A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
18
|
|
0
|
17
|
|
0
|
35
|
|
0
|
26
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 70 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 70 | |
|
“Эрдэнэс-Тавантолгой” компаниас 1072 хувьцааны ногдол ашиг тараах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан билээ. Ингэхдээ 1072 хувьцаатай иргэн бүрт 96480 төгрөг олгоно гэж мэдээлсэн. Энэ талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Хувьцааны данс нээлгэсэн иргэн бүрт ногдол ашиг олгох тухай мэдээлэл гараад нэлээд удсан. Өөрөөр хэлбэл, жил бүр л 1072 хувьцааны ногдол ашиг тараах тухай яригддаг. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд хувьцааны данс нээх эрхтэй брокерын компанийг зорьж байсан бол орон нутгийн иргэдийг компанийнхан зорьж, дансжуулсан.
Гэсэн ч өнөөдрийг хүртэл иргэд өөрийн эзэмшлийн хувьцаагаа “амь оруулж”, хувь хүртээгүй байгаа юм. Иргэд хувьцааны ногдол ашгаа хэрхэн авах талаар ямар мэдээлэлтэй байгааг сонирхлоо. Баянзүрх дүүргийн иргэн В.Бадамханд “Хувьцааны ногдол ашгаа хэрхэн авах талаар сайн мэдэхгүй байна. Манайд ногдол ашиг хүртэх найман хүн бий. Үүний зургаа нь 18 нас хүрээгүй хүүхдүүд.
Хүмүүсийн зарим нь “18 нас хүрээгүй хүүхэд ногдол ашиг авахгүй” гэж байгаа бол нөгөө хэсэг нь “авна” гэж хэлэх юм. Данс нээлгээгүй учраас авах эсэхийг нь сайн мэдэхгүй байна.
Надад бол нэг ширхэг ч хувьцаа байхгүй. Засгийн газраас 2016 онд 300 ширхэг хувьцаа худалдаж авахад би үлдсэн хувьцаагаа зарсан. Тухайн үед хувьцааныхаа мөнгийг авахаар банканд очиход миний дансанд 772 мянган төгрөг орчихсон байсан. Гайхаад асуутал “Таны хувьцаа мөнгөн хэлбэрээр дансанд чинь шилжсэн байна” гэж хэлсэн. Ингээд миний 1072 хувьцаа дууссан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, их сургуулийн оюутан биш байхад яагаад хувьцаа маань мөнгө болж орсныг сайн мэдэхгүй. Тухайн үед асуух хүн байгаагүй болохоор мөнгийг нь аваад л өнгөрсөн. Миний мэдэхээр 2016 онд хоёр ч хүний хувьцаа нь мөнгө болоод дансанд нь орчихсон. Манай есөн хүүхдийн зургаа нь 2012 оноос өмнө төрсөн.
Хувьцааны ногдол ашиг тараахтай холбогдуулан “хувьцаа худалдаж авна” гэсэн хуурамч зар олширчээ. Хаалттай компанийн хувьцаа учраас худалдах, худалдан авах боломжгүй.
Харин нэг хүү маань 2012 оны тавдугаар сард төрсөн. 2012 онд төрсөн ч сар заасан учраас авах боломжгүй юм билээ. Дансаа удахгүй нээлгэх төлөвлөгөөтэй байгаа. “Ногдол ашгийг жил бүр тараана” гэдэг болохоор итгэхгүй байсан чинь энэ жил тараах шинжтэй байх шиг байна” гэв. Мөн тэрбээр “Олон хүүхэдтэй айл учраас хувьцааг нь улс худалдаж аваад, мөнгө болгоод өгчихсөн юм байх гэж бодож явдаг” гэсэн юм.
Харин Сүхбаатар дүүргийн иргэн Г.Дорждэрэм гуай “Манай охиныг 2010 онд их сургуулийн оюутан болоход сургалтын төлбөрөөс нь 500 мянган төгрөг хөнгөлсөн. Тэгэхээр одоо 1072 хувьцаанаас 672 нь үлдсэн байх ёстой. Гэтэл 2016 онд 300 ширхэг хувьцааг нь зарах гэтэл худалдах боломжгүй гэсэн.
Зөвхөн 1072 хувьцаатай хүмүүс зарах боломжтой байсан юм билээ. 1072 хувьцааны ногдол ашиг болох 96 мянган төгрөг биш юм аа гэхэд тал нь орох болов уу гэж бодож байгаа. Бидний хувьд ахмад настан гэдэг ангиллаар төрөөс мөнгө авчихсан болохоор хувьцаагүй.
Цагаан сарын үеэр ногдол ашиг тараана гэдэг мэдээлэл гарахад нь охиндоо хувьцааны данс нээлгэх гээд очиход 2014 онд данс нээлгэсэн байна гэсэн. Харин идэвхтэй дансаа холбуул гэхэд нь өмнө нь ашиглаж байсан дансаа өгчихсөн.
Одоо тэрийгээ ашиглахгүй байгаа болохоор дахиад данс нээлгэх хэрэгтэй байх. Идэвхтэй дансаар солиулж болох юм билээ. Тэгэхээр хэдэн төгрөг нь олгогдох байх. Гэхдээ охин хэлэхдээ “Хүмүүс хувьцаа худалдаж авна гэж зар оруулаад байна гэж байсан. Тэгээд зарын эзэнрүү нь чат бичихээр хариу ирдэггүй гэсэн. Зарж болдог бол тэр хэдийг зарчих юмсан гэж боддог” хэмээв.
Иргэдийн ихэнх нь хувьцаагаа зарах сонирхолтой байгаагаа хэлж байв. Учир мэдэх зарим хүн “Хаалттай хувьцаа учраас зарах боломжгүй, нээлттэй болгочихвол зарна” гэсэн юм. Данс нээлгэж амжаагүй иргэдийн тухайд “Ногдол ашиг тараах хугацаанаас өмнө данс нээлгэж амжихгүй бол мөнгө авахгүй” гэсэн бодолтой байгаа аж.
Энэ талаар иргэн Б.Болорцэцэг “Нөхөр маань хөдөө ажилтай учраас тавдугаар сарын 1-нээс өмнө гэртээ ирэхгүй. Тэгэхээр данс нээлгэж амжихгүй, ногдол ашгаа хүртэж чадахгүй бололтой.
Миний хувьд хувьцааны дансаа 2016 онд нээлгэсэн. Одоо ашиглаж байгаа дансаа бүртгүүлсэн учраас асуудалгүй байх. Уг нь интернэтээр данс нээлгэх боломжтой юм билээ. Гэхдээ бас хэрхэн, яаж нээлгэх мэдээлэл учир дутагдалтай байгаа. Тухайлбал, тухайн хүний иргэний үнэмлэх, цахим гарын үсэг хэрэгтэй” гэв. Мөн 2010-2012 онд их сургуульд элсэн орсон оюутнуудын сургалтын төлбөрийн тал хувийг улсаас төлсөн байдаг.
Тэр үед суралцаж байсан оюутнууд хувьцаагүй гэсэн үг. Энэ талаар Д.Билгүүн “Би Их засаг их сургуулийг 2008-2012 онд сурч, төгссөн. Гэхдээ би урилгаар сурдаг байсан учраас төлбөр төлдөггүй оюутан байлаа. Тэр үед улсаас хувьцааны мөнгө олгож, сургалтын төлбөрөөс чөлөөлж байсан.
Хэдийгээр би төлбөр төлдөггүй оюутан байсан ч миний хувьцааг суутгаад авчихсан. Яагаад гэдгийг нь мэдээгүй. Хүүхдүүд хувьцааныхаа мөнгийг сургалтын төлбөр болгох хүсэлтээ өгч байхад би тийм хүсэлт өгөөгүй” гэлээ. Иргэдийн олонх нь “Ногдол ашиг тараахаас өмнө хувьцааны дансаа нээлгэж амжаагүй бол яах вэ. Иргэн бүрт 96480 төгрөг олгох уу” гэж асууж байлаа. Иймд энэ талаар албаны хүнээс дараах тодруулгыг авлаа.
Б.БААТАРЦОГТ: ИРГЭД НЭГЖ ХУВЬЦААГАА 90 ТӨГРӨГӨӨР ҮРЖҮҮЛЭЭД НОГДОЛ АШГАА АВНА
Иргэд хувьцааны ногдол ашгаа хэрхэн авах талаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны мэргэжилтэн Б.Баатарцогтоос тодрууллаа.
-Одоогийн байдлаар хувьцаатай гэдэг бүртгэлээ баталгаажуулж, данс нээлгэсэн хэчнээн иргэн байна вэ?
-УИХ-ын тогтоолын дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн иргэн бүрт 1072 хувьцаа олгохоор заасан. Тодруулбал, хоёр сая 511 мянга орчим иргэн 1072 хувьцаа эзэмшигчээр хамрагдах тооцоо бий.
Цэнхэр, ягаан тасалбар, сүүлийн үеийн бүртгэлийг нийлүүлээд 1.1 сая гаруй хувьцааны дансыг иргэд нээлгэсэн байна. Иргэн та 1072 хувьцаагаа баталгаажуулахын тулд хамгийн түрүүнд брокер дилерийн компанид хандах учиртай. Ингэхдээ өөрийн иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбартайгаа очоод бүртгүүлж, данс нээлгэснээр 1072 хувьцаа иргэн таны нэр дээр баталгаажна.
Иргэд хамгийн идэвхтэй хэрэглэдэг банкны дансаа хувьцааны данстай холбох хэрэгтэй. Тухайлбал, Төрийн банкны дансаа идэвхтэй ашигладаг бол “Би энэ дансаараа хувьцааны мөнгө авна” гэж хэлж бүртгүүлнэ. Тухайн иргэн манайхтай хамтарч ажилладаг 30 гаруй брокерийн компанид данс нээлгээд, түүгээрээ бидэнтэй харьцана. Дан ганц банкны дансаар биш, давхар хувьцааны данстай байж ногдол ашгаа авах ёстойг иргэд ойлгох хэрэгтэй
-Ногдол ашгийг иргэдэд хэзээ олгох вэ?
-Засгийн газрын шийдвэрээр ирэх тавдугаар сарын 1-нээс хойш хувьцааны ногдол ашгийг олгохоор болсон. Үүнээс хойш иргэд ногдол ашгаа хүртэнэ гэж ойлгох хэрэгтэй. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүр хувьцаатай.
Тэдний зарим нь Засгийн газарт хувьцаагаа зарж, сургалтын төлбөр, мөнгөн хэлбэрээр авсан байгаа. Харин дээрх хугацаагаар тасалбар болгосон учраас үүнээс хойш төрсөн хүүхдүүд хувьцаа хүртх боломжгүй.
-Хэрэв тавдугаар сарын 1-нээс өмнө буюу хувьцааны ногдол ашиг тараахаас өмнө иргэд хувьцааны данс нээлгэж амжаагүй тохиолдолд яах вэ. Тухайлбал, гадаадад байгаа, хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэд заасан хугацаанаас өмнө данс нээлгэж амжихгүй байх талтай?
-Иргэд данс нээлгэх гэж яарч, сандрах шаардлагагүй. Хүссэн үедээ дансаа нээлгээд, ногдол ашгаа авах боломжтой.
-Иргэдэд харилцан адилгүй хувьцаа байгаа. Тодруулбал, дөрвөн жилийн өмнө 300 ширхэг хувьцаагаа Засгийн газарт худалдсан иргэн олон бий. Эдгээр иргэн мөн адил 96480 төгрөгийн ногдол авна гэсэн үг үү?
-Үгүй. Жишээлбэл, хувьцаагаа зараад 750 хувьцаатай үлдсэн иргэн нэг ширхэг хувьцаагаа 90 төгрөгөөр үржүүлээд ногдол ашгаа авна. Өөрөөр хэлбэл, 750х90=67500, ийм хэмжээний ногдол ашиг авна гэсэн үг. Зөвхөн 1072 хувьцаа нь бүтнээрээ байгаа иргэд 96480 төгрөг авах юм.
-Ногдол ашгийг иргэдэд сар бүр олгох юм уу?
-Компани ашигтай ажиллаж байж хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг тараана. Ногдол ашгийг жилд нэг удаа тараана. Ингэхдээ компанийн олсон ашгаас хамаарч, иргэдийн гарт очих ногдол ашиг жил бүр өөрчлөгдөх магадлалтай. Энэ жил гэхэд л “Эрдэнэс-Тавантолгой” компани нь 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна.
-Хувьцаа авна, зарна гэсэн зар цахим орчинд их байна. Энэ нь хэр үндэслэлтэй вэ. Иргэд хувьцаагаа зарах боломжтой юу?
-Хаалттай компанийн хаалттай хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулж дамлаж зарна гэсэн ойлголт байхгүй. Бүх хувьцааны бүртгэл Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд байдаг. Ийм учраас иргэнээс иргэний хооронд дамжуулдаг, үүнийг худалдаж авдаг компани ч гэж байхгүй.
Зарим хүн цахим орчинд мэдээлэл дутмаг иргэдийг хууран мэхэлж, өөрсдийнхөө хандалтыг нэмэхийн тулд ийм зүйл зохион байгуулдаг. Бид энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газарт өргөдөл, гомдол өгсөн.
Шалгалтаар, 4-5 хүн хуурамч зар байршуулсан хэргээр баригдсан. Үүний хоёр нь бага насны хүүхэд байсан. Тэд цахим орчинд групп, фэйж хуудас хөгжүүлдэг юм билээ. Тэгээд л хуурамч зар тавьж, иргэдийн хандалт авч, фэйж хуудасныхаа дагагчийн тоог нэмэх зорилготой байсан.
Хувьцааны ногдол ашиг тараахтай холбогдуулан “хувьцаа худалдаж авна” гэсэн хуурамч зар олширчээ. Хаалттай компанийн хувьцаа учраас худалдах, худалдан авах боломжгүйг албаныхан санууллаа.
Иргэд хувьцааны данс нээлгэж амжаагүй, ногдол ашгаас хоцрох вий гэж сандрах хэрэггүй байх нь. Мөн өөрт байгаа хувьцаагаа 90 төгрөгөөр үржүүлээд хэдэн төгрөгийн ногдол ашиг авахаа мэдэх боломжтой аж. Жил бүр яригддаг хувьцааны ногдол ашгаа энэ жил ямартай ч хувьцаа эзэмшигчид хүртэх нь ээ. Мөн өөрт хэдэн ширхэг хувьцаагаа байгаагаа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны сайтаар нэвтэрч мэдэж болох аж.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
18
|
|
0
|
17
|
|
0
|
35
|
|
0
|
26
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|