• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    65   |  
0

Намрын сэрүү хэдийн орж, газар дэлхий улбар өнгөөр гоёж, талын салхи цонхоор илбэнэ. Монгол улсын далайд гарах хамгийн дөт гарц болохоор зэхэж буй Сүхбаатар аймгийг зорьж яваа нь энэ. Өнгөрсөн зун говийн аймгууд, Хөвсгөл, Баян-Өлгийг зорихдоо дутуу орхисон, хагарсан энхэл, донхол замаар сэгсчүүлсэнтэй харьцуулахад донсолгоо үл мэдрэгдэх засмал замаар явсаар талын хот Баруун-Уртад ирлээ. 

Төвийн хэсгээ л  тордож, ногоон байгууламж байгуулдгаас биш гэр хорооллын зам, иргэдийнхээ амьдрах орчны тохижилтыг өнгөрсөн зууныхаар нь үлдээсэн аймгууд болон нийслэл хот маань иргэндээ ээлтэй дэд бүтцийн шийдэлтэй энэ буйдхан хотоос санаа авч, хэрэгжүүлмээр зүйл чамгүй их ажиглагдлаа. 

Аймгийн төвийг холбосон 5 тойрог зам, хашаандаа малаа услах орчин үеийн шийдэл бүхий малчны хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлт, хот хөдөөгийн ялгааг арилгасан соёл, урлаг, спортын үйлчилгээний газрууд, орон нутагт сүндэрлэсэн анхны 5 одтой зочид буудал гээд зөвхөн дэд бүтцийн хувьд гэхэд орон нутгийн хөгжлийн шинэ түвшинд гаргасан шийдлийг талд сүндэрлэсэн Баруун-Урт хотоос харж болмоор.

Өнгөрөгч сарын 15-нд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлахдаа хоёр улсыг 3 чиглэлд төмөр замаар холбох гэрээг үзэглэсэн билээ. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтыг-Өвөрмонголын Зүүн хатавч боомттой холбох төсөл байв. Тиймдээ ч Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, Бичигт–Хөөт чиглэлийн төмөр зам зэрэг дэд бүтцээ шийдчихвэл далайд гарах хамгийн дөт гарцаа нээх боломж бүрдэж буй.  

Ингээд тус аймгийн хөгжил цэцэглэлтийн сайн туршлага хийгээд өрсөлдөх чадварын өнөөгийн нөхцөл байдал, алсын хараа, цаашдын хөгжлийн төлөвлөлтийн талаар Баруун-Урт сумын Засаг дарга, Ардчилсан намын дарга М.Идэрбаттай  ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу. Сүхбаатар аймгийн эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөгжлийн ямар боломж харагдаж байна вэ ?

-Нэгэн цагт мөрөөдөл мэт сонсогдож байсан Бичигт-Зүүн хатавч чиглэлийн төмөр замаар холбох ажлын эхлэл тавигдаж байгааг бид Сүхбаатар аймаг төдийгүй Монгол улсын хөгжлийн гарц гэж харж байна. Сүхбаатар аймгийн хувьд Монгол улсын далайд гарах хамгийн дөт гарц учраас бид үүнийг ашиглан экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг байгуулах боломж бий.

Хятад, АНУ-ын худалдааны дайнаас үүдэн Хятадын эсрэг тавьж буй тарифийн бодлогыг бид эдийн засгаа тэлэх боломж болгон харж төмөр замыг дагасан бүтээн байгуулалт, эдийн засгаа тэлэх бодлогуудыг одооноос төлөвлөж эхлэх ёстой. Төмөр замаа дагасан эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар дэлхийн томоохон компаниуд манай аймагт үйлдвэрлэлээ явуулах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл Монголын нэрээр дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлбэл, дэлхийн худалдааны байгууллагын бодлогоор бид асар олон төрлийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Энэ үйлдвэрүүд  байгуулагдсанаар иргэд хүсээд буй өндөр цалингаар ажиллах нөхцөл бүрдсэнээр Сүхбаатар аймаг, ажилгүйдэл ядуурлын асуудлаа шийдэх гаргалгаа харагдаж байна.

Гэвч өнгөрсөн 4 жилд үүссэн нөхцөлөөс харахад орон нутгийн хөгжилд засаглалын нэг чиглэлтэй бодлого хэрэгжүүлж байж үр дүн гарах нь илэрхий байна.

-Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр 4 дүгээр байрт жагсдаг байсан Сүхбаатар аймаг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сүүлийн байр руу ухарчээ. Хөгжил, эдийн засгийн эрчийг ямар хүчин зүйлс сааруулж байна ?

-Сүхбаатар аймаг үүсгэн байгуулагдсан 80-аад жилийн хугацаанд хамгийн хурдтай хөгжсөн үе гэвэл 2008-2016 буюу ардчилсан намын засагласан үе гэж хэлж болно. Өрсөлдөх чадварын үнэлгээгээр 21 аймгаас 20, 21 дүгээрт жагсдаг байсан бол энэ хугацаанд хамгийн том эдийн засагтай аймаг болох Өмнөговь, Дархан, Эрдэнэт хотын дараа дөрөвдүгээр байранд жагсаж шилдэг аймгаар удаа дараа шалгарч ирсэн үзүүлэлт үүнийг батална. Гэвч өнгөрсөн 4 жилд манай аймгийн хувьд өрсөлдөх чадварын үнэлгээгээр дахин сүүл мушгих болов. Үүнд цөөнгүй хүчин зүйл нөлөөлсөн. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын үнэлгээг гаргадаг судалгааны төвөөс энэ үзүүлэлтэд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол засаглалын үр ашиг буурсан байдал гэж дүгнэсэн. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар МАН болон АН тэнцүү санал авснаар хамтарч бодлого хэрэгжүүлсэн. 

Үүнээс үүдэн өмнөх шиг  нэг цонхоор бодлого тодорхойлж, хэрэгжүүлж ирсэн нөхцөл алдагдсанаар хөгжлийн нэгдсэн бодлого эрэмбэлэгдэхгүй, гацсан гэж хэлж болно. Засаглалын үр ашиг муудахад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь аймгийн засаг дарга өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа солигдож, тогтвортой бодлого хэрэгжүүлээгүйгээс бидний боловсруулж, хэрэгжүүлсэн ажлууд гажуудсан.

Дараагийн хүчин зүйл бол сүүлийн жилүүдэд орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих тал дээр дорвитой бодлого хэрэгжсэнгүй. Тодруулбал, Сүхбаатар аймагт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт, тендерийг Улаанбаатарын компаниуд гүйцэтгэдэг болсноор орон нутагт үлдэх капитал гадагш урсаж, иргэдийн орлого буурах, ядууралд өртөх шалтгаан болов.

Мөн боловсролын салбарын үзүүлэлтүүд ч илт уруудсан. Өмнөх засаглалын жилүүдэд бид чадварлаг багш, дасгалжуулагчдын Улаанбаатараас урьж авчирч сурагчдадаа хичээл заалгаж, багш нараа чадвахжуулах сургалт явуулснаар боловсролын өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ аймаг маань эхний байруудад жагссан. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ бодлого  зогсож, шилдэг боловсон хүчнүүдээ нийслэлийн хувийн сургуулиудад алдаж, боловсролын чанар, үзүүлэлтүүд дагаад буурсан.

Ганц жишээ дурдахад, Баруун-Уртад сурагчид 3 ээлжээр хичээллэх хэмжээнд хүн ам нь өсчхөөд байхад  ашиглалтад орох ёстой байсан 5-6 тэрбум төгрөгийн өртөгтэй сургуулийн барилгын тендерийг эрх баригч нам 2-3 жил царцааж байна. Төсвийн ил тод байдал алдагдсанаас олон хүүхэд хохирч байх жишээтэй.

-Сүхбаатар аймгийн туршлагаас суралцах засаглалын менежментийн нөу-хау гэвэл та юуг нэрлэх вэ ?

-Ардчилсан намын 2008-2016 оны хооронд засаглахдаа баримталсан гол зарчим бол хязгаарлагдмал төсвийг хамгийн үр ашигтайгаар ашиглаж чадсан явдал. Улсаас хуваарилсан төсвийг бусад аймгийн жишгээр байшин барьчихсан бол хэзээ ч ингэж хурдтай хөгжихгүй байсан. 

Товчхондоо бид орон нутгийн төсвөөрөө эхлээд газрынхаа дэд бүтцэд дахин төлөвлөлт хийх замаар капитал болгон төсвийн мөнгийг эргээд хэд дахин нэмэгдүүлж дараагийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж аймгаа хурдтай хөгжүүлсэн.

Энэ мэт хийж, хэрэгжүүлсэн менежментээ үргэлжлүүлж байж манай аймаг дараагийн шатанд хөгжинө. 

-Орон нутгийнхаа хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж буй хүний хувьд орон нутгийн хөгжил хаанаас, юунаас эхэлдэг гэж боддог вэ?

-Манай аймгийн хөгжлийн гол үндэс бол хөдөлмөрч хичээнгүй Сүхбаатарчууд маань байсаар ирсэн.

Орон нутгийн хөгжлийн үндэс нь хүн амын тоотой нягт холбоотой. Сүхбаатар аймаг 62 мянга 900 хүн амтай, ойрын хугацаанд бид 100 мянгуулаа болох ёстой.  Зохистой бодлого баримталж хүн амын тоогоо өсөж, зах зээлээ тэлснээр хот хөдөөгийн ялгааг арилгасан үйлчилгээ, бизнесүүд орон нутагт олноор бий болно.

Тодруулбал, ЖДҮ-ийг дэмжиж, өндөр цалинтай ажлын байрыг бий болгож, иргэндээ ээлтэй дэд бүтцийн бодлого хэрэгжүүлж,  залуусыг орон нутагтаа амьдрах нөхцөлийг бүрдүүлж байж залуусаа орон нутагт тогтоон барьж чадна. Тиймдээ ч бид  өнгөрсөн хугацаанд хот хөдөөгийн ялгааг үгүй хийх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор усан бассейн, хөл бөмбөгийн талбай, фитнесс клуб зэргийг ашиглалтад оруулж, шилдэг багш, дасгалжуулагчдыг урьж ажиллуулсан.  

Орон нутгийн хөгжил гурван үеийн хэлхээсэнд багтдаг. Ахмадын туршлага, идэр үеийнхний хичээл зүтгэл, залуусын ирмүүн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж хөгжих учиртай. Залуусын хөгжил, хүсэл тэмүүлэлд тулгуурласан бодлого хэрэгжүүлж байж, алхам алхмаар хөгжил өөд тэмүүлнэ. Иргэдээ зөв чиглүүлж чадвал орон нутгийг иргэд л хөгжүүлдэг шүү дээ.

Түүнээс биш дарга нар төсвийн мөнгөөр хэдэн барилга бариад шийдчихдэг асуудал  огтоос биш. Харин төр цомхон чадварлаг багаар ажиллах ёстой.

Хүссэн хүн бүрийг төрийн байгууллагад ажиллуулах боломжгүй тул хувийн хэвшлээ дэмжиж, залууст бизнес эрхлэх орчин нөхцөл, ижил тэгш боломжоор хангах ёстой. Энэ зарчмыг баримталж бидний хэрэгжүүлж ирсэн ажлууд өнгөрсөн 4 жил хийгдэхгүй орхигдлоо.

 

-Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан онцлох ажлуудыг дурдвал?

Аймгийнхаа онцлогийг маш сайн мэддэг хүмүүсийн хувьд салбар бүрд тулгамдаж буй асуудлыг мөрийн хөтөлбөртөө сумд болон аймгийн төв гэсэн шатлалаар тусгасан.

  •  Ирэх 4 жилд бүх сумын эмнэлэг сургууль, соёлын төвүүдийн гацсан барилгын асуудлыг цогцоор нь шийднэ.
  •  Боомттой, аялал жуулчлалын бүс болсон сумдыг аймагтай засмал замаар холбох ажлыг эхлүүлнэ.
  • Сумын дэд бүтцийг шинэчлэх замаар  төвийн өрх, албан газруудын нүхэн жорлонгийн асуудлыг орчин үеийн шийдлээр солино.
  •  Боловсролын салбарт СӨБ болон ЕБС-ийн материаллаг баазыг нэмэгдүүлж хүртээмж, чанарыг сайжруулна.
  • Манай аймгийн нутагт бусад аймгаас малчид олноор оторлодог тул бэлчээрийн даац хэтэрсээр буй тул бэлчээрийн менежментийн зөв зохистой зохицуулалт хийнэ.
  • Малчид үнэгүйдэж буй түүхий эдээ хувьцаа болгон арилжих бодлогыг хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд бид саяхан “Дарханы арьс, ширний үйлдвэр технологийн парк”-ын төлөөлөлтэй уулзаж малчид үнэгүйдэж байгаа арьсаараа энэ үйлдвэрийн хувьцааг худалдан авах боломжийг хэлэлцлээ. Энэ үйлдвэр бидний жалгандаа хаяж байгаа арьс шир, түүхий эдийг олон улсын зах зээлд гаргах менежментийг хийж, үнэ цэнэ нь өсөхийн хэрээр хувьцаа эзэмшигч малчид ашгаа хүртэх боломжтой. Хоршоо байгуулж, хоршоогоор дамжуулж үнэт цаасаа тарааж, түүхий эдийг үйлдвэрт нийлүүэх зарчмаар ажиллана гэсэн үг.
  • Ирэх 4 жилд Баруун-Уртаар хязгаарлагдахгүй бүх сумын төвийн худгуудыг 100 хувь ухаалаг болгоно. Одоогоор Баруун уртын нийт худгийн 60 орчим хувийг ухаалаг шийдэлтэй болгосон.  
  • Сүхбаатар аймгийн бүх нутагт дэвсгэрийг үүрэн утасны сүлжээгээр холбох асуудлыг тусгасан. Иргэд хаана байхаас үл хамааран, хол зам туулахгүйгээр гэрээсээ сүлжээнд холбогдох нөхцөлийг малчдадаа бүрдүүлж өгөхийг зорьж байгаа.

-Нуулгүй хэлэхэд иргэдийн улс төрийн намд итгэх итгэл алдарч байна.  Ардчилсан улс атлаа намын даргын өөдөөс эсэргүүцэл илэрхийлж болдоггүй,  нэг хүний гарт эрх мэдэл төвлөрсөн намууд ч бий. Тэгвэл танай нам дотор ардчилсан зарчим, үнэт зүйл хэр хангагдаж байна. Танай намаас ямар шалгуурт үндэслэн нэр дэвшигчдээ тодруулав?

-Манай аймгийн Ардчилсан намын хувьд амжилттай, эв нэгдэлтэй байдгийн шалтгаан нь залуу боловсон хүчиндээ боломжийг нээлттэй, шударга олгодог, тэдний саналыг үргэлж сонсож оролцоог тэгш хангаж, дэмжиж чаддаг учраас чадварлаг боловсон хүчнүүд бидэнтэй нэгдэх хүсэл, эрмэлзэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл ардчилсан үзэл санаа, зарчмыг хамгийн сайн хангадаг гэж хэлж болно. Сүхбаатар аймгийн  Ардчилсан намын гишүүд бол аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөрлөсөн туршлагатай, салбар бүрийн манлайлагч, чадварлаг, ардчилсан үзэлтэй залуус. Тиймдээ ч хамгийн шилдэг 33 нэр дэвшигчийг хамгийн ардчилсан зарчмаар шигшиж дэвшүүлсэн. Тухайлбал, аймгийн санхүүгийн бодлогыг олон жил тодорхойлсон,  эрүүл мэнд, боловсрол гээд мөн л салбар салбарын хамгийн шилдэг мэргэжилтнүүдийг тодруулсан.  

Энэ удаагийн орон нутгийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам “Хамтын зүтгэл хөгжлийн гарц” гэсэн уриатайгаар оролцож байна. Манай аймгийн хөгжлийг тухайлан анхаарах хүн бол ерөнхий сайд, хэн нэгэн дарга  биш. Тэр ч утгаараа Сүхбаатарчуудыг төлөөлөн УИХ-д сонгогдсон хоёр гишүүнтэйгээ маш сайн ойлголцож, хамтран зүтгэж, хурдтай ажиллаж чаддагаа харуулсан багаа сонгосноор аймаг маань хурдтай хөгжинө. Хамтран зүтгэж байж хөгжлийн гарцыг олж, аймгийн хөгжлийг дараагийн шатанд хүргэнэ шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Сүхбаатар аймгийн эрчтэй хөгжлийг ирэх дөрвөн жилд үргэлжлүүлэх үйлсэд танай хамт олонд амжилт хүсье.

-Баярлалаа. Сүхбаатарчууд та бүхний сонголт мэргэн байг.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ