• Lead the way ...
         
03
2024
Nov
Б.Гэрэлчимэг: /Зуугий/
#АМЖИЛТЫН КОД
Бүү ай, битгий хойш суу. Юунд ч зовнилгүйгээр урагшаа л тэмүүл!
Сэтгүүлч
Г.ОДГАРАВ
МИНИЙ АЖИЛ

БОЛОВСРОЛ:

  • South Seattle College - Урлагийн Менежмент,
  • Seattle Life Coach Training Academy - Мэргэшсэн Амьдралын Дасгалжуулагчаар төгссөн.
  • Kuala Lumpur дахь HELP их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

АЖИЛ:

  • Энгжоё Эдүкэшн сургалтын төвийн үүсгэн байгуулагч
  • CurPris Seattle LLC гүйцэтгэх захирал, Эмэгтэйчүүдийн хөгжлийн дасгалжуулагч
МИНИЙ АМЖИЛТ

Би өөрөө хийж, бүтээснээ тунхаглах бус бусад хүн миний тухай шагшин ярих нь амжилт

Хэзээ би өөрийгөө урамшуулдаг вэ гэхээр хийж байгаа зүйлээсээ таашаал авсан үедээ. Саяхан би өөрөөрөө маш их бахархсан. Учир нь би олон хүний урд ярихаас хамгийн их айдаг байв. Хүмүүсийн өмнө миний хоолой чичрээд, нүдэнд нулимс цийлгэнээд ирдэг. Гэтэл Seattle Life Coach training академийн төгсөлтийн арга хэмжээн дээр итгэлээ маш сайн тавьсан. Уйлаагүй, нүдэнд нулимс цийлгэнээгүй, хоолой минь чичрээгүй, дээшээ харж гөлрөөгүй, хэлье гэсэн бүхий л санаагаа ойлгуулж чадсан. Тэр үе бол өөрийгөө ялан дийлсэн миний хамгийн том амжилт байлаа.

МИНИЙ БОЛОМЖ

Хүн өөртөө итгэлгүй үедээ боломжоо алддаг

Боломж үргэлж бий. Миний хувьд боломжуудаа өөртөө итгэлгүй байх үедээ алдаж байсан. Би чадахгүй байх, би мэдэхгүй юм чинь, би сайн ярьж чадахгүй юм чинь гэх мэт өөрийгөө голохдоо алдаж байжээ гэж боддог. Тэгэхээр хүн болгонд адилхан боломж заяагддаг. Харин өөртөө итгэлтэй байснаар хүссэн зүг рүүгээ алхаж чадна. Тиймээс өөртөө итгэлтэй бай. Бусад нь аяандаа болно доо.

МИНИЙ МЕНТОР

Миний ментор бол Ричард Симон багш

Миний ментор бол Ричард Симон багш. Багш минь амьдралын дасгалжуулагч хийгээд 20 гаруй жил болж буй алдартай Life Coach. Би багшаасаа амьдралын болон бизнесийн дасгалжуулалт авдаг. Би өөрөө сайн хүн байж гэмээнэ бусдад тусалж чадна. Тиймээс багшаасаа үргэлж зөвлөгөө авдаг даа.

МИНИЙ АМЬДРАЛДАА СОНСОЖ БАЙСАН ХАМГИЙН ГОЁ ҮГ

“Dance in the mystery”

Dance in the mystery. “Dance” гэдэг бүжиглэх, “Mystery” гэдэг нь үл мэдэгдэх, тайлагдашгүй гэсэн үг. Тэгэхээр "Үл мэдэгдэх дунд бүжиглээд л бай" гэсэн үг. Учир нь маргааш, нөгөөдөр биднийг ямар  амьдрал, цаг үе хүлээж байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр аливаа зүйлээс айж, бодолдоо хүлэгдэлгүйгээр бүжих мэт урагшлаад л бай гэсэн санаа. Түүнээс бус айдастаа баригдан, нэг газраа бүү суугаад бай. Харин түүний оронд бүжиглэ. Салса хиймээр байвал хий, болохгүй бол ча-ча-ча-г хий... Энэ үгийг багш маань байнга хэлдэг юм.

МИНИЙ ТӨЛӨВЛӨЛТ

Унтахынхаа өмнө маргааш хийх ажлуудаа толгойдоо эрэмбэлдэг

Би урт хугацааны төлөвлөгч биш. Хэрэв урт хугацаагаар яривал би “visionary” буюу “төсөөлөгч” болно. Харин өдөр тутмынхаа амьдралыг сайтар төлөвлөдөг. Ингэхдээ унтахынхаа өмнө маргааш хийх ажлуудаа толгойдоо төсөөлнө. Чухлаас нь эхлээд дараалалд оруулна. Өөрөөр хэлбэл хийхгүй л бол болохгүй гурван ажлаа жагсаана. Харин түүний араас хийсэн ч, хийхгүй байсан ч болох ажлаа бичнэ. Чухал зүйлсийн жагсаалт гэдэг нь тухайн ажлыг хийхгүй байснаар би ч, эргэн тойрны хүмүүс ч хохирох ажлууд багтана гэсэн үг.

МИНИЙ ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ

Би зурагт үздэггүй, Фэйсбүүк орчинд маш бага цаг өнгөрөөдөг

Би зурагт үздэггүй. Өөрөөр хэлбэл асаалттай байлгадаггүй. Хүссэн зүйлээ үзчихээд зурагтаа унтраачихдаг. Фэйсбүүк орчинд маш бага цаг өнгөрөөдөг. Ажил хэргийн хувиар ороод гардаг гэсэн үг. Хүн үргүй цагаа танаж, зөв зүйлдээ хуваарилаад сурчихвал бага хугацаанд ихийг амжуулж сурдаг.

МИНИЙ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

“Victoria's Secret”-ийн модель шиг харагдахгүй ч усны хувцастай алхахдаа сэтгэл хангалуун байх нь өөртөө итгэх итгэл юм

Миний хувьд өөрийгөө мэддэг, өөрийгөө хайрладаг, байгаагаар нь хүлээн авдаг, ямар ч цаг үед өөртөө үнэнч хүнийг хэлнэ. Би өөртөө итгэлтэй болж сурч байгаа. Бидэнд янз бүрийн түүх бий. Бидний хэн маань ч бэрхшээлтэй тулдаг. Энэ үед яагаад гэх асуултыг тавьдаг. Харин тэр асуултад хариулт өгч, давах тусам л өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Нөгөө талаас хэчнээн “Victoria's Secret”-ийн модель шиг харагдахгүй ч усны хувцастай алхахдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байх нь өөртөө итгэх итгэл юм.

МИНИЙ ХЭЛ СУРАХ АРГА БАРИЛ

Хүн ичихгүй байх үедээ англи хэлийг маш сайн сурдаг

Англи хэлийг өдөр тутмынхаа амьдралын нэг хэсэг болгочихвол сурахад маш хялбархан. Дуулж байхдаа ч, гудамжаар алхахдаа ч үгнүүдээ сайн хараад, үсэглээд сурчих хэрэгтэй. Бид хэлийг амьдралынхаа нэг хэсэг болголгүй зөвхөн хичээл дээрээ үзэж, бусад тохиолдолд мартдаг. Тиймээс сайн сурдаггүй. Иймд хэлийг хаана ч хэрэглэж болохоор сурах хэрэгтэй. Англи хэл expressive хэл болохоор өөрийгөө маш сайн илэрхийлж байж сурна. Түүнээс биш дуугүй сууснаар сурдаг хэл биш. Миний хувьд ичих нүүрээ элгэндээ наагаад хичээлээ хийцгээ гэж сурагчдадаа хэлдэг. Хэл өөрөө харилцаа учраас харилцах л хэрэгтэй. Мэдээж алдана. Хамгийн гол нь хүлээн зөвшөөрөөд яаж сайжрах вэ гэдэгтээ төвлөрөх нь чухал. Хүүхэд  анх хэлд яаж ордог яг л тэр аргаар сурах хэрэгтэй. Өөрийнхөө түвшингөө тодорхойлж, яг хаана яваагаа мэдэх нь чухал. Зарим хүн тодорхой мэдлэгтэй болсон хэрнээ өөрийгөө голдог. Энэ бол буруу. Харин ч одоогийн хүрсэн түвшиндээ баярлаж, өөрийгөө шагнах хэрэгтэй.

МИНИЙ ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД АМЖУУЛСАН АЖИЛ

Хүүхдээ харах хугацаандаа 2 сургууль төгсөж, 4 номоо гаргасан

Хүүхдээ харах хугацаандаа хоёр сургууль төгссөн. Seattle Life Coach Training Academy-ийг Мэргэшсэн Амьдралын Дасгалжуулагчаар төгссөн. Бас англи хэлний цуврал дөрвөн номоо хэвлүүлсэн. Мөн онлайнаар 6500 гаруй эмэгтэйд англи хэл, гадаад сурагчдад монгол хэл тус тус заажээ. Одоогоор номын вэб сайтаа дуусгахаар ажиллаж байна.

МИНИЙ ХҮСЛИЙН ЖАГСААЛТ
  1. Бүтэн нэг өдөр, нэг шөнө унтмаар байна.  
  2. Нью-Йорк таймсын бестселлерт номоо оруулмаар байна.  
  3. Гэр бүлээрээ Дубай явна.