• Lead the way ...
         
21
2024
Nov
Б.Сэлэнгээ
#АМЖИЛТЫН КОД
ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ бусдаас хамааралгүйгээр зөвхөн ӨӨРИЙНХӨӨ ЗАМААР алхдаг
Сэтгүүлч
Г.ОДГАРАВ
МИНИЙ АЖИЛ
  • Хуульч мэргэжилтэй.
  • “The One” Tөгөлдөр хуурын ухаалаг сургалтын төв
  • “The One Kids” Xүүхдийн Tанин Mэдэхүйн Tөвийн үүсгэн байгуулагч
  • Specialist Worldwide Online Retail Direct Pty Ltd захирал
МИНИЙ АМЖИЛТ

  • Хүн бүрийн амжилтын хэмжээс өөр

    Миний хувьд амжилт гэдгийг айхтар томоор хэмждэггүй. Аливаа хийсэн зүйлийнхээ үр дүнгээс өөртөө авч байгаа баяр баясгалан, цаашдаа хэрэгжүүлэх ажлын эх суурь, шат гэдэг утгаар нь хардаг. Чи өөртөө сэтгэл хангалуун байхын тулд өөрийгөө ялан дийлж, дэмий цагаа үрэхгүй байх мэтээр сул талтайгаа тэмцэх нь ч амжилт. Тиймээс өөртэйгөө тулж харьцсан, өөрийгөө таньж мэдсэн хүн ажил мэргэжил, бизнесийн хувьд амжилтанд хүрдэг гэж боддог. 

БИ ХЭН БЭ?

МИНИЙ АМЬДРАЛЫН ЗАРЧИМ

Амьдралд бодитой хандах

Амьдралыг өөдрөгөөр харж  бодитой хандахыг хичээдэг.

МИНИЙ АМЬДРАЛЫН КОД

Ээжийн хөдөлмөрч, аавын тэсвэр тэвчээр, өвөөгийн няхуур, нямбай занг өөртөө дадал болгосон

Хөдөлмөрлөх... Ээж маань их хөдөлмөрч хүн байсан. Би айлын ууган хүүхэд. Дөрвөн дүүтэй. Намайг зургадугаар ангид байхад ээж маань бурхан болсон. 33-хан настай таван хүүхдийн ээж байсан тэр эмэгтэйг хүндэлж бишрэхээс ч аргагүй юм. Манай ээжийг одоо ч гэсэн хүмүүс аливаа юманд нягт нямбай ханддаг, ажилсаг “Энхээ эгч” гэдгээр нь дурсдаг. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй үед цөөнгүй хүн архинд орж амьдралаа бусниулж байсан. Тэр үед аав маань эхнэрээ алдаж таван балчир хүүхдийн хамт үлдээд сэтгэлээр унаж, архинд орж болох байсан. Гэтэл тэгээгүй. Бүр бид нарыг хахир өвлөөр ханиад хүрэхэд тамхиа бүр мөсөн хаяж байсан гээч... Аавынхаа хүнд бэрх үед ямар их тэвчээр гаргаж байсныг бодон аливаа асуудалд тэвчээртэй, өөдрөгөөр харж урагшлахыг хичээдэг. Намайг аравдугаар ангид сурч байх үед аав одоогийн ээжтэй минь ханилан хөдөө тусдаа амьдрах болсон. Ер нь бол долдугаар ангиас эхлэн аав надад бүрэн итгэж гэрийнхээ санхүүг барих эрхийг өгч байлаа. Тэжээгчээ алдсаны мөнгө, аав, авга ах, эгч нарын өгсөн мөнгөөр гэрийнхээ санхүүг зохицуулна. Энэ болгон надад амьдралын маш том сургууль болсон. Түүнээс хойш сургуулиа төгсөж, янз бүрийн ажил бизнес хийж зүтгэсээр өдийг хүртэл явж байна. Өөрийн компаниа байгуулж яваа минь миний мундагтаа биш ердөө багаасаа суусан чадварт байгаа юм.

МИНИЙ АЛДАА

Боломж олдвол бүдэрсэн ч хамаагүй зүтгэх хэрэгтэй

Амьдралд байх ёстой зүйл гэж боддог. Зүрх сэтгэл, дотор хүн маань тэмүүлж л байвал алдаанаас эмээлгүйгээр заавал оролдоод үзэхийг хичээдэг. Хэрвээ алдвал тэр нь сургамж болж улмаар дараагийн түвшинд хүрэх шат болдог. Суралцсаар л явна даа.

МИНИЙ БОЛОМЖ

Хүн бүрт ижил боломж заяагддаг

Боломж хаа сайгүй бий. Хүн бүрт ижил боломж заяагддаг. Зарим нь тэрхүү боломжийг хараад эхний алхмаа зоригтойгоор хийдэг. Өөрт тохирсон боломжийг харвал эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр тэрхүү боломжийг бодит болгохын төлөө ихэд хөдөлмөрлөх хэрэгтэй. Мэдээж эрсдэлтэй нүүр тулна. Гэхдээ эрсдэлийг давах хүчтэй зэвсэг бол тооцоо, судалгаанаас гадна хөдөлмөрлөх. Уйгагүй, тууштай, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөсний үр дүнд ялалт үргэлж таны талд байх болно. 

МИНИЙ МЕНТОР

Ментор гэж онцлохоор хүн байхгүй

Би амжилттай хүмүүсийн намтар унших, хүмүүстэй ярилцах дуртай. Харин яг ментор гэж онцлохоор хүн байхгүй. Гэр бүл, хань, 2 хүү маань миний урагшлах эрч хүч.

МИНИЙ ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ

Онлайнаар Монгол, Австрали дахь ажлаа хийдэг

Би Сиднейн төвд гэрээсээ өөрийн ажлуудаа хийдэг. Өдөр бүрийн дадал болгосон хэвшмэл зүйлсээ хийх цагуудтай. Жишээ нь өглөө 10.00 цагаас өмнө йог хийх, хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэх гэх мэт ажлыг амжуулаад 10.00-12.00 цагийг зөвхөн ажилдаа зарцуулдаг. Болж өгвөл сул цаг гаргахгүйг хичээдэг. Өдөрт 1-2 цагийг йогт явах, алхахад зарцуулдаг. Завгүй тохиолдолд ядаж 15 минутыг гүйлтийн зам дээр өнгөрөөхөд тархи сэргээд ирдэг. Хөдөлгөөнөөс эрч хүч авдаг. Манайх хотын төвд учраас их хотын эрч хүчээс байнга энерги авдаг. Хүмүүс гэртээ ажил хийхээр яаж анхаарлаа төвлөрүүлдэг юм бэ гэж асуудаг. Миний хувьд асуудал гардаггүй харин ч цагаа сайн хэмнэж чаддаг. Долоо хоногтоо нэг өдрийг ажлын холбоотой уулзалтаар өнгөрүүлдэг. Mонгол дахь ажилчид маань их сүрхий, ажлаа сайн мэддэг, үнэн сэтгэлээсээ нэг баг болон хамтран ажилладаг. Ажилчдадаа итгэл хүлээлгээд, ажиллах орчинг нь бүрдүүлээд өгчихвөл чин сэтгэлээсээ ажиллана гэж боддог. Чөлөөт цагаа нөхөр, хүүхдүүдтэйгээ л өнгөрүүлэхийг хичээдэг.

МИНИЙ ХЭВ МАЯГ

Ерөнхийдөө энгийн....

Ерөнхийдөө энгийн байхыг чухалчилдаг болсон. Амьдралын хэв маяг маань ч яг ижилхэн. Гэрээсээ ажилладаг ч гэр бүлдээ хангалттай цаг зарцуулж чаддаггүй. Тиймээс чөлөөт цагаа тэдэнтэйгээ өнгөрүүлэхийг хүсдэг.

МИНИЙ АМЬДРАЛДАА СОНССОН ХАМГИЙН ГОЁ ҮГ

Өмнө минь хүлээж буй тэр сайхан зүйлстэй тулахын тулд эрүүл амьдрах ёстой гэж боддог

"Ээжээ би танд хязгааргүй хайртай" гэсэн хүүгийн минь үг миний амьдралдаа сонссон хамгийн гоё үг. Амьдрал баялаг. Бид амьдралдаа өчнөөн сайхан зүйлсийг туулсан ч үүнээс ч илүү гайхамшиг хүлээж байгаа учраас эрүүл, саруул байхыг эрхэмлэдэг. Мөн хүн нэг л үхэж өдөр болгон амьдардаг учраас өдөр бүр өөдрөг, үр өгөөжтэй байгаасай гэж хүсдэг. Тиймээс бусдыг ойлгох сэтгэлтэй байж, оюуны хүрээгээ тэлж, хөдөлмөрлөж, чадахаараа амьдралын амтыг мэдрэхийг хичээдэг.

МИНИЙ ТӨЛӨВЛӨЛТ

Нэг сараас 5 жил хүртэл зорилго тавин, түүнийхээ төлөө ажлаа төлөвлөн ажилладаг. Mаргаашийн чухал шаардлагатай ажлын жагсаалтаа өмнөх орой нь гаргадаг. Tөлөвлөгөөний явцад маш их өөрчлөлт орноо. Гэхдээ л чухал ажлаа тухайн өдөртөө дуусгахыг зорьдог.

МИНИЙ МӨНГӨНИЙ МЕНЕЖМЕНТ

Хэмнэхээсээ илүүтэй хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулахыг эрмэлздэг

Надад мөнгөө хямгадаж зардлаа багасгах ойлголт байдаггүй. Би хэмнэхээсээ илүүтэй хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулахыг эрмэлздэг. Зардал гарч л байдаг. Тэрэндээ анхаарал хандуулахгүйгээр тодорхой мөнгөн дүн төсөвлөчхөөд орлогоо яаж тодорхой хэмжээнд хүргэх вэ гэдэгт төвлөрдөг. Mөнгөө аль болох эргэлтэнд оруулаад тодорхой хэмжээг хуримтлалд зарцуулдаг.

МИНИЙ ХЭЛ СУРАХ АРГА БАРИЛ

Тухайн улсынхаа хэлээр мэдээ үзээрэй

Би кино их үздэг байсан. Хүмүүс хоорондын энгийн харилцан яриаг кинонуудаас сурсан. Тэгээд мэдээ үзэж эхэлсэн. Ингэснээр дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхахаас гадна тухайн оронд ямар үйл явдал тохиолдож байгааг мэдэх учраас хүмүүстэй харилцах ярианы сэдэвтэй болж байсан. Мөн өөрийн хобби, сонирхдог зүйлийнхээ талаар судалж хэлээ сайжруулбал нэг л мэдэхэд үгсийн сан арвижиж дуртай зүйлийнхээ талаар бусадтай харьцахад төвөггүй болно. Ер нь хэл сурахад хувь хүний зүтгэл маш чухал.

МИНИЙ АЖЛЫН БАЙР

Заавал мундаг хүн болох ёстой гэх зэргээр хүүхдээ “шахдаг” үе өнгөрчихөөд байна

Би Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийн хувь хүний хөгжил, хандлагад өөрийнхөө болон чадварлаг багш нарынхаа хамтаар хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Миний ажлын байр бол “The One Smart Piano Classroom” болон “The One Kids” төв. Бид Монгол улсын ирээдүй хойч үе болсон хүүхдүүддээ чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэн хувь хүний зүгээс хөгжиж боловсроход нь зориулсан цогц сургалтын төвөө нээсэн. Манай төвийн ялгарах давуу тал нь хүүхдийг өөрөөр нь дурлуулж сургах, оролдлого хийсний үндсэн дээр тархи, ур чадварыг нь хөгжүүлэх боломжийг олгох юм. Одоогийн хүүхдүүдэд шинэ зүйлийг туршиж үзэх боломж нь нээлттэй болжээ. Өнөө үед хувь хүний хөгжил, сэтгэл зүй чухалд тавигддаг болсон. Түүнээс биш хүүхдийнхээ сэтгэл санаанд юу болж буйг сайн мэдэхгүй байж чи заавал мундаг бай, миний хүүхэд заавал мундаг хүн болох ёстой гэх зэргээр “шахдаг” үе өнгөрчихөөд байна. Одоогийн хүүхдүүд өөрсдөө олон төрлийн юмыг туршиж үзэж байж юунд дуртайгаа ялгаж салгадаг болж. Энэ ч үүднээс манай сургалтын төв хүүхдийн өөрөө өөрийгөө хөгжүүлэх тал дээр түлхүү анхаардаг. Өөрөө эх хүн болохоор хүүхдийн төлөө ихийг хийж, тэр халуун дулаан орчинг мэдрэхийг эрмэлздэг дээ.

МИНИЙ БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ БОДОЛ

Хүүхдэд юун түрүүнд хөгжмийн боловсрол олгох ёстой

Одоогийн нийгэмд хүүхдэд хөгжмийн боловсрол маш чухал гэдгийг онцолж хэлмээр байна. Дунд сургуульд хөгжмийн боловсрол олгох нөөц бололцоо бага, хүний нөөц ажиллах хүчин дээр дутагдалтай юм шиг санагдсан. Бид энэхүү төвөөрөө хүүхдэд энгийн хөгжилтэй аргаар төгөлдөр хуур заадаг. Нийт 100 гаруй хичээлийн программтай. Энэ үед EQ буюу зөөлөн чадварыг хүүхдэд суулгахыг эрхэмлэдэг болсон. Энэ ур чадварт хөгжмийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөгжмийн боловсролоор дамжуулж хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлж болно. Хэл сурах, хөгжим тоглох хоёр тархинд эерэгээр нөлөөлөх төдийгүй хөгжим нь аз жаргалын гормон ялгаруулдаг.

МИНИЙ ХҮСЛИЙН ЖАГСААЛТ
  • Хөгжмийн боловсролыг хүүхэд бүр энгийн, хөгжилтэй аргаар эзэмших ажлынхаа үр дүнг үзмээр байна.
  • Төвийнхөө нээлтийн дараа өөрийгөө эрхлүүлж, хоёр хүүхэдтэйгээ цагийг ханатлаа өнгөрүүлмээр байна.