• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    94   |  
0

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн Elite International MUN (EIMUN) буюу НҮБ-ын загвар хуралдаан 11 дүгээр сарын 8-10-ны хооронд тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жил Монгол орны өнцөг булан бүрээс улсын болон хувийн хэвшлийн төдийгүй олон улсын сургуулийн 400 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд 160 сурагч шалгарч, хуралд төлөөлөгчийн байр сууриас оролцох боломжтой болсон юм.

Тус сургуультай хамтран ажилладаг Япон, ОХУ, Солонгос, Герман зэрэг орнуудын дунд сургуулийн сурагчид оролцох хүсэлтэй байсан хэдий ч цар тахлаас үүдэн оролцож чадсангүй.

Хамгийн том салбар хуралдаан болох Ерөнхий Ассамблейн хурал 8-ны өдөр буюу ням гарагт Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрсөн бол НҮБ-ын хороодын хурал хоёр өдрийн турш Red Rock resort-д үргэлжилсэн нь энэ жилийн арга хэмжээ илүү албан ёсны болсныг харууллаа.

Энэ жилийн загвар хурал нь “New reality after Covid” сэдэвтэй зохион байгуулагдсан бөгөөд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах хийгээд улс орны эдийн засагт үзүүлж буй нөлөө, цаашдын нөхцөл байдал хэрхэх талаар улсуудыг төлөөлсөн оролцогчид байр сууриа илэрхийлж, шийдлүүдийг хэлэлцэв.

НҮБ-ын загвар хуралдаан нь хувь хүний хөгжилд үлэмж хувь нэмэр оруулдаг.

НҮБ-ын загвар хуралдаанд оролцох давуу талууд

  1. Цаг баримталж, аливаа зүйлд хариуцлагатай хандаж сурна
  2. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийгөө таниулах боломж нээгдэнэ
  3. Орон орны соёлоос суралцахаас гадна, геополитик, улс төр, эдийн засаг гэх мэтчилэн өргөн хүрээний мэдлэгтэй болно
  4. Судалгаа хийх, илтгэл тавих, аливаад ул суурьтай хандах чадварт суралцана
  5. Бусдад итгэл үнэмшил төрүүлэх, манлайлах ур чадвар олгоно
  6. Мэтгэлцэх, шүүмжлэх сэтгэлгээ хөгжинө
  7. Найз, нөхдийн хүрээллээ тэлэх зэрэг олон давуу талтай.

Ингээд Монголын ирээдүй болсон эдгээр сурагчдын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

Зохион байгуулагч багийн Ерөнхий захирал, Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн 12-р ангийн сурагч Т.Нямсайхан

Өмнөх жилүүдэд би төлөөлөгчийн байр сууриас оролцож байсан бол энэ жил зохион байгуулах багт орж ажиллаа. Энэ жилийн загвар хуралдааны хувьд дөрвөн орны хэлээр зохион байгуулагдсанаас гадна ихэнх оролцогчид маань анх удаа оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн хурал хийхэд тохиромжтой, хотоос зайдуу, цэвэр агаарт зохион байгуулсан нь давуу тал боллоо.

Зохион байгуулагчийн үүднээс харахад багийнхан маань оногдсон ажилдаа хариуцлагатай хандаж, цаг баримтлах чадваруудыг суулгасан. Харин миний хувьд төлөвлөгөө боловсруулах, удирдан зохион байгуулах болон ажил үүргийн хуваарилалт хийх чадвараас гадна стрессээ зөв удирдахад суралцлаа. Өмнөх жил мөн сурагчид өөрсдөө зохион байгуулсан болохоор бид энэ жил илүү туршлагатай, хариуцлагатай байсан гэдэгт итгэлтэй байна.

Энэ жил анх удаа оролцсон хүүхдүүд маань туршлагажиж, дараа жилүүдэд дахин оролцож, амжилт гаргаасай гэж хүсэж байна.

Зохион байгуулагч багийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн 12-р ангийн сурагч Б. Баясгалан

 
 
 
 
 

Энэ жилийн НҮБ-ын загвар хуралдаан Ковидын дараах шинэ эринд амьдралын хэв маягаа хэрхэн өөрчлөх вэ, яаж эдийн засгаа сайжруулах вэ, түүнчлэн олон улсын байгууллагууд ямар арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг төлөөлөгчид амжилттай хэлэлцлээ.

160 оролцогчид 8 хороонд хуваагдаж орос, монгол, англи, хятад хэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо хуваалцсан юм.

Үе тэнгийнхэн маань их сургуульд ороход бүрэн бэлтгэгдсэн, өөрийгөө илэрхийлэх чадвартай, бас олон талын мэдлэгтэй байгаасай гэсэн үүднээс тус загвар хуралдааныг зохион байгуулдаг нь үр өгөөжөө өгсөөр байна.

Зохион байгуулагч хүүхдүүд маань ч маш их зүйлийг суралцаж, жилээс жилд туршлагажиж байна.

Тус хуралдаанд оролцох боломж хүн бүрд нээлттэй бөгөөд зориг гаргаж, өөрийгөө сориосой гэж хэлмээр байна.

Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Гарьд 

 
 
 
 
 

Би 15 настай. Энэ жилийн хувьд ЮНЕСКО хороог даргалсан. 2018 оноос НҮБ-ын загвар хуралд оролцсон туршлагатай. НҮБ-ын загвар хурал өөрийгөө зөв илэрхийлэх, бусдын өмнө үг хэлэх, манлайлах чадваруудыг олгодог учраас би оролцохдоо үргэлж баяртай байдаг. Энэ удаад дотоодын төдийгүй, олон улсын байгууллагын хурлуудад оролцох туршлага хуримтлуулах үүднээс хорооны даргаар оролцсон.

Би бизнесийн чиглэлээр сурахаар төлөвлөсөн тул бусадтай хэлэлцээр хийх, бусдыг ятган үнэмшүүлэх чадварыг өөрийн болгох нь түлхэц болно хэмээн боддог.

Би олны өмнө үг хэлж чаддаггүй, бусдын шүүмжлэлээс эмээдэг хүүхэд байсан. Харин энэ хуралд оролцсоноор энэ мэт айдсаа үгүй хийсэн.

Ирэх жилүүдэд хуралдаанд оролцох зорилго тавьсан сурагчдад хандаж хэлэхэд зоригтой, идэвхтэй бай. Өөрийгөө чөлөөтэй илэрхийл. Оролцох боломж гарч ирэх бүрд өөрийгөө дайчил. Анхны удаа мэдээж айж сандарна, гэхдээ түүнийгээ ялж, өөрийгөө илэрхийлж бусдын шүүмжийг хүлээн авч сурвал амжилт гаргаж чадна шүү гэж хэлмээр байна.

Олонлог сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Эзэнбаатар 

 
 
 
 
 

EIMUN-д би хоёр дахь жилдээ оролцож байна. Зохион байгуулалт нь миний өмнө нь оролцсон загвар хуралдаануудаас илүү өрсөлдөөнтэй, мэргэжлийн түвшинд очсон байна.

Хуралдаанд би туршлагатай багт хувиарлагдаж, оролцсонд сэтгэл өндөр байгаа.  

Хөл хорионоос хойших сурагчдын дунд зохион байгуулагдсан анхны олон хүн оролцуулсан хуралдаан. EIMUN нь оролцогчдын англи хэл төдийгүй, бүх талын мэдлэгийг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй гэдэгт би итгэдэг. Энэ жил маш сайн зохион байгуулалттайгаар төлөөлөгчдийн эрүүл, аюулгүй байдлыг ханган ажилласанд сэтгэл өндөр байна. Мөн тус арга хэмжээг зохион байгуулах санаачилгыг гаргасан, зохион байгуулах багынхны чадвар нь бахархууштай санагдлаа.

НҮБ-ын загвар хуралдаануудад оролцсоноос хойш итгэл үнэмшил төрүүлэх, судалгаан дээр үндэслэн шийдэл олох чадвар болон шүүмжлэлт сэтгэлгээ минь хөгжсөн.

Мөн энэ жил олон мундаг найзуудтай боллоо. НҮБ-ын загвар хуралдаан нь хөдөө орон нутгийн сурагчдыг оролцуулах боломжийг нээж өгч, олон хүүхдийг танилцуулж, найз нөхөд болгодогт нь  үнэхээр их талархдаг.

21 дүгээр зуун бол "хамгийн хүчтэй армитай биш хамгийн олон эрдэмтэнтэй улс тэргүүлдэг" зуун гэж ярьдаг шиг Монголын хамгийн шилдэг хүүхдүүдийг нэг дор цуглуулж, тэднийг танилцуулж, бүхий л талаас нь хөгжих боломжийг нээж өгч буй нь Монголын ирээдүйд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Ирээдүйд тус хуралдаанд оролцох хүсэлтэй хүүхдүүдэд судалгаагаа сайн хийж, дэлхийн улс төр, геополитикийг сайн судлаасай гэж хүсмээр байна. Учир нь сайн судалгаа хийгээгүйн улмаас хүүхдүүд хэлэлцэж буй асуудал хийгээд улс орнуудын харилцааны талаар оновчгүй шийдвэрт хүрэх хандлага ажиглагддаг.

Мөн биеэ авч явах, хувцаслалт зэргээс эхлээд илүү албан ёсны байвал зүгээр санагддаг.

Москвагийн Н.Э.Бауманы нэрэмжит техникийн их сургуулийн 2 дугаар курсийн оюутан А.Үлэмж

 
 
 
 
 

Би энэ жил коронавирусын улмаас сургуульдаа явж чадаагүй. Энэ хуралд оролцсон миний анхны сэтгэгдэл үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байна.

Маш олон найз нөхөдтэй боллоо. Бүх л хүүхдүүд зорилгоо хэдийнээ тодорхойлж, ирээдүйгээ гэгээлэгээр төсөөлж байснаас гадна гадаад хэлний мэдлэг нь маш өндөр байсан.

Загвар хуралдаанд оролцох гэж бүртгүүлснээс хойш л бэлдэж эхэлсэн. Бэлдэх явцад өмнө нь улс төрийн тухай сонирхдог байсан ч нарийн зүйлсийг нь сайн мэддэггүй байсан гэдгээ ойлгосон.

Төлөөлөгчдийг харахад бүгд судалгаагаа сайн хийсэн, мэдлэг чадвар сайтай, хичээл зүтгэлтэй хүүхдүүд байлаа. Тиймдээ ч эдгээр сурагчид Монголын ирээдүй гэж бардам хэлнэ. Өсвөр насандаа дэлхийн түвшний асуудлын талаар хэлэлцэж, түүний талаар мэдлэгтэй байна гэдэг үнэхээр чухал.

Арван жилийн хүүхдүүд дэлхийн түвшний асуудлыг сонирхож, ойлгох нь ховор. Гэвч даяарчлагдаж байгаа дэлхийд бид улс орныхоо бүү хэл олон улсын харилцааны талаар сонирхож,  зохих мэдлэгтэй байх нь улс орны хөгжилд эерэгээр нөлөөлнө.

Зохион байгуулалт бол үнэхээр дээд түвшнийх байсан. Хурал болсон газрууд уур амьсгалыг бүрдүүлэхэд их тусалсан.

Өмнө нь би хичээлийн гадуурх үйл ажиллагаанд тийм ч их оролцдоггүй байсан. Гэвч тус арга хэмжээнд оролцсоны дараа идэвхтэй оролцож байх сэдэл төрсөн.

Улаанбаатар Эмпати сургуулийн 12 дугаар ангийн сурагч Баясал

 
 
 
 
 

Төсөөлснөөс хэд дахин дээгүүр байлаа. Яг л олон улсын хэмжээний хуралд саналаа хэлж байгаа мэт сэтгэгдэл төрсөн.  

Анх дөрвөн хэлээр зохион байгуулагдаж байгааг сонсоод маш их баярласан юм. Би өвөр Монголд төрж өссөн бөгөөд Хятад хэлтэй учир өмнөх жилүүдэд хэлний асуудлаас үүдэн оролцож чадаагүй. Харин энэ жил Хятад хэл нэмэгдсэнийг мэдээд өөрийгөө сорихоор шийдсэн.

Би дуу цөөтэй хүүхэд хэдий ч мэтгэлцэх сонирхолтой. Тэр хүслийг маань энэ загвар хуралдаан бодит болгож, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурлаа.

Өмнө нь орж байхгүй яав даа гэж их харамссан шүү.

Гурван тамир сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Цасангаа

 
 
 
 
 

Анх удаа албан ёсны орчинд мэтгэлцэж үзлээ. Хүн хоорондын харилцааны талаар суралцаж, мэтгэлцэж буй улсынхаа талаар судалж, мэдлэгээ тэлсэн үнэхээр өгөөжтэй сайхан арга хэмжээ болсон. Би Норвеги улсад суралцаж байсан болохоор монгол хэл төдийлөн сайн мэддэггүй. Энэ хуралдаанд оролцож, монгол хүүхдүүдтэй танилцаж, хэлний мэдлэгээ сайжруулах боломж олдсонд их баяртай байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ