A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 111 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 111 | |
|
Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” (2019-2022) төслийг Канад улсын Засгийн Газрын санхүүжилттэйгээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) хэрэгжүүлж байна.
Энэ төслийн хүрээнд гэр бүлийн боловсрол, эрүүл эерэг харилцаа, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд мэдээлэл, зөвлөгөө, тусламж үзүүлэх “Familycenter.mn” мэдээ мэдээллийн сайт нээлтээ хийж байна. Үүнтэй холбогдуулан олон нийтийг соён гэгээрүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх тус төслийг хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад гэмт хэргээс сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (ГХУСАЗЗ)-ийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэлтэй ярилцлаа.
-Сайн байна уу. ГХУСАЗЗ-ийн зүгээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэхүү хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий дэд зөвлөл байгуулан өнөөг хүртэл ажиллаж байна. Дэд зөвлөл жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, тайлангаа хагас болон бүтэн жилээр ХЗДХ-ийн сайдад танилцуулж, хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын болон холбогдох байнгын хорооны хуралдаан хэлэлцүүлдэг.
ГХУСАЗЗ-өөс гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаар олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөх, төрийн байгууллагын албан хаагчдыг хохирогч төвтэй хандлага төлөвшүүлэх, сургах, хохирогч хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах тал дээр голчлон анхаарал хандуулж ажилласан. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 17 нэг цэгийн үйлчилгээний төв, 24 түр хамгаалах байр үйл ажиллагаа явуулж байна.
Харин энэ жилийн тухайд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хуульд заасан үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан хамтарсан багийг ажлын байран дээр нь сургах, чадавхжуулах болон тэдний үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг гол болгон ажиллаж байна. Тухайбал, манай Ажлын алба болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран хамтарсан багийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх, хамтарсан багийн гишүүдэд зориулсан хамтарсан багаар үйлчилгээ үзүүлэх арга зүйн гарын авлагыг шинэчлэн боловсруулж дууслаа. Одоо тэднийг ажлын байран дээр сургах, дадлагажуулах ажил ковидын нөхцөл байдлаас болоод жаахан хүлээгдэж байна.
Өнөөдөр улсын хэмжээнд 707 Хамтарсан баг, төр болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 6065 гишүүнтэй ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт хамтарсан багуудад 334 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Энэ санхүүжилтийг хамтарсан багууд хуульд заасан үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг анхан шатанд тандах, илрүүлэх гэх ажиллагаанд зарцуулах юм.
-Жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд цаашид ямар ажлуудыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ялангуяа урьдчилан сэргийлэх ажил зөвхөн төрийн байгууллага хийгээд үр дүнд хүрдэг ажил биш юм. Чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд хуулиа хэрэгжүүлэх нь дамжиггүй, гэхдээ иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор, иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр илүү үр дүн гарна. Ийм учраас салбаруудын хамтын ажиллагаа маш чухал байна. Төрийн байгууллага зарим чиг үүргээ төрийн бус байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлдэг. Ялангуяа хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд төрийн бус байгууллагатай илүү хамтарч ажилладаг. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа төрийн бус байгууллагууд тэр дундаа орон нутаг дахь төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах зайлшгүй шаардлага байгаа. Энэ тал дээр ч туршлагатай төрийн бус байгууллагуудыг оролцуулан хамтарч ажиллаж байгаа хэдий ч энэ ажлыг илүү эрчимжүүлэх хэрэгтэй.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн талаар иргэд олон нийт холбогдох байгууллагад мэдээлж байх талаар тогтвортой байнга сурталчилж ойлгуулж байх нэн чухал. Насанд хүрээгүй хүний гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй талаар хамгийн түрүүн мэдэж болох газар бол сургууль цэцэрлэгийн орчин, бас бие махбодын хүчирхийлэлд өртсөн магадлалтай хүмүүсийг эмнэлгийн байгууллага ажилтнууд хамгийн түрүүнд илрүүлэх боломжтой. Тэгэхээр зөвхөн иргэд олон нийтээс гадна хуулиар мэдээлэх үүрэг хүлээсэн төрийн байгууллагын ажилтнуудад ч хууль таниулах ажил цаашид тасралтгүй хийгдэж байх ёстой, энэ тал дээр салбарууд хамтарч ажиллаж, энэ ажлыг шинэ шатанд гаргах тал дээр анхаарч байна. Мэдээлээгүйгээс, оройтож мэдээлсэнээс үүсдэг үр дагаврыг бид бүгд мэднэ шүү дээ.
Олон нийтэд хуулийг сурталчлах, тэдний эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг тогтмол, тасралтгүй явуулах нь урьдчилан сэргийлэх ажлын нэг том бүрэлдэхүүн хэсэг байдаг. Өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан энэ ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, үр дүнг тодорхой түвшинд тооцох зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Цаашлаад ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, их дээд сургуулийн оюутан сурагдчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан гэр бүлийн боловсрол, эрх зүйн боловсролыг шат дараатай олгох тал дээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан, эхний ээлжинд одоогийн сургалтын хөтөлбөрт байгаа эрх зүйн мэдлэг олгох хичээлийн агуулгад дүн шинжилгээ хийлээ. Үргэлжлүүлэд Эрх зүйн боловсролын албан бус хөтөлбөр боловсруулах ажил руу ороод ажиллаж байна.
-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаараа товчхон танилцуулна уу?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй зэрэгцээд олон улсын байгууллагууд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэд хэдэн төслийг энэ чиглэлээр хэрэгжүүлж байна. Тухайлбал, НҮБХАС-тай хэрэгжүүлсэн төслийн хүрээнд улсын хэмжээнд 11 нэг цэгийн үйлчилгээний төв байгуулж, орон нутаг дахь албан хаагчдыг чадавхжуулах, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 5 аймагт түр хамгаалах байр байгуулах болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой судалгааны ажлууд, хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэднийг эдийн засгийн хувьд бие даахад туслах, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр, хамтарсан багуудад бичил тэтгэлэг олгох гэх мэт олон ажлуудыг хийж байна.
Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төслийн хүрээнд орон нутаг дахь төрийн бус байгууллагын ажилтнуудыг сургаж чадавхжуулах, шүүхийн шинжилгээний байгууллагад дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлууд хийгдэж байгаа. Тухайлбал энэхүү төслийн хүрээнд ажлын талбар дээр ажиллаж буй мэргэжилтнүүдийг чадавхжуулж, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хичээлийг их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгад оруулж багтаах ажлыг эхлүүлээд байна. Дотоод хэргийн их сургууль дээр саяхан байгуулагдсан Хууль зүйн клиник сургалтын төв бол энэ ажлын нэг хэсэг юм.
-Нээлтээ хийгээд байгаа Familycenter.mn платформын талаар, үүнийг хийх шалтгаан үндэслэлийн талаар та юу хэлэх вэ?
Бид гэр бүлийн хүчирхийллийн талаар их ярьж, олон нийтийн энэ талын мэдлэгийг дээшлүүлэх, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд байгаа нэг том шалтгаан болох жендэрийн хэвшмэл ойлголтыг халах, тэр талаар олон нийтийг соён гэгээрүүлэх, гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд үүсдэг зөрчил маргааныг эерэг аргаар шийдвэрлэж сурах, ерөөсөө гэр бүлд бүрт тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой туслалцаа үзүүлэх тал дээр илүү анхаарах шаардлага байна гэдгийг судалгааны тайлангууд болон хийж байгаа ажлын үр дүн дээрээс мэдэж авсан. Ийм ч учраас зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл гэж явцууралгүй, гэр бүлийн харилцааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, цаашлаад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусламж үзүүлэх, холбон зуучлах бүхий л мэдээллийг багтаасан мэдээ мэдээллийн цахим сайт Familycenter.mn платформыг бий болгох ажлыг эхлүүлсэн. Төслийн санхүүжүүлэгч Канадын Засгийн газар, төслийг хэрэгжүүлэгч Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, мөн гүйцэтгэгч байгууллага Номадик контент компани, энэ платформын ард ажиллах сэтгүүлчид, хуульчдын болон сэтгэл зүйчдийн баг манай Ажлын албаны хамт олон гээд маш олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэхүү мэдээ, мэдээллийн цахим сайт ажиллаж эхэллээ.
-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Familycenter.mn төслийн ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?
Түрүүн би дурдсан, гэр бүлийн хүчирхийлэл болохоос өмнөх шатанд гэр бүлийн дотор үүссэн бэрхшээл, маргаан эсвэл гэр бүлийн харилцаатай холбоотой тулгамдсан асуудлууддаа мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах боломжтой болж байна. Ер нь гэр бүлд үүссэн асуудлынхаа талаар бид хаана хэнд хандаж хэнтэй зөвлөдөг вэ? Эцэг эх, ах дүү, найз нөхдөдөө ярьж, тэдэнтэйгээ зөвлөдөг байдал нийтлэг ажиглагддаг. Сүүлийн үед нийгмийн сүлжээ тэр дундаа фэйсбүүкээр янз бүрийн группүүдэд энэ талын асуудлаа тавьж, түүнд нь хүмүүс хариулт өгч байгаа байдал элбэг болжээ. Гэтэл тэр зөвлөгөө хариулт хэр зөв, оновчтой байх бол. Тийм учраас бид Familycenter мэдээллийн цахим сайтыг олон олон хүмүүст тулгарсан асуудалд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө өгч, олон гэр бүлд тус болно гэж харж байна. Түүнчлэн гэр бүлийн харилцаа болон гэр бүлийн хүчирхийллийн талаар нэгдсэн мэдээллийн сувгаар мэдээ мэдээлэл авч, шаардлагатай тохиолдолд үүгээр дамжуулан холбон зуучилж, хэрэгтэй зөвлөгөө тусламжийг хэрэгцээтэй хүнд өгөх боломжтой болж байна. Энэ бүхний ард гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой түлхэц болно гэдэгт итгэлтэй байна аа.
-Санхүүжүүлэгч болон хамтран ажиллаж буй байгууллагууд, иргэдэд хандаж юуг хэлэх вэ?
-Монгол Улсын жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх идэвх чармайлт, үйл ажиллагааг дэмжин санхүүжилт олгосон Канад Улсын Засгийн Газар, “Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэгч Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, “Familycenter.mn” төслийг гүйцэтгэсэн Номадик Контент компанийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье. Иргэд “Familycenter.mn” вебсайтад хандаж шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, тусламжийг цаг алдалгүй авч, гэр бүлийн харилцаагаа эерэг болгохын төлөө оролцоотой байна гэдэг итгэлтэй байна. Та бүхнийг familycenter.mn вебсайтад урьж байна.
-Ярилцсанд баярлалаа, та бүхэнд ажлын амжилт хүсье.
Уншигч та бүхэн familycenter.mn мэдээ мэдээллийн цахим сайттай дараах холбоосоор танилцана уу. https://familycenter.mn/ Баярлалаа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|