• Lead the way ...
         
21
2024
Nov
Д.БАЯРБИЛЭГ
#АМЖИЛТЫН КОД
"Урсгал дагаж биш сөрж амьдарсан цагт амьдрал илүү баялаг болдог"
Сэтгүүлч
Ц.Мөнхжин
МИНИЙ АЖИЛ

Мэргэжил

  • Программ хангамжийн инженер
  • Мэдээллийн системийн инженер

Ажил

  • Нийслэлийн цагдаагийн газар
  • Мобиком групп Ньютел ХХК
  • Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг
  • Мэдээллийн технологийн газар
  • Скайтел ХХК
  • Критив нетворк ХХК
АМЖИЛТЫН ТУХАЙ МИНИЙ БОДОЛ

Амжилт тухайн хүний амьдралыг харах өнцөг, аливаад хандах хандлагаас хамааран өөр өөрөөр тодорхойлогдох байх. Миний хувьд хүн төрөлхтөн бүгд бие биеэсээ хамааралтай амьдардаг учраас өөрт хамааралтай хүмүүсийг амар амгалан байлгах, тэдэнд амласан амлалтдаа эзэн байхыг амжилт гэж боддог.

МИНИЙ КОД

Өнөөдрийг хүртэл амласан бол түүндээ хүрч, худал хэлэхгүй, шударга байдлыг эрхэмлэж амьдралынхаа зарчим болгож ирсэн. Эцэг эх маань хэнийг ч үл ялган ямагт хүндэтгэлтэй харьцаж, өрөөлд төвөг удахгүй амьдрах төлөвшлийг хүүхэд байхад олгожээ.

БИ ХЭН БЭ?

МИНИЙ ХЭВ МАЯГ

Би аливаа ажлыг хойшлуулалгүй цаг тухайд нь хийж, эрүүл, идэвхтэй, стрессгүй, чөлөөтэй амьдралын хэмнэлийг чухалчилдаг. 

Ингэхдээ бие физиологийн хувьд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж мөн нийгмийн амьдралд тун идэвхтэй оролцоно. 

Долоо хоногт багадаа  нэг удаа дугуй унаж, жилдээ очиж үзээгүй нэг газраа үзэж, эр зориг сорьсон аялал хийх, нийгмийн сайн сайхан өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж, хувь нэмрээ оруулахыг хичээдэг.

МИНИЙ МЕНТОР

Хүн бүхэн цор ганц төрсөн учраас би хүн даган дуурайхыг төдийлөн таалдаггүй. Гагцхүү ментор гэж үзсэн хүнийхээ мэргэн ухаан, ажил хэрэг бүтээх арга барил, зарчим, туршлагыг  үнэлж, суралцахыг эрхэмлэдэг.

Өнгөрсөн хугацаанд хамт нэг багт ажиллаж байсан Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор ахыг менторуудынхаа нэгээр нэрлэнэ. Энэ хүний эрч хүчтэй, бусдыг нэг зорилгод нэгтгэн зөв зүгт чиглүүлж чаддаг удирдах арга барил, ажил хэрэгч зан чанараас үргэлж үлгэр жишээ авсаар ирсэн.

БОЛОМЖ ГЭЖ МИНИЙХЭЭР

Миний хувьд амьдралд ямар ч бэрхшээл тохиолдсон түүнийг асуудал биш өөрийгөө сорих, чадваржуулах, аливааг өөрөөр сэтгэх боломж болгон хувиргах арга замыг эрэлхийлдэг.

Боломжийг хаа нэгтэйгээс хүлээх, хайж олох биш өөрөө бүтээх ёстой. 

Өнгөрсөн хугацаанд Мобиком, Скайтел зэрэг томоохон үүрэн сүлжээний компаниуд, Нийслэлийн мэдээлэл технологийн газар ажиллаж байх хугацаанд өндөр хөгжилтэй орнуудад очиж сайн туршлагыг нь судлах олон боломж олдож байлаа. Тэр тоолонд хөгжил дэвшлийн сайн жишгийг эх орондоо хэрэгжүүлэх, одоогийн нөхцөл байдлыг сайжруулахсан гэсэн хүсэл тэмүүллээр цэнэглэгдэж, амьдралыг, аливаа нөхцөл байдлыг олон талаас нь тунгаахад хөшүүрэг болсон.

МИНИЙ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

Хүнээс хамаарч эсвэл бусдад гарз, хохирол учруулахгүйгээр чин шударгаар, өөрийн хөдөлмөр, зүтгэлээр амьдарлаа бүтээж яваа минь өөртөө итгэх үндэс болдог.  

БҮТЭЛГҮЙТЛИЙН ТУХАЙ МИНИЙ БОДОЛ

Хожим харамсахгүйн тулд эрсдэл дагуулсан алхам олныг хийгээрэй

Алдаа, бүтэлгүйтлийг та аливаа үйлдэл хийсний, хийх гэж оролсоны гэрч буюу идэвхтэй  байгаагийн үр дүн гэж ойлгох хэрэгтэй. Тооцоолоогүй эрсдэл, аливаа том, жижиг алхмаас гарч ирэх үл хүлээсэн үр дагаврыг бүтэлгүйтэл гэж байгаа юм. Гагцхүү алдаа, бүтэлгүйтэл бүрийнхээ маш дуулгавартай сурагч нь байж цаашид давтахгүй байхад болно. Тиймдээ ч залуусыг хожим харамсахгүйн тулд аль болох зоригтой байж, эрсдэл дагуулсан алхам олныг хийж, урсгал дагаж биш сөрж амьдарсан цагт амьдрал чинь илүү баялаг, утга учир, дурсамж дүүрэн өнгөрөх болно гэж хэлмээр байна.

Миний хувьд идэр залуу насандаа олон төрлийн бизнес хийх гэж оролдсон. Бүтэлгүйтэл бүрээсээ гялс суралцан, сэтгэлийн хаттай байж дараагийн эрсдэлт алхмыг хийхээр тэмүүлдэг. Тухайлбал, хамгийн сүүлийн жишээг дурдахад, машинаа зараад бүх мөнгөөрөө өмнөд хөршөөс цасны скутер оруулж ирсэн юм.  Цасны скүүтер маань 2 жил дамнаж зарагдаагүй тул эцэст нь хобби болох мотоциклоор сольчихсон. Өөрөөр хэлбэл машинаа мотоцикл болгочихсон нь бусад хүний нүдээр бүтэлгүйтэл мэт харагдавч би хэт нухацтай хүлээж авахын оронд шинийг олж мэдсэн сонирхолтой аялал гэж дүгнэсэн.

МИНИЙ ЭМЗЭГЛЭЛ

  • Эрүүл, аюулгүй амьдрах орчиныг бүрдүүлэх нь нэр тэргүүний асуудал

Хэнтий аймгийн Чингис хотын хувьд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал нэн түрүүнд анхаарах ёстой асуудал болоод буй. Газар нутгийн хувьд хонхор бүсэд байрладаг тул зун болгон үерт автаж, айлуудын нүхэн жорлон үерийн усаар дүүрч, хальж гарч ирдэг нь иргэдийн амьсгалах агаар, ундны усыг бохирдуулж хүний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөллийг үзүүлдэг. 

Дэвшилтэт технологи, орчин үеийн шийдлээр амьдрах орчны дэд бүтцийг сайжруулах гарцыг эрэлхийлэхийн оронд сонгуулийн настай нүд хуурсан ажил хийж байгаа нь орон нутгийн хөгжлийг гацааж байна.

  • Ажлын байр, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах

Орон нутагт ажлын байр хомс байгаа нь ядуурлын шалтгаан болдог. Мөн соёл, урлагийн үзвэр, үйлчилгээ хангалтгүй хот хөдөөгийн ялгаа тэнгэр газар мэт байгаа учраас залуу мэргэжилтнүүд нь хот суурин бараадсанаар хүйсийн тэгш харьцаа алдагдаж байна.

Иргэддээ хөдөлмөрлөж, баялаг бүтээх боломжийг нь хангахын оронд халамж хавтгайруулж, хоол, хүнсний талон тарааж байгаа нь хөгжлийн зохистой бодлого хэрхэвч биш юм.

Монгол залуус харийн оронд очоод өдөр шөнөгүй хичээн хөдөлмөрлөөд байгаагийн шалтгаан нь тухайн нийгэм хөдөлмөрийн нь үнэлж чадаж байна. Хэрэв Монголд тийм хэмжээний цалин авч ажиллах нөхцөлийг бүрдүүлбэл тэл эх орондоо илүү их баялаг бүтээнэ. Шалтгаан нь Монголоос гарахаараа толгой нь ажиллаад, ажил хийх эрч хүч ундарч байгаа хэрэг биш бид ерөөсөө л хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал байгаа юм.

Орон нутагт иргэд маш их намчирхаж, талцаж байгаа нь харагддаг. Сонгодог утгаараа бол нам бодлого боловсруулж, харин иргэд намыг биш өөрт таалагдсан, зөв гэж үзсэн бодлогыг л дэмжих ёстой.

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ МИНИЙ БОДОЛ

Эзэмшсэн боловсролоо нийгмийн хөгжил, сайн сайханд зориулахын хэрээр таны үнэ цэн ямагт нэмэгддэг

Дээд боловсрол эзэмшсэнээрээ хүн боловсролтой болчихно гэвэл өрөөсгөл ойлголт. Эзэмшсэн боловсролоо юунд зориулж байгаагаас тухайн хүнийг боловсорсон, эс боловсорсныг дүгнэж болно.

Тухайлбал, дэлхийн II дайны үед тухайн цаг үе, нийгмийнхээ маш өндөр боловсролтой, сор болсон эрдэмтэд Нацистуудын зэвсэг гаргаж авахын шинжлэх ухааны туршилтад олон зуун мянган Еврейчүүдийг эрэмдэглэж, хоморголон устгаж байсан. Тэгэхээр боловсролтой хүн бүрийг сайн хүн гэж дүгнэх боломжгүй.

Амьдрах арга ухаанаараа бусдад нөлөөлж чаддаг эс бөгөөс эзэмшсэн боловсролоо нийгмийн хөгжил дэвшил, сайн сайхны төлөө зориулдаг хүнийг би боловсролтой хүн гэж үнэлнэ.

МИНИЙ ХҮСЛИЙН ЖАГСААЛТ

Өөрийгөө засаад өрхөө засчихсан, бидний үеийн залуус оршин буй нийгэм, улс орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө мэдлэг, туршлага, сэтгэл зүрхээ зориулахгүй, Монголын улс төр бохир, улс орон хөгжихгүй байна шүүмжлээд байвал хэн энэ улс орныг зөв зүйтэй хөгжлийн гольдирол руу оруулах вэ дээ.

Гадны улс орнуудаар туршлага судалж аялах тоолонд, Монголынхоо хөдөө орон нутгийг бүсчлэн хөгжүүлж, Улаанбаатарын төвлөрлийг сааруулах  асар олон боломж байгаад ойлгодог.

Гэтэл удирдах засаглалын хүмүүс уг боломжийг олж харахгүй, иргэддээ нээж өгөхгүй, амин хувьдаа ашиглаж байгаа нь харамсалтай санагддаг.

  • Хотод авч буй соёл, урлаг, спорт, хувь хүний хөгжлийн үйлчилгээг орон нутагт ч нэвтрүүлж, эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлөөр Хан Хэнтийчүүдээ хангаж хот хөдөөгийн ялгааг арилгах.
  • Аймагтаа олон улсын үзэсгэлэн худалдааны томоохон бааз байгуулах хэтийн хүсэлтэй. Томоохон компаниуд шинэ техник технологио танилцуулахаар дэлхийн өнцөг булан бүрээс Монголд чуулж, үүнтэй танилцахаар бизнесмен, жуулчид хэдэн саяараа Хэнтийг зорьдог хөгжлийн түүчээ аймаг болгохын хүсдэг.
  • Эзэн Чингисийн төрж өссөн өлгий нутгийн онгон дагшин байгаль, түүх, соёлыг үзэхээр  зорин ирэх  жуулчдын тоо, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд технологийн дэвшлийг ашиглан аялагчдад гайхамшигт түүхийг мэдрүүлэх үзвэр, үйлчилгээ хийгээд ая тухтай орчныг бий болгох эрмэлзэлтэй.