• Lead the way ...
         
21
2024
Nov
Д.ХОСБАЯР
#АМЖИЛТЫН КОД
Залуу үе нь боловсролтой байж гэмээн улс орон ХҮЧИРХЭГЖИНЭ
Сэтгүүлч
Ц.Мөнхжин
МИНИЙ АЖИЛ

Одоогийн албан тушаал: Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгч

Мэргэжил

-Гадаад хэлний дээд сургууль- Орос, англи хэлний багш

-Бизнесийн удирдлагын магистр

Эрхэлсэн ажил:

1999-2007 он: "Сүхбаатар Тээвэр" ХХК-ийн ерөнхий захирал

2007-2008 он: "Датуком" ХХК-ийн захирал

2008-2012 он: Аймгийн засаг даргын орлогч, ИТХ-ын тэргүүлэгч

2005-2012 он: Сүхбаатар аймгийн АН-ын дэд дарга

2005-2020 он: Аймгийн Волейбол, Хоккейн холбооны тэргүүн

 

МИНИЙ АМЖИЛТЫН КОД

Хариуцлагатай хандаж, чин сэтгэлээ зориулсан ажил болгон амжилт дагуулдаг.

Хэнд ямар мөрөөдөл байна, түүнд тийм л ирээдүй байна гэдэг шүү дээ. Минийхээр амжилт бол өөртөө болон өрөөлд хэлсэндээ хүрэх. Идэр залуу насандаа өөртөө амлаж, хүсэж мөрөөдсөн бүхэндээ гэр бүл, найз нөхөд, хамт олон, иргэдийнхээ дэмжлэгээр хүрчээ.

Тухайлбал, Сүхбаатарчуудыг соён гэгээрүүлэх гэсэн дэврүүн хүслээр BBS телевизийн сувгийг байгуулж байлаа. Одоогоос 15 гаруй жилийн өмнө Баруун-Уртчууд зурагтаар гарах сонирхолгүй байхад “BBS” суваг маань Сүхбаатарчуудын амьдралын хэмнэл, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж чадсан гэж хэлж болно.

Хожим орон нутгийн удирдах албанд ажиллах хугацаандаа хамт олныхоо хүчээр аймгийнхаа хөгжил цэцэглэлтийг цоо шинэ түвшинд хүргэсэн гэж итгэлтэйгээр хэлж чадна. Хот хөдөөгийн ялгааг арилгаж, Баруун-Урт хотоо хүн бүрийн хүсэж мөрөөддөг тийм л хот болгоно гэхэд хоосон амбицалж, бүтэшгүй зүйл мөрөөдөж байна гэж жуумалзан инээх хүнтэй бишгүй л таарч байлаа. 2008 оноос Ардчилсан нам аймагтаа бодлого хэрэгжүүлэх боломж олдож, удирдах албанд 8 жил ажиллах хугацаанд олон үзүүлэлтээр аймаг маань 21 аймгаас 19-20 дугаарт жагсдаг байсан бол эхний 3-руу шилжиж, шилдэг аймгаар 4 удаа шалгарсан.

Хоккей болон Волейболын холбооны тэргүүний хувьд улсын тэмцээнд оролцох бүү хэл зүүн бүсээсээ 20-иод жил шалгараагүй аймгийнхаа багаа улсын тэмцээнүүдэд амжилттай оролцуулах зорилт тавьсан. Үүний хүрээнд бид Волейболын олон улсын мастер Г.Баярсайхан багшийг Сүхбаатар аймагт урьж, гурван жилийн хугацаанд залуусаа чадваржуулсны үндсэнд Сүхбаатарын баг улсын тэмцээнүүдэд удаа дараалан томоохон амжилтыг үзүүлсэн.  

МИНИЙ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

Хүсэж мөрөөдсөн бүхнээ биелүүлж амжаагүй ч маш олон эрсдэлийг сөрж, уйгагүй хөдөлмөрлөж, урагшилснаар "би чадах юм байна" гэсэн итгэлээ олж авсан.

БИ ХЭН БЭ?

НАДАД НӨЛӨӨЛСӨН НОМ

Зохиол болгон ертөнцийн хаа нэгтээ өрнөж буй үйл явдлаар дамжуулан амьдралыг, аливаа асуудлыг олон талаас нь харж, эргэцүүлэхэд хүргэдэг. Тэр ч утгаараа олон зүйл бодогдуулсан зохиол гэвэл Нобелийн шагналт зохиолч М.Шолоховын 1928 онд 23-хан настайдаа бичсэн "Дөлгөөн Дон" ромын нэрлэнэ. Хэдий Орос оронд өрнөж буй иргэний дайныг өгүүлдэг боловч хүн гэгч хэн сэн, амьдрал гэж юу сан билээ, цөвүүн цагт хүн чанараа хэрхэн авч үлдэх вэ гэх зэрэг асуултад маш гайхалтайгаар хариулсан зохиол гэж үнэлсэн.

МИНИЙ МЕНТОР

Хүүхэд байхад ээж, аав, уншсан зохиолын баатрууд хүнийг төлөвшүүлдэг бол идэр залуу насанд найз нөхөд, ойр дотны хүмүүс, хийж буй ажил нь болж хувирдаг. Сүүлд Эзра Вогэлийн бичсэн XX зууны түүхэнд нэрээ үлдээсэн Хятадын удирдагч Дэн Сяопин-ы намтрыг уншлаа.

Улс үндэстэн, хүн төрөлхтний түүхэн өөрчлөлтийн төлөө зоримог үйл хэргийг бүтээж, удирдагч хүн ямар зарчимтай байх ёстойг үлгэрлэсэн хүн гэж дүгнэлээ. Том мөрөөдлийнхөө төлөө эрч хүчтэйгээр, шантралгүй зүтгэж 150 жилийн турш Хятад үндэстний гүйцэлдүүлж чадаагүй мөрөөдлийг 72 настайдаа сая нэг бодит болгосон энэ эрхмийн түүх надад маш том нөлөөлөл, эрч хүчийг өгсөн.  

МИНИЙ БОЛОМЖ

Боломж таныг сүүдэр мэт дагадаг. Гагцхүү түүнийг олж харах нь чухал.

“Дэлхий дээрх хүмүүсийг би хоёр хуваана. Ном уншдаг болон уншдаггүй” гэж нэг мэргэн хүн хэлсэн байдаг шүү дээ. Маш өндөр түвшинд биш ч гэлээ ном уншдаг төрөлд би өөрийгөө хамааруулна. Эцэг эх маань сэхээтэн хүмүүс тул ном, зохиол маш их уншдаг, манай гэрийн номын сан дүүрэн номтой байсан нь дэлхийн түүх, утга уран зохиолын ертөнцтэй ойр өсөх боломжийг надад олгожээ.    

Их сургуульдаа гадаадын улс орнуудаар аялж сэтгэлгээ нь тэлсэн, олон мундаг багш нараар хичээл заалгасан минь дөнгөж  хорьж гарсан надад аливааг олон талаас нь харж, эргэцүүлэх боломж харьцангуй эрт өгсөн.

Тэгэхээр боломж цаг үргэлж биднийг сүүдэр дагасаар байдаг. Гагцхүү түүнийг олж харах мэлмийтэй байх нь чухал.

МИНИЙ УДИРДАХ ХЭВ МАЯГ

Жинхэнэ удирдагч бол хүндлэгдэх биш хайрлагддаг 

Бусдыг хүчинд автуулж хүндлүүлнэ эс бөгөөс боловсрол, эрх мэдлээрээ, давуу байдлаараа үнэлэгдэж хүндлүүлж болно. Гэхээ хайрлагдана  гэдэг бол огт өөр нэр томьёо. Бусдыг ойлгох, туслах сэтгэлтэй байж хайрлагдана. Миний удирдах арга барил бол аливаад чин сэтгэлээсээ хандан хамт олныхоо хүсэл зорилго, зүрх сэтгэлийг ижил зорилгын зүгт чиглүүлж,  хамтын зүтгэл, хүсэл тэмүүллээр урагшилдаг.

Аливаа багийг удирдаж байгаа хүн сайн сайхан ирээдүй рүү тэмүүлж байгаагаа бусдад ойлгуулж, чин зүрхнээсээ тэмүүлж байгаа зорилгодоо бусдыгаа нэгтгэж чадсан цагт хүн бүрийн хичээл зүтгэл сая амжилт болж хувирна. 

Тухайлбал, телевиз байгуулчхаад өөрөө цалин гэж бараг авахгүй, олсон жаахан мөнгөө багийнхныгаа цалинжуулаад, хүмүүсийн сэтгэлд нийцсэн бүтээл гаргах гэж өдөр шөнөгүй зүтгэхдээ, ажлаасаа авах таашаалаар л бид урамшдаг байлаа.

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ МИНИЙ БОДОЛ

Залуу үе нь боловсролтой байж гэмээн улс орон хүчирхэгжинэ. 

Тухайн улсын хүний амын хөгжил дорой, иргэдийн боловсролын түвшин доогуур бол тухайн улс хичнээн байгалийн баялагтай, газарзүй, геополитикийн ашигтай байрлалд байгаад хөгжлийн тухай ярих нь өрөөсгөл. 

Жишээлбэл манай Сүхбаатар аймгаас хэд дахин бага газар нутагтай, байгалийн баялаггүй Сингапур, Израиль, БНСУ улс гэхэд иргэдээ боловсруулсны үндсэн зөвхөн бүс нутаг биш дэлхийн хөгжилд нөлөөлөхүйц хэмжээний улс  үндэстэн болж чадсан байх жишээтэй.

Үүний дайтай хөгжилд хүрэхийн тулд гагцхүү бид маш сайн боловсролын тогтолцоотой байж үндэстнээрээ боловсорно.

Тиймээс залуус шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг зохих түвшинд, дэлхий нийтийн хэрэглээ гэгддэг англи хэлийг аль болох өндөр түвшинд мөн үндэсний дархлаа болсон эх хэлээ маш сайн эзэмших ёстой. Монгол хүний бие бялдар, оюун ухааны чадамж хичнээн өндөр болохыг бид бүгд мэднэ. Гэхдээ зөвхөн мэдлэгээс гадна ёс суртахуун зэрэг олон зүйл боловсролд хамаарна.

ХӨГЖИЛ МИНИЙ НҮДЭЭР

Би их өөдрөг үзэлтэй. Хүн эрх чөлөөтэй, хувийн өмчтэй байх боломжийг хязгаарласан, дуртай газраа амьдарч, аялж болдоггүй нийгмийг туулсан хүний хувьд хичээх л юм бол хүссэндээ хүрэх боломжийг ардчилсан тогтолцоо бидэнд олгосон гэдгийг хүмүүс үргэлж санаж яваасай гэж хүсдэг.  

Тухайлбал, Баруун-Урт хотын хөгжил 70, 80 ,90-ээд онд өнөөдрийнх шиг байгаагүй. Ганц Сүхбаатар бус Монголын бүх аймаг, сум алхам алхмаар урагшилж, хөгжиж байна.

Харин бүсчилсэн хөгжлийн хангахын тулд өдгөө орон даяар ажлын байр хомс байгаа нь хурцадмал асуудал болж буй. Тиймээс төр ажлын байрыг нэмэгдүүлэх, баялгийг үр ашиглтай хуваарилахын төлөө төр ажиллах ёстой. Хүн ажил, орлоготой байж эрүүл хоол хүнс хэрэглэж, эрүүл мэндийн сайн үйлчилгээ авч, хүүхдээ боломжийн сургуульд сургаж , ая тухтай амьдарч чадна шүү дээ.

Манай Сүхбаатар аймаг 4 сая гаруй малтай, иргэдийн 50 орчим хувь нь мал аж ахуй эрхэлж амьдарч байна. Үлдсэн хэсэг нь төрийн болон хувийн хэвшилд ажиллаж, цаана нь олон мянган залуус ажлын байр идэвхтэй хайж буй.

Дашрамд дурдахад нэгэн цагт мөрөөдөл мэт сонсогддог байсан Монгол улсын далайд гарах хамгийн дөт гарц болох Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтыг-Зүүн хатавч боомттой холбох төсөл хэрэгжиж эхэлсэн. Бичигтийн боомтоос 7 км-ийн зайтай орших Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн хатавч боомт Шар тэнгисийн Жинжү далайн боомттой төмөр замаар холбогдсон.

Тиймээс энэ боломжийг ашиглаж малын мах, түүхий эдийг дэлхийн стандартаар боловсруулах, сайн менежмент бүхий экспортын үйлдвэрүүд байгуулж олон улсын зах зээлд нийлүүлснээр Монголыг төлөөлөх үнэ цэнэтэй брэнд бий болгох хөгжлийн гарц бий. Үүний үр дүнд малын түүхий эдээс олох малчдын орлого нэмэгдэж, олон мянган залуусыг ажлын байраар хангаснаар Сүхбаатар аймаг төдийгүй Монгол улс хөгжих нь дамжиггүй.

МИНИЙ ХҮСЛИЙН ЖАГСААЛТ

Өнөөдрийг хүртэл чамгүй олон хүслүүдээ биелүүлж иржээ. Спортын хорхойтны хувиар хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккейн тоглолтуудыг газар дээр нь үзэхсэн гэх хүслээ биелүүлсэн. 10 гаруй жилийн өмнө Баруун-Уртын гэр хорооллын замуудыг цардмал замаар холбохсон гэж мөрөөддөг байсан бол аймгийн удирдах албанд ажиллах хугацаанд үүнийг биелүүлж чадсанаар хот маань нүүрээ угаасан хүүхэд шиг л цэмцгэр болсон. Нийслэлээс л авч болох соёл урлаг, спортын үйлчилгээг орон нутгийнхаа хүүхдүүдэд олгохсон гэх хүслээ усан спортын төв, хөл бөмбөгийн талбай, кино театр байгуулж, урлаг соёлын олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулснаар бодит болгож чадсан.

Харин одоогийн хүслийн жагсаалт бол

  • Баруун-Урт хот маань 20 мянган биш 200 мянган хүн амтай болоосой гэж хүсдэг. Хязгаар нутгуудад ажлын байр хомс байгаагаас Монголын хүн амын тал хувь нь Улаанбаатарт төвлөрч, орон нутаг хөгжихгүй байна.

Хүн амынхаа тоог өсгөхийн тулд бид хамгийн түрүүнд ажлын байрыг бий болгох ёстой. Хүн ам нэмэгдэхийн хэрээр орон нутагт бизнес эрхлэх зах зээл тэлж, ажлын байр олширч, хөгжил хурдасна.  

Монголын өнцөг булан бүрээс хүмүүс Баруун-Уртыг орлоготой, хангалуун амьдрахын баталгаа болгон зорьдог тийм л хот байгаасай гэж хүсдэг.

  • Харин дараагийнх нь аялж амжаагүй тивүүдээрээ аялна.

-Өмнөд Америкийн орнуудаар аялж, эртний Ацтекийн соёлыг дэргэдээс нь үзэх,

-Санкт Петербург, Кавказын хотуудаар аялах,

-Африк тивийг болон Египетийн Пирамидыг үзэх.