• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    91   |  
0

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: -Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад ямар нийгмийн халамж ирж байгааг хуулиар тодорхойлсон. Одоо эдийн засгийн талаас ямар дэмжлэг үзүүлэхийг бизнес эрхлэгчид чих тавьж байна. 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай 250 хүртэлх ажилтантай  аж ахуйн нэгжүүдэд урмын үг дэмжлэг хэрэггүй. Харин бодитой жилийн нэг хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна.  Гэтэл Засгийн газрын тайлбар байхгүй гэх юм. Мөн малчдад дэмжлэг хэрэгтэй байна. Бидний санал бүсээр ялгаварлахгүй, ижил зарчмаар хандах ёстой. Түүнчлэн ахмадууд хамгийн өндөр эрсдэл үүрч байна. Бид тэтгэврийн зээл гээд ялгавартай хандсан. Нэлээд тэмцэл хийж байж зээл аваагүйгээрээ ухаан муутай, азгүй ахмадуудад үнэт цаас олгохоор болсон. Үүнийг хоёрдугаар улиралд багтааж өгөх үү.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -МАН-ын гишүүд ноолуур кг тутамд 20 мянган төгрөгийн нэмэгдэл өгнө гээд байна. Засгийн газраас кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гээд зарлачихсан шүү дээ. Ноолуур үйлдвэрлэгчдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно гээд шийдчихсэн шүү дээ. Ч.Улаан сайд үнэ тогтоогоод зах зээлийн зарчмаар явж байсан ноолуурын үнийг унагаачихсан. Одоо тэгээд 20 мянган төгрөг өгнө гэж юу яриад байгаа юм бэ. Энэ чинь ноолуурын үнийг нэг мөсөн унагааж, шалан дээр хаячихлаа. Ингэж ард түмнээр тоглож болохгүй. Бид энийг одоо батлах уу. Шинэ коронавирусийн халдварын үед иргэдийг ялгаварлахгүйгээр дэмжих бодлого барих ёстой. Эмч, тариаланч, малчин байна уу ялгаагүй шүү дээ. Ийм улс төр хийхээ боль. Төрийн зохицуулалт хийж болдог, болохгүй зүйл бий. Энэ тогтоолын төслөө татаж ав.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: -УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж тогтоолын төслийг оруулж ирсэн. Засгийн газраас Ч.Улаан сайд ноолуурын үнийг бүсчлэн тогтоож, кг нь 100 мянган төгрөг гэж тогтоосон зэрэг шийдвэр гаргасан. Ч.Улаан сайдын хувьд хорлон сүйтгэх бодлого байгаагүй. Ноолуурын үнийг хамгаалахын тулд төрөөс доод үнийг тогтоож, малчдаа хамгаалах бодлогыг эхлүүлсэн. Гэтэл одоогийн нөхцөл байдалд гаднын хөрөнгө оруулагч байхгүй, зээл авах гэж буй аж ахуйн нэгжүүд шаардлага хангахгүй, урьд нь зээл авсан үйлдвэрүүд зээл авахад хүнд байна. Тиймээс бид эдийн засаг хүндэрсэн энэ үед улс төр хиймээргүй байна. Циклийн хувьд ингэж таарч байна. Цар тахал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байгаа учраас бид бүх мөнгөөрөө ноолуур авч болохгүй байна.Засгийн газраас энэ хугацаанд хуримтлуулсан нөөц бололцоогоо яаж зөв зарцуулах вэ гэдэг дээр төвлөрч ажиллаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Ноолуур бол стратегийн бүтээгдэхүүн. Зөөлөн алт,  нөхөн сэргээгддэг баялаг.  АНУ руу экспортод гаргах асуудлыг хэлэлцэж байгаа. Хоёр ам.тэрбум долларын орлого олно. Үүнийг улстөржүүлж болохгүй.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: -Тогтоолын төсөлд үйлчилгээний болон төрийн захиргааны ажилтан гээд өөрчилчихлөө. Уг нь анхны хувилбараар нь буюу эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагч гэх нь зөв. Цагдаа, онцгой зэрэг байгууллагууд эрүүл мэндийн салбарынхнаас илүү алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг. Гэтэл манай эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал хүнд байна. 4000 орон сууцанд төрийн албан хаагчдыг оруулна гэж байна. Үүний 80 хувьд нь эрүүл мэндийн салбарынхныг хамруулах хэрэгтэй. Бусад салбарынхан өөрсдийн салбарын орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой хэмжээнд хамрагддаг. Эрүүл мэндийн салбарынхны хувьд ийм боломж байдаггүй. Үүнийг УИХ-ын дарга анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Засгийн газраас ипотекийн зээлийн хүүгийн татаас гээд 60 тэрбум баталсан. Үүнээс 34 тэрбумыг нь НОСК-д шилжүүлснээр Монголбанк санхүүжүүлээд энэ хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, түрээслээд өмчлөх хэлбэр. Шинэ зээлийн бүтээгдэхүүн. Одоо ашиглахад бэлэн 4000 мянган орон сууц байгаа, баригдаж байгаа 60 мянган орон сууж байгаа. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь цаад талдаа 100 мянган хүнийг ажлын байраар хангах эдийн засгийн шийдэл.

ХНХ-ын сайд С.Чинзориг: Бид дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихээр зээл олгосон. Гэтэл зээлээ авч чадахгүй хүндрэлтэй нөхцөл үүсжээ. Тэгэхээр одоо орж ирж байгаа арга хэмжээ нь үйлдвэрлэгчээ дэмжинэ гэж ойлгож байна. Энэ бас хэрэгжихгүй байх вий. Цаашид ноолуурыг түүхийгээр нь гаргахгүй бол энэ ажил үр дүн муутай болох байх.  

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн олонх нь тогтоолын төслийг дэмжив. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулган эргэн хуралдаж, “Коронавируст халдварын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ