A |
A |
A |
A |
A |
Боловсрол:
Ажил:
Амжилт гэж минийхээр өөрийнхөө эсвэл хамт олноороо зорьж, тэмүүлсэн ажлыг амжилттай гүйцэтгэж түүгээрээ дамжуулан олон хүний асуудлыг шийдэж өгөхийг хэлнэ. Би өөрийгөө хараахан амжилтад хүрсэн хүн гэж хэлэхгүй. Гэхдээ амжилт өөд алхам алхмаар тэмүүлж байгаа хүн гэвэл илүү ононо.
Нэгдүгээрт, зөв газраа зөв цагтаа байж чадвал боломж өөрөө ирдэг гэж боддог. Хоёрдугаарт, ижил хүсэл тэмүүллээр нэгдсэн хүмүүстэй хамт байвал боломжийг олж харж, бий болно.
Гуравдугаарт хаана асуудал оршиж байна тэнд заавал боломж байдаг.
Карьер төлөвлөлтийн хувьд эхний ээлжид том голын жижиг загас байж, том механизмаас суралцах хэрэгтэй гэж боддог. Харин дараа нь чадвартай болчхоод жижиг голын том загас байх уу, том голдоо үлдэх үү гэдгээ өөрөө шийдэх байх л даа.
Оксфордын их сургуулийн профессор, дэлхийн банкны ТУЗ-ийн гишүүн, дэлхийн эдийн засгийн форумын технологи ба засаглал хариуцсан дарга, Ngaire Woods гэх Шинэ Зеланд эмэгтэйг нэрлэнэ. Англичууд бол их сонирхолтой соёлтой үндэстэн. Учир нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг Монголоос хожуу шахуу анхаарч эхэлсэн.
1100 оноос хойш түүх нь бичигдэж эхэлсэн энэ том сургуулийн захирлуудын нэгээр эмэгтэй хүн тэр тусмаа гадаад хүн томилогдох нь тун ховор тохиолдол. Маш зарчимч, тууштай хөдөлмөрч мундаг эмэгтэй.
Түүний "эмэгтэй гэдэг хүйсэнд хамаарах нь хэрхэвч бидний сул тал байж болохгүй" гэсэн захиас нь санаанаас огт гардаггүй.
Боловсрол гэдгийг мэдлэг хийгээд чадварын хослол гэж би ойлгодог. Зөвхөн мэдлэг олгохоор хязгаарлагдахгүй түүнийг практик дээр хэрхэн хэрэгжүүлэх, ашиглах чадварыг давхар олгох ёстой. Үүн дээр нэмээд ёс суртахууны төлөвшлийг багтаана.
Дэлхийн томоохон их сургуулиудын өгдөг хамгийн том үнэ цэнэ бол тухайн оюутныг маш өрсөлдөөнтэй, хөдөлмөрч, бүтээлч орчноор хангадаг.
Би маш сониуч уйгагүй, аливаа зүйлийг эрэл хайгуул хийж судлах дуртай, сууж сурсан, өдөр шөнөгүй сууж найзуудынхаа бие даалтыг хийж өгдөг оюутан байлаа. Үүний ачаар БНСУ-ын Хандон Глобал их сургууль болон Оксфордод магистрын зэргээр сурах тэтгэлэг авч чадсан.
Оксфордын хувьд Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэг байхгүй тул бүх улсын оюутнууд хамрагдах боломжтой, хамгийн нээлттэй тэтгэлэгт л материалаа илгээх боломжтой байв.
Тэтгэлэгт материалаа өгөхөөс өмнө хэн шийдвэр гаргадаг, яагаад надад энэ тэтгэлгийг өгөх ёстой вэ гэдгийг сайтар тунгааж, судалгаа хийж, тууштай бэлдсэн.
Тэтгэлэг авахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл бол миний хандлага байсан гэж боддог.
Учир нь би сурах мөнгө гуйхын оронд надад байгаа мөнгө нь энэ, үлдсэн төлбөрийг гүйцээж, мөрөөдлөө биелүүлэхэд минь туслаач гэж хандсан.
Хурал, уулзалт ихтэй байдаг ч тэдгээрийг аль болох долоо хоногийн хоёр өдөрт амжуулаад бусад өдөр нь дотоод ажлууд дээрээ төвлөрдөг. Олон улсын байгууллагуудад ажилладаг байхад гэнэтийн ажил гарах нь ховор тул цаг төлөвлөх нь хялбар байлаа. Харин одоо төлөвлөгөөгүй хурал, уулзалтууд үе үе гарч ирэх элбэг тул цаг төлөвлөхөд бага зэрэг хүндрэлтэй. Миний хувьд өдөрт 12-13 цаг ажиллах нь ердийн үзэгдэл. Ингэж ажиллаад дадчихсан тул ачаалал даагаад сурчихсан гэх үү дээ. Би сонирхлоороо Оксфордын эрдэмтэдтэй хамтран малчдад ковид хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж байгаа. Их ажлын хажуугаар өглөө эрт эсвэл орой л өөртөө цаг гаргаж амждаг. Өглөө 6:00-аас босож, фитнестээ явна, орой кино үзэж тархиа амраахыг хичээдэг. Сүүлийн үед Нетфликсээс хоолны болон интерьерийн тухай цувралуудыг сонирхон үзэж байна. Ямар ч ажил хийдэг бай, бүтээлч байх нь хамгийн чухал. Энэ мэт кино, контентууд үзэхээр шинэ, бүтээлч санаа сэдлээр цэнэглэгддэг.
Залуу, алдаагаа залруулах хангалттай цаг хугацаатай байгаа дээрээ аль болох олон зүйлийг туршиж, эрсдэлтэй алхмыг зоригтойгоор хийж, туршлага хуримтлуулах хэрэгтэй.
Англид сурч байхдаа улирлын шалгалтаа өгчхөөд Францаар аялахдаа тэнд сар орчим гацсан минь санаанаас ер гардаггүй юм. Английн визтэй бол Францад нэг сар түр оршин суух үнэмлэх өгдөг. Үнэмлэхээ нь орхичхоод ирсэн тул, найзууд маань шуудангаар явуудлахад, шуудангийн компани гээгдүүлчихсэн байв.
Хичээл эхэлчихсэн байдаг, гэтэл Англи руу буцаж чадахгүй, шинэ үнэмлэх гаргуулахаар Парист сар орчмын хугацаанд гацахдаа 5 одтой зочид буудлаас зэрэглэл буурсаар айлын хажуу өрөөнд хоноглож байсан. Одоо бодоход хамгийн нандин бүтэлгүйтэл санагддаг.
Дандаа амжилттай байвал амьдрал утгаа алдана шүү дээ. Хүн амжилтаас илүүтэй бүтэлгүйтлээс л ихийг сурдаг биз дээ.
Түүхч, эрдэмтэн Юваль Ной Хараригийн номуудыг манайхан уншсан л байх. Түүхийг маш сонирхолтойгоор өгүүлж, ирээдүйг шинжлэх ухаанчаар харсан сайн бүтээл гэж боддог. Мөн Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” ном эмэгтэйчүүдийн карьер төлөвлөлт тал дээр нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулсан гэж үнэлнэ. Залууст доктор Хараригийн номууд болон тархиа хэрхэн ухаалгаар удирдаж, хандлагаа зөв болгоход туслах Mindset гэх номыг заавал уншаарай гэж зөвлөнө.
Оксфордод боловсрол эзэмшсэн нь миний амьдралын эргэлтийн цэг байсан. Учир нь бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг өөртөө бий болгож, Монголоо дэлхийн үнэлэгдэх старт ап үндэстэн болгох гэсэн маш том зорилго, мөрөөдлийг олж авсан.
Та бид өнөөдөр ямар ч ажил хийж болох ч олон хүнд тусаа өгсөн, үр өгөөжтэй, үнэ цэнэтэй зүйлс бүтээхийн төлөө тэмүүлэх ёстой.
Монголд жендерийн асуудал харьцангуй гайгүй байх гэж боддог байлаа. Манай салбарт эрэгтэйчүүд давамгайлдаг учраас залуу эмэгтэй гэдэг утгаар хүмүүсийн хандлага их өөр байдгийг анзаарч байна. Миний ажиллах хэв маяг бол харьцангуй хурдтай. Тэр ч утгаараа хүмүүсийг хурдтай, чанартай ажиллахыг шаарддаг. Монгол залуус богино хугацааны төсөл, үйл ажиллагаан дээр маш сайн дасан зохицож, гүйцэтгэл өндөртэй ажилладаг. Харин урт хугацаандаа тэр гүйцэтгэлийн түвшнээ удаан хадгалж чаддаггүй, эрч нь саардаг хандлага ажиглагддаг.
Залуус хохирогчийн сэтгэлгээ, хандлагатай байгаа нь ажиглагддаг. Хувь хүн өөрийн чадамжгүй, компаниуд өөрсдийн сул байгаад төрийг эсвэл хэн нэгнийг буруутгаж, өө хайдаг. Энэ хандлага бол дэлхийн аль ч улс үндэстэн, нийгэмд байгаа. Гэхдээ манайхан битгий ийм хандлагатай, сэтгэл зүйтэй байгаасай гэж хүсдэг. Монгол залуус өрсөлдөх чадвартай, өрсөлдөөд ялж, ялагдаж чаддаг байгаасай.
СЭТГЭГДЛҮҮД
|