A |
A |
A |
A |
A |
Боловсрол:
Уран бүтээлийн үзэсгэлэн:
Уран бүтээлийн үзэсгэлэнгээ Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб, зэрэг 20 гаруй оронд гаргасан.
Өөрийгөө аз жаргалтай болгож байгаа зүйлдээ төвлөрөхийг амжилт гэж үздэг. Амжилт бол биднийг хамгийн их өөрийнхөөрөө байлгадаг зүйлийг үргэлжлүүлэн хийх, түүнээс сэтгэл ханамж авахыг хэлэх болов уу.
Миний амжилт бол төдийгөөс өдийг хүртэл дуртай зүйлээ зогсолтгүй, өөрийнхөө түвшинд үргэлжлүүлсэн явдал гэж боддог. Амжилтыг алдар нэр, мөнгө төгрөгтэй жишвээс би хүнд гайхуулах гавьяа шагнал авч, баян болчхоогүй байна.
Хүүхэд байхад надад урам зориг, амьдралын учир шалтгаан өгсөн хэд хэдэн ном бий. Тодруулбал, Оросын сонгодог утга зохиолууд, Д.Нацагдоржийн уран бүтээл, С.Эрдэнэ гуайн “Занабазар” роман. Сүүлийн үед рок хөгжим, контемпорари арт, залуу уран бүтээлчдийн маш сонирхолтой уран бүтээлүүдээс урам зориг авч байна.
Амьдрал бол тэр чигээрээ боломж. Та өнөөдөр эрүүл, саруул эсвэл өвчтэй байх, ажлаа бүтээх эс бүтээх нь бүгд таны гарт байгаа нь өөрөө боломж. Тиймээс боломж сүүдэртэй чинь адилхан үргэлж дагадаг. Миний хувьд боломжоо устгахгүй байх юмсан гэж боддог. Эргээд харахад алдаг оног 25 жилийг уран бүтээлдээ зориулжээ. Уран бүтээлдээ туйлын төвлөрсөн хугацаа гэвэл 15 жил. Зөвхөн зураг зураад суусан хугацааг уран бүтээлдээ зориулсан цаг гэж тооцож болохгүй. Танд ямар амьдрал байна, яг тийм уран бүтээл гарна. Уран бүтээл бол тухайн хүний хэр их боловсорсны үр дүн. Амьдрал тэр чигээрээ бидэнд хичээл зааж байдаг шүү дээ.
Хүн баян амьдрах ёстой. Гэхдээ эд материалаар биш үзэж туулсан туршлагаараа. Дандаа аз жаргалтай, амжилттай, бүх зүйл нь бүтэмжтэй байвал хүнээс хэзээ ч баялаг бүтээл төрөхгүй.
Эргээд харахад алдаа оноотой маш баян амьдралыг бүтээжээ. Хайнга зангаасаа болж өчнөөн боломжийг гээсэн нь ч бий. Туулж, ухаарсан бүхэн туршлага болж хуримтлагдсаар уран бүтээлийн минь хамгийн агуу хүч нь болсон ч байж мэднэ. Тиймээс минийхээр бүхнийг эргэн харж шүүж, өөртөө дүн тавих зэргээр хатуу зарчим баримтлах шаардлагагүй.
Үргэлж жаахан хүүхэд шиг сониучхан, саваагүй байх хэрэгтэй. Сониучхан байвал санаа, сэдэл хаа сайгүй байж болох ч тэр санаан дээр яаж ажиллах вэ гэдэг нь хамгийн чухал. Тухайлбал фэйсбүүкээс өмнө myspace гэж платформ байлаа, харин яг үүнтэй ижилхэн санаа, зарчимтайгаар фэйсбүүк гарч ирсэн ч санаан дээрээ илүү сайн ажилласаар ирсэн учраас маш амжилттайгаар трэнд болж, хүмүүсийн хэрэглээнд хүч түрэн орж ирсэн.
Алдааг би ололт гэж харах дуртай. Хүчирхийлэл үйлдэх зэргээр хүний ёсноос гажууд учиргүй тэнэг алдаа гаргачхаагүй л бол бусад алдаа бол чамд ололт болно.
Аливааг туршиж үзээд алдах аваас миний хувьд тэр зүйл алдаа биш аялал болдог.
Хэтэрхий их найдлага, төлөвлөгөө бий болгочхоод түүнийхээ төлөө үйл хөдлөл хийгээгүй байж эрсдэл гаргахаас, алдахаас айдаг. Уран бүтээл, амьдрал хоёр угтаа хүртэж буй адал явдлаараа адилхан.
Хамгийн гоё адал явдал хамгийн их эрсдэлтэй алхам хийх үед бий болдог. Тэр эрсдэл өчнөөн алдааг дагуулж болно. Гэтэл алдаа бүхэн маань биднийг бүтээж байдаг.
Тэгэхээр алдахаас ерөөсөө айж болохгүй. Харин уран бүтээлчдийн хувьд хамгийн их айж байгаа зүйлээ хийх хэрэгтэй. Угаас бүх зүйл анхандаа боломжтой байдаггүй шүү дээ. Ийм их цагаа уран бүтээлдээ бүрэн дүүрэн зориулахын хажуугаар ар гэрээ тэжээх зэрэг ахуйн асуудлаа зэрэг шийднэ гэдэг амаргүй.
Яг ийм асуудлыг давж гарсан зураачид Монголд цөөн бий. Ахуйтай холбоотой айдас орж ирэх тоолонд түүнийг үгүйсгээд сурчихвал уран бүтээлчдээс чансаатай бүтээлүүд гардаг.
Монголын өв соёл, үнэт зүйлсүүдээс уран бүтээлийн гарааг эхэлж, үүн дээр би өөрөө хөгжиж, уран бүтээлийн хэв маяг болгоод замнаж байна. Уран бүтээлийн хэв маягаа маш товчоор тодорхойл гэвэл Монголын өв л гэж хэлнэ. Надад бусад хүнд байдаг уур уцаар, гомдол, хайр энэрэл бүгд л бий. Бусдаас ялгаатай зүйл гэвэл байгалиас өгөгдсөн өгөгдөл л байх. Үүнийг надаас илүүтэй хүмүүс тодорхойлох нь зүйтэй болов уу.
Хүн маш урт хугацааны туршид өөрийгөө бүтээдэг. Зарим нь хэн болохоо тодорхойлж түүндээ хүрэхээр зоригтойгоор тодорхой алхмуудыг хийдэг бол зарим нь цаг хугацааны урсгалаар өөрийгөө бий болгодог.
Өөртөө үнэнч байж, давтагдашгүй чанараа олох, өөрийгөө бүтээх гээд бүх зүйлийн эх үүсвэрийг мораль гэж би ойлгодог.
Түүнийгээ мэдрээгүй цагт бид хэзээ ч өөрөөрөө байж чаддаггүй, бусдын нөлөөнд маш хялбархан автана. Энэ бол цаг үеийн туршид уран бүтээлчдийн хувьд маш том сорилт байсаар ирсэн.
Японы нэг мэргэн үг бий. Нэгийн тоог хүн чанар, 0 бол хөдөлмөр, түүний дараах 0-ийг амжилт, дараа дараагийн 0-үүдийг найз нөхөд, алдар нэр, мөнгө гээд өчнөөн 0-ийг нэмж сая, живаа болгож болно. Харин 1-ийн тоог аваад хаячихвал, хэдэн мянган 0 чамд байлаа ч чи хэн ч биш болж хувирч байгаа биз. Зөвхөн уран бүтээлч хүн бус бүх хүн амьдралынхаа үнэт зүйлсээ хүн чанар, мораль дээр үндэслэж тодорхойлбол зохино.
Өөрийгөө ойлгуулчих хэмжээнд япон болон англиар, бага сага испаниар ярина. Энэ бол цэвэр кино үзэж олж авсан туршлага. Харин дараагийн арга бол хөгжим маш сайн сонсож, утгыг нь ойлгох гэж хичээх хэрэгтэй. Хамгийн чухал нь үйл ажиллагаанд оролцох буюу хүмүүстэй харицлаж, чадахгүй ч гэсэн өөрийгөө ойлгуулах гэж хичээх хэрэгтэй. Өчнөөн олон жил хэл сурч, дүрмээ нухсан хэлний оноотой атлаа практик дээр эзэмшсэн хэмжээнд хэрэглэж чадахгүй байх тохиолдол цөөнгүй.
Энэ бол сэлэм жад, хутга, буугаар иж бүрэн зэвсэглэчихсэн атлаа тулаанд орох болохоор алийг нь ч ашиглаж чадахгүй байхтай агаар нэг.
Харин нийгмийн харилцаанд идэвхтэй орж, хүмүүстэй маш сайн яриад байвал хэл эзэмших нь ганц мухар хутгыг олон янзаар гаргууд ашиглаж аян дайнд ялахтай адил.
Дүрслэх урлагийн боловсрол манай нийгэмд хамгийн их орхигдсон салбарын нэг. Их дээд сургуулиуд, боловсролын хөтөлбөрт гоо зүй, дүрслэх урлаг, соёл урлагтай холбоотой боловсрол орхигдсоноос нийгэм зэрлэгшээд байгаа юм болов уу. 1990 оноос хойш бүх зүйл нээлттэй болсон атлаа хүмүүсийн соёл урлагт хандах хандлага уруудчихсан нь ажиглагддаг болохоор төрөөс энэ тал дээр ухаалаг бодлогоо хэрэгжүүлж дэмжээсэй гэж боддог. Өндөр хөгжилтэй орнуудад соёл урлагийн боловсролыг хүүхэд байхаас нь олгодог. Гадаадад явж байхад эцэг эхчүүд хүүхдээ дагуулаад музей үзээд явж байгаа нь харагддаг. Соёл урлаг яагаад бидэнд чухал вэ гэдгийг юун түрүүнд төрд ажиллаж байгаа хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй.
Бид аливаад хайрцаглагдахгүй, чөлөөтэй сэтгэж, олон талаас нь харж чаддаг байх ёстой.
Урлагийг хэрэгтэй гэж тодорхойлох нь хангалтгүй энэ бол амьдралын хамгийн том аз жаргал, таашаал өгөгч зүйл.
Үүнийг орхигдуулчихвал бид зүгээр л хэрэгцээгээрээ амьдардаг “хүнд гарууд” болж хувирна.
Тухайлбал та хамгийн эрүүл хоолыг идэж байж эрүүл амьдардгийн адил урлаг бол сэтгэлийн хоол. Идэж байгаа хоолоо амттай болгоё гэвэл урлагт дуртай бол гэдэг үг бий.
Урлаг бол хүнийг хамгийн хүмүүнлэг, мөн чанараараа, нигүүлсэнгүй байлгах зүйлсийг өөртөө агуулдаг болохоор бид хэрхэвч урлагийг орхигдуулж болохгүй. Гэхдээ урлаг нэртэй хямд, чанаргүй зүйлсээр өөрийгөө хуурч болохгүй. Энэ бол ганцхан дүрслэх урлаг биш, хөгжим кино, уран зохиол гээд бүгдэд хамаарна.
Монголд урлаг бүтээж байгаа арга хэрэгсэл, технологи сайжирсан хэдий ч үзэгчдэд хүргэж байгаа агуулга, консепцийн хувьд энэ цаг үетэйгээ харьцуулбал чамгүй муудсан.
Үүнийг сайжруулахын тулд бичдэг судалдаг, шүүмж хийдэг, дэлхийд боловсроод ирсэн хүмүүс энэ салбар руу ороод уран бүтээлчдийн хийж байгаа зүйлийг шүүмжилж, дэмжих хэрэгтэй.
Бид урлагаар маш их өлсчихсөн юу ч өгсөн идэхэд бэлэн байгаа нь харагддаг. Үнэхээр чансаатай урлагийг бүтээж чадвал хүмүүс хүлээж авахад бэлэн байна.
Бид зөвхөн дассан, дуртай зүйлээ хийгээд, хэрэглээд яваад байвал хэзээ ч адал явдалтай учрахгүй.
Монголчууд хэтэрхий нийгэмдээ итгэдэггүй, айдастай байгаа учраас бүх юмны учир шалтгаан, бэлгэдэлийг өөрийн хэрэглээтэй холбодог. Тийм учраас өөрт таалагдаагүй, өөрийнх нь ойлгох түвшнээс дээгүүр, хол байгаа урлагт харгис хэрцгий ханддаг.
Нөгөө талаар уран бүтээлчид ямар үзэгч байна, тэдэнд л тааруулж уран бүтээл гаргаж байна. Яагаад гэвэл урлаг гэхээс илүү ашгийг чухалчлаад байгаа учраас уран бүтээлч хүний эр зориг гаргаж эрсдэл үүрч, үзэгчдийг дагуулах, соён гэгээрүүлэх хариуцлагаасаа няцаж буй.
Манай нийгэм сэтгэл зүйн өвчтэй болчихсон учраас нэг зүйлээсээ уйдахаа больчихсон. Гэтэл хүний байгалийн өгөгдөл бол уйдамтгай байдал. Энэ бол хүн төрөлхтнийг өнөөдрийг хүртэл хөгжүүлж ирсэн гол түлхүүр. Үзэгчид тийм байж болох ч урлагийнхан хийж байгаа нэгэн хэвийн зүйлээс уйдахгүй, дараагийн шатруу гарахгүй байвал энэ бол өвчин. Бид хөгжих хэрэгтэй.
СЭТГЭГДЛҮҮД
|