A |
A |
A |
A |
A |
Боловсрол:
Ажил:
Сайн дурын ажил:
Ирээдүйн эрэлтэд бэлдэж, өөрийн хүсэл эрмэлзлийг дага!
Би багадаа чимээгүй, дотогшоогоо охин байлаа. Харин Эрдэнэтийн Монтурк сургуулийн дотуур байранд 10 хүнтэй нэг өрөөнд амьдрах болсноор бүх зүйл өөрчлөгдсөн дөө (инээв). Олон төрлийн хүмүүстэй харилцах, аливаа асуудалд голыг нь олсон үр дүнтэй шийдэл гаргах зэрэг чухал чадварт суралцсан.
Харин ажил мэргэжлийн хувьд манай үеийнхэн эдийн засагч эсвэл хуульч болно хэмээн хязгаарлагдмал хүрээнд сэтгэдэг байсныг Америкт их сургуульд ороод мэдсэн. Одоо цагт шинжлэх ухаан, технологид гүнзгийрч, компьютер маш сайн эзэмшсэн хүмүүс эрэлттэй байна.
Mckinskey & Company-д орохын тулд багштайгаа дөрвөн сар бэлдсэн
Миний сурч байсан Майами хотын их сургуульд 1990-ээд онд Дэлхийн банкны зөвлөхөөр Монголд ажилласан настай багш байсан юм. Тухайн үед надаас өөр Монгол оюутан манай сургуульд байгаагүй учир надад их элгэмсүү зааж зөвлөдөг байж билээ. Сургууль төгсөхөөс өмнө долоо хоног бүр яг л том компанийн зарчмаар ажлын ярилцлага авах, илгээх материалаа бэлдэх сургуулилтыг дөрвөн сар хийсэн нь үр дүнгээ өгсөн.
Түүнийхээ хүчинд ч Mckinskey & Company-д орж чадсан. Бид хоёр одоо ч холбоотой. Сонин сайхнаа хуваалцдаг, бас зөвлөлддөг. Сайн багш, сайн ментор гэдэг амьдралд тохиох хамгийн завшаантай зүйлийн нэг.
Mckinsey & Company-д дөрвөн жил
Mckinsey & Company-д би дөрвөн жил ажилласан. Энэ бол АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй топ 100 компанийн 90-д нь стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, засгийн газрын төслүүдэд зөвлөгөө өгдөг дэлхийн 60 оронд үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн хамгийн шилдэг зөвлөxүүдийн ажилладаг үндэстэн дамнасан нүсэр компани.
Энэ хүрээнд Майами, Берлин, Прагт ажиллахдаа компани, корпорацийн худалдан авалтын судлаач мэргэжилтэн хийж, дараа нь Mckinsey & Company-ийн дотоод ажил, 4000 гаруй харилцагчдын дата мэдээнд судалгаа хийдэг өндөр нууцлалтай тусгай ажлын хэсэгт ажиллаж байлаа.
Хэдий дэлхийн хамгийн нэр хүндтэй томоохон санхүүгийн байгууллагад ажиллах нь миний мөрөөдөл байсан ч дөрвөн жилийн дараа хийсэн ажил, хүч нөлөө, үр дүн нь илүү тод xүмүүсд ойрхон зүйл хийхийг хүсэх болсон.
Ингээд Европруу сарлагийн хөөвөр нийлүүлэх “Yakmere” брэндийг эхлүүлж, одоо Монголд боловсролыг технологитой хослуулах “TomYo”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Бидний нэрэлхүү зан санамсаргүй боломжоос түлхдэг!
Сайхан боломж, сайн хүмүүс миний амьдралд олон таарсан. Гэхдээ би бодол тэмүүллээ дотроо л хадгалсан бол санаж бодсон зүйл минь хэзээ ч биеллээ олохгүй байсан. Монголчууд бидний хаалттай нэрэлхүү зан аз завшааны үүдийг хаадаг юм шиг санагддаг. Хүмүүстэй ярилцлаа гээд санаагаа алдах биш, харин ч тусалж дэмжих өөр хүмүүс, шинэ боломж гарч ирэх нь элбэг. Тиймээс мөрөөдөл хүслээ илэрхийлж нээлттэй байх маш чухал.
“Edtech” бол боловсролыг теxнологоор дамжуулан олон хүнд тэгш боломж олгох шийдэл”
“TomYo”-ийн гүйцэтгэх захирлын хувьд би “Edtech”-ийг Монголд нэвтрүүлж, чанартай боловсролыг хямд, хүртээмжтэй болгох үйл хэрэгт гар бие оролцож байна. Санхүүгийн салбар технолгитой нэгдэж “финтек” бий болсон шиг, боловсрол технологийн нэгдэл болсон “Edtech” ч сүүлийн таван жилд дэлхийн хэмжээнд хурдтай хөгжих болжээ.
Гадаад хэлний сургалтын төв ч үгүй алслагдмал бүсэд, хилийн чанадад боловсрол эзэмших боломж байдаг талаар ч мэдээлэлгүй олон хүүхэд залуус манай улсад бий. Гэтэл боловсролын түвшнээс амьжиргааны түвшин шууд хамаарч, сайн боловсрол үгүй бол хүссэнээрээ амьдрах, зорьсноо хийх ямар ч боломжгүйг судалгаанууд харуулсаар байна.
Тиймээс бид “TomYo” платформоор дамжуулан гадаадад сурах, боловсрол эзэмшихэд шаардлагатай материал, ментор, сургалтын төв, хэлний курс мэдээллийг хэрэгтэй хүмүүстэй нь холбох гүүрийг бид бүтээхээр хичээж байгаа нь энэ.
Цаашлаад бид Tomyo Edtech-ийг Азийн орнуудад гаргаж, зах зээлд нэвтрэх зорилготой.
Сурна, чадна, сайжирна гэдэг хандлагыг бий болго
Америкт хамт сурч байсан оюутнуудаас эхлээд Mckinsey & Company-д хамт ажиллаж байсан хүмүүс бүгд л мэдлэг чадвараар надаас хэтийдсэн хүмүүс байлаа. Энэ үед өөрийгөө голох, өөртөө эргэлзэх мөч цөөнгүй байсан. Тиймээс одоо өөрийгөө ямагт сайжруулахад эрч хүчээ чиглүүлдэг болсон. Харин үүний тулд мэдэхгүй, чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрч, сурч хөгжих эерэг хандлатай байж, асуудлаа шийдэхэд бие сэтгэлээ дайчлах чухал.
Цаг алдалгүй мэдээллээ солилц, үргэлж шинийг сур!
Ажил дээр хамтран ажиллагсадтайгаа цаг алдалгүй мэдээллээ солилцох, баталгаажуулах, харилцан лавлаж байх маш чухал. Ингэснээр цаг хугацаа, хүч хөдөлмөрийг буруу чиглэлд зарцуулахаас сэргийлж болдог ач холбогдолтой.
Харин хувийн амьдралдаа өдөрт заавал ямар нэг шинэ зүйл сурахыг хичээдэг. Сурахгүй байсан ч шинэ хүнтэй уулзаж нэг шинэ санаа сонсох, харах өнцгөө тэлэхийг зорьдог. Нэг хэвийн байдлаараа ажиллах, шинэ зүйл анзааралгүй өнгөрөөхөд амьдралын эрч хүч буурдаг мэт санагддаг.
Ажлаа жижиг хэсгүүдэд хуваах нь стрессийг бууруулдаг
Өдрөө хэт шахуу төлөвлөх нь ажилдаа түүртэх, стресстэж цаг үрэх нөхцлийг бий болгодог. Тиймээс өдөртөө заавал амжуулна гэсэн хоёр гурван зүйлээ төвлөрөн гүйцээж, үлдсэн хугацааг дараагийн ажилд бэлдэхэд зарцуулдаг.
Миний туршлагаар өдөр тутмын төлөвлөгөө нь хий стресс үүсгэж, цаг үрдэг. Тиймээс би ажлаа долоо хоногоор бэлдэж, үр дүнг хэмждэг.
“Чадна гэсэн ч чиний зөв, чадахгүй гэсэн ч чиний зөв”
Хенри Фордын “Whether you think you can, or you think you cant – you’re right” гэдэг үгийг би харагдах газар бүртээ хадгалдаг юм. Тиймээс би аливаа зүйлийг чадахгүй гэж хэзээ ч боддоггүй. Дандаа л сурна, чадна, болгоно, бүтээнэ гэж хичээдэг.
СЭТГЭГДЛҮҮД
|