• Lead the way ...
         
21
2024
Nov
Э.Цацрал
#АМЖИЛТЫН КОД
Би мундагтаа бус өөртөө итгэлтэй учраас бүхний түрүүнд явдаг
Сэтгүүлч
Г.ОДГАРАВ
МИНИЙ АЖИЛ

Эрхэлж буй ажил: 

  • Лас Вегас хотын “Нарны цирк”-ийн “Зуманити” театрын уран нугараач

Амжилт:

  • Шүдэн дээрээ биеийнхээ жинг барин тэнцвэрээ олох төрлөөр Геннисийн амжилтыг хоёр удаа тогтоосон.
МИНИЙ АМЖИЛТ

Миний хувьд хамгийн том амжилт өөрийгөө олсон нь юм уу даа

Зорилгодоо үнэнч байсан ч маш олон мөрөөдөлтэй, цаг хугацааг урсгалаар нь өнгөрүүлдэг байв. Харин гадаадад ганцаараа амьдарч эхлээд өөрийгөө олж, зорилгодоо хүрэхийн тулд шат шатаар өгсөх ёстойг ойлгосон. Тэгээд алхам алхмаар мөрөөдлөө биелүүлж явна даа. Би багаасаа л уран нугаралтын шоунд оролцох хүсэлтэй байсан. Тэгээд шүдэн дээрээ биеийнхээ жинг барин тэнцвэрээ олох төрөлд Геннисийн амжилтыг эвдээд олон улсын хараанд өртөж эхэлсэн. Тэд нар надад хоёр шоунд оролцох санал тавьсан. Миний багаасаа хүсэж байсан шоу бол устай хундаган дотор нугарах байсан. Бүр утасныхаа дэлгэцэн дээр зургийг нь тавьчихаад нэг л өдөр миний хүсэл биелнэ дээ гэж боддог байв. Тэр мөрөөдөл минь биелээд өнөөдөр би Лас Вегаст “Зуманити” театртаа устай хундаганд нугарч байна.

МИНИЙ ХЭВ МАЯГ

Би амьдралын хэв маягаа “хурц” гэж тодорхойлно. Нэг хэвийн ч байлгаж чадна. Хүсвэл ямар ч саадыг даваад өөрийн зорьсондоо хүрч чадна.  

МИНИЙ ГОО САЙХАН

Чи өөртөө сэтгэл хангалуун бол бусдад үзэсгэлэнтэй харагдана

Хүн давтагдашгүй. Тиймээс гоо сайхан мөн л давтагдашгүй. Гадаад үзэмж төгс ч ухаан хомс хүмүүс бий. Миний бодлоор гоо сайхан бол хүний бодол. Толгойд чинь гоё бодол эргэлдэж байвал тэр чинь чиний чимэг. Өнөө үед хүн болгон л гаднах төрхөндөө их анхаардаг болсон. Тиймээс түүн дундаас өөрийнхөө онцлогийг гаргаж ирэх нь чиний гоо сайхан. Нөгөө талаас өөртөө сэтгэл хангалуун байх нь чамайг үзэмж төгс харагдуулна.

МИНИЙ АМЬДРАЛЫН КОД

Чи хэн байснаа хэзээ ч мартаж болохгүй

Манай аав надтай их "тулж" ажилладаг байсан. Би багадаа ааштай сахилгагүй хүүхэд байв. Цэцэрлэгт байхын эцэг эхийн чихнээс хонх уяна. Тиймээс аав ээж маань намайг чанга гараар өсгөсөн. Гэсэн ч дэггүй хэвээр байв. Харин циркээр хичээллэж эхлээд томоожсон доо. Аавын маань “Чи үргэлж тэргүүлэх ёстой. Харин хэн байснаа хэзээ ч мартаж болохгүй” гэх үгс сэтгэлд хадаатай байдаг. Би ер нь их шартай. Тийм болохоор аав миний шарыг их малтана. Миний зарчим бол бусдаас түрүүнд байх юм уу даа.

МИНИЙ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

Өөртөө итгэлтэй байдал минь өнөөдөр намайг хөтлөн яваа

Би их өөртөө итгэлтэй хүүхэд байсан. Энэ бүхэнд эцэг эхийн нөлөө их байх. Аав ээж минь бага байхад “Миний охин гоё шүү. Мундаг шүү” гэж үргэлж урамшуулсан. Өөртөө итгэлтэй байдал минь өнөөдөр намайг хөтлөн яваа гэж боддог. Бас би юунаас ч айдаггүй. Ажлын ярилцлага, бусадтай уралдах, аз сорих дуртай. Би мундагтаа биш зүгээр л өөртөө итгэлтэй учраас хамгийн түрүүнд зогсож байдаг. Тэгэхээр өөртөө итгэх итгэлд гэр бүлийн хүмүүжил болон өөрийн оролдлого чухал нөлөөтэй.

МИНИЙ МЕНТОР

Миний ментор бол аав

Манай аав. Урлаг талаасаа гэх үү дээ. Урлагийн хүн ямар байх ёстой, биеэ яаж авч явах ёстой, хүнтэй яаж харилцах, тайзан дээр ямар байх вэ гэхчлэн бүх зүйлийг аав заасан. “Чи биеэ тоогоод байна, болоогүй байж...” гэх мэт хатуу үгсээр ташуурдана шүү дээ.

МИНИЙ ТӨЛӨВЛӨЛТ

Би самбар дээр төлөвлөгөөгөө бичээд доор нь зургуудыг нь наадаг

Secret гэж киног хоёр жилийн өмнө үзэж байв. Тэр өдрөөс би толгойдоо ихийг төсөөлдөг болсон. Ирээдүйн өдрүүдээ төсөөлөн бодох дуртай. Надад нэг самбар бий. Түүн дээрээ төлөвлөгөөгөө бичээд зургийг нь доор нь наадаг. Байшин авах гэж байвал байшингийнхаа зургийг тавьдаг ч юм уу. Машин авах гэж байвал машин, их мөнгөтэй болох гэж байвал мөнгөний зураг байршуулна. Дараа нь өөрийгөө цэгнэж бичээд орныхоо эсрэг талд наагаад өглөө сэрэхдээ, орой унтахдаа харж, бясалгадаг. Заримдаа хэтэрхий их мөрөөдөхөөрөө стрессддэг. Миний бодлоор өөртөө байнга сануулаад байвал зорьсондоо хүрдэг юм шиг санагддаг. Миний хүссэн зүйл  нэг хоёр сараар хожимдоод ч болов биелдэг.

МИНИЙ БОЛОМЖ

Геннисийн амжилт миний хувьд маш том боломж байсан

Бидэнд байнга л боломж тохиодог. Харин атгаж чадах нь хүнээс хамаарна. Миний хувьд өсвөр насанд маш их боломж байсан. Гэвч би ашигладаггүй, хүсдэггүй байв. Цаг хугацаа намайг хүлээх юм шиг хөгжилдөх, үргүй зарцуулахад ихэнх цагийг өнгөрөөсөн. Харин гадаадад амьдраад өөрийгөө мэргэжлийн жүжигчидтэй жишиж, ямар зүйл дээр алдаж байснаа ухаарсан. Өөрийгөө гаднаас нь харсан гэх үү дээ. Тэгээд жаахан хожуу ч боломжоо харж атгасан. Эх орноосоо холдож, нүд тайлж, хайрцагнаасаа гарсан. Бусад боломжийг олж харсан. Мөн Геннисийн амжилт миний хувьд маш том боломж. Бүх талаар минь намайг түлхэж, олон боломжийг нээж, хүссэн мөрөөдөлд минь хүргэсэн.  Мэдээж амжилтад хүрэхийн тулд ихийг алдсан ч дараа нь түүнээс хэд дахин илүүг амьдрал надад бэлэглэсэн. 

МИНИЙ ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ

Миний нэг өдөр ингэж өнгөрдөг

Өглөө босоод, хоолоо хийж идчихээд, ажил руугаа явж, бэлтгэлээ хийнэ. Усан доторх нугаралтаа 30 минут давтаад, фитнестээ явна. Манай шоу гоо сайхан бие галбирыг илүүтэй шаардана. Унжсан сул арьстай байх ёсгүй. Энэ мэт бэлтгэлийнхээ дараа 20 минут массажинд орно. Үүний дараа нүүрээ будаад оройныхоо тоглолтондоо орно доо. Шоу 19.00-20.30, 21.30-22.30 хүртэл үргэлжилнэ. Тэгээд гэртээ хариад усанд орж, аав ээжтэйгээ өдрийнхөө сонин сайхныг хуваалцсанаар миний нэг өдөр дуусдаг даа.

МИНИЙ ХЭЛ СУРАХ АРГА БАРИЛ

Хэл сурах хамгийн үр дүнтэй арга бол "дурлах"

Би их нүүрэмгий, яриасаг болохоор хэнтэй ч хамаагүй яриад л суучихдаг. Тиймээс гадныхантай муу ойлголцож байсан ч хэлийг нь сугалчих гээд л ярина. Тэд их хөөрхөн, харийн хүн болохоор надад төвөгшөөхгүй тайлбарлаж өгнө. Тиймээс мэдэхгүй зүйл байсан ч санаа зоволгүйгээр асууж, ярих хэрэгтэй гэж боддог. Өөрийн сонирхсон сэдвээрээ найзуудтайгаа бас англиар ярьдаг. Нэг нууц задлахад дурлаж сурах нь их үр дүнтэй. 

МИНИЙ ЗАЛУУСТ ХЭЛЭХ СУРГАМЖ

Бухимдаж суухаар өөрийнхөө хүсэл мөрөөдлийг тодорхойл

Хүн харагдаж байгаа шигээ амьдардаггүй шүү дээ. Тийм болохоор зүгээр л өөрөөрөө бай гэж хэлмээр байна. Яг үнэндээ Монголд сайхан амьдрах боломж их бий. Америк руу л гарчихвал ажилтанд хүрнэ, бүх боломж нээгдэнэ гэж ярих хүмүүс цөөнгүй. Энэ эндүүрэл шүү. Хамгийн түрүүнд Америкт ирээд англиар маш сайн ярьж сурах хэрэгтэй. Англиар ярьж сурлаа гэхэд ном журмаар нь виз авах нь маш том асуудал болдог. Америк чинь эрх чөлөөний орон гэдэг нь үнэн. Гэхдээ үүнийгээ дагаад даатгал, татвар төлөх хэрэг гарна. Энэ бүгдийг төлж чадах хэмжээний санхүүгийн чадамжтай байж л эрх чөлөөг эдэлнэ. Тэгэхгүй бол зургаан сар ирчихээд Америк бол эрх чөлөөний орон юм байна гэж хошуурах хэрэггүй. Наад зах нь Монголд өвдлөө гэхэд шууд л эмнэлэгт үзүүлчхэж болдог, харин энд бүтэн долоо хоног хүлээнэ. Тиймээс хүмүүсийн уран гоё үгээр тархиа битгий угаалгаарай. Америк бол диваажин биш, байдаг л нэг орон. Хүний инстаграм, стори үзэж бухимдаж суухаар өөрийнхөө хүсэл мөрөөдлийг тодорхойл л гэж хэлмээр байна. 

МИНИЙ МӨНГӨНИЙ МЕНЕЖМЕНТ

Хадгаламж бол чиний ар тал

Би тийм ч хангалуун өсөөгүй. Ажил хийдэг учраас мөнгөний үнэ цэнийг мэдэрчихсэн, юунд мөнгө үрэхээ сайн мэддэг хүүхэд байсан. Хүмүүс юу ч биш гэдэг. Миний бодлоор номер нэг зүйл. Мөнгөтэй байж гэр бүл аз жаргалтай амьдарна, мөнгөтэй байж сэтгэл хангалуун явна. Хийж, зорьж буй ажил чинь чамайг жаргалтай байлгах хэмжээний санхүүтэй болгох уу гэдгийг эхнээс нь бодох хэрэгтэй. Би мөнгийг дэмий зүйлд үрдэггүй. Хадгаламж чиний ар тал шүү гэж хэлэх дуртай. Чамд гутал байна уу байна, заавал өөр загвар, өнгөтэйг авах шаардлагагүй. Монгол очихоор залуус хувцсаараа өрсөлдөөд байгаа нь ажиглагддаг. Ээж, аав чинь өвдвөл эдэлж хэрэглэдэг зүйл, гутал хувцсаараа эдгээж чадахгүй биз дээ. Тэгэхээр хуримтлуулах нь маш чухал. Боломжтой бол давхар ажил хийгээд хадгал. Мэдээж хааяа өөрийгөө баярлуул, шагна. Ганц том зүйлийн хөрөнгө оруулалтыг жилдээ нэг хийх. Хадгалах хэрэгтэй. Мөнгөө хадгалчихсан байхад бүх зүйл болно. 10 мянга ч хамаагүй хадгалах хэрэгтэй. Хэн ч чамд өнөөдөр “Өө чи мөнгөгүй болчихсон уу гээд 10 мянган төгрөг өгөхгүй. Хадгалахыг зуршил болгоорой. 

МИНИЙ ХҮСЛИЙН ЖАГСААЛТ

 

  • Шинэ бизнес эхлүүлэх.
  • Гэр бүлээ зохиож хүүхэдтэй болох.  
  • Бусад зүйлийг дараа хэлье.