A |
A |
A |
A |
A |
Мэргэжил:
АЖИЛ:
“Амьдралын энгийн хэрнээ эерэг өөрчлөлт бүхэн амжилт”
Миний хувьд амжилтыг маш энгийн зүйл гэж боддог. Хүний амьдралын явцад гарч буй ахиц дэвшил, эерэг өөрчлөлт бүхэн амжилт. Цаг хугацаа улиран оддог ч хүний чин санаа мөнх хэвээр оршдог. Энэхүү чиг шугамдаа үнэнч урагшилж байхад багахан хэмжээгээр ч болов шат ахиж, өгсөхийг амжилт гэж ойлгодог. Сургууль төгсөх, шинэ ажилд орох, албан тушаал ахих, гэр бүл болох, үр хүүхэдтэй болох, ээж аавынхаа ачийг хариулах гээд бидний амьдралын энгийн хэрнээ эерэг өөрчлөлт бүхэн амжилт шүү дээ.
“Байгалийн баялаг болон малынхаа үр шимийг хүртэж буй бид үүнээс ч илүү амьдарч чадна шүү дээ”
Хүн өөрийнхөө амьдралын зураглалыг гаргаад, үе шат бүрд тулгарах сорилтыг даван эцсийн барианд хүрэхийн төлөө зүтгэхийг зорилго гэж ойлгодог. Миний амьдралд олон зорилго байдаг. Эхнээс нь биелүүлсээр яваа. Харь хол хүний нутагт байхад хүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгддөг юм билээ. Англи улсад сурч, ажиллаж байхдаа дэлхийн жишигт хүрсэн боловсрол, соёлоос суралцаж, тэндээс Монгол орон минь яагаад хөгжлөөс хоцрох ёстой гэж, байгалийн баялаг болоод малынхаа үр шимийг хүртэж буй бид үүнээс илүү амьдарч чадна шүү дээ гэж бодсон. Иймээс л сэтгэл дэх бодлоо зорилго болгохоор тэмүүлэн ажиллаж байна даа.
“Хэрэгтэй үед нь бусдыг урмаар тэтгэж, итгэлийн галыг нь асааж байх хэрэгтэй.”
Хүн өөртөө итгэх итгэл дүүрэн байснаар тулгарсан сорилт бэрхшээлийг даван туулж, дэвшүүлсэн зорилгодоо тууштай байж, эцэст нь түүндээ хүрдэг. Мэдээж ямар ч эрч хүчтэй хүний итгэл мохдог үе амьдралд бий. Гэсэн ч бүх зүйл мөнх бус, хором хугацаатайг ухамсарлавал амьдралыг өөр өнцгөөс харж чадна. Зөв бөгөөд шударга зүйлийн төлөө, бусдын сайн сайхны төлөө амьдарч, тэмцэж байгаагаа харин өөртөө үргэлж сануулж, өөрийгөө зоригжуулж байх хэрэгтэй. Үүний нэгэн адил хэрэгтэй үед нь бусдыг урмаар тэтгэж, итгэлийн галыг нь асааж байх хэрэгтэй.
“Надад хамгийн ихээр нөлөөлсөн хүн бол Монголын нэрт яруу найрагч, улс төрч Очирбатын Дашбалбар”
Өнөөдрийн Н.Ганибалын оюун санаа бүрдэхэд хамгийн ихээр нөлөөлсөн хүн бол Монголын нэрт яруу найрагч, улс төрч Очирбатын Дашбалбар агсан. Түүнийг хүүхэд ахуй цагаасаа хүндэтгэж, бүтээл туурвилыг нь уншиж, үзэл санааг нь дэмждэг байлаа. Тэрээр цаг үеэсээ түрүүлэн харж, эх орон, газар нутаг, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн. Үүнийхээ төлөө олон шүүмжлэлд дарагдаж байсан ч шантраагүй. Бага залуу байхдаа О.Дашбалбар агсны бэрхшээлд нугараагүй, эх оронч чанараас нь суралцахыг хүсдэг байлаа.
“Бусдыг хууралгүй, шулуун шударга амьдар”
Би аав, ээжийнхээ хэн хэнийх нь зан чанарыг өвлөн авсан гэж боддог. Өөрөөсөө түрүүнд бусдыг тавьж хүндэлдэг аавын минь чанар надад ч өвлөгдсөн. Аав минь надад нэг л зүйлийг үргэлж захидаг нь “Бусдыг хууралгүй, шулуун шударга амьдар” гэх философи юм. Харин ээж минь маш сэтгэлийн хаттай гэгээн хүн. Ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон ч өөртөө итгэх итгэлээ хэзээ ч алдаагүй, амьдралыг гэгээлгээр туулсаар ирсэн. “Миний хүү ямагт зөв яв. Бусдад тусалж, баяр баясгалан бэлэглэж бай. Тэгж чадвал буян нь буцаж ирдэг юм” гэж захидаг. Ээж минь хүнтэй маргаж байхыг би хэзээ ч хараагүй. Би ч мөн адил бусадтай эв эетэй байж, үргэлж эерэг харилцаатай явахыг хүсдэг.
“Залуучуудад амьдралынхаа замыг сонгох боломж нь нээлттэй байдаг”
Хүн бүр хичээвэл Билл Гейтс шиг амьдрах боломжтой. Залуучуудад амьдралынхаа замыг сонгох боломж нь нээлттэй байдаг. Хамгийн гол нь хичээл зүтгэл, зорилго тэмүүлэл бөгөөд түүнийхээ төлөө тууштай тэмцэх нь нэн чухал. Мөрөөдөлтэй хүнд аливаа бэрхшээлийн ард гарах боломж үргэлж байдаг. Хүн юу хүсэж, мөрөөднө яг л тэр замаараа алхдаг учраас үргэлж эерэг бодолтой байж, сайн сайхан руу тэмүүлэх учиртай. Би олон найз нөхөдтэй хүн л дээ. Найзууд минь миний амьдралын хамгийн эрхэм хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг. Энэ нөхөрлөл маань надад хамгийн том боломжийг олгож бид хамтдаа зүтгэн олон олон мөрөөдлийг биелэл болгосоор ирсэн.
“Шүүмжлэлийг бусдыг гутаан доромжлох, харлуулах гэж ойлгоод байгаа болохоос угтаа эрүүл үзэгдэл”
Сүүлийн үед л шүүмжлэлийг бусдыг гутаан доромжлох, харлуулах оролдлого гэж ойлгоод байгаа болохоос угтаа эрүүл үзэгдэл юм шүү дээ. Ажил хэрэгтэй холбоотой шүүмжлэл бол шууд утгаараа тухайн ажлын гүйцэтгэлийг сайжруулахад чиглэх байх. Харин хувь хүнд хандсан нь одоо байгаагаасаа хавьилүү дэвжихэд чиглэх ёстой. Ер нь шүүмжлэл нь аливаа зүйлийг илүү сайжруулах, засан залруулах хүсэл юм даа. Харин магтаал бол хүний амьдралын урам. Өглөө болгон нарандаа залбирч, хийж бүтээх эрч хүчээ авдаг шиг магтаал хүнд зайлшгүй хэрэгтэй. Миний хувьд шүүмжлэлд илүү хурцлагдан, зорьсондоо заавал хүрэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгддөг.
“Боловсролтой байна гэдэг нь ердөө зөв хүн байх тухай ойлголт”
Энэ ойлголтыг мэдлэг, ур чадвартай холбож болох ч боловсролтой байна гэдэг нь ердөө зөв хүн байх тухай ойлголт. Эгзэгтэй ямар ч цаг үеийг барьц алдалгүйгээр даван туулах, бусдыг хүндлэх зэргээр боловсролыг ёс зүйн талаас нь хэмжиж бас болно. Зөвхөн бага сургуулийн боловсролтой ч “боловсорсон” гэж тодорхойлогдож болох хүмүүс зөндөө. Эсрэгээрээ гадаад, дотоодод олон сургууль төгссөн ч “боловсроогүй” тохиолдол мөн цөөнгүй. Эндээс дүгнэхэд боловсролтой байна гэдэг нь амьдралын философид бүрэн суралцах, бусдад өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыг ойлгож хүндэтгэн, тэдэнтэй эв найртай зэрэгцэн орших чадварыг олж авахыг л хэлнэ. Миний хувьд хүний нутагт суралцах шийдвэр гаргахдаа өнгөрснөө дүгнэж, шинэ боломжийг эрэлхийлэн амьдралаа өөрчлөхийг зорьсон. Хүсэл зорилго бүхэн минь нутагтаа чиглэсэн учир бид яагаад бусад хөгжилтэй орнуудын жишгээр амьдарч болохгүй гэж, яагаад би энэ бүхнийг өөрчилж чадахгүй гэж... гэх бодлуудаар өөрийгөө хурцалж байлаа.
Нэгдүгээрт, Монгол иргэн бүр эх орныхоо хаана ч амьдарсан ижил тэгш боломжоор хангагдах. Улсын нийслэлийн төвийн дүүрэгт амьдардаг иргэн ч, алслагдмал хөдөө орон нутагт амьдарч буй иргэн ч нийгмийн чанартай үйлчилгээнд тэгш хамрагддаг болохыг би хүсдэг.
Хоёрдугаарт, Монгол Улсын ялангуяа хөдөө орон нутгийн боловсролыг дэлхийн чанарт хүргэх. Эх орны ирээдүй болсон хүүхэд, залуус боловсролын чанартай үйлчилгээнд хамрагдаж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай байхыг би хүсдэг.
Гуравдугаарт, монгол малын түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийг дэлхийн жишигт хүргэх. Ингэснээр малчдын амьдрал ахуйд төдийгүй улс орны эдийн засагт жинтэй өөрчлөлт гарна гэж би тооцоолдог.
Дөрөвдүгээрт, Сүхбаатар аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх. Аялал жуулчлал дагасан дэд бүтэц хөгжиж, бизнес өргөжихийн хэрээр ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдралын түвшин сайжрах болно.
СЭТГЭГДЛҮҮД
|