• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    159   |  
0

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Эмч, эмнэлгийн ажилтнууд ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ ажилладаг гэдгийг би салбар удирдаж байгаа хүний хувьд итгэлтэй хэлье

-Та дэлхий дахиныг түгшээсэн цар тахлын үед Эрүүл мэндийн яамыг удирдаж байна. Энэ хүнд нөхцөлд эрүүл мэндийн салбарыг удирдах хэцүү байна уу?

-Энэ үед зовлон тоочиж суух эрх Эрүүл мэндийн сайдад байхгүй. Улс орон ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бид бүхнийг умартан зүтгэж байна. Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, эрдэмтэн докторууд, сайдын зөвлөл, яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл гээд “томчууд”-тай хамтарч ажилладаг. Ялангуяа шинэ коронавирусийн халдварын үед ЭМЯ-нд сайдын тушаалаар эмнэлзүй, тархварзүй, мэдээлэл, технологийн баг цаг нар харгалзахгүй ажиллаж байна. Засгийн газрынхаа чиг үүргийг хэрэгжүүлж эрүүл мэндийн салбар бүхэлдээ эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа.  

Төр засаг маань ч эрүүл мэндийн салбараа бүх талаар дэмжиж, тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шуурхай шийдэж байна. Бид бэлэн байдалд онцгой анхааран ажиллаж байна.

-Саяхан “Улаанбаатар сонгдо”-д байсан өвчтөнүүдэд коронавирус илрээгүй гэх шинжилгээний хариу шөнө дунд гарч, тантай хамт хариу хүлээж байсан хүмүүсийн зураг цахим орчинд тархсан. Маш баяр хөөртэй байгаа нь та бүхний зурагнаас илт байсан. Шинжилгээний хариу хүлээж байх мөчид юу бодогдож байв?

-Бид бүгд маш их санаа зовж байлаа. Эх орондоо амьдарч байгаа иргэдийн маань дунд одоогоор халдвар гараагүй байна. “Ингээд л анхных нь гарчихдаг юм байх даа. Хэдэн хүнд халдварласан бол” гэх бодлууд хөвөрсөн. Олон хүн шинжилгээний хариу ямар гарах бол гэж бидэнтэй хамт, унтахгүй хүлээсэн байдаг. Дөрөвдүгээр сарын 15-ны 01:45 цагт шинжилгээний хариу гарсан. 

Тэгээд яамны хэвлэлийн алба мэдээллээ тавьмагц ард иргэд маань хэдэн мянгаараар сошиалд ураа гээд л ороод ирсэн. Бүр шөнө дөл болсон үед шүү дээ. “Манайхаан, Сонгдо СӨРӨГ Ураааа” гэдэг дөрөвхөн үгэнд 62 мянган хүн лайк дарж, 25 мянган шэйр хийсэн. Монголчууд маань эх орон, ард түмнийхээ төлөө хэчнээн санаа зовниж суугаагийн илрэл энэ байлаа. Тиймээс бид маш хариуцлагатай, улам бүр хичээх ёстой, эцэж цуцахыг умартах ёстой гэдгийг илүүтэй ойлгосон.

 
 
 
 
 

-Нөхцөл байдал буруугаар эргэвэл манай эрүүл мэндийн салбарын хүчин чадал ямар хэмжээнд байна вэ. Тоног төхөөрөмж хангалтгүй байгаа гэх мэдээлэл байна. Үнэн үү? 

-Бид коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үндсэн хоёр чиглэлээр ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар хүнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг эн түрүүнд тавьж, эрүүл мэндийн салбараа бэхжүүлэх, цаг алдахгүй хөл хорио, карантин тогтоосон нь оновчтой шийдвэр байсныг нөхцөл байдал харуулж байна. Ингэснээр цаг хожиж бэлтгэлээ базаах, бусдын сургамж дээр ажиллах зэрэг давуу талууд бий болсон.

Одоогийн байдлаар 20 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлж, 21 аймаг, есөн дүүргийн шат шатны эмнэлгүүддээ хуваариллаа. 

Улсын хэмжээнд 475 амьсгалын аппарат бий. Засгийн газрын нөөц хөрөнгө, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хэрэгжүүлж буй төслийн хүрээнд дахин төлөвлөлт хийж, 72 амьсгалын аппарат аваад байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх хоёр банктай хамтран ажиллах хэлэлцээрийг УИХ баталсны үр дүнд дахин 415 амьсгалын аппарат авах боломжтой болсон. Мөн уушги орлуулагч Экмо аппарат авна. Халдвартын эмнэлэг маань 34 жилийн түүхэнд компьютер томографын аппаратгүй л явж ирсэн. Энэ асуудлыг мөн шийдэж, эрчимт эмчилгээний хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүллээ. Коронавирусийн халдвар авсан иргэд маань уушги болон бусад эрхтний нарийн шинжилгээ эмнэлэг дээрээ хийлгэж байна.  

Амьсгалын аппаратаас гадна суурин болон зөөврийн рентген, хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дусал, тариурын автомат шахуурга, зөөврийн эхо,  хувийн хамгаалах хэрэгсэл, эм тариа, оношлуур гээд шаардлагатай бүх зүйлийг дээрх санхүүжилтийн хүрээнд нэмж бүрдүүлнэ. Ер нь хүнийхээ тоогоор эмнэлгийн ортой, амьсгалын аппараттай улс орон байхгүй юм билээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нийт хүн амынхаа 0.1-1.4 хувийг нэгэн зэрэг эмнэлэгт хэвтүүлэх боломжтой байдаг. Манай эмнэлгийн орны хүчин чадал урд хөрштэй ижил түвшинд буюу 0.4 хувьтай байна.

“Ковид-19” халдварын үед оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах зорилгоор ХӨСҮТ-д лабораторийн оношилгооны гурав дахь шугамыг нээнэ. Дархан-Уул аймагт ХӨСҮТ, Дарханы баг хамтран Алтанбулагаар орж ирж буй иргэдэд  шинжилгээ хийдэг боллоо. Энэ бол маш чухал шийдэл. 

Нийт 210 ороор ХӨСҮТ, УНТЭ, УХТЭ-ийн эрчимт эмчилгээний тасгуудыг өргөжүүлнэ. Дэлхийн банкны төслөөр 21 аймаг, есөн дүүрэгт 205 эрчимт эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, Яармагийн эмнэлэг, АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг, УГТЭ-ийг мөн нэмэлтээр тоноглохоор төлөвлөсөн. Эдгээр эмнэлэг коронавирусийн халдвар тархсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилээ үзүүлэх үүрэг хүлээж байгаа юм.  “Ковид-19”-ийн халдвар авсан өвчтөнг зөөвөрлөх, амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих тоноглолтой , зориулалтын 21 автомашины нөөц мөн бүрдүүлнэ. Энэ бүхэн УИХ, Засгийн газар, Сангийн яам, Улсын онцгой комиссын хамтын шийдвэрийн үр дүн юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг дурдахгүй байхын аргагүй.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, НҮБ, гадаад орны элчин сайдын яамдууд, аж ахуйн нэгж, ард иргэдийн маань дэмжлэг их байна. Шинэ вирус, шинэ өвчинд дэлхий бүхэлдээ бэлэн биш байжээ. Өндөр хөгжилтэй орон ч өвдөг сөхрөхөд хүрч байна. ДЭМБ дэлхийн улс орнууд эв нэгдэл, хамтын хүчээр аюулт өвчний ард гарна гэдгийг анхааруулж, уриалсаар байна. Элэг нэгт монголчууд маань эв нэгдэлтэй, бие биендээ тусламж дэмжлэг үзүүлж, төр засаг, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шийдвэрийг сахин биелүүлж байгаад талархаад баршгүй. Зөвхөн төрийн байгууллага бус ард иргэд, хүн бүр энэ үйлсэд хүчин зүтгэж, хариуцлагатай хандаж, аюулыг хамтдаа хохирол багатай даван туулна.

-Манайхан дунд эмч нараа голох зүйл ажиглагддаг. Ийм хүнд үед эрүүл мэндийн салбарынхан маань хэрхэн, яаж ажиллаж байна вэ. Хэчнээн хүн уртасгасан цагаар ажиллаж байна вэ?  

-Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн, эмнэлгийн ажилтнууд ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ ажилладаг гэдгийг би салбар удирдаж байгаа хүний хувьд итгэлтэй хэлье. Хэн нэгэн өвдөхөөрөө найз руугаа явдаг бил үү. Үгүй шүү дээ. Эмч, эмнэлэг рүү л очдог. Тиймээс тэдэндээ урам зориг хайрлаж, харилцан итгэлцэлтэй байж өвчин зовлонгоо илааршуулна. Эмнүүлэх гэж байгаа хүнээ муулж, таагүй хандвал энгийн ойлголтын түвшинд энерги талаасаа ч олиггүй бизгүй дээ.

Дэлхий дахиныг цочроосон коронавируст халдварын цар тахалтай эрүүл мэндийн салбар хэрхэн, яаж тэмцэж, ар гэрийн амьдрал бүх зүйл нь орхигдсоныг та бүхэн мэдэж байгаа. 

Баг, сум, өрх гээд анхан шатнаасаа эхлээд эрүүл мэндийн яам хүртлээ бүх түвшинд амралтгүй ажиллаж байна. Энэ хүмүүсийн итгэл сэтгэл, урам зоригийг бүү мохоогоорой. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд, айл гэрийн эзэгтэй, алаг үрсийн ээжүүд байдаг. Коронавирусийн халдварын үед хамгийн багадаа 21, улмаар 45 хоног тусгаарлагдаад ажиллаж байна. Засгийн газар тогтоол гаргаж, 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд гэрээр ажиллах боломж олгосон. Тусгаарлалтад байгаа эмч, мэргэжилтэнд ийм боломж байхгүй.

Өндөржүүлсэн бэлэн байдалд бүгд ажиллаж байна. Ялангуяа, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ зэрэг хилийн аймгийн эрүүл мэндийн байгууллагууд  ачаалалтай байгаа. Тусгаарлан ажиглах байруудад лавлагаа төвийн эмч нар ахлан резидент эмч нар маань мөн ажиллаж байгаа. 

Тусгаарлалтад байгаа иргэдэд шаардлагатай үед эмч нар тогтмол үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж, зөвлөгөө өгч байна. 122 эмч, мэргэжилтэн тусгаарлагдан, салбар бүхэлдээ эрсдэл дунд, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаад тав дахь сартайгаа золгох гэж байна даа.  

 

20 жил ярьж 200 сая ам.доллар зараад үр дүнд хүрээгүй утаа, агаарын бохирдлыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газар 50 хувь бууруулчихлаа

-Та сайдын ажлаа аваад гурван жил шахам болох гэж байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарт юу хийж, ямар үр дүн гарав?  

-Эрүүл мэндийн салбар Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт таван зорилт бүхий 21 ажил хийж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн юм. Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Төрөөс эрүүл мэндийн талаар 2026 он хүртэл баримтлах 10 жилийн бодлогоо тодорхойлсон. 

Эрүүл мэндийн тухай хууль, Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах”,  “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”,  “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” “Осол, гэмтлээс сэргийлэх” зэрэг найман үндэсний хөтөлбөр батлууллаа. 

Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх үзлэгийг анх удаа эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн зохион байгуулж байна.

Үүний үр дүнд өвчлөл, эндэгдлийн хоёр дахь шалтгаан болж байгаа хорт хавдрын 1684 тохиолдлыг эрт үед нь оношилж, эмчилгээнд хамрууллаа.

 

Үзлэгээр гурван хүн тутмын нэг нь таргалалт, чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчтэй байсныг тогтоож хяналтад оруулсан. Энэ үйл ажиллагаанд эрүүл мэндийн даатгалын сангаас 10 тэрбум төгрөг зарцуулаад байна. Засгийн газар ард иргэдээ өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч, үүнд 2019 онд 10.1 тэрбум төгрөг  зарцуулсан бол энэ онд 13.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 23.9 тэрбум төгрөг болголоо.  

Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, төсвийг шат дараатай нэмэгдүүлсээр 2016 онд 691.1 тэрбум төгрөг байсныг 2020 онд 964.6 тэрбум төгрөг буюу  40 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр эрхтэн шилжүүлэн суулгах, диализийн эмчилгээ, дархлаа дарангуйлах, олон эмэнд дасалтай сүрьеэгийн  эмийн санхүүжилтийг төр 100 хувь хариуцаж байна.

Тухайлбал, диализийн эмчилгээнд нэг хүн сард дунджаар 1.4 сая, жилд 16.6 сая төгрөг зарцуулах шаардлагатай болдог. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд энэхүү эмчилгээнд хамрагдаж байгаа 910 хүн, тэдний гэр бүлд нь учрах санхүүгийн дарамт ингэж буурч байна. Салбарын хөрөнгө оруулалт дөрвөн жилд 420 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, энэ хугацаанд улсын хэмжээнд 70 шинэ эмнэлэг, эмнэлгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Энэ онд дахин 29 эмнэлэг ашиглалтад орно.

Олон жил царцсан “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг 2019 онд ашиглалтад оруулж, манай улс анх удаа изотопын үйлдвэртэй, хорт хавдар болон олон төрлийн өвчнийг эрт үед нь эсийн түвшинд оношилж, эмчлэх хамгийн сүүлийн үеийн техник технологи нэвтэрлээ. Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг эмнэлэг энэ онд ашиглалтад орж, иргэд төв газрыг зорих шаардлагагүй болж, үндсэн мэргэжлийн 17, төрөлжсөн нарийн мэргэшлийн 11 төрлийн тусламж үйлчилгээг амьдардаг дүүргээсээ авдаг болно. 

Эрүүл мэндийн салбарт 15 царцаагдсан барилга байсан бол одоо царцаагдсан барилга, зогссон төсөл хөтөлбөр байхгүй болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүрэлцээний асуудал тун чухал. Төсвийн хөрөнгө оруулалтаар УГТЭ-т өндөр хүчин чадал бүхий MRI, ангиографийн аппарат, Хавдар судлалын үндэсний төвд хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх (RFA) шинэ төрлийн эмчилгээний аппарат, үндэсний төвүүд болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг яаралтай тусламж, эрчимт эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байна.  

Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн салбарын асуудлыг эхний ээлжинд эрэмбэлэн анхаарсны үр дүнд эрүүл мэндийн байгууллагуудад анх удаа угаарын хий, хорт хий илрүүлэх багаж, тоног төхөөрөмжтэй болж, дүүргийн түвшинд ч хордлогыг оношлох чадавхтай боллоо. 2016 оноос хойш 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг 400 гаруй автомашинаар хангаж, парк шинэчлэл 90 гаруй хувьд хүрсэн. 

Мөн иж бүрэн тоноглогдсон зайн оношилгоо бүхий автомашиныг Булган, Увс, Сүхбаатар, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн эмнэлэгт нийлүүлж, орон нутгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжрууллаа.

Өнгөрсөн оны долдугаар сараас “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг орон даяар эхлүүлж, үзлэг шинжилгээнд 370 мянга гаруй хүн хамруулж, уг өвчний 4079 шинэ тохиолдлыг илрүүлж эмчиллээ. Энэ үйл ажиллагааны үр дүнд жирэмсэн эхээс урагт дамжих төрөлхийн тэмбүүг устгах нөхцөл бүрдэж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдаж  байгаа хүний тоо хоёр дахин өсөж, иргэд эрүүл мэнддээ анхаардаг боллоо. 

Энэ арга хэмжээг аймаг, сумын засаг захиргааны байгууллагууд дэмжин идэвхийлэн оролцож, эхнээсээ “тэмбүүгүй” сум, орон нутаг болж байна. Cүүлийн хоёр жилд давхардсан тоогоор 250 мянган гаруй хүнд сүрьеэгийн үзлэг хийж, 727 шинэ тохиолдлыг илрүүлж, эмчиллээ.

Түүнчлэн манай эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид олон эмэнд дасалтай сүрьеэгийн 24 сарын эмчилгээг есөн сар болгож богиносгосон нь энэ өвчнөөр шаналж байгаа иргэдийн сэтгэлийн дарамтыг бууруулж, итгэл найдварыг сэргээсэн ажил боллоо.

 Энэ эмчилгээг өнөөдрийн байдлаар дэлхийн таван орон л нэвтрүүлээд байгаа юм. 2015-2016 онд сүрьеэгийн тоног төхөөрөмжид 1.1 тэрбум төгрөг зарцуулж байсан бол сүүлийн хоёр жилд  улсын төсөв, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд 5.8 тэрбум төгрөг зарцуулсан. Засгийн газар болон олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар бүх аймаг, дүүрэг сүрьеэ илрүүлэх зөөврийн болон суурин рентген аппараттай болсон. Энэ бол тун сайн мэдээ. Аппаратгүй аймаг, дүүрэг цөөнгүй байсан.  

Бас нэг чухал алхам бол сүүлийн үеийн жен-эксперт аппаратыг нэн шаардлагатай байсан 38 эмнэлэгт нийлүүлж, хоёр сарын хугацаанд оношилдог байсан эмэнд тэсвэртэй сүрьеэг хоёр цагийн дотор оношилж байна. Сүүлийн жилүүдэд төдийлөн буурахгүй байсан тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онтой харьцуулахад 5.6 дахин буурсан. Эхийн эндэгдэл бас буурсан. 

Улс орны хөгжлийн түвшинг илэрхийлдэг энэ хоёр үзүүлэлт ингэж буурсан нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хичээл зүтгэл, засгийн газрын  тууштай дэмжлэгийн үр дүн. Засгийн газар хатгааны эсрэг вакцин, дутуу нярайн амьсгал хямралын гачаалыг сурфактант аргаар эмчлэх зардлыг шийдвэрлэсэн нь тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурахад чухал нөлөө үзүүлсэн. 

Хүүхдийн шүд эрүүлжүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшил суулгах хөтөлбөртөө бид их ач холбогдол өгч байгаа. 

Учир нь, шүдний өвчлөл зүрх судас, бөөр, хоол боловсруулах зэрэг 200 гаруй өвчний шалтгаан болдог. Хөтөлбөрийн хүрээнд 100 мянга гаруй хүүхдийн шүдийг эмчиллээ. Зардлыг нь төр хариуцаж байна.  

Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох тариф 15200 төгрөг байсныг хоёр дахин нэмэгдүүлж 30 мянган төгрөг болгож, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах нөхцлийг бүрдүүллээ. 

Түүнчлэн өрх, сумын эмнэлэг тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлж, улсын төсвөөс гадна эрүүл мэндийн даатгалаас санхүүжих давхар боломж бий болсон. Энэ нь иргэд анхан шатанд шинжилгээ, оношилгоо, сэргээн засах, өдрийн болон гэрийн эмчилгээ нэмэлтээр авна гэсэн үг. Эрүүл мэндийн 134 байгууллагад мобайл технологи нэвтрүүлэн, алслагдсан хүн ам, отор нүүдлээр яваа малчид, ахмад настан, эх, хүүхэд зэрэг 150 мянга гаруй хүнд халдварт болон халдварт бус өвчний найман төрлийн үзлэг, оношилгоог өрх гэр, малчны хотонд үзүүлж байна. 

Мобайл технологийн үр дүнд даралтны аппарат, чагнууртай дуудлагад явдаг байсан эмч одоо зүрхний цахилгаан бичлэг, эхо оношилгоо, цусанд сахар, холестрин, элэгний В,С вирус, хеликобактери,бэлгийн замаар дамжих халдвар зэргийг газар дээр нь оношилж, гэр бүлийн бүх гишүүнд нэгэн зэрэг цогц үйлчилгээ үзүүлж байна. 

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар 100 гаруй шинэ эмчилгээ, техник технологи нэвтрүүлж, иргэд олон төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг эх орондоо авах таатай нөхцөл бүрдлээ. Заримаас нь дурдвал, УНТЭ донороос шөрмөс суулгах хагалгаа, УХТЭ хэт өндөр давтамжит долгионоор түлэх эмчилгээ, УГТЭ зүрхний агшилт дэмжигч төхөөрөмж суулгах мэс засал, тархи судасны цүлхэнгийн хагалгаа, ХСҮТ элэгний хавдрыг эрт үед нь өндөр долгионоор түлэх эмчилгээ, ГССҮТ өвдөгний үенд бүтэн үе суулгах мэс засал, “Амгалан” амаржих газар умайн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх, улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ-ийн залуу эмч нар хамтран гурван настай хүүхдэд чихний дэлбээ нөхөн сэргээх мэс заслыг анх удаа амжилттай хийлээ. 

Мөн Баянхонгор, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн эмч нар түнх, өвдөгний үе солих, элэг тайрах мэс заслыг орон нутагт амжилттай хийсэн. Өнөөдрийг хүртэл хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг гол төлөв гадаад оронд хийлгэж байгаа. ЭХЭМҮТ тун удахгүй анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх ажлыг эхэлнэ.  

Одоогийн байдлаар манай эмч, мэргэжилтнүүд, эрдэмтэн докторууд 338 хүнд элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо амжилттай хийж, гадаад эмчилгээнд зарцуулагдах мөнгөн урсгалыг буурууллаа. 

Түүнчлэн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах үйл ажиллагаанд 15 шинэ технологи нэвтрүүлж, цусны нөөцийг 5.5 дахин нэмэгдүүлж чанарын баталгаа, аюулгүй байдлын ISO стандартыг хангаж олон улсын түвшинд хүргээд байна. Хүний нөөцийн тухайд 31 тэргүүлэх чиглэлээр 800 гаруй эмч мэргэжилтнийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад багаар нь сургасны үр дүнд 100 гаруй эмчилгээний шинэ арга технологи, инновацийг эх орондоо амжилттай нутагшуулж, манай улсад эмчлэгддэггүй 39 өвчнийг 26 болгон бууруулсан.

Түүнчлэн багийн эмч нарыг улсын зардлаар гурван жил тутам сургах хөтөлбөр анх удаа боловсруулж, улсын хэмжээнд ажиллаж байгаа 973 багийн эмчийг таван чиглэлээр хоёр сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтад энэ оноос шат дараатай хамруулна. Энэ нь 10 жил тасраад байсан Монголын эмч нарын VI дугаар их хурлын шийдвэрийн нэг үр дүн. Хурлаас гарсан шийдвэрүүд биеллээ шуурхай олж, ажил хэрэг болж байна. Тухайлбал, эрүүл мэндийн ажилтнуудад олгох үр дүнгийн урамшууллыг сард 20, улиралд 60 хүртэл хувь болгож нэмэгдүүлэх шийдвэрийг хурлын дараахан Засгийн газар гаргасан. Олон нийт тэр бүр мэдэхгүй ч улаанбурхан өвчний дархлал тогтоцын үндэсний судалгааг анх удаа хийж 5-20 насны хүүхэд, залуучуудын дунд уг өвчний дархлал тогтоцын түвшин буурсан байсныг тогтоолоо. 

Дэлхийн олон улс оронд улаанбурхан өвчин дэгдэж, хүүхдийн амь нас эндэж байсан үед бид улаанбурхны  нэмэлт дархлаажуулалтыг НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын байгууллагын дэмжлэгээр 1.7 тэрбум төгрөг босгон 510 мянган хүүхдэд цаг үеэ олж хийснээр өвчлөлөөс сэргийлж чадсан.  

Мөн цахимаар үзлэгийн цаг болон шинжилгээний хариугаа авах эхлэл тавигдсанаар иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй авах боломж бий болж байна.  Өндөр өртөгтэй зарим төрлийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай  эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопедийн нэр төрлийг 612 болгон өргөжүүлж, зардлын 75 хувийг иргэдийн халааснаас бус, эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байна. 

Түүнчлэн сэргээн засах, гэрээр үзүүлэх болон өдрийн эмчилгээний зардал 2.5-3 дахин нэмэгдэж, иргэдэд ирэх санхүүгийн ачаалал буурахын зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийн ажил хөдөлмөрийн үнэлгээг нэмэгдүүлсэн чухал алхам боллоо. Үүнээс гадна тав хүртэлх насны хүүхдийн 174 төрлийн эмэнд 50-80 хувь, насанд хүрэгчдийн 638 нэрийн эмэнд 20-92 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. 

Иргэд хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 175 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо 400 мянган төгрөг болж, улс, хувийн хэвшлийн эмнэлгийн даатгалын санхүүжилт ижил түвшинд хүрлээ. Мөн уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний суурь тарифыг 2.3 дахин нэмэгдүүлж, 250 мянган төгрөг болгосон нь таван мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны хөгжилд хөг нэмсэн. Мөн 2014 оноос хойш нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байсан цалин урамшууллыг У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оны есдүгээр сарын 1-нээс найман хувь, ингэхдээ ажлын ачааллын дийлэнхийг үүрдэг сувилагч, бусад мэргэжилтний цалинг 2-3 дугаар зэрэглэлээс 4-5 дугаар зэрэглэлд шилжүүлснээр цалин 40 орчим хувиар, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газар цалинг дахин найман хувиар нэмэгдүүлж, эмч нарын цалинг 4-5 дугаар зэрэглэлээс 6-7 дугаар зэрэглэлд шилжүүлсний үр дүнд эмч нарын цалин 55 орчим хувиар нэмэгдсэн. 

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газар цалинг гурав дахь удаагаа найман хувиар нэмэгдүүлж, үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төрд ажилласан жилийн нэмэгдлийг анх удаа 5-25 хувиар нэмэгдүүллээ. Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн ажилтны үр дүнгийн урамшууллыг сард 15 хувь, улиралд 45 хувь байсныг сард 20 хувь, улиралд 60 хувь болгон нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэснээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд их эмчийн үндсэн цалин 41 хувь, нэмэгдэл урамшууллын хамт 56, сувилагч болон бусад ажиллагсдын үндсэн цалин 49 хувь, нэмэгдэл урамшууллын хамт 65 хувиар тус тус нэмсэн. Цаашид ч энэ үргэлжилнэ.

-Эрүүл мэндийн сайдаар сэтгүүлч ажиллаж байгаа нь буруу гэх хүн цөөнгүй байдаг. Мөн коронавирусийн үед таныг сэтгүүлч учраас сайн ажиллаж байна гэх нь ч бий. Харин та өөрөө юу гэж бодож байна вэ?  

-Улстөрч магтаал, шүүмжлэлийн аль алиныг нь хүлээж авах чадвартай байх ёстой гэж боддог. Нэг үнэнийг сайн мэдэж байна. Энэ нь дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа шинэ коронавирусийн хүнд үед эмч, мэргэжилтнүүд, салбарын нийт ажилтнуудынхаа хамт эх орон, элгэн садан монголчуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хичээнгүйлэн зүтгэж байна. Ийм үед сайлах, муулах  ач холбогдол багатай байдаг юм байна. 

Өдөр бүр нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас сэтгэлзүйн тэнцвэрээ хадгалахгүй бол нэг баярлаад л, нэг гутраад л байвал энэ их ачааллыг хэн маань ч давж чадахгүй. Коронагийн баг 7/16, заримдаа 24 цагаар ч ажиллах үе байна. Багадаа жил шахам ингэж ажиллах шаардлага гарах байх.

Дэвшинэ гэж хэлэхээр ч юм уу, хүсэхээр болчихдог зүйл биш шүү дээ

-Таныг ирэх сонгуулиар нэр дэвшихгүй, сайдын албаа дахин хашихаар тохиролцсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?  

-Тохиролцоод сайд болдог “хууль” У.Хүрэлсүх даргад үйлчлэхгүй. Өөрөө зарлачихсан шүү дээ. Ерөнхий сайд маань санал болгож, УИХ томилж баталсан энэ хариуцлагатай албыг нэр төртэй, нүүр улайлгахгүй хашихсан гэж маш их хичээдэг.  

-Таны УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Сонгогчид танд ямар дүн тавьж байгаа бол?

-Өөрийгөө үнэлж хөөрцөглөх нь ёс зүйгүй санагддаг. Бас даруу төлөв дүр эсгээд бүтэлгүй нэгэн болж харагдах ч хэрэггүй байх. Бусдын бүтээснийг өөртөө наах, автор булаалдах, би гэж цээж дэлдэх явдал хэн бүхэнд, тэр дундаа эмэгтэй хүнд зохихгүй. Дүнг хөндлөнгөөс тавьдаг. Сэтгэл хангалуун байгаа нэг зүйл бол иргэд сонгогчид, Хан-Уулчуудтайгаа дөрвөн жил хамт байж, багийн хамт олонтойгоо тойрогтоо тулгамдаж буй олон асуудлаа шийдэж чадсан маань юм. Цаг хугацаа шаардсан, гүйцэтгэл нь энэ он болон дараа жилийг дамнах цөөн ажил бий. Гэхдээ эхлэл нь тавигдаагүй, санхүүжилт нь шийдэгдээгүй асуудал нэгээхэн ч үгүй.

Хан-Уулчууд маань хамгийн түрүүнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг дахин төлөвлөлтөд оруулах асуудлыг тавьж, сургууль, цэцэрлэг нэмж барих, олон жил болсон орон сууцны дулаалга, дээврийн засвар хийх, гадна болон хүүхдийн тоглоомын талбай тохижуулах, мод тарих, замын хөдөлгөөнөөс хүүхдүүдээ хамгаалах хурд сааруулагч тавих зэрэг санал гаргаж байсан.

Дөрвөн жилийн хугацаанд 52 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй 60 гаруй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил бид тойрогтоо хийжээ. Мөн өөрийн хөрөнгөөр 395.6 сая төгрөгийн 16 ажил хийж хэрэгжүүллээ. Хан-Уул дүүргийн XII хороо буюу Биокомбинатын хувьд тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудал арай ахиу байсан гэж хэлж болно. Нийслэлийн төвөөс 25 км-т орших энэ хороо цорын ганц сургуультай. Тэр нь олон жил болсон, хүйтэн нойтон, хана туурга цуурсан гээд хүүхэд суралцах нь бүү хэл хүн тогтохын аргагүй. Энэ сургуулийн барилгыг шинээр барих санхүүжилтийг төсөвт суулгаж ажил эхлэх боломж бүрэн бүрдлээ.

Энд шинэ цэцэрлэгийн барилга ч эхэлсэн. Иргэдээ хөгжүүлэх төв, шинэ өрхийн эмнэлэг, халуун ус гээд иж бүрэн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Сонгинын модон гүүр нэгэнт ашиглах боломжгүй болсон учраас шинээр барихаас аргагүй байлаа. Гүүр өртөг өндөртэй ажил. Улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгөөр төмөр бетонон гүүр шинээр барьж дуусгасан. Гүүрний хоёр талын замын санхүүжилт мөн энэ оны төсөвт суусан. Ингээд биочууд болон зорчин өнгөрөх хэн бүхнийг шинэ гүүр, дардан зам угтах нь ээ. Манай Биогийн тухайд бас цахилгаан гэрэл, эрчим хүчний хувьд хүндрэлтэй асуудал байсныг бид шийдэж чадсан.

Ингэж 43 жил хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил нийслэлийн алслагдсан XII хороонд өрнөж байна. Хотын “элит” хэсэг хэмээх тодотголтой ч Хан-Уул дүүргийн I, II, III хорооны орон сууцны барилгууд хуучирч, сургууль, цэцэрлэг муудсан, гадаад орчны тохижилт тааруу байдаг. Тиймээс хорооддоо улс, нийслэл, дүүргийн төсвөөр  зургаан цэцэрлэг шинээр барьж, өргөтгөл хийлээ. Мөн олон улсын төсөл хөтөлбөрөөр тухайлбал, БНХАУ-ын “Энхтайван найрамдал сан”-гийн буцалтгүй тусламжаар 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 50 ортой эмнэлэг байгуулж, Японы “Жайка” олон улсын байгууллагын тусламжаар 920 хүүхдийн суудалтай 75 дугаар сургуулийн шинэ барилга өнөө жил ашиглалтад орно.  

2015 онд гарсан “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын жагсаалт”-д Хан-Уул дүүргээс 44 барилга орсноос нэн даруй буулгах 25 барилга байдаг. Бид 23 барилгынхаа асуудлыг шийдвэрлэж, дахин төлөвлөлт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй бусад хороо, дүүргээ тэргүүлж явна. Хүний орон байрны асуудал шиг амин чухал зүйл гэж юу байх билээ. Тиймээс энэ ажилд тайтгарч хандаж болохгүй. Эцэслэж шийдвэрлэж дуусгах учиртай. Нэхмэлийн I, II, VII, X, XI, XII, XIII, XVI, XVII, XVIII байрууд сонгон шалгаруулалтаар дахин төлөвлөлтөд орж, гүйцэтгэгч компаниуд нь тодорхой болсонд иргэд баяртай байна.

-Та ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Дэвшинэ гэж хэлэхээр ч юм уу, хүсэхээр болчихдог зүйл биш шүү дээ. Улс төрийн намын шалгуур, олон түмний үнэлгээ, итгэл сэтгэл гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлнө.  

Бурханы оронд одсон ижийгээ санахдаа “цөөхөн ч гэсэн баярлуулж байсан нь яамай даа” гэж сэтгэлээ зогоодог

-УИХ-д эмэгтэй гишүүд байнга цөөнх байдаг. Нэгэнт тантай ярьж байгаагийнх энэ талаар хөндөхгүй бол болохгүй байх. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад ямар хүндрэлүүдтэй нүүр тулдаг вэ?

-Хүн амын төлөөллийн 50-иас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд нийгмийн бүхий л харилцаанд адил тэгш оролцох учиртай. Нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь улам тэлж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх шаардлага бий.

Нийгмийн сэтгэл зүйд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх хандлага бүрэн төлөвшөөгүй гэж судлаачид үзэж байна. 

Боловсролын тухайд эмэгтэйчүүд хангалттай түвшинд хүрсэн ч үр хүүхэд, гэр бүл, карьерыг хослуулахад тодорхой бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь улс төрийн намын дэмжлэгээс гадна ар гэр, хань ижил, ахан дүүс болон бусад хүний дэмжлэг үгүйлэгддэг гэсэн үг. Түүнчлэн олон жил ярьж буй санхүүгийн бэрхшээл одоо ч эмэгтэйчүүдийн хувьд хэвээрээ байна.

-Өнөөгийн парламентад 13 эмэгтэй гишүүн байгаа нь хэр хангалттай вэ. Хэрэв цөөн гэж үзвэл шалтгаан нь юунд байна гэж та дүгнэдэг вэ?

-Улс төр болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх  бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр хөгжил дэвшил, бодит өөрчлөлт гарч байгаа олон улсын туршлага олон байна. МАН-ын тухайд эмэгтэйчүүдээ байнга дэмжсээр ирсэн.  Бүх шатны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувьд байх асуудлыг дүрэмдээ суулгаж өгсөн анхны улс төрийн хүчин.  

Сонгуульд ёс зүйтэй, судалгааны дүнгээр нийгмийн дэмжлэг хүлээж буй хэнийг ч болов тэр дундаа эмэгтэйчүүдийг квот харгалзахгүй нэр дэвшүүлнэ гэдгээ Намын дарга, Ерөнхий сайд мэдэгдсэн байгаа. 

Нэр дэвшүүлээд зогсохгүй ялалт байгуулах боломж бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөө гаргаж ажиллах даалгаврыг дэргэдэх байгууллага, намын удирдлагуудад өгсөн.  Ер нь улс төрийн түвшинд, тодорхой хэлбэл парламентад эмэгтэйчүүд олноороо сонгогдох нь бүх салбарын тэнцвэртэй хөгжлийг хангадгийг олон орны жишээ харуулж байна. Тиймээс энэ сонгуульд эмэгтэйчүүд олноороо сонгогдоосой гэж хүсэж байна. Хөндлөнгийн дэмжлэгээс гадна хувь хүний хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл чухал.

-Та УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны ерөнхийлөгч зэрэг хэд хэдэн сонгуульт болон томилгоот алба хашдаг. Мөн коронавирустэй холбоотойгоор цаг наргүй ажиллаж байгаа энэ үед өөртөө болон гэр бүлдээ цаг гаргаж чадаж байна уу?

-Би гэр бүлээ их анхаардаг. Ямар ажил, албан тушаалтай байхаас үл хамааран эх хүн, эхнэр хүн гэр бүл, үр хүүхэд, хань ижлээ бүх талаар халамжлах, хооллож ундлах, халуун дулаан байлгах нь үүрэг гэж боддог. Салбар хариуцдаг болсноос хойш үнэндээ энэ үүргээ хангалтгүй биелүүлж байна. Анхаарал халамж коронавирусийн халдвар гарснаас хойш бүр ч байхгүй болсон. Харин тэд маань нөхцөл байдлыг ойлгож, намайг анхаарч, халамжилж байгаа.

-Шийдвэр гаргах түвшинд ажилладаг эмэгтэй хүний хувьд эх орныхоо ирээдүйг, хөгжлийн чиг баримжааг хэрхэн төсөөлж, төлөвлөлцдөг вэ?

-УИХ, Засгийн газрын гишүүний хувьд улс орны хөгжлийн бодлого төлөвлөгөөний гадна байх аргагүй. Санаа оноогоо илэрхийлж бодлого шийдвэрт тусгуулж ажиллаж байна. Энэ бол хамтын шийдвэр байдаг. Улс орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй, хувийн элдэв сонирхлоо төр засгийн шийдвэрт хавчуулдаггүй, хийж бүтээхийн хүсэл эрмэлзэл дүүрэн удирдагчтай учир ганц би бус, бусад сайд маань ч урам зориг дүүрэн, итгэл төгс ажилладаг. 

20 жил ярьж 200 сая ам.доллар зараад үр дүнд хүрээгүй утаа, агаарын бохирдлыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 50 хувь бууруулчихлаа шүү дээ. Сайжруулсан түлшний үйлдвэрийг хоёр жил хүрэхгүй хугацаанд байгуулсан. Ирэх өвөл утааг 80 хувь бууруулж, зөвхөн сайжруулсан түлшний хэрэглээгээр бус, орон сууцжуулах замаар энэ зорилтдоо хүрэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ мэт улс орны хөгжил дэвшлийн үндэс суурь болсон томоохон бүтээн байгуулалтыг Засгийн газар амжилттай эхлээд явж байна. Тийм болохоор улс орныхоо ирээдүйг эргэлзээгүй өөдрөгөөр төсөөлдөг.

-Таны амьдралд тохиосон эмэгтэй хүнтэй холбоотой хамгийн мартагдашгүй дурсамж юу вэ?

-ОХУ-д таван жил их сургуульд онц суралцаж, Д.Сүхбаатарын нэрэмжит цалин авч, ээжийгээ урьж Донын Ростов хотоор хэд хоног хамт зугаалж, бас Хар далайн эрэг дэх Сочи хотод хамтдаа амарсан үеэ мартдаггүй. Бурханд одсон ижийгээ санахдаа энэ мэтээр хааяа нэг баярлуулж байсан нь яамай даа гэж сэтгэлээ зогоодог. Эмэгтэй хүн гэхээр ээж минь түрүүлж санаанд орж ирдэг маань насан туршид хэвээр үлдэх байх аа.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ