийн халдвар авах нь энгийн зүйл болоод хувирчихсан, хүмүүс цочирдохоо ч байсан, эмнэлэгт бол стандарт эмчилгээ хийлгээл гардаг, цаг хугацааны асуудал болсон.

-Монголын төр засгийн авч буй арга хэмжээг мэргэжлийн хүний үүднээс хэрхэн үнэлж байна вэ?

-Вакцин гаргаж авлаа гээд  халдварт өвчин алга болчихгүй, сүүлийн хэдэн жил хүн төрөлхтөн ковидтой дасан зохицож амьдарна гэсэн судалгаа бий. Миний хувьд Монголын засгийн газар харьцангуй боломжийн ажиллаж байна гэж харж байгаа мэргэжилтний өнцөгөөс харахад шүүмжлэлтэй хандах зүйл цөөнгүй байна. Жишээлбэл, халдвар авсан өвчтөн болгоныг, чирэгдэл үүсгэж ХӨСҮТ рүү аваачаад хэвтүүлээд байгаа нь учир дутагдалтай байна. Цаашид орон нутагт халдвар тархлаа гэхэд бүгдийг нь ХӨСҮТ-рүү зөөх боломжгүй тул аймгийн эмнэлгүүдэд халдвартай иргэдийг эмчлэх бүхий тусгай тасгийг байгуулж, зөвхөн хүндэрсэн хүмүүсийг ХӨСҮТ рүү зөөх байдлаар зохицуулалт, бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр корона илэрсэн гээд л өвчтөнүүдийг нааш, цааш зөөх биш халдвар авсан хүн аль ч эмнэлэгт очсон эмчлэх хэмжээний менежментийг хийж эхлэх хэрэгтэй гэж бодож байна.

Ковидыг ноцтойгоор хүлээн авч, сэтгэл зүйгээ хямраах шаардлагагүй харин  иргэд хувь хувьдаа үүргээ ухамсарлаж, сахилга баттай байж, ариун цэврээ хангах байдлаар эрүүл байх наад захын арга хэмжээг өөрсдөө авбал айх шаардлагагүй. Мөн энд эрүүл мэндийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах ажлыг сайн хэрэгжүүлж байна. Монголд эмч нар удаагийн мэс заслын маск хэрэглээд байгаа нь харагдсан, урт хугацаанд голомтод ажиллаж буй хүмүүсээ сэтгэл санаагаар дэмжихээс гадна наад зах нь чанартай хамгаалах хэрэгслээр хангах хэрэгтэй. Энгийн мэт боловч маш чухал зүйл.

-ХӨСҮТ-ийн эмчилгээ, сахиурын өрөөний зураг дэлгэгдэж нийгмээрээ шуугиад намжлаа. Таны ажиллаж буй улсын эмнэлгийн орчин нөхцөл ямар вэ, бид юуг яаж сайжруулах вэ?

-Турк G20-ийн улс буюу эдийн засгаараа дэлхийн топ 20д багтдаг. Тэр ч утгаараа Монголтой харьцуулах нь учир дутагдалтай. Эмнэлгийн орчин нөхцөлийн хувьд энд улсын эмнэлэгт коронавирусийн тасагт нэг өрөөнд нэг л өвчтөнг хэвтүүлж эмчилдэг, орчин нөхцөл нь бүгд стандарт хангадаг, өрөө болгон зурагт, хөргөгчтэй, ор нь гэхэд хувийн эмнэлгүүдийнх шиг автомат, олон үйлдэлтэй, барилгын хувьд дэд бүтцийг хүртээмжтэйгээр шийдэлтэй жишээтэй. Өвчтөнүүд гаднаас хоол оруулж идэхгүй, эмнэлгийн эмчилгээний хоол идэх ёстой, учир нь хоолыг ч бас шим тэжээлийн хэрэгцээг тооцоолж, стандартын дагуу хийгддэг.

Эрүүл мэнд, боловсролын салбарыг улс орны бодлогоороо нэн түрүүнд тавих ёстой. 

Манай эрх баригчид олон жил эрүүл мэндийн салбартаа өргөмөл хүүхэд шиг хандаж ирсэн. Мөнгө олдог салбар биш учраас эрх баригчдын хөгжүүлье гэсэн сэтгэл, чадвар дутагдаад гаргууд хаягдчихсан.

Эрүүл мэндийн салбарт хуваарилж буй төсөв ч маш бага төдийгүй мэргэжлийн бус хүмүүс энэ салбарыг удирдаж, намдаа хэр их хандив өгсөн хүн нь сайд болж байх жишээтэй. 

Манайхаас өөр ямар ч улс нийгмийн тулгуур болсон салбарыг мэргэжлийн бус хүнээр удирдуулдаггүй. Мөн нийгмийн эрүүл мэндийн манаанд буй ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс ямар билээ дээ.

Шийдвэр гаргагчид өнөө маргаашийн өөрсдийн эрх ашиг бус 5,10 жилийн дараа энэ салбарын хөгжлийг энэ түшвинд хүргэнэ, дотооддоо ийм мэс заслыг хийдэг болно, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тооцоо судалгаатай бодлогогыг тууштай баримтлах шаардлагатай байна. Ингэж чадах аваас нийгмийн эрүүл мэнд, хүмүүсийн амьдралын чанар ч дагаад дээшилнэ.

Нэг хүн 16 жил ХӨСҮТ-ийг удирдахад юу өөрчлөгдсөн билээ, харин салбарынхаа асуудлыг мэддэг, хэд хэдэн улсын эмнэлэг удирдаж, өөрчлөлт хийж чадсан туршлагатай хүн салбарын сайдаар томилогдоод зургаахан сар удирдахад энэ салбарыг ирээдүйн хөгжлийн төлөөх алхмууд хийгдэж, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүст итгэл найдвар төрүүлж байсан хүнийг улс төржүүлээд огцруулчих жишээтэй.

Сонгуулиас сонгуулийн хооронд бодлого өөрчлөгдөж, алсын хараатай бие даасан бодлого хэрэгждэггүйн улмаас өнөө маргааш гал унтраах төдий ажиллаж байгаагаас манай улсын хөгжил удаан гэж харж байна. Хувийн хэвшил манай улсын ачааг нуруундаа үүрч байна гэвэл дэгстүүлсэн болохгүй.

-Хэзээ эзэмшсэн мэдлэг, туршлагаараа Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахаар төлөвлөж байна вэ?

-Болдогсон бол маргааш ч болов нисээд очихсон, гэхдээ зорьсноо биелүүлээд,  сурах ёстой бүхнээ сурчхаад, үлдсэн амьдралаа эх орондоо ажиллаж, амьдаръя гэж боддог. Энэ оны сүүлээр би Герман явж дотор болон зүрхний эмчээр нарийн мэргэшихээр төлөвлөж байна.

-Уншигчдадаа хүргэх таны зөвлөгөөгөөр яриагаа энэ хүргээд өндөрлөе

-Хүн өөрөө хийж хэвшсэн зүйлээрээ бусдад үлгэрлэх ёстой гэж боддог. Өөрөө хийж үзээгүй байж, ингэ тэг гэж хоосон зөвлөх нь зүйтэй биш. Миний хувьд Монголчууд эрүүл мэндийн боловсролоо хамгийн түрүүнд сайжруулж, өвдсөн хойноо эмнэлэгт хандах биш өвдөхөөс өмнө эрүүл мэндээ анхаарч, өөртөө цаг  гаргах хэрэгтэй юм шиг санагддаг.

Том, том зүйл ярихаас илүү өдөр тутмын зөв хэвшлийг бий болгож, хүүхдүүдээ багаас зөв дадалд сургах хэрэгтэй.  Тухайлбал, өөх тос, махны хэрэглээгээ аль болох багасгаж, хоолны төрөл зүйлээ үр тариа, жимс ногоогоор арвижуулбал амин дэм, эрдсийнхээ хэрэгцээгээ хангаж, эрүүл байх боломжтой. Мөн 40 наснаас хойш жилдээ нэг удаа үзлэгт орж эрүүл мэндээ анхаарч байгаарай гэж захья.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажил, амьдралд сайн сайхныг хүсье.

TAGS