A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |
|
Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлж, Боловсрол, шинжлэх ухааны яамны бодлого, үйл хэргийг тус яамны ТНБД-аар ажиллаж байсан Л.Цэдэвсүрэнд атгуулсан.
Гэвч арав гаруй хоногийн дараа эхлэх гэж байгаа 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлт болох эсэх, зургаан настнууд танхимаар хичээллэх нь зөв эсэх, хоёр настнуудыг ямар шалтгаанаар гэрт нь цоожлох ёстойг, эцэг эх хоёул ажилтай бол цэцэрлэггүй нялхаа хэрхэх ёстойд ямар ч амьдралд нийцсэн шийдэл яригдсангүй ээ.
Гэтэл одоогийн байдлаар цэцэрлэггүй болсон хоёр настнуудын эцэг эх нь ихэвчлэн залуу хосууд байгаа тул цахим орчинд нэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол, санал хаяглах дээрээ тулжээ. Энэ нь ч зөв. Цэцэрлэггүй бяцхан үрсээ хэрхэхээ мэдэхгүй сандарч байгаа аав ээжүүдийг өмөөрмөөр.
Өөрөөр хэлбэл, хувь, хувьсгалын байгууллагууд хүүхдийн эрүүл, аюулгүй орчны төлөө сайн дураараа хоёр настай хүүхэдтэй ээж, аавд гэрээсээ ажиллах боломжийг санал болгоё. Салбарын яамнаас ч мөн энэ асуудалд хүүхдэдээ ээлтэй бодлого боловсруулах хэрэгтэй байна.
2020-2021 оны хичээлийн жилд 309.670 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байгаа гэсэн тооцоог гаргажээ.
Үүнээс 77.235 нь цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнууд. Гэтэл тэднийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гарсан нь аав, ээжүүдийг ажил, амьдрал, үр хүүхдээ хэрхэн зохицуулах ёстой вэ гэсэн шийдэлгүй мухар руу түлхчихэв.
Хоёр настнуудыг яагаад цэцэрлэгт оруулахгүй вэ гэдэгт салбарынхан “0-3 насныхан тэр дундаа шинээр цэцэрлэгт элсэн орсон хүүхдүүд есдүгээр сарын дунд, аравдугаар сарын эхээс амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвдөж эхэлдэг. Биеийн дархлаа сул байдаг хоёр настнууд өвчлөмтгий. Тиймээс ийнхүү шийдсэн” гэх логикийн алдаатай шийдвэр гаргаснаа тайлбарлаж байгаа юм.
Хэрэв хоёр настнууд өвдөж, дархлаа нь сулардаг бол гурав, дөрөв, таван настнууд ч ялгаагүй өвдөх нь гарцаагүй. Тэгэхээр бага насныханд ийнхүү ялгавартай хандах хэрэг байсан уу, Л.Цэдэвсүрэн сайд аа.
Тэгвэл жинхэнэ төлөвших, суралцах үйл явц шаарддаг хоёр настнуудын суралцах эрхийг хэрхэн хангах вэ. Тэд гэртээ цоожлогдох уу.
Эсвэл өвөө эмээгийн халамжид шилжих үү, эсвэл аав ээжийн хэн нэг нь гэртээ суух уу гэх мэт өрхийн эдийн засаг, орлого, ажил, үүргийн төлөвлөгөөнд хамаарах асуудал үүсэж байна. Үүнд албаныхан хариулахдаа “Хоёр настай хүүхдүүдэд эрүүл ахуйн анхан шатны дадал олгох чухал.
Ингэхдээ гэр бүл, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр теле хичээлээр тэд дадал олох боломжтой” гэв. Мэдээж эцэг эхийн аль нэг нь хүүхдээ хараад гэртээ ажилгүй суух уу гэдэгт хариулт өгөөгүй.
Тэгэхээр 77 мянга гаруй хоёр настнуудаа харах гэж мөн ч олон аав ээж ажил хийх, амь зуух, ажиллах эрхгүй болох нь гарцаагүй боллоо. Хэрэв эцэг, эх та хоёр настай хүүхдээ танил тал, хахууль, эрх мэдэлтний нөлөөгөөр ах, эгчтэй нь ижилсүүлээд, цэцэрлэгт хамруулбал, Зөрчлийн тухай хуулиар торгуулна.
ГУРАВ, ДӨРӨВ, ТАВАН НАСТНУУД ХАЛДВАР ТУСАХГҮЙ ГЭЖ ҮҮ
2020-2021 оны хичээлийн шинэ жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 2-5 насны 350 мянган хүүхэд, ЕБС-д 682 мянган хүүхэд, их дээд сургуульд 150 мянган оюутан суралцахаар байгааг салбарын яамнаас мэдээлж буй.
Хэдийгээр дэлхий нийтийг сөхрүүлсэн цар тахал гээчид бяцхан үрсээ өртөөхгүй гэсэндээ боловсролын салбарт төдийгүй бусад үйлчилгээний салбарт ч энэ мэт шийдвэр гарч, хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа.
Энэ нь ч зөв. Гэтэл гурав, дөрөв, таван настнууд халдварт өвчинд өртөхгүй гэх баталгаа бий юү. Нэг хэсгийг нь гэрт нь цоожилчихоод, нөгөө хэсгийг бөөгнөрүүлэх нь тун ч жигтэй. Тиймээс л энэ удаагийн цэцэрлэггүй хоёр настнуудад “хатуурхаж” байгаа шийдэл нэг л нүдээ олсонгүй ээ. Нүдээ олоогүй шийдвэрийн шалтгаан нь хаана, юунд вэ гэдгийг тодруулах гээд үзье.
Бага насны хоёр хүүхэдтэй залуу хосууд өөр өөрсдийн ажилтай, мөн сар бүр ипотекийн зээлийг банканд төлдөг.
Энэ тохиолдолд гурван настай хүүхдээ цэцэрлэгт хамрууллаа гэхэд хоёр настнаа гэрт нь цоожлох болох нь ээ. Мэдээж ингэх боломжгүй тул эцэг, эхийн аль нэг нь ажлаасаа гарч хүүхдээ харах зайлшгүй нөхцөл үүсэж байна.
Мөн Монголд 1-5 насны хүүхэдтэй өрх толгойлсон аав, ээж олон. Тэд хоёр настнуудаа хэрхэх ёстой вэ, сайд аа.
Харж хандах хүнгүй багачууд өөрөө өөрийгөө харж, хаалга хэзээ дуугарахыг хүлээх болчихоод байна. Яг ийм томоор нь багыг нь харуулдаг, бие биенд нь даатгаад орхисноос үүдсэн гашуун түүх Монголд олон.
Үхэл, хагацал, цоожтой хаалганы цаана үлдсэн бяцхан хүүхдүүдийг тосох хар бараан үйл явдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Мэдээж томд нь багыг нь даатгаад, ажлаа хийдэг өрх толгойлсон ээж, аавууд олон. Эдгээр бяцхан үрсийнхээ аюулгүй байдал, өлсөж цангахын бэрхшээлийг тооцсон юм уу.
Монголын өрх бүрийн амьдрал ахуй, хүүхдээ өсгөж буй орчин нөхцөл өөр өөр. Зайсан дахь хаусанд тоглоом, хоол хоёртоо бялуурч өсөх бяцхан ч бий, Дэнжийн мянга, Улиастай, Баруун салаа, Зүүн салааны эцэст хашаа ч үгүй, хаяг ч үгүй хүйтэн гэрт, талхны булан амандаа олоод хийхийг мөрөөдөж, халтартан гүйх бяцхан ч олон.
Тэнгэр газар шиг ялгаатай нийгэм дунд мөрөөдлийн гэмээр Кембриджийн боловсрол ярих сайдууд олширч, бодит амьдралын борог хөрсөө олохгүй тэнд нэг, энд нэг гишгэлэх дарга нараас хүүхдэд ээлтэй шийдвэр хүлээх хэрэггүй бололтой.
Цэцэрлэггүй хоёр настнууд, хараа хяналтгүй, бяцхан хүүхдүүд юу хийж болохыг яагаад тооцохгүй байна вэ. Нэг хэсэг нь гэртээ түгжигдэнэ.
Яах вэ, орон сууцанд амьдардаг айлын хүүхдүүдийн хувьд тагт нь хаалттай л бол, цахилгааны залгуур, индүү, угаалгын автомат машин зэргээр тоглочихгүй бол болчих биз ээ. Харин гэр хороололд аж төрдөг айлын хувьд сэтгэл түгшээх зовлон олон.
Шүдэнзээр тоглож гал алдахаас өгсүүлээд зуух, халуун тогоондоо түлэгдчихвэл яах вэ. Манай монголчууд тун ч хэнэггүй дээ. Осол аваар гаараад байна, зам дээр хүний амь нас эрсдээд байна шүү гээд сануулсаар байхад л давхиж яваад эндэцгээдэг. Тэгвэл яг л ийм хэнэггүйдлээс үүдэж хоёр настнууд эрсдэлд орох вий.
ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ААВ, ЭЭЖИЙН АЛЬ НЭГИЙГ ЦАХИМААР АЖИЛЛУУЛЪЯ
Тодруулж хэлбэл, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хоёр настантай эцэг, эхэд ядаж төрийн байгууллага нь ажлаа хийх боломжоор хэрхэн хангах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол хүүхдээ харахын тулд ажлаасаа чөлөө авах уу, аль эсвэл бүрмөсөн гарах уу, эсвэл бүр цоожлоод ажлаа хийх үү гэдэг хэцүүхэн сонголттой тулаад байна.
Тиймээс эцэг, эх хоёрын хэн нэгнийг гэрт нь буюу цахимаар ажил хийх нөхцөлөөр хангах зайлшгүй хэрэгтэй байна. Ингэхийн тулд эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй шийдвэр гаргая.
Өөрөөр хэлбэл, хувь, хувьсгалын байгууллагууд хүүхдийн эрүүл, аюулгүй орчны төлөө сайн дураараа хоёр настай хүүхэдтэй ээж, аавд гэрээсээ ажиллах боломжийг санал болгоё. Салбарын яамнаас ч мөн энэ асуудалд хүүхдэдээ ээлтэй бодлого боловсруулах хэрэгтэй байна.
Уг нь гуравхан сая хүн, тэр дундаа сая дөнгөж гарах хүүхдийн асуудал юм сан. Хүүхдэд ээлтэй шийдвэр гаргахад хамгийн боломжтой баймаар.
Гэтэл өнгөрсөн хорин жилийн Монголын улс төрийн шийдвэрийг тоймлоод үзвэл хүүхдэдээ ээлтэй бодлого, тэдний сурч, боловсрох, хамгаалуулах эрхийг хүндэтгэсэн тодорхой шийдэл ер гарч байсангүй ээ.
Хүүхдийн асуудлыг өөрийнх мэт аминчлан боддог ч улс төрийн хүчин энэ хорин жилд гарсангүй. Тэр бүү хэл, хүүхдэд ээлтэй нийгэм бүрдүүлнэ хэмээн бүлт бүлт амлачихаад төрд гаруутаа уул уурхай, алт зэс яриад явдаг гишүүд олон.
Энэ хугацаанд өөрийн хүүхдийн боловсролыг л өөд нь татаж, гадаадад сургуульд явуулах арга замыг эрэлхийлэхээс биш түмний үрсийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй байгаа нь эмгэнэлтэй.
Ардын хүүхдүүд 60, 70-уулаа гурав, дөрвөн ээлжээр хичээллэж байхад албан тушаалтны хүүхэд 5-50 сая төгрөгийн төлбөртэй сургуульд 12 жил дарааллан сурдаг байх жишээтэй.
Ийм л цаг дор та бид амьдарч байна. Бачимдахдаа ад үзээд байсан социалист нийгмээ үгүйлэх л юм. Сайхан зүйлийг ухрааж болдог бол БНМАУ-ын боловсролын тогтолцоог хэрэгжүүлэх сэн. Ядаж л хахууль өгөх гэж өр зээл тавьж, арга үйлээ барахгүй биз ээ.
Учир нь тэр үед сурах орчин, сургалтын арга барил нэг л системтэй байлаа. Гэтэл одоо амьжиргааны төвшин, албан тушаалын зиндаагаар боловсролын систем үечлэгдэж, тэр хэрээр хүүхдийн сурч, хөдөлмөрлөх эрх хязгаарлагдаж байна.
Тиймээс Боловсролын сайд аа, юуны өмнө хоёр настнуудын аюулгүй байдлыг хангах учиртай. Тиймээс эцэг, эхийн аль нэгийг цалинтай, цахимаар ажлаа хийх орчин нөхцөл, дүрэм журмыг боловсруулъя.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|