Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд Тайландын нийслэл Бангкок хотноо болно. Энэ удаагийн Азийн аваргад 30 орны 295 тамирчин оролцоно. Монгол улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй 19 жүдоч өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байжээ.