• Lead the way ...
         
03
2024
Dec
Ж.БАТСУУРЬ
#АМЖИЛТЫН КОД
Ажлыг бага хэмээн чамлавал хэзээ ч агууг бүтээхгүй
Сэтгүүлч
Г.ОДГАРАВ
МИНИЙ АЖИЛ

Одоогийн албан тушаал:  

  • Ерөнхийлөгчийн Орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх

Боловсрол:  

  • Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль
  • Санхүү эдийн засгийн дээд сургууль Санхүүч - Нягтлан бодогч
  • Удирдлагын академи - Бизнесийн удирдлагын бакалавр
  • БНСУ-ын Удирдлагын академи - Удирдахуйн ухааны магистр

Эрхэлсэн ажлууд:

  • 1992-1994 онд "Монголын хөрөнгийн бирж"-д дилер
  • 1994-1999 онд "Молор импекс" ХХК-ийн захирал
  • 1999-2000 онд "Дөрвөлж" ОНӨҮТ-ын дарга
  • 2005-2007 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төр Засгийн Үйлчилгээ Аж Ахуй Эрхлэх Газрын дэд дарга
  • 1997-2017 Сүхбаатар аймгийн ардчилсан намын дарга
  • 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг дарга
  • 2017 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн Орон нутаг хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх
МИНИЙ АМЖИЛТ

Амжилт бол алсыг харсан төлөвлөлт

Хүн хэн байсан, өнөөдөр ямар түвшинд хүрснээ заавал эргэцүүлэх ёстой гэж боддог. Тиймээс ухаан орсон цагаасаа өдийг хүртэлх бүх алдаа оноогоо дүгнэж, амьдралаа эргэн санадаг байх хэрэгтэй. Миний хувьд өнөөдрийг хүртэл шатаар өгсөж байгаа мэт үргэлж мацсаар ирсэн. 

Эргээд харахад энэ хугацаанд хийсэн жижиг зүйлс, туулсан бүхэн минь миний амжилт гэж боддог. Тиймээс амжилтыг тооцоолж болдог гэж ойлгодог. Харин амжилтын үндэс бол нэгдүгээрт төлөвлөлт, хоёрдугаарт, алсыг харсан төлөвлөлт гэж хэлнэ. 

Би багын л аав ээжийнхээ үгийг сонсдог, хамт олонч, нийгмийн ажилд их идэвхтэй хүүхэд байсан. Аливаад чин сэтгэлээсээ ханддаг, нийтэч байдал минь нэг л мэдэхэд шийдвэр гаргагч болгочихсон. Өөрөөр хэлбэл багаас нь өгссөөр Аймгийн засаг дарга хүртэл болсон. Миний зарчим бол аливаа зүйлийг том, жижиг гэж ялгаж, голж болохгүй гэх бодол. Тухайн жижиг зүйл дээр гаргаж байгаа санаа, зорилго, хариуцлага нь эргээд том шийдэл рүү аваачдаг. Өөрөөр хэлбэл бага хэмээн чамлавал том үйл хэрэг хэзээ ч бүтдэггүй юм шүү.

МИНИЙ ЗОРИЛГО

Хувь хүн өөрөө л мэрийхгүй бол цааш ахихгүй

Өмнөө тавьсан жижиг зорилтуудаа зөв, баттай гэж үзвэл цар хүрээг нь томсгож, хөрсөн дээр буулгах хэрэгтэй. Ингэж байж жижиг зорилгуудаас хамгийн том нь бүтнэ. Эхлээд зорилгоо тодорхойлж, дараа нь түүнд хүрэхийн тулд мэрийх хэрэгтэй. Түүнээс бус зүгээр суугаад, мөрөөдлөө биелэхийг хүлээвэл хэзээ ч бүтэхгүй. Хувь хүн өөрөө л мэрийхгүй бол цааш ахихгүй гэсэн үг. 

МИНИЙ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

Хүн өөртөө л бүрэн найдаж итгэлийг бий болгоно

Би өөртөө л итгэлтэй байдаг. Хүн өөртөө л бүрэн найдаж итгэлийг бий болгоно. Нүдэнд харагдсан, гарт баригдсан зүйл бодол санаанд зангидагдаж, төлөвлөгөө болсон тохиолдолд итгэх, биелэхээс өөр зам үлддэггүй. Амжилтыг тооцоолдог гол зүйл бол бодит байдал. Би өөрөө их прагматик хүн. Тиймээс тэр шинж байдал миний амжилтын гол суурь болдог.

МИНИЙ МЕНТОР

Миний ментор бол Ерөнхий сайд асан Р.Амаржаргал багш

Хүн байх ерөнхий ухагдахууныг мэдээж аав, ээжээсээ л авсан. Харин амьдралын зарчмыг Санхүү эдийн засгийн дээд сургуулийнхаа багш нараасаа суралцсан даа. Тэр дундаа Ерөнхий сайд асан Р.Амаржаргал багш нийгэм, улс төр дэх суурь зарчмуудын талаарх ойлголтыг өгч зөвлөж, сургасан. 

БИ ХЭН БЭ?

БҮТЭЛГҮЙТЛИЙН ТАЛААРХ МИНИЙ БОДОЛ

Бүтэлгүйтэл бол сургамж

Бүтэлгүйтэл бол сургамж. Хоёр янз байх ёстой. Өөрөөс шалтгаалах бүтэлгүйтлээс сургамж авч, дараагийнхаас урьдчилан сэргийлэн, болзошгүй эрсдэлээс зайлсхийх боломжтой. Гадны нөлөөтэй бүтэлгүйтэл бас байна. Жишээлбэл, коронавирус, дайн, томоохон компани хоорондын өрсөлдөөн, улс төрийн шийдвэрүүд гэх зэргээс бас шалтгаалж болно. Бүтэлгүйтлийг мэдрэмж, мэдлэгийн тусламжтайгаар даван туулна. 

МИНИЙ АМЖИЛТЫН КОД

Миний амжилттай явж буйн гол үндэс бол амьдралаас, аав ээжээс авсан өгөгдөл

Манай аав, ээж хоёр эцэж цуцахаа мэдэхгүй хөдөлмөрлөдөг, бусадтай элгэмсүү найрсаг, хүнийг сонсож чаддаг, тусч хүмүүс байсан. Тэднээсээ бусдад тусална гэдэг амьдралдаа авсан хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт төдийгүй хэзээ нэгэн цагт эргээд өгөөжөө өгдгийг алхам тутамдаа ойлгосон. Тэр ч утгаар ээж ааваасаа өвлөсөн ухааныг сэтгэлдээ нандигнаж, явдаг. Миний амжилттай явж буйн гол үндэс бол амьдралаас, аав ээжээс авсан өгөгдөл гэж боддог. 

Миний хувьд “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Уур биеийг зовооно уул морийг зовооно”, “Долоо хэмжиж нэг огтол” зэрэг зүйр үгэнд дуртай. Сүүлийн үг бол эдийн засагч мэргэжилтэй минь их холбогдоно. Энэ мэргэжил бол үр дүнгээ түрүүлж хардаг онцлогтой. 

МИНИЙ УДИРДАХ ХЭВ МАЯГ

Асуудлыг зоригтойгоор бүх оролцогчийн дунд гаргаж тавих...

Асуудлыг зоригтойгоор бүх оролцогчийн дунд гаргаж тавих нь миний удирдах хэв маяг. Учир нь нэг хүнтэй ярьсны дараа цаана нь байгаа ажилчин, албан хаагчид бүрэн ойлгохгүй бол цагийн гарз болно. Тиймээс тухайн асуудлыг тойрсон бүх хүнийг хамруулах нь миний зарчим. Тэр дундаас саналуудаа цуглуулж, шийдлээ гаргах ёстой. Ганцаарчилсан, хэсэгчилсэн байдлаар явах нь шуурхай мэт харагдах ч хүмүүсийн оролцооны хэлбэр хангагдаагүй тул хэл ам дагуулдаг. Цөөн хүний шийдвэр шуурхай ч цааш явах зам нь бартаатай байдаг. Нийгмийн хөгжлийн гол зүйл бол иргэний, өрх гэр бүл бүрийн оролцоо гэж үздэг. Нийгмээ шүүмжлээд байгаа бол өөрөө оролцох л хэрэгтэй. Иргэн хүн тухайн улсаа хөгжүүлье гэвэл нэг бол оролцох ёстой эсвэл дуугүй байх нь зөв. Хошуу нэмэхээр хуруу нэм гэдэг биз дээ.

МИНИЙ БОЛОМЖ

Боломж бол бэлэг, сонголт бол тавилан юм

“Боломж бол бэлэг, сонголт бол тавилан юм” гэсэн үг байдаг шүү дээ. Бидний эргэн тойронд боломж бий. Тэр бүхнээс алийг сонгох, алийг нь шүүрэх вэ гэдэгт мөн л нөгөө төлөвлөгөө, тооцоо хэрэгтэй. Хань ижлээ сонгох нь амьдралын тал хэсгээ бий болгож байна гэсэн үг. Тиймээс сонголтоо буруу хийвэл амьдралаа алдах болно. Иймээс л боломжийг бэлэг гэж ойлгодог. 

Би анх их сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод хөрөнгийн биржийн дилер хийсэн. Тэр үед найз нөхөд маань Сангийн яам, Өмч хувьчлалын газар гэх газруудад ажилласан. Тухайн үед ихэд бодсоны эцэст төрсөн нутагтаа очиж, амьдрах ёстой гэх алсын зорилгоо тодорхойлсон. Өнөөдрийг хүртэл нутагтаа амьдрахдаа хэзээ ч өөрийнхөө сонголтод эргэлзэж байсангүй ээ.

МИНИЙ АМЬДРАЛЫН УТГА УЧИР

Хүн дуртай ажлаа хийхдээ хэзээ ч ядардаггүй

Хүн хувь тавилангаа зохиодогт итгэдэг. Амьдралын утга учир бол зөвхөн өөрөө аз жаргалтай амьдрах биш шүү дээ. Чадалтай бол олон хүнд дэм болох ёстой, олон хүний зам мөрийг зааж өгөх ёстой. Хүмүүс их ажил хийвэл ядардаг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл дуртай зүйлээ хийвэл цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрнө. Ер нь амьдрал хэмээх бартаа ихтэй уул өөд өгсөж, бусдад дэм болох нь амьдралын минь утга учир юм уу даа.

МИНИЙ ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ

Өглөө гэрээс гарахдаа бичгийн цаасан дээр өдрийнхөө хийх ажлуудаа бичдэг

Би бүх зүйл, амьдралаа төлөвлөдөг. Өглөө босоод өнөөдөр хийх ажлуудаа бичгийн цаасан дээр жагсааж бичээд гарна. Орой гэртээ ирээд амжуулж бүтээсэн бүхнээ дугуйлдаг. Долоо хоногийн сүүлчээр амжуулаагүйгээ дараагийн төлөвлөгөөндөө тусгаж өгдөг. 

Би ер нь тэмдэглэлийн дэвтэр хэрэглэдэггүй юм аа. Бүх зүйл толгойд бичээстэй учир тэмдэглэсэн үнэт санаануудаа алдана гэх айдасгүй явдаг.  Төлөвлөгөө гэхээр хүмүүс нэг их том зүйл боддог. Харандаа, цаас хоёр байхад л болчихно шүү дээ. 

ШҮҮМЖЛЭЛИЙН ТАЛААРХ МИНИЙ БОДОЛ

Бидний дутагдалтай тал бол өөрөө оролцоогүй байж  аливаад шүүмжлэх байр сууринаас ханддаг явдал

Цахим орчинд олон шүүмжлэл явдаг. Би тэр шүүмжлэлүүдийг огт тоодоггүй. Ер нь аливааг буруутгах, харлуулах их амархан. Бидний дутагдалтай тал бол өөрөө оролцохгүй байж бусдыг шүүмжлэх байр сууринаас ханддаг явдал. Асуудлыг туулсан, мэддэг хүмүүс илүү бодитой, эерэг байр сууринаас ханддаг. Түүнээс биш хов жив хөөцөлдөөд өөрөө мэдэж, чадчихсан юм шиг бусдын улыг шагайна гэдэг амьдралд  огт  нийцэхгүй.

МИНИЙ ХҮСЛИЙН ЖАГСААЛТ

Нэгдүгээрт, би хүмүүсийн нийгмийн оролцоог идэвхжүүлэхийг хүснэ. Аймгаа улсын хэмжээний, олон улсын хэмжээний бодлогод оролцуулах. 

Хоёрдугаарт, Сүхбаатар аймгаасаа Монгол улсын далайд гарах шинэ замыг нээхийг хүсэж байна. Хэрвээ энэ хүсэл минь биелэвэл малчид олон улсад бараа, бүтээгдэхүүнээ борлуулах, үнэлэгдэх боломж бүрдэнэ. Суусан бурхнаас явсан чөтгөр дээр гэдэг үг бий дээ. 

Гуравдугаарт, мэдээж хувь хүнтэй холбогдох байх. Хувь хүн өөрөө үлгэрлэж байж бусдыг байлдан дагуулна. Гэр бүлээ хүний дайтай авч явч, дараа нь улс нийгэмдээ өөрийн чадах мэдэх бүхий л хүчээ зориулмаар байна.