A |
A |
A |
A |
A |
Мэргэжил:
Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлага
Сургууль:
Одоо эрхэлж буй ажил:
“Улаанбаатар” зочид буудлын ерөнхий менежер, "Балдорж сан"-гийн тэргүүн, www.unuudur.mn Ерөнхий эрхлэгч, Монголньюс медиагруппын дэд захирал
Амьдралдаа хувьсал хийж чадвал тэр нь амжилт
Би өөрийгөө амжилтад хүрсэн гэж ерөөсөө боддоггүй. Өмнө нь зорьсондоо хүрчихвэл тэр нь амжилт гэж боддог байсан бол сүүлийн үед хүссэн хязгаартаа хүрэхээс илүүтэй туулах замнал нь чухал гэж бодох болсон. Учир нь хэзээ ч хүний хүсэл барагдахгүй, зорьсондоо хүрсэн ч тэр нь ямагт хангалтгүй байдаг. Миний хувьд өдөр тутам, хүнд хэрэгтэй, өөрийн гэсэн зорилготой, чиглэлтэй амьдарна гэдэг амжилт.
Мишель Обамагийн “Becoming” номонд, бид сургуулиа төгсчих юм бол, ажилд орчих юм бол, цалинтай болчих юм бол аз жаргалтай болно гэж боддог. Гэтэл энэ нь эндүүрэл юм. Хүн байнга хувьсаж байдаг, үргэлж өөрчлөгдөж байдаг, тэр хувьсал нь амжилт юм гэх санаа нь их таалагдсан. Тэр философи руу шилжих гэж хичээж л явна.
“Огторгуйн жигүүртэн хүртэл хамартаа дөртэй, чи даруу бай”
Би ээж, ааваасаа л “бий болсон”. Тэдний минь амьдралыг үзэх үзэл нь ижил ч зан аашийн хувь эрс тэс байсан. Ээж минь үргэлж огторгуйн жигүүртэн хүртэл хамартаа дөртэй, чи даруу бай гэдэг бол аав “Муу амьд явахаар сайн үх. Үзээд алдах хэрэгтэй” гэж үргэлж хурцална. Хайртай хүмүүсийнхээ энэ үзлийг би хослуулж явахыг маш их хичээдэг. Хүнийг тэвчээртэй сонсож сурах, бусадтай мэндлэх бол суурь хүмүүжлийн асуудал. Даруулгатай ч сагаж болохгүй. Гэхдээ өөрийн зөв гэж бодсон зүйлдээ бат зогсох ёстой. Миний хувьд аавтайгаа адилхан зан ааштай. Амархан уурлаж, амархан гомддог, амархан уучилдаг. Хүмүүс намайг бага зэргийн хурц араншинтай гэж хэлдэг. Харин ээж минь сүүлийн 10 жил намайг зөөллөж, “дарж” байгаа.
Гоё ганган хувцас, магтаал бол түр зуур л итгэл өгдөг
Манай ээж хүүхдүүдээ их дэг журамтай, барих хандлагатай хүн. Харин би “Бүсгүйн код” номыг уншаад ээжтэйгээ нэгэн сэдвээр ярилцсан. Ээж ээ, хүн өөртөө итгэх итгэлээ гоё ганган хувцас, тансаг орчин, сайхан магтаалаар бус өөрийн хөдөлмөрөөр бий болгох ёстой юм байна. Харин дээрх хүчин зүйлс бол түр зуур л хүнд итгэлийг өгч, амьдралд тохиолдох даваа нугачаанд бүдрэх хэврэг байдгийг энэ номоос ойлголоо гэж хэлсэн. Тэгэхээр хэн ч чамаас булааж чадахгүй хүчирхэг байдлаа хүн өөрийн хөдөлмөрөөр л бий болгох юм билээ.
Миний ээж
Миний ментор бол миний ээж. Мэдээж надад сэтгүүлзүй, бизнес гэх мэт салбар бүрийн маш олон ментор бий. Харин ээж минь төрөхөөс өдий хүртэл хажууд минь намайг бие сэтгэлийн хувьд дасгалжуулсаар ирсэн. Тэрбээр төдийлөн олны өмнө ил байдаггүй ч хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарт ааваас минь дутахааргүй хүчирхэг манлайлагч. Тэр утгаараа үргэлж надад тусалж, алдаа гаргах боломжийг олгодог.
Тэрбээр алдаа гаргахад хэзээ ч зэмлэдэггүй. Дараа нь битгий алдаарай гэж сануулдаг. Түүнээс гадна “Миний охин мундаг, сайн” гэх чихэр шиг үгийг хэзээ ч хэлдэггүй. Ер нь хаттай байхыг сургадаг даа.
Тухайн өдрийн ажлуудаа заавал дэвтэртээ жагсаан бичдэг
Монголд цагийн менежмент хийх их хэцүү. Би цаг барилаа ч уулзах хүн маань хоцордог. Энэ нь замын хөдөлгөөний ачаалалтай холбоотой байх ч урьдчилан бэлтгэлтэй байх ёстой. Түүнээс гадна би ажил болгон дээрээ тусдаа дэвтэр хөтөлдөг. Бичиж, тэмдэглэж байж ой тойндоо хоногшуулдаг. Би өдөр бүр ажлуудаа жагсаан бичээд, ажил дууссаны дараа хийснээ тэмдэглээд явдаг.
Төлөвлөгөө цаасан дээр буулгаж байж л биеллээ олдог
Төлөвлөгөөг цаасан дээр буулгаж байж л биеллээ олдог. Би хийх ажил болгон дээрээ цаг тавьдаг. Гаргасан төлөвлөгөөгөө нүдэнд ил, харагдах газар наадаг. Оффистоо самбарууд байрлуулж тэндээ ажлаа жагсаадаг. Харин эцэслэсэн ажлаа самбараасаа арилгахад өөртөө итгэх итгэл, үнэлэмж өсдөг. Би дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө долоо хоногоор гаргадаг. Өдрийнхөө төлөвлөгөөг өмнөх өдөр нь бичнэ. Хамгийн “томоо” 2025 он хүртэл төлөвлөсөн. Хүссэндээ хүрнээ л гэчихсэн байгаа.
Сэтгэлзүйн хувьд хэврэг байвал чи энэ амьдралд амжилтад хүрэхгүй
Миний хувьд алдаа гаргахаас айдаг байсан. Алдсаны дараах мэдрэмжээсээ салж чадахгүй гутардаг байсан. Харин нэг номоос “Амьдралд хэврэг бус хаттай байх хэрэгтэй” гэсэн санааг уншсан. Сэтгэлзүйн хувьд хэврэг байвал чи энэ амьдралд амжилтад хүрнэ гэдэг амаргүй гэсэн байв. Үүний дараа “Би алдаа болгоноос маш ихийг ухаарч авчээ” гэж бодсон. Эргээд таван жилийн өмнөх өөрийгөө харахаар хувь хүнийхээ хувьд өсөлттэй байсан, өсөлт болгон уналт, алдааны цаанаас бий болсон юм шиг санагдсан. Хэцүү байх тусмаа хүн улам хатууждаг юм билээ. Хүнд бэрхээс шүдээ зууж босохоор хүн богино хугацаанд хувь хүн талаасаа өсдөг юм болов уу гэж анзаарсан. Тодорхой хэмжээгээр хүн хор шартай байх ёстой. Тэгж гэмээнэ өсөж дэвжинэ.
Кино үз, мэдээллийг гадаад хэлээр ав
Би англи, орос хэлтэй. Намайг дөрөвдүгээр анги хүртэл орос сургуульд явуулсан. Дараа нь англи хэл сурсан. Хятад, Франц хэл ойлгох ч сайн ярьж чадахгүй. Хэл сурах арга барилын тухайд гэвэл дүрэм үзэх нь үр дүнгүй юм шиг санагддаг. Түүний оронд англи хэлээр телевиз үзэх, хөгжим сонсвол өгөөжтэй. Би орос сургуулиас шилжихэд англи хэл мэддэггүй байсан. Тэгээд “Friends” киног зогсоо зайгүй үзсэн. Сүүлдээ уг киноны гол дүрүүдийн хэв маягаар ярьдаг болчихсон байлаа. Тэгэхээр зовж бус сонирхолтой, хөнгөн арга барилаар сурвал илүү үр дүнтэй гэж боддог. Би дөрөвдүгээр ангиас орос хэлээ үзээгүй ч мэдээллийг үргэлж тухайн хэлээр авдаг байсан. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл марталгүй өдөр тутмын хэрэглээгээ болгосон. Хятад хэлийг бол Тайваны “F4” киног үзэж сурсан. Нөгөө талаас залуучууд гадаад хэлээс гадна эх хэлээ сайн сурах ёстой гэж боддог. Яагаад гэвэл хүн төрөлх хэлээрээ алдаагүй, зөв ярьж бичиж чаддаг байх зайлшгүй шаардлагатай.
“A Thousand Splendid Suns”
Афганистанд амьдардаг эмэгтэйчүүдийн амьдралын талаар өгүүлсэн “A Thousand Splendid Suns” https://en.wikipedia.org/wiki/A_Thousand_Splendid_Suns номыг хэлнэ. Би ер нь орон орны эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан ном унших дуртай. Тэндээс амьдарч байгаа орчноосоо тэлж, бөмбөрцгийн амьдралтай танилцахын сацуу дайн дажингүй, эрх чөлөөт, тайван улсад сайхан гэр бүлд төрсөндөө талархах сэтгэгдэл төрдөг. Бидний сонирхол америк, хятад, орос улсаар хязгаарлагддаг. Гэтэл ази болон арабын бусад улсын амьдралыг уншихаар хүмүүс бидний төсөөлснөөс өөрөөр амьдардаг юм байна гэх бодол, амьдралыг харах өнцөг өөрчлөгдөнө. Би дунд сургуульд байхдаа уншсан учраас миний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн.
СЭТГЭГДЛҮҮД
|