A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 98 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 98 | |
|
Тэтгэврийн хэдэн төгрөгөө бариад, даралтны эм авахаар эмийн сан руу алхах олон ахмад манайд улсад бий. Үүр цайхаас эхлээд эмийн сантай нөхөрлөж, хөнгөлөлтэй үнээр даралтны эм авахаар дугаарлаж, орой нь даралтаа ихэсгээд харьдаг ийм л дүр төрх даатгалаар эм өгдөг болсон жилүүдээс хойш тасралтгүй үргэлжилж байна. Энэ талаар сурвалжиллаа.
ӨДӨРЖИН ЗОГСООД, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ДАРАЛТНЫ ЭМЭЭ АВЧ ЧАДДАГГҮЙ ҮЕ БИЙ
Хөнгөлөлтэй эмийн хүрэлцээний талаар иргэдийн байр суурийг сонирхсон юм. Иргэн Б.Ц “Хөгширсөн хойноо эмийн санд дугаарлаад, даралтны эм авах нь даралт ихсэх нэг шалтгаан болж байна. Уг нь би даралтны эм авах шаардлагагүй л дээ. Харин заримдаа даралт ихсэж, багасаад байдаг юм. Тэгэхээр эмч заавал эм ууж тогтворжуулах шаардлагатай гэдэг. Мөн даатгалаар олгодог эмийг сар бүрийн 5-наас хойш олгох нь зүйтэй. Сарын эхний өдөр гэхээр тэтгэврийн хэдэн төгрөг буугаагүй байх үе таараад байдаг юм. Өглөөнөөс эхлээд дугаарлаж зогсоод эмээ авч чадахгүй үе ч байдаг. Тэгээд дахиад л өөр эмийн сан хайгаад өдөржин гадуур гүйнэ дээ. Халуун нар, хүйтэн салхинд хүнийг өдөржин зогсоочихоод, “Хөнгөлөлттэй эмийн санхүүжилт дуусчихлаа” гэх эмийн санч олон байдаг.
Эсвэл сүлжээ нь болохгүй байна гэдэг. Чухам ямар учиртай юм, бүү мэд. Хаа хаанаа асуудал байдаг байх. Хөнгөлөлттэй үнээр эм өг гээд эмийн сангууддаа шүлс шиг хэдэн төгрөг өгөөд байдаг юм уу. Эсвэл үнэхээр эм зүйч нар нь танил талдаа өгөх гээд эмээ хадгалаад байдаг юм уу мэдэхгүй. Хүн бүр эмийн сангаас аль болох хямд үнээр эм авах гээд л хичээдэг. Хөнгөлөлттэй үнээр биш ч, энгийн үед эмээ зарахдаа замбараагүй үнэ хэлдэг эмийн сангууд бий шүү дээ” хэмээв. Мөн өндөр настан Б.Д “Би сар бүр даралт, зүрх судасны эм тогтмол авдаг. Заавал тэрийгээ өөрөө юм уу, эсвэл хүүхдээ явуулж, өрхийн эмчээрээ бичүүлж, код авдаг юм.
Харин сүүлийн сар утсаараа яриад, эмчээсээ даатгалын сангаас эм авах код бичүүлээд авчихдаг болсон. Энэ нь их зүгээр санагдаад байгаа. Миний эм дунджаар сард 30 мянга гаруй төгрөгт багтдаг. Хямдруулж авсан үнэ нь энэ шүү. Хямдралтай үнээр авч чадахгүй бол тэгээд нэг эмээ бараг ийм үнээр авна. Санхүүжилт орсон эхний өдөр эртхэн ирж авахгүй бол цайны цаг гэхэд л дуусчихдаг юм. Бүр зарим тохиолдолд эмийн сан онгойгоод хоёр цаг болоод л хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээ больчихдог" хэмээлээ.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД ОРОХ ШААРДЛАГАГҮЙ ЭМ ОЛОН БИЙ
Чингэлтэй дүүргийн ..хорооны их эмч Г.Н “Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орох шаардлагагүй эм маш олон бий. Шинэчилсэн журмаар 800 орчим эм эмийн хөнгөлөлтөд багтаж байгаа. Иргэд ихэвчлэн даралт, зүрх судас, чихрийн шижингийн эм бичүүлдэг. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд голцуу байдаг гэж ойлгож болно. Мөн хүйтний улиралд хүүхдүүд ханиадны эм бичүүлнэ. Хүүхдийн болон том хүнд зориулсан дархлаа дэмжих эм, витамин байгаа эсэх талаар хүмүүс их асууна. Хүн дархлаагаа хоол хүнс, амралт зэргээс олж авах хэрэгтэй гэдэг болохоор тийм эм хөнгөлөлтөд бараг байхгүй.
Хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг эмийн сангийн санхүүжилт нь нэг өдөр олгоод л дуусчихдаг юм билээ. Хүмүүс тэгээд “Ямар ч гэсэн бичүүлээд авъя. Хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа эмийн сан байж магадгүй” гээд горьдлого тээж ирдэг юм. Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтаас худалдан авч буй хэрэглэгчийн насыг харвал 72 хувийг нь 0-5, 50-аас дээш насныхан эзэлдэг” гэлээ.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОХ ЭМИЙН САНХҮҮЖИЛТ НЭГ ӨДРИЙН ДОТОР Л ДУУСДАГ
Нэгэн эмийн сангийн эм зүйч О.А “Манай эмийн сан дунджаар сард 7-8 сая төгрөгт хөнгөлөлттэй эм олгодог. Харин коронавирустэй холбоотойгоор санхүүжилт нэмэгдээд тавдугаар сард 10 сая төгрөгт эм олгосон. Иргэдийн олонх нь зүрх судас, даралт, ходоод, сахарын эм авдаг. Мөн өвлийн улиралд ханиад, томуу их байдаг учраас хүүхдүүд антибиотик авах нь элбэг. Хөнгөлөлттэй үнээр авч байгаа эмүүд сайн хямдардаг учраас иргэд зөвхөн сар бүрийн 1-нийг хүлээдэг. Биднийг өглөө ажилдаа ирэхэд урт дараалал үүсгэчихсэн, дугаарлаад зогсож байдаг. Хөнгөлалттэй үнээр олгох эмийн санхүүжилт нэг өдрийн дотор л дуусдаг. Харин өнгөрсөн сард санхүүжилт арай ахиу орсон учраас хоёр өдөр болсон. Нэг хүн гэхэд л 3-5 жортой ирж, эм авдаг юм.
Ойролцоогоор нэг хүн 20-60 мянган төгрөгийн эм авдаг. Нэг сарын хэрэглээний эм нь хөнгөлөлттэй үнээр ганц өдөр олгоод дуусчихдаг болохоор иргэд бухимдалтай байх нь аргагүй. Тэгээд л эмийн сангийн эм зүйч нарыг харааж, зүхээд, эмээ зарахгүй байгаа юм шиг ойлгодог. Тийм зүйл огт байхгүй. Хүн бүрт жороор нь олгоод, мөнгөн дүндээ хүрэхээр цаанаасаа сүлжээ нь хаагддаг. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байгаа эмнүүдийн 70-80 хувийг л иргэд голцуу авдаг. Огт гардаггүй, хүн авдаггүй олон эм эмийн жагсаалтад байгаа. Даатгалд байгаа эмүүдийг хүмүүс үндсэн үнээр нь авна гэсэн ойлголт байхгүй. Хангалттай сайн хямдарч байгаа учраас юу гэж үнэтэй эм авах билээ. Тухайлбал, даралтны 54 мянган төгрөгийн эм 50 хувь хямдраад 28 мянган төгрөг болох жишээтэй” гэлээ.
ДАРАЛТ, ЗҮРХНИЙ ЭМЭЭ ТАЛЛАЖ УУГААД, ДАРАА САРЫГ ХҮЛЭЭДЭГ
Мөн өөр нэгэн эмийн сангийн эм зүйч М.Э “Сарын дундуур бичигдсэн эмийг даатгалаар авна гэсэн ойлголт байхгүй. Манай эмийн сан даатгалаас 3-5 сая төгрөгийн хөнгөлөлттэй эмийн санхүүжилт авдаг. Энэ нь нэг л өдөр олгоод дуусчихдаг юм. Ер нь 15:00 цаг гэхэд хөнгөлөлтөөр эмээ олгоод дуусчихдаг гэж ойлгож болно. Санхүүжилт амархан дуусаад байгаа шалтгаан нь бага хөрөнгө төсөвлөдөгтэй холбоотой. Санхүүжилт нэг л өдөр хөнгөлөлттэй үнээр үйлчлээд дуусчихдаг. Манайх энэ хавьдаа хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг цөөхөн эмийн сангийн нэг. Олон жил хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа учраас хүмүүс мэддэг болсон.
Хүмүүс сарын сүүлчээр буюу 29-31-ний хооронд хөнгөлөлттэй үнээр авах эмийн жороо бичүүлээд, санхүүжилт орсон өдөр урт дараалал үүсгэж зогсоод, арай гэж эмээ аваад явдаг. Зарим нь авч чадахгүй буцдаг. Тэгээд л өмнө нь авсан даралт, зүрхний эмээ таллаж уугаад дараа сарыг хүлээдэг юм. Эсвэл хотын төв рүү хөнгөлөлттэй эм олгож байгаа эмийн сан хайгаад л явж өгнө дөө. Уг нь зарим тохиолдолд сарын эхээр хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сан байна гээд л хүмүүс яриад байдаг юм. Тэр нь чухам ямар эмийн сан байдаг юм, бүү мэд. Санхүүжилт их ордог, эсвэл хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх хүн ам бага суурьшдаг эмийн сан л байх. Нэг хүн дунджаар гурван эм бичсэн жор авчирдаг юм” гэв.
ДААТГАЛЫН ГАЗРААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ГЭЖ ХЭДЭН САР БОЛДОГ
Гурав дахь эм зүйч М.М “Манай эмийн сан гурван жил хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна. Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх ер нь төвөгтэй байдаг юм. Бид даатгалын газраас 1-2 сая төгрөгийн санхүүжилт авна. Тэр нь ганц, хоёрхон цаг болоод л дуусчихна. Тэгэхээр үйлчлүүлэгчид бухимдана. Цаашлаад ухаан алдаж унана. Эм авахаасаа эсэн юм болдог. Манай энэ хавьд таван эмийн сан хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа. Бүгдээрээ л ганц, хоёрхон сая төгрөгт эм олгоно. Үүний оронд 1-2 эмийн сандаа ахиухан төсөв өгөөд иргэддээ хүртээмжтэй болгох хэрэгтэй.
Хэдхэн төгрөг өгөөд, энд тэндгүй олон хүн цуглуулж, дараалал үүсгэх нь тохиромжгүй санагддаг. Мөн гэр хороололд даралт, зүрх судас, сахарын эм авах ахмадууд амьдардаг гэдгийг бодолцох ёстой. Тийм болохоор гэр хорооллын эмийн сангууддаа хөнгөлөлтөөр эм олгох санхүүжилтийг ахиухан өгөх хэрэгтэй байна. Эсвэл томоохон эмийн сангуудаараа л эмээ олгодог болгох нь зүйтэй. Бид өөрсдийнхөө мөнгөөр эмээ татдаг. Тэрийгээ 50-80 хувь хямдруулж, хөнгөлж зарна. Даатгалын сангаас санхүүжилт нь орж ирэх гэж хэдэн сар болдог.” хэмээн учирлан ярив.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЭМ АВАХ ГЭСЭН ИРГЭД ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2020 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 30 тэрбум гаруй төгрөг төсөвлөж, улсын хэмжээнд гэрээ бүхий 1000 гаруй эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргалаас тодруулахад “Нийслэлд 419 эмийн сан хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Тухайн эмийн сан хаана байрлаж байгаагаасаа шалтгаалаад даатгалаар эм олгох өдөр харилцан адилгүй. Тухайлбал, өндөр настай хүмүүс амьдардаг газар хөнгөлөлттэй эм сарын эхэнд дуусчихдаг юм.
Харин хотын төв рүү залуучууд амьдардаг газарт сарын 15 хүртэл мэр сэр хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг эмийн сангууд бий. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард хөнгөлөлттэй үнээр эм авах иргэд эрс нэмэгдсэн. Коронавирустэй холбоотойгоор бөөгнөрөл үүсгэхгүй гэж өрхийн эмч нар гар утсаараа шаардлагатай хүмүүстээ эм авах код өгсөнтэй холбоотойгоор иргэд эмээ нөөцөлсөн байж магадгүй. Уг нь сард дунджаар хөнгөлөлттэй эм авах 21 мянган иргэн жор бичүүлдэг байсан юм. Гэтэл өнгөрсөн сард 41 мянга болсон. Бид өнгөрсөн саруудад даатгалын санхүүжилтийг нэг сая төгрөгөөр нэмсэн. Хөнгөлөлттэй эмийг нэг өдөрт олгоод, дуусаад байгаа гол шалтгааныг бид судалж үзсэн. Мөн үүнтэй холбоотойгоор тавдугаар сарын эхний долоо хоногт 60 эмийн санд төлөвлөгөөт шалгалт хийсэн. Тэгэхэд иргэд “Эм дуусна. Тасалдана” гэсэн ойлголтоор эмээ нөөцөлсөн байдал ажиглагдсан” гэв.
Мөн иргэд “Өөрийн танил тал, ах, дүү, хамаатан саднаараа дамжуулан хөнгөлөлттэй эмийн жагсаалтад шаардлагагүй эм оруулдаг” хэмээн ярьж байлаа. Бид дараагийн удаа хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хэрхэн бүрдүүлдэг талаар сурвалжлан хүргэх болно.
Д.Чанцалдулам
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|