• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    98   |  
0
 
 

Хүннүчүүд  нүүдэлчдээс хамгийн түрүүнд хүчирхэг том эзэн гүрнийг байгуулж чадсан билээ. Хүннүгийн эзэнт гүрэн хамгийн урт удаан хугацаанд оршин тогтносон гүрэн. Нүүдэлчдийн эзэнт гүрний үндсэн бүтэц, зохион байгуулалт Хүннү гүрний үед бий болсон байдаг. Хүннү гүрнээс өмнөх монгол угсааны овог, аймгуудын талаар ШУА-ын Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, археологич, доктор, профессор С.Өлзийбаяртай ярилцлаа.

-Одоогоос 2200 гаруй жилийн өмнө анхны төрт улсаа байгуулсан Хүннү нарыг монголчуудын өвөг дээдэс гэж үздэг. Хүннү гүрэн байгуулагдахаас өмнө монгол угсаатан бүрэлдсэн байв уу?
-Алив угсаатан бүрэлдэх нь маш урд удаан хугацаанд, ээдрээтэй зам туулж өрнөдөг түүхэн үйл явц юм. Энэ үйл явц дан ганц байгаль, нийгмийн шалгарлын замаар бус өөрийн хууль, дэг журмын хүрээнд явагддаг амьд харилцаа болно. Тухайлбал, байгаль, экологийн нэг орчинд, ижил аж ахуй эрхлэн, амьдрах хэв маяг, итгэл үнэмшил, ёс заншил ойртон харьцангуй нэгэн цул болох нь “дөрвөлжин булштаны”, “хиргисүүр-буган хөшөө үлдээгчдийн” гэх мэт уг дурсгал шинжлэх ухаанд анх бүртгэгдсэн газрын нэр эсвэл онцлог шинж тэмдгээр нь нэрлэх “археологийн соёл” хэмээх ухагдахуунаар илэрнэ.

Харин нэг хэл, ёс заншилтай, нэг гарал үүсэлтэй гэдгээ ухамсарлах түвшин буюу өөрийн үнэт зүйлээ мэдрэх нь тухайн ард түмний угсаатанлаг шинж болно. Ингэснээр өөр хоорондоо ойртон нягтарч бусдаас ондооших үйл явц түргэснэ. Угсаатан өөрийгөө ухамсарлах ийм түвшинд хүртлээ олон мянган жилийг өнгөрөөсөн нь тодорхой. 

Их Монгол улс байгуулагдснаар монгол угсаатан бүрэлдэх үйл явц дууссан гэж үздэг. Би үүнтэй санал нийлнэ. Үүнээс өмнөх үйл явцыг Оросын эрдэмтэн П.Б.Коновалов гуай өвөг монгол (Хүннү түүнээс өмнөх), эртний монгол (Сяньби, Жужаны үе), түрүү монгол (Түрэг, Уйгур, Киданы үе) гэж гурван үе болгож үзэх санал дэвшүүлсэн байдаг. 

-Тэгэхээр өвөг монголчууд гэж хэн болох вэ?
-Хүннүгээс өмнө монгол угсаатан бүрэлдсэн эсэх асуудалд археологийн судалгааны үүднээс хариулт хэлж болно. Одоогоос 3500 орчим жилийн өмнө өнөөгийн монгол орны нутагт Хангай нуруу хавь нутгаар зааглагдсан угсаа, соёлын хоёр том бүс зэрэгцэн оршиж байсан нь археологийн судалгаагаар тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, гарал үүсэл, ёс заншлаар харилцан өөр бүлгүүд гэсэн үг болно. 

Эхлээд баруун хэсгээр нутаглаж байсан нүүдэлчдийн талаар аль болох товч яръя. Хиргисүүр-буган хөшөө үлдээгчдийн соёл гэж нэрлэгдэх уг соёл маань Хангайн нурууны ар биеэр илүү нягтралтай тархсан бөгөөд зүүн тийш ховордсоор Хэнтийн Биндэр сумын нутаг хүрдэг.

Түрүү болон хөгжингүй хүрэл зэвсгийн үед Алтай даван түрж ирсэн индо-аричуудын үлдэц хийгээд Мөнгөн тайгын гэх мэтээр нэрлэгддэг. Нүүдэлчдийн анхны эзэнт гүрэн Хүннүгээс өмнө өнөөгийн Монгол оронд бугын эвэр сүлдтэн хүчирхэг ургийн хураасан улс бодитой оршиж байжээ. 

Эвэр сүлдтэний манлайлал дор хураагдсан улс буюу хиргисүүр буган чулуун хөшөө үлдээгчдийн соёл Хүннүгийн эзэнт гүрэн байгуулагдахаас 500-аад жилийн өмнөөс оршин тогтнохоо больсон. Олон судлаачдын үзэж буйгаар, тэдний дийлэнх нь Тува, Алтай орчмын нүүдэлчдийн шинэ соёл буюу скифийн хүрээний соёлуудыг бий болоход оролцжээ. 

Харин манай орны төв, зүүн хэсгээр нутаглаж байсан дөрвөлжин булштаны соёлын талаар өгүүлье. Дөрвөлжин булшны зан үйлд хүнээ тэнэгэр тавих, адуу мал хойлголох, ваар сав дагалдуулах гэх мэт оршуулгын зан үйлийн зарим бүрдлүүд дараагийн Хүннүгийн оршуулгын ёсонд уламжлагдсан мэт дүр зураг зарим талаар харагддаг. Хамгийн сонирхолтой нь антропологийн хэв шинжийн хувьд дөрвөлжин булш үлдээгчид Хүннү ба орчин цагийн монголчуудтай нэгэн хэв шинжтэй болох нь тогтоогдсон. 

МУИС-ийн багш Д.Түмэн нарын судалгаагаар эхийн талаар удамшдаг ДНХ-ийн шинжилгээгээр дөрвөлжин булш, Хүннү эзэнт гүрний үеийн монгол ба орчин цагийн монголчуудын дунд М, D4, C хаплогрупп хамгийн өндөр давтамжтай тааралдаж байгаа нь эдгээрийн дунд удам зүйн холбоо хамаарал байгааг харуулж буй хэрэг болно. Харин хиргисүүрийн хүн амын антропологи хэв шинж бусдаас мэдэгдэхүйц ялгаатай болох нь дээрх судалгаагаар нотлогдсон юм. Дөрвөлжин булшны соёлын эздийг өвөг монгол угсаатан хэмээн үзсээр ирсэн. 

 
 

-Хүннү улс байгуулагдахаас өмнө монгол угсаатан бүрэлдэх явц эрчимтэй явагдаж байсан гэж ойлголоо. Харин Хүннүгийн үед өвөг монголчуудын угсаатны үйл явц яаж уламжлагдсан талаар тодруулахгүй юу?
-МЭӨ 209 онд Маодунь Хүннү улсын шаньюй болсон түүхийг бид мэднэ. Түүний эцэг Хүннү улсын эзэн байсан. Түүхчид Хятадын эртний улсуудын хойд хил дагуу оршиж байсан сяньюань, гуйфан, ди, ху гэх мэтээр нэрлэгдсэн ард түмнүүдийг өвөг хүннү гэж бүхэлд нь нэрлэдэг. Дөрвөлжин булшийг  МЭӨ VI-V зуунаас хойш хийхээ больсон байдаг. Тэгэхээр Монгол нутагт хүннүгийн археологийн соёл бүрэлдэх болсон үе нь дөрвөлжин булш идэвхтэй хийгдэхээ больсон.

Дөрвөлжин булш үлдээгчдийн дийлэнх нь өмнө зүг нүүдэллэж, эртний Хятадын умард хилд довтлох, тэднийг түрэх болжээ. Монгол нутагт байсан морьт оршуулгын эзэд нь магадгүй угсаа гарал өөр өндөр тэрэгтнүүдийн дээдэс ч байсан байх бололцоо бий. Товчхондоо, дөрвөлжин булшны эзэд Хүннүгийн соёл бүрэлдэх гол мөхлөг болсон бөгөөд энэ үйл явц говийн өмнө нутагт өрнөжээ. 

-Өвөг монголчуудын дараа буюу эртний монголын үед угсаатны үйл явц, түүх хэрхэн яаж өрнөсөн бэ?
-Энэ үе их сонирхолтой бөгөөд ээдрээтэй. Товчхондоо Хүннүгийн дараах үе гэсэн үг юм. Хүннүгийн бүрэлдэхүүнд монгол, түрэг хэлтнүүд болон цөөн боловч европ зүгийн төрхтнүүд ч багтаж байсан. Ганцхан жишээ дурдахад Эгийн голын савын Бурхан толгойн хүннү оршуулгын газрын генетикийн шинжилгээний дүнд нэг хэсэг нь орчин үеийн монголчуудтай харин зарим хэсэг нь түрэг хэлт ард түмний дунд түгээмэл хадглагдсан хаплогрупп давамгай болох нь тогтоогдсон. 

Тамирын Улаан хошуунд хийсэн малтлагаар европ төрхийн хүний гавал илэрсэн байдаг.

1993 онд Хань улс, Өмнөд Хүннү, Сяньбийн довтолгоог тэсээгүй Умард Хүннү задран унахад түүний орыг сяньбичүүд залгасан юм. Ингэснээр монгол угсаатан бүрэлдэх үйл явцат нэгэн шинэ давалгаа эхэлсэн юм. Хүннүчүүд нь бидний өмнө өгүүлснээр, антропологи хэв шинж, ДНХ шинжилгээнээс гадна оршуулгын зан үйлийн зарим нэг төслөг шинж, хятад сурвалж дахь хүннүгийн зарим нэг цол, газар усны нэр нь өвөг монгол хэлний үг болох нь тогтоогдож байгаа зэргээс үзэхэд монголчуудын дээд өвөг болох нь маргаангүй. 

Харин түрэг хэлтэн болох өндөр тэрэгтнүүдийн гарлыг шаньюйн үзэсгэлэнт гүнж чонотой гэрлэж, тэдний дундаас гарсан үр хүүхдийн удам хэмээх домог хятад сурвалжид бий.

Чухам эндээс хүннү нь түргүүдийн өвөг дээдэс хэмээх үзэл баримтлал бий болсон юм. Өндөр тэрэгтнүүдийг хүннүгийн тусгай аймаг хэмээн тэмдэглэсэн нь санаандгүй хэрэг биш бөгөөд археологийн хэрэглэгдэхүүнээс үзэхэд хүннүчүүдээс оршуулгын чиглэл, морь дагуулсан хэлбэр зэрэг өвөрмөц шинжээрээ ялгардаг. 

Салхитын амны хэлбэрийн булш магадгүй өндөр тэрэгт аймгуудын үлдээсэн дурсгал байж болох юм. Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг Салхитын амнаас илэрсэн хүннүгийн үед холбогдох морьтой оршуулгууд нь хожмын түргийн морьтой оршуулгатай илүү төслөг шинжтэй байдаг билээ. 

 

-Сяньбичүүд монгол угсаатан бүрэлдэхэд ямар үүрэгтэй оролцсон бэ?
-Сяньбичүүд 180-аад оны үед Таньшихуай хааны үед, хожим 230-аад оны үед Кэбынэн өнөөгийн монгол нутагт хяналтаа тогтоосон тухай мэдээ бий.  Тэд хүчирхэгжсэн цагтаа нутгаа тэлэх бодлого хэрэгжүүлж байжээ. 

Монгол нутгаас Сяньбийн үед холбогдох цөөн хэдэн булш мэдэгдээд байгаа боловч Дорнодын Хөх нуур, Хэнтийн Чингисийн хэрэм зэрэг газраас илэрсэн дурсгал л Өвөр Монголын нутгаар элбэг тархсан Сяньбийн гэгдэх булштай хамгийн дөхөх хэв шинжтэй. Энэ баримт нь сяньбичүүд монгол оронд удаан хугацаагаар сууж байгаагүйг гэрчлэж болох юм.

Сяньби Тоба аялгыг судалсан Л.Лигети зэрэг эрдэмтэд тэднийг өвөг монгол хэлтэн байсан гэж дүгнэдэг бол Сяньбийн Муюн улсыг үндэслэгч ахдаа зориулж зохиосон “Ага-ин дуу” гэх нэртэй дууны нэр нь монгол хэлээр шууд утгаараа ойлгогдож байгаа талаар П.Дэлгэржаргал дурджээ. Тэднээс салбарласан жужан, кидан нарыг монгол угсаатан байсныг олон эрдэмтэд нотолдог. Хамгийн сүүлд улсаа байгуулсан киданчуудын хэл орчин цагийн монгол хэлний ямар аялгад илүү хадгалагдсан тухай асуудал тодорхойгүй байна. Энэ мэтээр Умард Хятадад байгуулсан Сяньбийн угсааны улсууд бүгд харь соёлд ууссан.

Тэгэхээр тэдний хэл хэрхэн өнөөгийн бидэнд уламжлагдаж ирэв гэдэг асуудал туйлын сонирхолтой. Сяньбийн нутагтаа үлдсэн хэсэг тухайлбал, ухуанийн зонхилогч Тадунийн харъяатууд татар болох зэргээр үндсэн хэл, соёлоо хадгалан өвлүүлсэн, монгол нутагт оршиж байсан Жужаны хаант улс нь угсаа, соёлын гол цөмөө хадгалан өвлүүлсэн гэж үзэж байна. Эдгээрийн аль аль нь үндэслэлтэй юм. Жужаны хаант улс нь өнөөгийн монгол нутгаар бие даан оршиж байсан нь монгол угсаатны түүхэнд үнэхээр алтан үсгээр бичигдэх хосгүй хувь тохиол байсан юм.

-Жужаны үеийн монгол угсаатны түүхээс товч тодруулахгүй юу?
-Умард Хүннү задарсны дараа түүний орыг авсан гэх сяньбичүүдийн улс төрийн манлайлал шаньюйн ургийнхантай харьцуулахад харьцангуй сул байсан юм. Вэй улсын түүхэнд тэднийг дунху гаралтай гэж бичсэн байдаг. Юань Вэй улсын хуучин нутгийг жужанчууд эзлэн суух болсон тухай сурвалжид дурдсан байна. 

Эндээс үзэхэд тэдний нутаг Говийн өмнүүр байжээ. Ингээд Умард Хятадын нутгийг нүүдэлчид түрэн орж эзэмших болсныг Хятадын түүхэнд таван бүдүүлгийн 16 улсын үе хэмээнэ. Эдгээрийн улсуудын дийлэнх нь сяньби угсааныхан бөгөөд IV-V зууны зааг хавьд Сяньбийн Табгач нар бусдыгаа эрхшээн, нэгдсэн улсаа байгуулжээ.

Суурин соёлыг хүлээн авах, хятадчилагдах үйл явц эрчимжихийн хэрээр түүний сүүдэр болж уламжлалт нүүдлийн амьдрал, соёлоо илүүд үзэх хүчин бас идэвхжсэн юм. Энэ тэмцлийн манлайд Жужаны Жарун хаан байлаа. 

Түүхийн гайхамшигтай хувь тохиолоор Жарун хаан сяньби угсааны нүүдэлч, малчдын дийлэнх бүлүүдээ дагуулан говийг гатлан өнөөгийн Тамирын голын хойд савд хүрэлцэн ирсэн юм. Улс төрийн төвөө шилжүүлсэн Жарун хаан Жибаецы тэргүүт хүннүгийн үлдэгдэл, өндөр тэрэгтнүүд зэрэг хүннүгийн тусгай аймгийн хүчийг нэгтгэн, улс гүрний хил хязгаарыг үлэмж тэлсэн юм.

Жарун хаан тэргүүтэй сяньби гаралт нүүдэлчид хүн амын тэргүүлэх байр суурь эзлэх болсон нь ойлгомтой хэрэг билээ. Жаруны орд өргөө эдийн засгийн сонирхолын үүднээс торгоны замыг хянан, улсынхаа баруун захад Ганьсугаас баруун хойно байрлаж байв. Гэтэл энэ хавь нутаг нь хуучин Жужан улсын бүрэлдэхүүнд онцгой байр суурьтай, баруун тусгай бүлүүд гэгдэж байсан аймгуудын эзэмшил байв. Энэ нутгийг Жаруны авга ах Пухунь эзэмшиж байсан. 429 онд Табгачийн Вэй улсын хаан их цэргээр Жужан улсыг довтлон, Хэрлэн голд байсан Татарын хааны орд өргөөг цөлмөжээ.

Судрын чуулганы мэдээгээр монгол, түрэг хоорондоо байлдахад монгол нь дийлдэж түүнээс үлдсэн нукуз, киан нар Эргүнэ кунд шурган одсон аман домгийн үйл явдлын эхлэл болсон бололтой. Абуль Гази хааны “Түрэгийн угийн бичиг”-т Эргүнэ кунгийн үйл явцын эхлэл нь Монгол-Татарын дайнаас болсон гэдэг. Ингэж зүүн зүгт шахагдсан Жарун хааны дагуулж ирсэн сяньби угсааныхан Эргүнэ гол, Онон голын адаг орчим нутгаар 400-аад жил нутаглаж байгаад VIII зууны 2-р хагас гэхэд Бөртэ чинойгоор ахлуулан, Онон голоо өгсөн Бурхан Халдунд иржээ. Тиймээс гадаадын зарим эрдэмтдийн нотлон өгүүлдэг шиг түрэг угсаатны нөлөө сулрах цагт монголчууд өнөөгийн нутаг дэвсгэртээ даяараа нүүдэллэн ирсэн хэрэг огтхон ч биш юм.

Хааныхаа нэрээр нэгэн цул болж, Жужан улсын тэргүүлэх хүч болсон татарууд нь голомт нутагтаа монгол угсаатны түүхийг үргэлжлүүлсээр ирсэн юм. Манай орны нутгаас илэрсэн Хүйс толгойн бичээс нь энэхүү Жужан буюу Татар улсын сүүл үед, монгол хэлээр бичигдсэн нь тэднийг Жаруны жужанчуудын адил монгол хэлтэн байсныг харуулж байгаа хэрэг билээ. Орхоны бичээсэнд “отуз татар” гэж тэмдэглэгдсэн ард түмэн бол сяньби угсааны жужанчууд, харин “тогуз татар”-нь хүннү гаралт жужанчууд буюу голомтоо сахисан татарчуудыг ялган нэрлэсэн бололтой. Түрэг, Уйгурын үед “тогуз татар” нэрийн дор Хүннү гаралт монгол угсааныхан төвлөрчээ.

-Түрүү монгол аймгийн үеийн онцлогоос ярьвал?
-Их Чингис хааны дээд өвөг, Бөртэ чиной тэргүүт монголчууд голомт нутаг Бурхан Халдун ууландаа эргэн ирсэн үеэс энэ үе эхэлнэ. Энэ үеэс хонины шаант чөмөг дагуулсан оршуулга хийгдэх болсныг түрүү монгол аймгуудын дурсгал гэж бусдаас ялгах болсон. 

Бидний хамтарсан баг Сэлэнгэ аймгийн нутагт Уйгурын үед холбогдох, морьтой оршуулга малтан судалсан бөгөөд тэндээс хонины шаант чөмөг илэрсэн тул монгол оршуулга гэж үзсэн билээ.

Миний өмнө дурдсан Жарун хааныг өнөөгийн монгол нутагт ирэхэд Орхон голд байлдсан Хүннүгийн үлдэгдэл Жибаецы бүлийн нэрийг манай нэртэй нанхиад судлаач Ц.Хандсүрэн гуай Баргажин хэмээн сэргээн уншсан юм. Түрэг бичээсэнд “байрку”, хятад сурвалжид “баегу” гэж тэмдэглэгдсэн аймаг Сэлэнгийн адаг Баргужин төхөм хавьд нутаглаж байснаас үзэхэд Хандсүрэн гуайн уншсан нь зөв байх үндэстэй. Ингэж үзвэл өнөө цагийн барга, буриадууд Хүннүгийн үлдэгдэл болох нь эргэлзээгүй байна. 

XII зууны сүүл хэрд Хэрлэн, Буйр нуур орчоор нутаглаж байсан Татар нь мөн Хүннү гаралтай монголчууд бол Хэрэйд, Найман, Мэргэдийн дээд өвөг нь Хүннүгийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж явсан нь эргэлзээгүй бөгөөд энэ талаар нэлээд гүнзгийрүүлэн үзсэн судлаач бий.

Сяньби угсааны монголчууд Бөртэ чинойгоор ахлуулан Бурхан Халдун уулнаа ирснээс хойш монгол ертөнцөт өөрийн нөлөөг аажмаар тэлсээр Их Чингис хааны үед тэргүүлэх үүрэгтэй болсон билээ. Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн Татар, Монголын хоорондын дайсагнасан харилцаа нь ийнхүү бүр алс, олон жилийн өмнөөс тавигдсан өшөө хорслын урхаг байсан гэлтэй.  

Н.Отгонбаатар

TAGS





Холбоотой санал болгох мэдээ