• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0

Монголын мал эмнэлгийн 95 жилийн түүхийг өгүүлсэн “Монголын мал эмнэлгийн түүхэн товчоо” ном хэвлэгдэн гарчээ. Энэхүү номын зохиогч Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн мал эмнэлгийн үйлчилгээ нэгж, тасаг, орон нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Эрхэмбаатартай ярилцлаа. Тус номын нээлт арваннэгдүгээр сарын 2-нд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байранд болно. 

 

-Энэхүү түүхэн товчоог яагаад бичих болсон талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Хүн амьдралынхаа туршид түүх бүтээдэг. Миний бие мал эмнэлгийн байгууллагад 40 дэх жилдээ ажиллаж байна. Малын бага эмчээс ажлын гараагаа эхэлж, мал эмнэлгийн бүх шатанд ажиллаж байсан хүний хувьд түүх үлдээе гэж бодсон. Номонд  мал эмнэлгийн салбарын түүх бүхэлдээ багтсан гэвэл бас үгүй л дээ. Товчхондоо 1923 онд байгуулагдсан Монголын мал эмнэлгийн салбар өнгөрсөн 96 жилийн хугацаанд ямар замналаар үүсч хөгжиж ирсэн, өдгөө мал эмнэлгийн салбар шинэ бүтцэд орж ямар хэлбэрээр ажиллаж эхэлсэн, мөн улсын хэмжээнд ажиллаж байгаа бүхий л мал эмнэлэг, үйлчилгээний нэгжүүдийн мэдээлэл, залуу үеийнхэнд өгөх сургамж  зэргийг хүргэхийг зорьсон. Ном маань зургаан бүлэгтэй. Нийт 1500 гаруй хүний нэр дурдагдаж, мал эмнэлгийн салбарын бүх эрдэмтэд, судлаачид дээр нь малын эмч гавьяатнууд, урлагийн, эдийн засгийн гавьяатан, малын гавьяат эмч гээд 40-өөд хүний мэдээлэл, насаараа малын их эмчээр ажилласан 30 гаруй хүний дурсамж яриа орсон. Монголын мал эмнэлгийн 95 жилийн ой, Монгол улс Дэлхийн мал амьтны холбоонд гишүүнээр элссэний 30 жилийн ой, Мал эмнэлгийн салбар хувьчлагдсаны 20 жилийн ойн хүрээнд будаг нь ханхалсан шинэ номоо өлгийдөж авсандаа баяртай байна.  

-Мал эмнэлгийн салбарын түүхэнд та маш том хөрөнгө оруулалт хийжээ. Салбарын уншигчдад ямар үр өгөөж өгөх вэ?  
- Мал эмнэлгийн салбарт хэдэн аж ахуйн нэгж, хэдэн малын эмч, хэдэн гавьяат эмч байдаг,  нэг эмчид оногдож буй малын тоо, мөн зах зээл нь ямар байгаа, ямар хүмүүс салбарыг манлайлж байсан гээд статистик мэдээллүүдийг оруулж өгсөн. Аймаг аймгаар нь салгаж товч бөгөөд тодорхой товчоон болгосон. Монгол улсын мал сүргийн тоо сүүлийн 100 жилд хэрхэн өөрчлөгдсөн тоо мэдээллийг таван хошуу мал тус бүрээр нь анх удаа оруулж өгснөөрөө онцлог. Бэлэн судалгаа, статистикийн мэдээлэлтэй бүтээл. Номоос салбарын мэдээллийг бүхэлд нь авах боломжтой. Тийм учраас малын эмч нарын ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна. Номоо хувийн мал эмнэлгийн тоогоор буюу мянга гаруй хувь гаргая гэж бодсон ч 500 хувь л хэвлүүлсэн. Авахаар сонирхож буй хүмүүс эхнээсээ хандаж эхэлсэн.  

-Анхны мал эмнэлэг хэзээ, хаана байгуулагдсан бэ?
-Монгол хүн зэрлэг амьтдыг гэршүүлж эхэлсэн үеэс мал эмнэлэг үүссэн гэж үздэг. Харин шинжлэх ухааны үндэстэй мал эмнэлгийн суурь 1923 онд тавигдсан. Сонгино дахь Биокомбинатад буюу Сонгины буланд Малыг эмнэн сайжруулах газрыг анх байгуулж байсан түүхтэй. Хүн төрөлхтөн малыг гаршуулж эхэлснээс хойш ажиглах, тандах байдлаар элдэв өвчин эмгэгийг нь янз бүрийн аргаар эмчлэх оролдлого хийж ирсэн. Анх тухайн үеийн ЗХУ-аас мэргэжилтнүүд ирж малыг эмчилж байв. Манай улсын хувьд анхны 13 малын бага эмчийг ОХУ-д сургаж,  хөдөө орон нутагт ажиллуулсан. 

1934 оноос дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх анхны суурь тавигдсан. Монгол улсын их сургуульд  Мал эмнэлгийн факультет байгуулагдаж малын эмч нарыг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Дараа нь Хөдөө аж ахуйн их сургууль Мал эмнэлгийн сургуультай болсон юм.

1990 ОН МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН ОРГИЛ ҮЕ БАЙВ

 

-Салбарын өнөөгийн хөгжил ямар байгаа вэ?
-Малын эмч нар анхны бага эмчээс их эмч хүртэл бэлтгэгдэж ирсэн. Эмнэлгийн үндэсний мэргэжилтэн бий эхэлснээс хойш 6000 гаруй малын их эмч төрөн гарчээ. Жилд 200-гаруй оюутан энэ чиглэлээр төгсөж байгаа.

Мал эмнэлгийн салбарын хөгжил өсч буурч явсан. 1990-ээд оных хүртэлх мөн 1990 оны эхэн үе Монголын мал эмнэлгийн салбарын түүхэн хөгжлийн оргил үе байсан. Түүнээс хойш үндсэндээ буурсаар ирсэн. ЗХУ-ын туслалцаагаар хөгжсөн ирсэн гэх үү дээ. Зах зээлд шилжсэнээс хойш мал эмнэлгийн салбар 1999 онд хувьчлагдсан. Энэ үеэс мал эмнэлгийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. 2010 онд Засгийн газар “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг баталж, төр засгийн зүгээс салбарт анхаарах болсон. Олон улсын төслийн байгууллагууд их дэмжиж тусалдаг. Үндсэндээ мал манай улсын эдийн засгийн үндэс байдаг учраас мал эмнэлгийн асуудал дагаад хөгжиж ирсэн түүхтэй.

- Цаашид хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?
-Төр засгийн тууштай бодлого чухал. Эм, бодис, багаж төхөөрөмж голдуу экспортоор орж ирдэг. Хөгжүүлэхийн тулд орчин үеийн мэдрэмж сайтай оношилгооны багаж төхөөрөмж хэрэгтэй. Малын олон төрлийн өвчин гардаг. Тэрийг оношлох эмчлэх шаардлага байнга л тавигдаж байдаг.

-Мал эмнэлгийн салбар олон улсын түвшинд хаана явж байна вэ?
-Манай улсын хувьд олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн олон сайн туршлага бий. Түрүүн дурдсанчлан манай улсч Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад гишүүнээр элсээд 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүнчлэн бусад хөрш орнуудтай байнгын хамтын ажиллагаатай.

Өдгөө дэлхий дахинд шинээр болон дахин сэргэж гарч байгаа малын олон төрлийн өвчин бий. Тиймээс эдгээр өвчнийг анагаах чиглэлд тодорхой зорилт тавьж ажиллах шаардлагатай.

Манай улс мал аж ахуйн өвөрмөц онцлогтой орон.  Нийт малын дийлэнх буюу малын 90 хувь нь бэлчдэг. Хаана бол хаана бэлчиж явна. Дэлхийн дийлэнх хөгжилтэй орнуудын хувьд фермийн буюу суурин маллагаатай учраас тэдгээр орны хувьд малыг аливаа өвчин эмгэгээс эмчлэх, урьдчилан сэргийлэх нь харьцангуй хялбар.

Бэлчээрийн мал аж ахуйн хувьд мал нэг бүрийг бэлчээрээр нь эмчилнэ гэдэг ч юм уу, хараа хяналтад байлгах нь мэдээж чухал. Энэ ч үүднээс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад  бид бэлчээрийн мал аж ахуйтай орны хувьд энэ асуудлыг онцгой анхааралдаа авч үзээч ээ гэсэн саналыг байнга тавьдаг.

ДӨНГӨЖ ОЮУТНЫ ШИРЭЭНЭЭС БОССОН ЗАЛУУ ХҮН БОЛ 50 САЯ ТӨГРӨГӨӨР МАЛ ЭМНЭЛГЭЭ БОСГОЖ ЧАДАХГҮЙ

 

-Боловсон хүчний асуудал ямар байна вэ?
-330 сумаар авч үзвэл нэг сумд гэхэд хоёр төрийн албан хаагч ажилладаг. Зууны 50 орчим хувь нь л гэсэн үг. Боловсон хүчний хувьд дутагдалтай. Жилд 200 гаруй малын их эмч төгсөж байгаа боловч хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин дутагдалтай хэвээр. Залуучууд хөдөө орон нутагт малын эмчээр ажиллахад нэлээд хойрго хандаж байна.

Нөгөө талаас залуу боловсон хүчний ажиллах орчин, нийгмийн халамж хамгаалал маш тааруу. Малтай улаан гараараа ноцолдоно. Цалин хөлс байхгүй. Хувийн эмнэлэгт  хийснээрээ л цалинжина. Малчдын мал эмнэлгийг дэмжих нь ч тааруу.

Зах зээлээс өмнө мал эмнэлгийн ажил дандаа улсын мөнгөөр явж ирсэн бол зах зээл рүү шилжиж, хүн бүр хувийн өмчтэй болсноос төлбөр төлж үйлчлүүлдэг болсон. Гэвч үүнийг малчид одоо хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Үйлчилгээний хөлс өгөхгүй байх жишээний. Энэ мэтчилэнгээр хувийн мал эмнэлэг хөгжихөд хүндрэлтэй. Тиймээс төрөөс онцгойлон анхаарах хэрэгтэй.

Зарим малчин мал сүрэг миний хувийн өмч тул эмчлүүлнэ үү байна уу би өөрөө шийднэ гэх байдлаар ханддаг. Олон мал сүрэгтэй айлын хувьд малаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахад эсвэл угаалгад оруулахад багагүй төлбөр гардгаас шалтгаалж хойрго суух байдал их ажиглагддаг. Тиймээс хөдөө орон нутагт ажиллах хүмүүс орлогогүй болоод тэр бүр очиж ажиллах боломжгүй.

Тухайлбал нэг хувийн мал эмнэлэг байгуулахад хамгийн багадаа 50 сая төгрөгийн хөрөнгө оруулж байж унаа, байртай байна. Дөнгөж оюутны ширээнээс боссон залуу хүн 50 сая төгрөгөөр мал эмнэлгээ босгож чадахгүй.

1999 онд анх мал эмнэлэг хувьчлагдахад авч байсан хүмүүсийн нас нэлээд гарсан. Тэглээ гээд хувийнхаа эмнэлгийг нэг залуу малын эмч хүрч ирлээ гээд май ав гээд өгөхгүй нь мэдээжийн хэрэг шүү дээ. Өглөө гэхэд зарах л болно. Энэ мэт олон шалтгаан бий.

Мал эмнэлгийн салбар маш их хөрөнгө мөнгө зарж үйл ажиллагаагаа явуулдаг салбар. Ашгаасаа илүүтэй зарлагатай байгууллага. Залуу боловсон хүчин хөдөө орон нутагт очиж ажиллаж чадахгүй байгаа гол шалтгаан нь энэ.

Манай байгууллагын зүгээс мал эмнэлгийг өөд нь татья, хөдөө орон нутагт залуу боловсон хүчнийг ажиллуулъя гэхээр урамшуулал олгох, наад зах нь орон байраар хангах зэрэг дэмжлэг хэрэгтэй. Төр засгийн бодлого хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ