• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    101   |  
0

Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо

Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо

Нарт ертөнцийн дотор суугаа Марс одоо  

Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв…

Тэртээ 1931 онд сансар огторгуйг таньж мэдэхийн хүслэн болсон залуусын дуу хоолой болж, нэрт найрагч Д.Нацагдорж ийн мөрөөдөн, шүлэглэж байжээ. Үүнээс хойших 89 жилийн босгон  дээр Монгол залуус  өөрсдийн төдийгүй эх орныхоо мөрөөдлийг биелүүлж, сансар судлалын салбарын хөгжилд түүчээлэхээр Мars-V гэх цогц төслийг хэрэгжүүлж эхэлсэн талаар та дуулсан биз ээ. 

Энэ удаад Мars-V төслийн гүйцэтгэх захирал Г. Амгаланбаяртай сансар судлалын салбарын хөгжлийн өнөөгийн чиг хандлага болон тус төслийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

 

-Таныхаар залуус яагаад сансар судлалын салбарыг сонирхох хэрэгтэй вэ. Хүн төрөлхтний ирээдүйд энэ салбарын хувь нэмэр юу байх бол?

-Манай улс шинжлэх ухаанч бусаар хөгжиж байна. Дээрээс нь энэ салбарын бодлогыг хойш нь тавьдаг. Сансар судлалын салбар дэлхий дахинд сүүлийн 100 жилд эрчимтэй хөгжиж байна. Далайг гаталж шинэ газар нээх нь дундад зууны үеийн хүн төрөлхтний сорилт байсны адил шинэ гарагийг эзэмших хүсэл орчин үеийн сорилт болж буй. Хүн төрөлхтний энэ тэмүүлэлтэй хөл нийлүүлж алхахын тулд манай залуус заавал энэ салбарыг сонирхож, судлахгүй бол дэлхийн хөгжлийн ард үлдэнэ.  

Сансар судлал бол бүх шинжлэх ухааны оргил учраас энэ салбарын хөгжил бусад бүх салбарыг татаж хөгжүүлдэг. Дэлхийн эдийн засаг удахгүй сансрын салбар луу чиглэнэ. Нано хиймэл дагуул, дэлхий болон харь гарагийг тандан судлах, шинжлэх ухааны оргил гэдэг утгаараа маш олон салбар сансрын шинжлэх ухааныг даган хөгжих боломжтой. Улсын бодлогын хувьд ч тэр, залуучууд ч тэр ирээдүйг харж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхахыг хүсвэл шинжлэх ухааны салбарын хөгжлийг хэрхэвч орхигдуулж болохгүй.

Цаашид сансар судлалын салбарын хөгжлийн үр дүнг зөвхөн харилцаа биш хоол унд, хувцас үйлдвэрлэл, нанотехнологи, сансар дахь бактерийн судалгаа, хүнс хадгалалт гэх мэтчилэн маш олон салбарт ашиглаж болно.  

-Mars-V төслийн талаар анх сонсоод цэвэрлэгчийг нь ч болов хийе гэж байсан  хүн одоо CEO болчихсон байдаг. Яагаад төсөлд нэгдэх болов. Зориглосон энэ аялалдаа хэр итгэлтэй байна вэ?

-1500 хувь итгэж байна, магадгүй түүнээс ч өндөр. Энэ төсөл амжилт олох, эс олох нь хамаагүй үүний төлөө бид зүтгэх нь хамгийн чухал. Би Tomorrow Land  гэдэг киноноос өөдрөг байдал бүхнийг боломжтой болгодгийг тултал мэдэрсэн учраас энэ төслийн анх сонсоод үүний төлөө л хамаг сурсан зүйл, цаг хугацаагаа зарцуулахгүй бол өөр юуны төлөө зарцуулах вэ гэсэн зорилготой орсон. Сансар судлалын салбар манай улсын хөгжлийн гарц, хонгилын үзүүр дэх гэрэл гэж итгэсэн учраас Mars-V  төсөлд цэвэрлэгч нь ч болтугай хийе гэж нэгдэж байв.

Бид энэ салбарт ямар нэгэн томоохон зүйл хийж байж л дэлхийтэй хөл нийлүүлэх боломжтой.  

Mars-V төслөөр дамжин V үеийн аж үйлдвэрийн хувьсгал Монголд өрнөх боломжтой 

-Сансар судлалын салбарыг аж үйлдвэрийн V хувьсгал гэж үзэж буйн шалтгаан ?  

-Шинжлэх ухааны салбар нь шууд бизнесийн үр нөлөө үзүүлэхгүй ч, тухайн орны хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулдаг байсан учраас томоохон гүрнүүд энэ салбарыг төрийн бодлогын хүрээнд хөгжүүлж, санхүүжүүлдэг байсан. Харин орчин үед энэ модель өөрчлөгдөөд хувийн сектор руу шилжиж буй. Үүнд SpaceX, Amazon-ы Blue Origin зэрэг компаниудыг жишээ татан нэрлэж болно.  

2018 оны судалгаагаар дэлхийн топ 100 старт ап-ын хөрөнгө оруулалтын 41 нь сансрын салбар бүрдүүлж байна. Ирээдүйд энэ салбарт эргэлдэж буй хөрөнгийн хэмжээ одоогийнхоос хэдэн зуу дахин өсөх боломжтой.  Хувийн хэвшил рүү шилжиж, зах зээл нь улам нээлттэй болж байгаа нь сансрын салбар шинжлэх ухааны, аж үйлдвэрийн салбарын тавдугаар хувьсгалд тооцогдож байна.

-Марс-V  төслийг мэдэж амжаагүй хүмүүс товч тайлбарлавал?

-Марс-V нь үндсэн гурван хэсэгтэй шинжлэх ухаан, технологийн олон улсын төв байгуулах төсөл.  

Эхнийх нь Maрсын сургуулилтын академи. Технологио бэлдэж буй компаниудын хувьд дэлхийгээс шал өөр уур амьсгалтай газарт хүн аваачихаар түүнд дасан зохицох асуудал хамгийн чухал. Монголын говь нь марс дээрх амьдралын хэв маягийг нутагшуулах хамгийн тохиромжтой газарт тооцогдож буй учраас тэнд очих хүсэлтэй хүмүүсийг сургуулилах, дадлагажуулах, бэлтгэх академи байгуулах гэж буй. Технологи хүнээ дагаж хөгждөг учраас хүнийг хөгжүүлэх бааз байгуулахын зэрэгцээ технологио хөгжүүлэх чөлөөт бүсийг хажууд нь байгуулах шаардлагатай. 

Тиймээс хоёрдугаарт марсын аялал жуулчлалд бэлдэж буй компаниуд хөгжүүлсэн технологио турших сансрын судалгааны чөлөөт бүсийг байгуулна.  

Энэ төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд үүнийг дэмжих дэд бүтэц байгуулагдаж таарна. Энэ бол гуравдагч төсөл буюу дагуул хот. Ингэж Mars-V төсөл нь дотроо үндсэн гурван хэсэгт хуваагдаж байна.  

-Төслийн нээлтийг хийх боломжит хугацааг хэзээ гэж тооцож байна вэ?

-Бид 2021 онд төслөө эхлүүлнэ гэж тооцоож байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн бид үнэхээр хүнээ сургаж чадах уу, манай говь үнэхээр марсын нөхцөл байдалтай ижилхэн үү?  энэ хоёр асуултад бид үнэ цэнэтэй хариулт өгөх судалгаагаа хийж буй. Тиймээс ихэвчлэн говийн болон амьдрах чадварын судалгаан дээрээ түлхүү анхаарч байгаа.

- Марсын аялал жуулчлалыг Монголын говьд байгуулахад уур амьсгалын хүчин зүйл хэр чухал үүрэгтэй вэ?

-Хүн ямарваа нэг шийдвэр гаргах, сонголт хийхэд сэтгэл зүйд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол цаг уур. Бидний хамтарч ажиллаж буй NASA, JAXA, Роскосмос, ISRO зэрэг  байгууллагууд Монголын цөлийн цаг уурыг Марсынхтай хамгийн төстэй буюу дэлхий дээрх  24 цөлөөс хамгийн хүйтэн температуртай, хамгийн том нь гэдэгтэй санал нэгдэж буй. Интернетээс марсын талаар мэдлэгийг авч, VR гэх мэтчилэнгээр янз бүрээр марсыг таних боломжтой. Харин манайх дан ганц Марс дээрх аялал бус түүний дэргэд академи, чөлөөт бүсийг зэрэг байгуулж буй нь сансрын аялал хийх хүсэлтэй хүмүүсийг марс дээр очоод амьдрах чадварыг сорих гэж байгаа.

Mars V төслөөр дамжуулж бид ядуу биш гэдгээ өөрсдөдөө батална

-Марсын сургуулилтын академи байгуулна гэлээ. Ирэх хүмүүст энэ мэдлэгийг олгох боловсон хүчин манайд бий юу?  

-Өөртөө хэдийн буй зүйлийг судлахгүй, гар хумхиад суучхаад бид чадах уу, бидэнд яг байгаа юм уу гээд суугаад байвал бусад орноос гуйхаас өөр аргагүй болдог. Бид боломжийг дандаа гаднаас хайдаг, өөрөөсөө олж хардаггүй. Энэ сэтгэлгээгээ гээх ёстой. Ядуу байна гэдэг нь өөрт юу байгааг, өөрөө юу хүсэж байгаагаа мэдэхгүй байхыг хэлдэг. Энэ хоёрыг мэдэж байгаа хүн мөнгөгүй байсан ч ядуу хүн биш. Хүсэж байгаа зүйлийнхээ төлөө зориглодоггүй, үүнийхээ араас хөөцөлддөггүй, хөгжүүлдэггүй нь бидний ядуу байгаагийн хамгийн том шалтгаан.  

Монгол улсаа хөгжүүлэхийн тулд бид мөнгөний хувьд биш сэтгэлгээний хувьд ядуу байгаад асуудал оршиж байна. Бид холливуудын кино үзсээр байгаад сэтгэлгээний хувьд ядуу болчихсон. Мөнгөний хувьд баян гэдгээ коронавирусийн үеэр харж байна.

Бидэнд хүсэл тэмүүлэл, өөртөө итгэх итгэл дутаж байна. Энэ хоёр зүйлийг мэдчихвэл хүнээ ч бэлдэж, нөөцөө ч бүрдүүлж чадна.

Mars V төслөөр дамжуулж бид ядуу биш гэдгээ өөрсдөдөө батлах зорилготой. Марс хол биш гэдэг нь нэгдүгээрт марс гараг хол биш, хоёрдугаарт монгол улсын хөгжил ч тэр, хүсэл мөрөөдөл ч хол биш гэдэг итгэлийг хүмүүст төрүүлэхэд оршино.  

Гэхдээ Монгол улс хөгжихөд энэ төсөлд цорын ганц арга зам гэж байгаа юм биш. Говь бол ганцхан эрдэнэс биш монголд маш олон эрдэнэс бий.  Дэлхийг итгүүлэхийн тулд хамгийн түрүүнд өөрсдөдөө итгэх хэрэгтэй.

-Жинхэнэ Марс гарагт очсон мэт мэдрэмжийг өгч чадахгүй шүү дээ гэх хүмүүст юуг хэлэх вэ?

- Хүн төрөлхтөн том амбиц тавьж байгаа учраас маш цөөхөн бэлтгэгдсэн хүн л амиа золин байж 2035 эсвэл 2050 онд марс руу явах боломжтой. Түүнээс биш хүссэн хүн бүхэн мөнгөө төлөөд  марс гараг руу явж чадахгүй. Гэтэл үлдсэн хүмүүс төгс биш ч гэлээ сансарт нисэх, шинэ гараг дээр очих мэдрэмжийг авахыг хүсэж байгаа. Бид дэлхий дээр марст очсон мэт хамгийн ойрхон мэдрэмжийг өгөх гэж байгаагаас биш марс гараг руу явуулна гээгүй.

Марсыг хүн бүрд гэсэн манай төслийн уриа нь марс руу явахыг хэчнээн хүсээд ч явж чадахгүй хүмүүст марст очсон мэт мэдрэмж авах боломжийг олгоно гэсэн утгатай.  

 
 
-Би Mars-V төслийн кампуст очлоо гэж төсөөлье. Хэдэн ам. доллараар юуг амлах вэ?

Тухайлбал, эхний өдөр марс дээр хэрхэн амьдрах даалгаврыг биелүүлнэ, дараагийн өдрүүдэд хүчилтөрөгчийн баллоноо хэрхэн цэнэглэх,  ургамал  хэрхэн тарих гэх мэтчилэн даалгавар биелүүлж, 10 хоногийн дараа марс дээр таны амьдрах чадвар 100-гаас хэдэн хувьтай байгааг тодорхойлж өгнө. 

Тухайн хүнийг марстай адилхан эзгүй хээр, хүйтэн хуурай нөхцөлд аваачаад технологийг ашиглах болон сансар судлалын шинжлэх ухааны мэдлэгийг бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу системтэйгээр олгосноор марст очоод амьд үлдэх чадварыг эзэмшинэ. Нөгөөтэйгүүр дэлхий дээрх нөөцийг үр ашигтай зарцуулах, эх дэлхийгээ хайрлах сэдлийг төрүүлэх зорилготой.

Ирээдүйд сансрын аялал хийх гэж компаниуд 200 мянгаас-2 сая ам.долларын өртөгтэй жингүйдүүлэх, дэлхийгээс гарч, дэлхийгээ дээрээс нь харах, саран дээр буух зэрэг аялал жуулчлалын хөтөлбөрийг санал болгож байна.  Энэ нь амь насны эрсдэлтэйгээс гадна асар өндөр зардалтай. 

Харин бид ямар ч эрсдэлгүй боломжийг хүн бүрт олгож байна гэдэг утгаар ойролцоогоор 20 мянган ам. долларт энэ боломжийг санал болговол цаана нь 20 сая хүний зах зээл байна гэсэн эдийн засгийн тооцоо гаргасан.

 
-Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад марсыг эзэмших туршилтын төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Хятадын Гансу мужид Mars-V төсөлтэй ижил цогц төсөл хэдийн хэрэгжиж байна. Эдгээр төслөөс хэрхэн ялгарч чадах вэ?

-Дэлхий дээр марсын хэд хэдэн симуляцийн төв төлөвлөгдөж, зарим нь хийгдэж эхэлсэн. Дэлхийн топ 8 гүрэн энэ өрсөлдөөнд уралдаж буй. Одоогоор дэлхийд маш эгзэгтэй нөхцөл байдал  үүсэж, коронавирус дэгдсэнээр харилцааны энэ асуудал улам хурцадмал болж байна. Хүн төрөлхтөн үнэхээр марс гараг руу явъя гэж байгаа бол хаана хамтрах вэ гэдэг нь асуудал болж байна. 

Хятад болон Америкийн хувьд худалдааны дайн өрнөж байгаа учраас бие биендээ хөрөнгө оруулалт, технологийн хамтрал хийхгүй. АНУ, Оросын газар нутаг дээр Япон Хятадад технологийн хамтрал хийхгүй. Монгол төвийг сахисан бүсэд оршиж буй нь байгалийн баялагтай адилхан  маш том орчин нөхцөл. Бидний ялгарал бол торгоны замын стратегитай төстэй. Монголчууд худалдаа хийхгүй хэрнээ, тэр замыг тайван байлгах төвийг сахисан бүсийг түүхэнд бий болгосон. 

Яг үүнтэй адилхан Mars-V төсөл нь шинжлэх ухаанчаар хамтдаа хөгжих буюу бие биенээсээ технологио нуухгүй, гэхдээ хулгай хийхгүйгээр хамтдаа хөгжих тэр бүсийг бий болгох эрхэм зорилготой. Бид байгалийн баялаг гэдэгт газар доорх баялгийг яриагүй, газар дээрх буюу хасах температур, хуурай цаг уурын хүчин зүйл, түүн дээр нэмэх нь агаарын хил сийрэг байдлыг баялаг гэж үзэж байгаа. Улс төр, геополитикийн хувьд энх тайван, бусад бүх орны хувьд нээлттэй гадаад бодлоготой. Тиймдээ ч бидний хувьд өрсөлдөөнд уралдах биш марс гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байх гэсэн эрхэм зорилготой.

Хомс байдал нь шинэ үеийн тансаглал

-Mars-V төсөл Монгол төдийгүй дэлхийд ямар үр өгөөжийг авчрах вэ?

-Бид уул уурхайн ноогдол ашиг хүртэж, хэзээ нэг өдөр баяжна гэж энэ хэвээр хүлээх үү эсвэл зориглон ямар нэг үнэ цэнэтэй зүйл хийж бүтээх үү? гэдэг асуулт залуу хүн бүрийн сэтгэлд байгаа. Бүтэх, эс бүтэхээс үл хамааран Mars-V төсөл энэ асуултын хариулт мөн. Монгол улс хөгжихийн тулд ямар нэг шинэ зүйлийг хийж бүтээх ёстой. Марсаас өөр олон зүйлийг хийж үзэхээр бид зориглох хэрэгтэй. Тэр итгэл үнэмшлийг асаах нь Монголд өгч чадах хамгийн чухал зүйл болов уу.

Хоёрдугаарт 20 мянган ам.доллараар сансрын аялал жуулчлалыг санал болговол 20 сая жуулчны зах зээл нээгдэнэ гэсэн тооцоо бий. Сансрыг ч юм уу, дэлхийгээс өөр орчинг 20 мянган ам.доллараар мэдрэхийг хүсэж байгаа тэр хүмүүсийг татаж чадвал бид дотоодын нийт бүтээгдэхүүнээ хоёр дахин үржүүлснээр ганцхан уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа солонгоруулна. 

Гуравдугаарт шинжлэх ухааны маш том төв болох боломжтой. Тавдугаар үеийн аж үйлдвэрийн хувьсгал буюу сансрын эдийн засаг хаана байхыг бид түүчээлэн санаачилж, хэрэгжүүлж амжилтад хүрвэл тавдугаар үеийн эдийн засаг, аж үйлдвэрийн хувьсгалын тэр их мөнгөн урсгал Монгол руу урсах боломжтой. Тэгэхээр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан мөн өөртөө итгэх итгэлийн хувьд маш олон зүйлийг Монголд өгөх боломжтой.  

Харин дэлхийд юу өгч чадах вэ гэхээр сансар руу хүмүүс аялал хийдэг болсон үед тэнд ямар байх вэ гэсэн төсөөллөө бодит болгох,  туршиж үзэх боломжийн хамгийн төстэй хувилбарыг бид санал болгож байгаа. Байгаль дэлхий биднээс хэзээ нэг өдөр минимал байхыг шаардах байсан. Коронавирус биднийг битгий их зүйл хэрэглэ даруу бай гэсэн зарчмыг ойлгуулж байна.  

2035 онд марс руу явахыг тэмүүлж байгаа  хүмүүст тэнд очиход нөхцөл байдал ямар байхыг бид харуулж, амьдрах чадвар гэж юу болох, дэлхийгээ хэрхэн хайрлах, хомс байдал бол шинэ үеийн тансаглал гэдгийг дэлхий нийтэд ойлгуулна. Хуучин дэлхий хиймэл оюун ухаанаар гоёдог байсан бол харин орчин үеийн тренд сэдэв сансар судлал, хомс байдал нь шинэ үеийн тансаглал болж байна.  

-Дэлхийн хүчирхэг гүрний удирдагчдад төслийнхөө талаар итгэл үнэмшил, найдлага төрүүлэхэд таныхаар юу нөлөөлсөн бол?

-Олон зүйл нөлөөлсөн байх. Хүмүүсийг холбодог хоёр зүйл бий. Хүсэл тэмүүлэл нэгтэй байх эсвэл ижил зовлонтой байх. Энэ төсөл нь хүмүүсийн хүсэл тэмүүллийг холбож байгаа юм. Бид үргэлж тэдний амбиц, хүсэл тэмүүллээс доогуур зүйл санал болгодог учраас очих болгондоо гуйлга гуйдаг. Энэ удаад бид ижил хүсэл мөрөөдөл санал болгосон. Төслөө танилцуулсан улсын удирдлагууд нааштай хандахаар үл барам шууд хамтарч ажиллах санал тавьсан. Өнгөрсөн шөнө бид NASA-тай цахимаар видео хурал хийсэн, маргааш, нөгөөдөр бас хийнэ.  

-Санхүүжилтээ хэрхэн босгож байна вэ?

-Одоогийн санхүүжилтийн хувьд энэ төслийг Монголын ирээдүй, хонгилын үзүүр дэх гэрэл гэж итгэж байгаа хүмүүсийн нуруун дээр явж байна. Мэдээж энэ төслийг эдийн засгийн хувьд тэр их хэмжээний мөнгийг олон улсаас босгоно. Түүнээс өмнө техник эдийн засгийн үндэс болон судалгааны ажлуудаа маш сайн хийх ёстой. Маш олон эрдэмтэн, судлаач энэ төслийг хонгилын үзүүр дэх гэрэл гэж итгэж байгаа учраас өөрсдөдөө энэ төсөлд зөвхөн санхүүгээс гадна, хөдөлмөр, цаг хугацаагаараа хөрөнгө оруулалт хийж байна.  

-Олон залуус болон бизнесийн байгууллага энэ төсөлд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа нь анзаарагдсан. Энэ хүмүүс хэрхэн оролцох боломжтой вэ?

-Манай нэвтрүүлэг цацагдсанаас хойш олон хүн холбогдсон. Бид хүмүүсийг бүртгэж авах, ямар оролцоотой байхыг загварчлах систем боловсруулж байна. Түүнийгээ удахгүй сошиал хуудсуудаараа дамжуулан хүргэнэ.

-Төслийн үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй ярилаа, тэгвэл сөрөг үр дагавар нь юу байх вэ?

-Мэдээж  сөрөг нөлөө бий. Түүнийг яаж багасгах вэ, гарч ирэх өгөөжийг байгалиа хамгаалахад хэрхэн ашиглах вэ гэдгийг бид цогцоор нь судалж байна. Нэг сая жуулчин ирэхээр хэрхэн энэ олон хүн байгалийг сүйтгэхгүйгээр нүдээ баясгаад юм сураад явах вэ гэдгийг бодолцож академийн загварчлалыг гаргасан. 

Марсын академи байгуулах зорилго нь зүгээр нэг аялагч ирээд дураараа авирлах бус марс руу явахаар бэлтгэгдэх сэтгэл зүйтэй ирж байгаа учраас зөвхөн даалгавар биелүүлж ангарагт амьдрах чадвараа биднээр үнэлүүлэх гэж ирэх учраас өөрийн дураар авирлах боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн хүн маш хяналттай аялна гэсэн үг. Хоёрдугаарт эрчим хүчний зарцуулалтын асуудал. Бид төслөө хэрэгжүүлэхдээ эрчим хүч, нөөцийг үр ашиггүй зарцуулдаг аргаар биш нөөц хамгийн бага үрдэг аргыг судалж байна. 

Манай говь дэлхийн сэргээгдэх эрчим хүчний гуравны нэгийг эзэлдэг. Нар эгц тусах буюу 45 градусын өргөрөг дээр байгаа хамгийн хүйтэн, эрчим хүч сайн цуглуулах бүс нутаг бол Монголын говь.  Мөн 365 өдрийн 260 орчим нь цэлмэг байдаг. Энэ нөхцөлөөр бол Монгол нарны эрчим хүч цуглуулалтаараа диваажингийн орон гэж нэрлэгддэг. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ нарны эрчим хүчийг зөв зохистой ашиглах боломжийг бид эрэлхийлж буй.  

Хомс байдал бол шинэ үеийн тансаглал буюу жуулчин олноор ирсэн ч тэднийг хомс нөхцөлд байлгах буюу хэрэглээг нь минимал байлгаж байгаад явуулна. Маш бага нөөцөөр өндөр өгөөж авах төсөл.  

-Ярилцсанд баярлалаа.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ