• Lead the way ...
         
21
2024
Nov
Н.Энхбаатар
#АМЖИЛТЫН КОД
Их завтай байна гэдэг төлөвлөлтгүйн шинж
Сэтгүүлч
Г.ОДГАРАВ
Зурагчин
Э.ЛИГДЭН
МИНИЙ АЖИЛ

Н.ЭНХБААТАР:

Боловсрол:

  • 2014 онд ШУТИС-ийн Нефтийн инженерийн анги төгссөн
  • 2012-2014 онд Сингапурын “Service excellence”-төслийн сургалт
  • 2016- 2018 онд Филиппин улсын Pines international academy

Ажил: 

  • 2008-2012 онд Мобиком ХХК Борлуулалт хариуцсан менежер
  • 2012-2014 онд НИК ХХК VIP хариуцсан менежер
  • 2014-оноос Greative business group ХХК гүйцэтгэх захирал
  • “Эртэч Монгол” төсөл хөтөлбөрийн санаачлагч, JCI “Leader” салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давлагаа” төслийн удирдагч.

МИНИЙ АМЖИЛТ

Бусдын төлөө юу хийж чадахаа тодорхойлж, зүтгэхийг хэлнэ

Амжилт бол өөрийгөө таньж мэдэх. Дуртай зүйлээ олох. Юуг хайрлаж, юунд гутардаг, энэ амьдралд яах гэж ирснээ хайж олох. Олсныхоо дараа бусдын төлөө юуг зориулж чадахаа тодорхойлж, хийхийг хэлнэ. Маш энгийн зүйлийг л амжилт гэж ойлгодог. Амжилт бол цаг барих, хэлсэндээ хүрэх, байгаагаараа байх. Түүнээс биш баг өмсөөд гаднаа лаг хүн болж харагдаад, цаанаа шалихгүй байна гэдэг хоосон. Тиймээс залуустаа уриалахад, өөрийн мөн чанартайгаа, үнэнтэй ойр байж чадвал бусдад хүлээн зөвшөөрөгдөх эхний алхмаа хийлээ гэсэн үг.

МИНИЙ ХЭВ МАЯГ

Энгийн

Би маш энгийн амьдрахыг хичээдэг. Хамгийн гол нь өнгөрч буй мөч бүрийг аз жаргалтай дурсамж болгон үлдээх хэрэгтэй. Учир нь амьдрал богинохон.

БИ ХЭН БЭ?

МИНИЙ КОД

Хүмүүст таалагдахаас илүү өөртөө үнэнч бай

Намайг Тогоочий овогтой Найдангийн  Энхбаатар гэдэг. Тогоочий гэж маш мундаг баатар хүн байсан. “Алтан товч” ном дээр гардаг XVI зуунд Смиль тайжийг төр хутгаад явж байхад эргээд төрийг нэгтгэсэн баатар юм байна лээ. Ийм сайхан удмаараа бахархаж явдаг. Аав минь намайг бага байхад нас барсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл надтай хамт яваа гэдэгт итгэдэг. Ээж минь намайг маш сайн хүмүүжүүлсэн. Хүмүүст таалагдахаас илүү өөртөө үнэнч байхыг сургасаар ирсэн. Би ээжийнхээ замаар явж, өнөөдрийг хүртэл архи, тамхи ер хэрэглэдэггүй. Тэд маань намайг зөв хүн болгож хүмүүжүүлсэн. Гэсэн ч намайг хэзээ ч аливаа зүйлээс хорьж байгаагүй. Хүссэнийг минь л хийлгэсэн. Маш зарчимтай хүн болгосон. Амжилтын код гэвэл яах аргагүй миний эцэг эхийн хүмүүжил.

МИНИЙ ИТГЭЛ

Боломжтой гэж бодвол бүх зүйл боломжтой

Сорилтонд орж сурах хэрэгтэй юм байна лээ. Сорилт гэхээр дандаа сайн сайхан зүйл байх албагүй. Сэтгэл гутрал орох, өвчин зовлон тусах, бүдрээд босож ирэх, мөнгөтэйгөөс хоосрох... аль алиныг нь үзэх хэрэгтэй. Жаргал, зовлонгийн алинд ч өөрийгөө таньсан тэр мэдрэмжээс өөртөө итгэх итгэл бий болдог. Амьдралд энэ олон шалгуурыг давж өөрийнхөө сайн мууг танин мэдээд итгэлээ олох нь чухал. Миний ээж намайг их өөртөө итгэлтэй болгосон. Миний хүссэнийг дэмждэг байсан. Хэнри Форд хэлсэн байдаг. "Боломжтой гэж бодвол бүх зүйл боломжтой. Боломжгүй гэж харвал бүх зүйл боломжгүй." Анхныхаа ном, төсөл хөтөлбөрүүдээ өөртөө итгэх итгэлийн дүнд бий болгосон. Өөртөө итгэлтэй байхын тулд бодол зөв байх ёстой. Дараа нь үгээрээ илэрхийлж чаддаг байх ёстой. Тэр нь үйлдэл болсон байх ёстой. Зөв бодож, гоё ярьдаг ч ам ажил нь зөрдөг бол  хоосон яригч. Харин үүнийг биеэрээ илэрхийлж, дадал болгосон хүн өөртөө итгэх итгэлийг олно. 

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

Эрт босно гэдэг ихийг амжуулахын нэр

“Эртэч Монгол” бол цагийн менежментийн зөв дадлыг хүмүүст олгох зорилготой. Миний хувьд өглөө болгон 04.30-05.00 цагт босдог. Эрт босно гэдэг ихийг амжуулахын нэр. Эрт дээр үед монголчууд бар цагт босохгүй бол өдрийн явдал хожимдоно, бага цагт эрдэм сурахгүй бол насны явдал хожимдоно хэмээн сургасаар иржээ. Бар цаг нь 05.30-07.30 хүртэлх цагийг хэлнэ. Би 04.00 цагт бослоо. Цайгаа уучихлаа. Төлөвлөгөөгөө гаргалаа. 05.00 цагт гэрээсээ гарч, 06.00-08.00 цаг хүртэл ажил дээр сургалтаа хийгээд 09.00 цагт хүртэл фитнесст явж болно. Та 06.00-11.00 цаг хүртэл идэвхтэй байхад ихэнх ажлаа амжуулах боломжтой. Гэтэл хүмүүс өглөө 08.00 цагт босоод ажилруугаа санд мэнд очдог. Д.Болор захирал маань 09.00 цаг бол “хуруудах цаг” биш гэж үргэлж хэлдэг байлаа. Тиймээс бид 08.30 цагт ажил дээрээ ирдэг байсан. Герман яагаад цагийн менежментээр шилдэг болсон бэ гэхээр “Төлөвлөсөн цагаасаа 30 минутын өмнө ирвэл хоцордог” гэх зарчмыг бий болгосонтой холбоотой. Тэгэхээр өглөө эрт боссоноор бид амьдралдаа бүхэл бүтэн зургаан цагийг бэлэглэнэ гэсэн үг. Мэдээж эрт босохоор орой эрт унтана. 

Share
 
 
 
 
МИНИЙ ТӨЛӨВЛӨЛТ

Хүсэл, зорилго, үнэт зүйл гурваа ялгаж ойлгосон хүн ажилтанд хүрдэг

Хүсэл, зорилго, үнэт зүйл гурваа ялгаж ойлгосон хүн ажилтанд хүрдэг. Хүсэл бол хүнийг амар тайван байлгадаг зүйл. Идмээр байвал идээд, унтмаар байвал унтдаг. Харин зорилго дандаа цаг хугацаа, төлөвлөгөөтэй. Та өөрийгөө зорилготой гэж бодвол цаг хугацаатай байх ёстой. Төлөвлөгөөг ойрын, дундын, алсын гэх мэт гурван хэсэгт хуваах хэрэгтэй. Ойрын зорилгыг долоон хоногоор, өдөр тутмаар гаргах ёстой. Миний хувьд өмнө нь төлөвлөгөөгөө цаасан дээр бичдэг байсан бол одоо утсан дээрээ тэмдэглэдэг болсон. Төлөвлөнө гэдэг зорилгоо цаг хугацаатай болгохыг л хэлж байгаа юм. Эргээд харахад хугацаандаа ажлаа хийсэн байхыг хэлнэ. Ихэнх хүн бичиж тэмдэглэлгүй бодоод л явдаг. Тэр нь зорилго биш хүсэлтэйгээ илүү ойртож байна гэсэн үг. Зорилго нь хэмжигдэхүйц, хугацаатай, бодитой, хүрч болохуйц байх ёстой. Хүн юу хийхээ мэдэхгүй байна гэдэг маш харамсалтай. Төлөвлөгөөг жил, 5 жилээр гаргах нь ирээдүйд хэн гэдгээ тодорхойлох, хэзээ юу хийхээ мэдэх, сул цаг гаргахгүй байх нөхцөл болдог. Чи их завтай, “эморч” байна гэдэг бол төлөвлөгөөгүйн шинж юм.

МИНИЙ АЛДАА

Зүрхшээж суухаар оролдлого хийгээд алд!

Би алдаандаа их хайртай. Учир нь би их алдаж бичдэг л дээ. Тэгээд өөрийгөө гололгүй анхныхаа номоо гаргахаар захирал дээрээ тэтгэлэг хүсээд оров оо. Тэгсэн “Чи компанийн “Эвсэг” групп дээр шүлэг бичдэг, эерэг хандлагыг сурталчилдаг залуу байна ш дээ. Би чамайг үг үсгийн алдаагаар чинь мэднэ. Хүмүүст урам зориг өгсөн их сайхан зүйл бичих юм. Даанч дэндүү алдаатай бичих юм даа” гэж боддог байсан гэлээ. Захирлаасаа би мундаг удирдагч хүмүүс бусдыг алдаан дээрээс нь түлхдэггүй, харин ч усалж, тордож, хамтдаа хөгждөгийг ойлгож авсан. Захирлууд маань тэр үед чи таван үгийн хоёрыг нь алддаг байж ном гаргах гэлээ гэж зэмлээгүй. Харин “Алдаагаа засаарай” гээд номонд минь 3 сая төгрөгийн хандив өгч байлаа. Би зүрхшээж суухаар оролдлого хийгээд алдсан нь дээр гэж боддог. Хүн маш олон зүйл мөрөөддөг хэрнээ тэрнийхээ төлөө үйлдэл хийдэггүй. Харин оролдлого хийсэн л бол 80-90 хувь нь заавал бүтдэг. Тиймээс алдаандаа хайртай байгаарай. Алдаа хүнийг уруудуулдаггүй, харин улам хурцалдаг.

МИНИЙ ХЭЛ СУРАХ АРГА БАРИЛ

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө 2-3 цагийг заавал зарцуулаарай

Миний хувьд хэл сурна гэдэг бэрхшээл байсан. Хүн англиар юм асуух вий гэхээс их айна. Мобикомын Д.Болор захирал, “Өгөөж”-ийн Түмээ ах минь надад зөвлөж, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэн гадагшаа хэл сурахаар явсан. Филлипинд 2-3 сар вакум сургалтад суусан. Тэндээс би өөртөө итгэх итгэлтэй болсон. Англи хэл тийм хэцүү биш гэдгийг ойлгосон. Тэр ч бүү хэл би өөрийгөө гололгүйгээр 9 орны 600 гаруй оюутанд англи дээр лекц уншсан. Энд нэг л зүйл хэлмээр байдаг. Манайхан бусдыг алдаа гаргахад шүүмжилдэг. Гэтэл гадныхан харин ч урам зориг өгдөг. Нөгөөтэйгүүр 10 мянган цагийн онол гэж бий. Хүн бүхэн өөрийн хүсэж мөрөөдөж буй зүйлийнхээ талаар 2-6 цаг өдөрт зарцуулбал 5 жилийн дараа амжилт гаргаж эхэлдэг. Жишээ нь хэл сурах гэж байгаа бол ажлын дараах 1-2 цагийг сурсан болоод өнгөрөх биш хүсэл мөрөөдлийнхөө төлөө өдөрт 2-3 цагийг заавал зарцуулаарай.

НАМАЙГ ӨӨРЧИЛСӨН НОМ

“Буддын философи”

Уншсан ном их ээ. Харин хамгийн сэтгэлд үлдсэн нь “Буддын философи” гэдэг шар хавтастай номыг онцолмоор санагдлаа. Би спортоор хичээллэдэг байлаа. Тэгээд гэмтэл авч жил гаруй эмнэлгийн орон дээр хөл мэдээгүй болоод хэвтсэн юм. Тэр үед энэ номыг уншсан. Би тийм ч шашинлаг хүн биш л дээ. Гэсэн ч энэ ном доторх “Би гэдэг үзлийг бид болгоход хүн хөгждөг” гэсэн ганц л өгүүлбэр сэтгэлд тод үлдсэн. Энэ үгийг уншаад хөл дээрээ заавал босоод 300 мянган хүнд заавал лекц уншина даа гэж бодсон. Гэтэл одоо багийнхаа хүчинд хөл дээрээ ч босч, 2 дахин их хүнд лекц уншчихсан байна. Би ганцаараа байсан бол чадахгүй байсан, харин бид бүгдээрээ зүтгэсэн учраас чадсан. 

МИНИЙ ХҮСЛИЙН ЖАГСААЛТ

  1. Олон улсад хичээл заах
  2. Нэг ч гэсэн хүний амьдралыг өөрчлөх
  3. Алхаж бүтээсэн амьдрал, Эртэч Монголын хүрээнд нэртэй ном гаргах
  4. Эерэг хандлагыг түгээх кино хийх юмсан гэж хичээдэг.