A |
A |
A |
A |
A |
Мэргэжил:
Мэдээлэл зүй-математикийн багш, программист
Ажил:
Амжилт:
Их ажлыг цөөхөн хүнээр амжилттай хэрэгжүүлэх арга барилыг нэвтрүүлсэн амжилтаараа нийт ажилтны 10 хувийг л жил бүр шагнадаг “Top Contributor”-ын шагналыг хоёр удаа, “IBM Manager’s Choice Award” гурван удаа, ”Service Excellence Delivery Award” болон “Spirit Award” тус бүр нэг удаа хүртсэн.
Олон улсын шалгуурыг хангаад, IBM-д олон жил ажиллаж байгаа нь миний амжилт
Хувь хүний амжилт, амжилттай яваа хүн, дэлхийн хүн гэж маш олон янзаар ярьдаг. Нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн түвшин бий. Тэр босгыг даваад мэргэжлээрээ ажиллахыг миний хувьд амжилт гэж хэлнэ. Яагаад дэлхийн стандарт, дэлхийн хүн гэж ярьдаг вэ гэхээр тус компанийн хэрэглэж байгаа бизнесийн үйл ажиллагааны дүрэм, ёс зүй, стандартыг яах аргагүй дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болсонтой холбоотой. Дээр нь нэмээд хэлэхэд би энд “Баска” эсвэл “Ноён Намнансүрэн” гэдэг хувь хүнийхээ нэрийг гаргах нь чухал биш гэж боддог. Намайг Монгол хүн л гэж харна. Энэ утгаараа улсынхаа нэрийг мандуулахын тулд үргэлж хичээж явна даа.
Халбага, сэрээ боогчоос IBM хүртэл шантралгүй зүтгэсэн...
Би энд ирээд мэргэжлээрээ сургуульд сурах төлөвлөгөөтэй ирсэн. Тэгээд ч Виржина мужийн Арлингтон хотын олон нийтийн коллеж болох “Northern Virginia Community College”-д мастерт орохын тулд хэлээ сайжруулах зорилгоор “EnglishSecond Language Academic” хэлний бэлтгэлд найман сар сурсан.
Учир нь хүү Арлингтон хотын ахлах сургуульд сурч, гэр бүлийн хүн маань анагаахын оюутан болсон учраас гурвуулаа зэрэг сурах нь бидэнд хүндрэлтэй байв. Иймээс өрхийн тэргүүний хувьд сургуулиа орхиод, ажил хийсэн. Эхэндээ янз бүрийн л ажил хийсэн. Шууд IT компани, IBM-д ороогүй. Яг л Америкт ирсэн бусдын адил.
Энд ирээд хамгийн эхэнд хийсэн ажил гэвэл ресторанд халбага сэрээ боох байв. Дараа нь жолооч, байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд үйлчилгээ үзүүлдэг компанийн ажилтан болсон. Миний ажилладаг сүүлийн компанийн захирал намайг нэг л өдөр IT-гийн мэргэжилтэн болохыг мэдээд “Чи манай программ дээр байгаа нэг юмыг засаад өгөөч” гэж хүсэв.
Тэгээд программыг нь цоо шинээр бичиж, кассаас эхлээд агуулахын бүртгэл хүртэлх бүх ажлыг нь програмчилж өгсөнөөс гадна barcode уншигч, хэвлэгчээр баримт хэвлэдэг болгохоос эхлээд зарим технологийг нь хүртэл шинэчилсэн. Тэгсэн захирал маань шинэ бизнес эрхлэхээр болж намайг IT инженерээр авсан. Энэ хооронд ах нь ажилд орох ярилцлагын сургуулилт их хийсэн. Маш олон мэргэжлийн компанид хандаж уйгагүй, туршлага хуримтлуулан шалгаруулалтад орсон. Үүний үр дүнд IBM-д орсон түүхтэй.
IBM-д ороход нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол тэнд ажиллаж байсан монгол залуу намайг санал болгосон явдал
IBM-д ороход нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол тэнд ажиллаж байсан монгол залуу намайг санал болгосон явдал. Энэ нь их чухал. Учир нь тухайн компанид энэ хүнд итгэж болох юм байна гэх итгэлцэл үүсэж, компани ярилцлагад урьдаг. Яг л тэр зарчмаар ярилцлагад орсон, давсан. Ярилцлагаар хамгийн түрүүнд анкет өгөх шалтгаан, сонирхол, өмнө нь хийсэн ажлууд зэргийг асуух нь ойлгомжтой. Дараа нь техникийн цуврал ярилцлагууд эхэлнэ. Энэ нь компани болгонд харилцан адилгүй. Нэгээс тав хүртэлх түвшин байна, гурван удаагийнх ч байна. IBM гурван түвшний ярилцлагыг нэг доор авсан. Файл яаж устгахаас эхлээд үүлэн технологитой холбоотой асуултаар дуусгасан. Маш энгийнээс эхлээд түвшин ахиулсан мэргэжлийн асуултууд асуудаг гэсэн үг. Тэр үед миний хувьд Verizon, Sony, IBM гурваас нэр хүндтэй том компани гэдэг утгаараа нь IBM-ийг сонгосон.
Энд мэргэжлийн чадвараас илүү биеэ авч явах, өөрийгөө илэрхийлэх байдлыг шалгуураа болгодог
Эднийх ямар ч компанид ажилласан, хэчнээн туршлагатай хүн байсан яг л Мобиком шиг шинэ ажилтны сургалтад хамруулна. Бизнес, ёс зүйн дүрмээс эхлээд харилцааны соёлын хичээл орж, цуврал шалгалтууд авна. Хичээлийн шаардлагыг давсан хүнийг компанийн соёлд тохирох хүн гэж үзнэ. “Hard skill”, “Soft skill” гэсэн хоёр ойлголт байна. “Hard skill” буюу мэргэжлийн ур чадварыг компаниуд өөрсдийнхөө шугамаар бэлдэж чадна гэдэг учраас “Soft skill”-ийг юун түрүүнд хардаг. Өөрөөр хэлбэл харилцааны соёл, биеэ авч явах чадварт нь ач холбогдлоо өгнө. Тэгээд шинэ ажилтанд янз бүрийн түвшний даалгаврууд өгнө. Ачаалал өгч үзнэ. Хөнгөн даалгавар өгнө. Бас ямар ч даалгавар өгөхгүйгээр ажиллуулна. Үүрэг даалгавар өгөхгүй байхаар энэ хүн цаг нөгцөөж сууж байна уу эсвэл боломжийг ашиглаж өөрийгөө хөгжүүлж байна уу гэдгийг харна. Энэ нийгэмд хүнийг үнэлдэг, хөгжүүлдэг, шалгаруулдаг үзүүлэлтүүд маш боловсронгуй болчихсон. Эдгээр шаардлагыг хангаад, энд ажиллах чадварыг надад монгол компаниуд аль хэдийнэ олгочихсон байсан.
Байгууллагын соёл, ёс зүй, ажилчдаа сэдэлжүүлэх чадвар...
Ерөөсөө л ёс зүй, байгууллагын соёл. Маш өндөр ёс зүй. Тэрийгээ ажилчдадаа нарийн эзэмшүүлдэг. Тухайлбал энэ ярилцлагыг би компаниа төлөөлж өгөөгүй, миний өөрийн хувь хүний үзэл бодол болон байр суурь гэдгийг хэлмээр байна. Тодруулбал миний энд хэлсэн асуудлын төлөө IBM компани хариуцлага хүлээхгүй. Хоёр дахь нь патентын тоогоороо манай компани дэлхийд тэргүүлдэг. Шинийг санаачилдаг ажилчдаа идэвхжүүлж, сэдэлжүүлж чаддаг. Дараагийх нь салбартаа манлайлах. “Microsoft” гэхэд манай компанийн захиалгаар personal компьютерын үйлдлийн систем зохиож анх үүссэн. “Apple”-ын CEO байсан хүн IBM-д ажиллаж байсан. Амжилттай явж байгаа IT компаниудын үндсийг манай компани тавьж өгсөн гэхэд хилсдэхгүй. Үүлэн технологи, мэдээллийн аюулгүй байдал, аналитик, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, энэ бүхний стандарт, инновацийн дийлэнх нь IBM-ийнх. Хуучны уян диск, ATM-ын машин, онгоцны тийзийн систем бүгд IBM-ийн санаачилсан бүтээгдэхүүн. IBM маш алсын хараатай, бусдыгаа чирж явдаг, 108 жилийн түүхтэй өвгөн компани. Ерөөсөө л технологийн компаниуд IBM-ийг л хардаг гэж ойлгодог.
Энд байгаа олон монгол залуучуудыг амжилттай ажиллахад нь тусалж, Монголын нийгэмд эерэгээр нөлөөлөх
Энд IT-ийн салбарт амжилттай ажиллаж буй монгол залуучуудтайгаа хамтраад “Mongolian IT Professionals in USA (MITPU)” 300 гаруй гишүүнтэй групп байгуулсан. Гол зорилго нь өөрийнхөө туршлагыг залуучууддаа хуваалцахыг хүссэн юм. Сонирхуулахад, энд “Apprenticeship” гэх хөтөлбөрөөр мэргэжлийн бус хүмүүсийг ажилд авч, нэг жил сургасны эцэст шалгаруулалт хийж, IT-ын ажилд авч эхэлсэн. Тодруулбал, тухайн чиглэлээр дээд боловсрол эзэмших ёстой гэх ойлголт энд үгүй болж эхэлсэн. Жишээ нь үйлдлийн систем суулгадаг ажлыг хэн ч заагаад өгчихөд хийчихнэ. Үүнд ямар ч мэргэжлийн хэрэггүй. Гэхдээ бүгд биш шүү. Хэдэн зуун мянган серверийн ажиллагааг 24 цаг долоо хоногийн турш хангах системийн дизайн гарга гэвэл мэдээж мэргэжлийн хүн шаардлагатай. Тэгэхээр миний зорилго бол энд олон монгол залуучууд амжилттай ажиллахад нь тусалж, Монголын нийгэмд эерэгээр нөлөөлөх юм даа.
Боломжгүй зүйл байсан ч чаднаа гэж зүтгэсэн
Арван хуруу тэгш хүн байдаггүй. Надад ч гэсэн алдаа оноо байсан. Унаж боссон үе бий. Шулуун замаар явсаар одоогийн өндөрлөгт хүрээгүй. Гэхдээ би хэзээ ч бууж өгдөггүй байсан. Боломжгүй байсан ч чаднаа гэж зүтгэсэн. Би хөдөөгийн арван жилийн математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгссөн. Аймгийнхаа физикийн олимпиадын аварга болж байсан. Монголдоо Багшийн их сургуулийн математик, мэдээлэл зүйн ангийг төгссөн. Тэгээд аймгийн захиргаанд очиж ажилласан. Дараа нь Мобиком, одоо IBM-д ажиллаж байна. Эргээд бодох нь ээ энэ бүхэн нь хэзээ ч бууж өгдөггүй чанараас улбаатай юм билээ.
Ааваасаа зарчимч, ээжээсээ шударга чанарыг нь өвлөсөн юм болов уу
Манай аав ээж хоёр хоёулаа математикийн багш. Аав маань маш олон математикийн улсын аваргын медальт шавь нартай. Залуудаа мундаг математикч байгаад төрийн ажилтан болж сургуулийн захирлаас эхлээд сумын засаг дарга, Төв аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албыг хашсан. Аав шигээ зарчимч, хөдөлмөрч байх юмсан гэж хичээдэг. Аавын минь хэлдэг үг бол “Зарчимч бай. Дүрэм журмаас битгий гаж” гэх үг. Харин ангийн багш байсан ээжээсээ шударга чанарыг нь өвлөсөн юм болов уу.
Надад олон ментор бий
Ментор энэ чинь сүүлийн үед гарч ирсэн ойлголт. Миний амьдралд олон ментор байсан гэж боддог. Хамгийн түрүүнд мэдээж эцэг, эх хоёр. Мөн аймгийн захиргаанд ажиллахад чиглүүлж байсан хэлтсийн дарга нар. Төрд олон жил ажиллачихсан мундаг зарчимч хүмүүс байсан. Бас Мобикомд ажиллах үеийн хэлтсийн дарга нар байна. Тухайн үед Мобикомын ерөнхий захирал Р.Арвинцогт, мөн Р.Батмэнд, Болор гээд үе, үеийн захирлуудаас ихийг сурсан. IBM-д орлоо. Хамт ажиллаж байсан Жагдагдорж ах намайг их зүйлд чиглүүлсэн дээ .Гэхдээ миний нэг зарчим бий өөрийнхөө ухаанаар тунгааж бодоод зөв гэсэн зүйлийг л хийх.
Намайг сайн менежер байсан эсэхийг миний удирдлагад ажилласан залуучууд хэлнэ
Намайг сайн менежер байсан эсэхийг миний удирдлагад ажилласан залуучууд хэлнэ. Би тийм ч төгс удирдагч байгаагүй. Гэхдээ сайн инженер байсан. Ажилчдадаа өгсөн үүрэг даалгавраа зөв чиглүүлж, заримдаа болохгүй зүйлийг өөрөөрөө үлгэрлэдэг байсан. Хүнээ сайн сургаж сайн инженер болгож чаддаг байсан гэж боддог. Миний хувьд ажилчдаасаа төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа цагт нь хийх, тайлангаа өгөхийг илүүтэй шаарддаг байсан.
IBM-д дөнгөж ороод хэт эрдсэнээс өөрийнхөө хариуцсан хэсгийн компанийн системийг бүтэн гурван өдөр унагаасан ч...
IBM-д дөнгөж ороод өөртөө хэт эрдэн нэг компанийн жижигхэн системийг бүтэн гурван өдөр унагаасан асуудал гарч байлаа. Тэгээд хоёр өдөр нойргүй суугаад босгосон. Эхний өдөр нь алдаагаа засаад сүлжээний 90 хувийг сэргээсэн. Хоёр дахь өглөө нь дарга маань харьж амар гэхэд нь “Үгүй ээ, энэ ажлаа 100 хувь хийж дуусгах ёстой, тэгж байж миний санаа амарна, одоо бол унтаж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд бүрэн алдагдалгүй дуусгаж чадсан. Хамгийн гол нь экспертүүдийн зүгээс шалгаад сэргээх боломжгүй, хамаг өгөгдлөө алдлаа гэж үзсэн байв. Нэг ёсондоо тэр үед Баска гэдэг хүний нэр хүнд шалан дээр унасан ч уйгагүй зүтгэлийнхээ дүнд алдаагаа засаж чадсан. Алдаа гаргахгүй хүн гэж байхгүй. Гол нь давтаж болохгүй.
Цагийг дэмий өнгөрөөх л юм бол танд олдсон боломж үгүй болчихно
Боломжийг би цагтай холбомоор байна. Цагийг дэмий өнгөрөөх л юм бол танд олдсон боломж үгүй болчихно. Дэлхий ертөнц өөрөө сонин. Чамд өнөөдөр нэг санаа төрөөд хэвтэж байлаа гэж бодъё. За дараа больё гээд залхуураад хойш тавьчихлаа. Гэтэл өөр нэг газар яг чиний бодсоныг чинь хийчихдэг тохиолдол цөөнгүй гардаг. Хэрэв чи залхуураагүй, хойш суугаагүй, маргааш гэж хойш нь тавиагүй бол боломжоо бусдад алдахгүй шүүрээд авах байсан. Энэ ертөнц хүн болгонд боломжийг олгодог. Тэгэхээр боломжоо ашигла, цагаа битгий дэмий үр, маргааш гэж хойш нь бүү тавь. Ядах нь ээ босоод санаагаа бичиж тэмдэглээд ч болов эхлүүл. Санаагаа нэг өдөрт, хагас жил, бүтэн жилийн дотор ч хийж магадгүй. Гэхдээ бага багаар ахиулаад бичээд л бай. Миний хувьд санаануудаа цаасан дээр буулгаж бичдэг. Тэр боломж надад дахиж олдохгүй учраас л тэр. Маргааш гэж та тайвшрах л юм бол олдсон боломжоо алдаж байна гэж бод. 100 хүний 10 нь боломжоо ашиглаж, үлдсэн 90 нь залхуурдаг. Миний хувьд боломжийг ингэж л хардаг.
Энгийн...
Миний хувьд их сургуулиа төгсөөд аймгийн захиргаанд ажиллалаа. Костьюм өмсдөг мундаг жентелмен залуу болсон. IBM-д орлоо. Эхэн үедээ хувцаслалтын код шаардаж байснаа одоо больсон. Ажилдаа жинстэй ирсэн ч хамаагүй. Хэрэв Мобикомд ингэж хувцаславал япон захирлууд юу өмсөөд ирэв ээ гэж гайхна. Монголд менежер гэхээр заавал костюм өмсөх ёстой гэсэн ойлголт байдаг шүү дээ. Ингээд л харахаар миний хэв маяг, стайл тухайн амьдралын шаардлагаас шалтгаалж олон янз байж. Өөрийгөө товчоор тодорхойлбол энгийн хэв маягтай юм болов уу.
Анхаарлаа сайн төвлөрүүлж, тархиныхаа булчинг ажиллуулчихвал тархи үлдсэнийг нь хийчихдэг
Миний хувьд найман сар англи хэлний сургалтанд суусан ч олигтой сайжраагүй. Одоо ч гэсэн төгс болоогүй л явна. Англи хэлний багш маань хэллээ, “Чиний нас нэлээн явчихжээ. Эрүүний чинь булчин зуурсан байна. Наадахыг чинь яаж засах вэ” гээд л намайг инээлгэдэг байсан. Тэгээд амны хайрцагны дасгал багагүй хийсэн. Тухайн үед шантарсан ч бууж өгөөгүй. Дараа нь IT-гийн компанид олон жил ажилласан нэг вьетнам хүнтэй танилцлаа.
Түүний аялга ёстой хачин сонсогдсон. Гэсэн хэрнээ хүмүүс их ойлгоно. Түүнийг хараад л надад итгэл төрөөд явчихсан. Би огт бууж өгч болохгүй юм байна өөрийн гэсэн аялга үүсгээд явах ёстой юм байна гэж бодсон. Угаасаа энд төрсөн Америкчууд хүртэл нэг дуудлагаар ярьдаггүй. Тэгээд ч би Англид биш Америкт байгаа юм чинь. Миний Коллежид үзсэн англи хэлний дүрмийн мэдлэг амьдралд хэрэг болохгүй л байгаа. Тэр дүрмийг америкчуудаас асуувал мэдэхгүй. Яагаад гэвэл чи мастерт сурч, академик боловсрол эзэмшиж, улмаар профессор болж, их сургуульд багшлахгүй л бол ESLA-ыг авч дэмий мөнгө үүрэх шаардлагагүй.
Тэрний оронд номын сан, сүмд заадаг англи хэлний богино хэмжээний сургалтанд сууж чихээ онгойлгох хэрэгтэй. Хэл сурах олон янзын арга байна. Миний хувьд англи хэлээ одоо ч гэсэн үзэж байгаа. Хэл сурч байгаа хүмүүст зөвлөхөд кино үз, англи дуу дагаж дуул. Киногоо сонгохдоо диалогтой энгийнийг сонго. Дагаад үглээд яв. Бэлэн харилцан яриануудыг битгий үз. Учир нь сонирхлыг чинь татах нь юу л бол. Өөрийнхөө сонирхдог юмыг л үз. Анхаарлаа сайн төвлөрүүлж, тархиныхаа булчинг ажиллуулаад өгчихвөл тархи үлдсэнийг нь хийчихдэг.
Сонгодог цагийн менежмент барьдаггүй
Миний хувьд сонгодог цагийн менежмент барьдаггүй. Одоогийн хийж буй ажлын маань онцлог гэх үү дээ. Дуудлага ирлээ 15 минутын дотор компьютероо асааж тухайн гэмтлийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой хугацаанд дуусгана. Заримдаа гал команд шиг ажиллах үе байна. Тиймээс цагийн менежментийн асуудал ажлын онцлогоос хамаарч харилцан адилгүй. IBM-д ажил өглөө 08.00 цагт эхэлнэ. Бүх зүйл цэгцэндээ орсон яг л хүрд шиг механизмтай учраас тэр эргэлтэд ороод л явна. Хүрднээс бултах юм бол ажлын үзүүлэлт унана. Хүрд тогтсон стандарт, олон жилийн судалгаа шинжилгээтэйгээр явна. Нэг ёсондоо бэлэн томьёоны дагуу ажиллана гэсэн үг.
СЭТГЭГДЛҮҮД
|