• Lead the way ...
         
21
2024
Nov
Б.Тамир
#АМЖИЛТЫН КОД
"Мэдээллийн технологи бүхий л салбарын дэд бүтэц болтлоо хөгжиж байна."
Сэтгүүлч
Ц.Мөнхжин
МИНИЙ АЖИЛ

Боловсрол:

  • БНТУ- Фатих их сургууль - Магистр /2013-2014/
  • МУИС-ГХСС - Баклавр /2006-2010/
  • Монгол-Туркын хамтарсан сургууль - /2003-2006/
  • БЗД-ийн 97-р дунд сургууль -  /1995-2003/

Эрхэлсэн ажил:

  • “Си нэт ХХК” - Гүйцэтгэх захирал /2019.-/
  • “Айтүүлс ХК” - Гүйцэтгэх захирал /2018 -/
  • “Эмпасофт ХХК”- Сургалт хариуцсан менежер /2016- 2018/
  • “Гааль-Татварын ерөнхий газрын МТТ-УТҮГ” - Мэргэжилтэн /2016-2016.06/
  • “ТЕГ-НӨАТУС” хөгжүүлэх төслийн нэгж - Ерөнхий санхүүч
  • “ТЕГ-НӨАТУС” хөгжүүлэх төслийн нэгж - Судалгааны ажилтан /2014.10/
  • “УБ-Элит” Олон улсын дунд сургууль - Нягтлан бодогч /2014/
  • “Саман-Ёлу” ХХК - Захирлын туслах /2010-2012/

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ МИНИЙ БОДОЛ

Хүн боловсролыг хаана ч, хэзээ ч эзэмшсэн байж болно. Эцэг эх, гэр бүлийн орчноосоо, сургуулиасаа,  интернетээс гэх мэт.  Боловсрол бол маш өргөн ойлголт учраас мэдлэг, боловсрол бүр өөр хоорондоо ялгаатай гэж боддог.  Энэ бүх ялгаатай боловсролын нийлэмж нь эцсийн дүндээ хүнийг ёс суртахуунтай, оюунлаг, хүнлэг энэрэнгүй, бие даан суралцаж, ажиллаж, амьдрах чадвартай нэгэн болгож төлөвшүүлдэг байх.

Тэгэхээр их дээд сургууль төгссөн, амжилттай карьер хийж яваа хүн бүрийг боловсролтой хүн гэвэл өрөөсгөл тодорхойлолт болно. 

Юу хүсэж, мөрөөдөж, хаашаа тэмүүлж  байгаагаа мэддэг, алсын хараатай, хайрлаж энэрч чаддаг, ёс зүйн хэм хэмжээг сахидаг хүнийг би боловсролтой хүн гэж дүгнэдэг.

МИНИЙ АТГАСАН БОЛОМЖ

2014 онд бидний сайн мэдэх, өнөөдөр ч өдөр тутамдаа ашиглаж байгаа и-баримт буюу “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем”-ийн төслийн нэгжид санхүүгийн судалгаа, шинжилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн нь миний атгасан хамгийн том боломжуудын нэг байсан. Энэ төсөл миний хувьд мэдээллийн технологийн салбарт дурлах шалтгаан болж, ажиллах урам зоригийг өгөөд зогсохгүй, олон ч боломжуудын үүдийг  нээх түлхүүр нь болсон.

БИ ХЭН БЭ?

МИНИЙ МЕНТОР

“Ай си ти групп”-ийн үүсгэн байгуулагчид болох Г.Лхамсүрэн болон А.Баттамир захирлуудыг нэрлэмээр байна. Би чиний ментор гэж хэн нь ч хэлж байгаагүй. Гэхдээ энэ хүмүүсийн үг үйлдэл, мэдлэг чадвар, туршлага, хандлагаас нь алхам тутамдаа суралцаж явна. Монгол залуус алсын хараа, зорилго, хүсэл мөрөөдлөөрөө нэгдэж, хамтарч чаддагийг, хамтарвал амжилтад хүрч болдгийг манлайллаараа харуулж яваа гэж боддог. Тэднээс суралцууштай олон зан чанар бий. Менторуудаасаа аливаад ул суурьтай хандах, юмыг олон талаас нь бодож дүгнэлт гаргах буюу аливааг том зургаар харж чаддаг, стратегич нэгэн байх зэрэг маш их зүйл суралцсаар байна.

МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ

Гадаадын хөрөнгө оруулалттай компанид захирлын туслах, дараа нь  нягтлан бодогчиор ажиллаж байгаад ажил, амьдрал, ер нь л бүх зүйл нэгэн хэвийн тойрогт орчихсон юм шиг мэдрэмж төрөөд байсан учраас гэнэт өөрийгөө огт өөр салбарт сорих, гадагшаа явж суралцах шийдвэр гаргаж Улс төрийн удирдлага-Нийгмийн бодлого зохицуулалт гэх хөтөлбөрөөр Турк улсад магистрт суралцахаар явсан минь миний амьдралын эргэлтийн цэг байсан юм болов уу. Тухайн үед нэг ойтой хүүхдээ дагуулаад харь оронд, тэтгэлэггүйгээр гэр бүлээрээ амьдарч, суралцах чамгүй хүнд сорилт байсан ч хэрэв ийм эрс шийдвэр гаргаж зориглоогүй бол захирлын туслахын ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх байсан ч юм билүү хэлж мэдэхгүй байна. Одоо бодоход зоригтой, зөв шийдвэр гаргаж гэж боддог. Турк Улсад суралцаж мэдлэг, боловсрол, ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ, гадаад орны соёл, амьдралын хэв маягтай танилцаж, олон найз, нөхөдтэй болсноор аливааг харах өнцөг чамгүй тэлж Монголчууд бид хаана байна, хаашаа тэмүүлэх ёстойг анзаарч эхэлсэн.

МИНИЙ ХАЙРТАЙ КОНТЕНТ

“Амьдралын хүрд” гэж киног хүүхэд байхдаа анх үзээд маш их урам зориг, өөртөө итгэх итгэлийг авч байсан юм. Өнөөдрийг хүртэл хайртай контент минь хэвээрээ л байна. Үзэх тоолондоо урам зориг авдаг.  Зурагт хаяа үздэг ч хэрвээ энэ кино гарч байгааг харвал ухрааж байгаад заавал үздэг. Кино 3 ангитай. Анги болгонд нь гол дүрийн эмэгтэйн тэвчээртэй, шантаршгүй, дайчин байдал, өрөвч нинжин, сэтгэлийг маш сайхнаар харуулдаг.  Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд, хүүхдээ эсэн мэнд байлгахын тулд асар их тэвчиж, тэмцэж буйг харуулдаг.  Тэр бүсгүйн зоримог шийдвэр, дайчин зан чанар, үйл хөдлөл санаанаас огт гардаггүй юм.

Хайртай, унших дуртай олон ном бий. Сүүлийн үед “Монголын нууц товчоо”-г ширээний ном болгосон.  

МИНИЙ МАНЛАЙЛАХ ХЭВ МАЯГ

Миний удирдах арга барил бол хамт олондоо “бид аль уулын оргил руу ямар хүмүүстэй, ямар замаар, ямар нөөцтэйгээр, хэзээ, хэрхэн, яагаад хүрэх гэж буйгаа” маш сайн ойлгуулж чаддаг буюу  багийн гишүүн бүрийн амьдарлын, өөр хоорондоо ялгаатай хүсэл, зорилго, үнэт зүйлсийг нэгтгэхэд маш их анхаарч ажилладаг. Ингэснээр үл ойлголцол, тодорхойгүй байдал арилж хамтын зүтгэл, хүсэл тэмүүллээр гар гараасаа хөтлөөд оргил өөд зоригтойгоор тэмүүлж чаддаг.

Шинэ ажилтнуудын хувьд хэсэгтээ юу хийхээ, хэрхэхээ мэдэхгүй байх эсвэл өдөр шөнөгүй хичээх зэргээс үүдэн айдас, тав тухгүй байдалд орох нь бий. Миний хувьд шинэ ажилтнуудтайгаа маш сайн ярилцаж, тэднийг сонсож, хамт олны соёлд дасан зохицоход нь тусалдаг. Ажилтан бол аливаа байгууллагын үнэт зүйл, хамгийн том капитал шүү дээ. Тиймдээ ч байгууллагын зорилго, алсын хараа болон ажилтан тус бүрийн ялгаатай хүлээлт, хэрэгцээ, зорилгын уялдаа холбоог хангахыг чухалчилдаг. Сүүлийн үед хүний нөөцийн салбарт удирдлага болон ажилтны “engagement” гэдэг ойлголт чухалд тооцогдох болсон. Утгачилбал ажилтантайгаа “бат бөх сүй тавих”-ыг эрхэм болгож, нэгэнт ийм ажилтныг бий болгож чадсан бол түүнийгээ тордохыг хэлдэг.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ТА БИДНИЙ АМЬДРАЛД

Цар тахлын дэгдэлт мэдээллийн технологийн хөгжлийг эрчтэйгээр түргэсгэж, 2030 онд хүрэх байсан хөгжлийн түвшинд хоёрхон жилийн дотор авчирлаа.

Технологи бүхий л салбарын дэд бүтэц болтлоо өргөжиж, Монгол Улсын хувьд төрийн бодлогоос түрүүлж алхаж байна.  

Тухайлбал, эмч хүн өдөрт хамгийн ихдээ 10 хүнд хагалгаа хийж амьдралыг нь өөрчилж чадах бол мэдээллийн технологийн хөгжил өдөрт сая сая хүний цаг хугацаа, зардлыг хэмнэж, ажлыг хөнгөвчилж, бүтээмж, бизнесийн үр ашгийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлж байна. Мэдээллийн технологийн хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд гүн гүнзгий нэвчиж, энэ салбарын хүний нөөцийн эрэлт хурдтай өсөж буйтай холбогдуулан энэ салбарыг сонирхож буй залуусын хувьд маш хурдтай сэтгэж, түрүүлж алхах хурд чухал байна. Нэг зүйлийг залруулахад энэ салбар  зөвхөн математикийн хичээлдээ дуртай эсвэл сайн хүмүүсийн салбар гэж ойлгож, сүрдэх хэрэггүй.  Та хэн ч байсан үнэхээр нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах чин хүсэл эрмэлзэлтэй л бол таны өмнө технологийн салбар бүрэн нээлттэй.

Интернет, технологийн тусламжтайгаар та гэрээсээ хүссэн гадны томоохон компаниуддаа ажиллаж, дэлхийн хэмжээнд үнэлүүлэх боломж бүрдсэн цаг үед бид амьдарч байна.

МИНИЙ КОД

Технологи бидний амьдралын салшгүй хэсэг болж, тэр бүү хэл хүний боддог, тооцоолдог, юмсыг таньдаг чадварыг ч орлож байна. Тиймээс технологиос ялгарах ур чадвараа хөгжүүлэх нь хамгийн чухалд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, хүнийг сонсох, бусадтай ойлголцох, хүндлэх, багаар ажиллах, харилцааны гэх мэт чадвараа үргэлж тордож байх хэрэгтэй.

МИНИЙ АЛСЫН ХАРАА

-Ай Си Ти групп болон Айтүүлс компанийн хувьд Монголдоо  дэлхийн хэмжээнд үнэлэгдэж ажиллах боломжтой гэдгийг харуулахыг зорьж байна. Бид гурваас дөрвөн жилийн дараа гэхэд 400 гаруй залуусаа дэлхийн хэмжээний цалинтай болгоно гэдэгтээ итгэл дүүрэн байдаг.

Бидэнд оюуны хөдөлмөрийнхөө үнэлэмжийг нэмэгдүүлэх олон гаргалгаа бий. Хамгийн энгийн атлаа хамгийн чухал чадвар бол багаар ажиллах буюу хамтарч сурах чадвар юм. Бие биенийхээ алсын хараа зорилгыг сонсож, ойлгож нэгдэж чадах нь чухал. Ганцаараа хурдан явж чадах ч хол явахгүй. Харин нэгдэж чадвал удаан боловч хол явна.  Бидний хувьд хол явах нь чухал учраас аль болох нэг завинд суусан залуусынхаа зоригло, хүсэл мөрөөдлийг нэгтгэн, чадваржуулж, үнэлэмжийг өсгөх стратегийг барьж ажиллаж байна.

-Монгол Улсын иргэн бүр  суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэйн адил иргэн бүрийн дижитал боловсролыг дээшлүүлэх, хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаарх мэдлэг, мэдээллийг тогтмол олгох  зүй ёсны шаардлага тулгараад байна. Тэр ч утгаараа миний дараагийн зорилго бол монгол улс жинхэнэ утгаараа цахим үндэстэн болоход өөрийн хувь нэмрийг оруулах, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлын талаарх боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

МИНИЙ ХҮСЛИЙН ЖАГСААЛТ

-Нэгдүгээрт, хятад хэлээ сэргээж, сайжруулах.

-Хоёрдугаарт, мэдээллийн технологийн салбарын бүхий л хууль дүрэм журмыг дахин уншиж судлах.

-Гуравдугаарт,  Монгол Улсын иргэн бүрд хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлын ач холбогдлыг ойлгуулах.