A |
A |
A |
A |
A |
Америкт 100 хувийн тэтгэлэг аваад аавтайгаа инээлдэж байсан тэр мөч
Ээж минь “Хүн аз жаргалтай амьдарч байвал тэр нь хамгийн том амжилт шүү” гэж хэлдэг. Азаар би аав, ээжийнхээ буянд багаасаа санаа зовох зүйлгүй, аз жаргалтай амьдарсан. Ажил карьерын хувьд гэвэл 100 хувийн тэтгэлэг аваад Америкт таван жил сурч байсан минь хамгийн аз завшаан, амжилт бүтээл огтлолцсон мөч байсан юм болов уу. Би тэр оройг их сайн санадаг юм. Хойд аав минь америк хүн. Сургуулиас ирсэн “Баяр хүргэе. Та 100 хувийн тэтгэлэг авсан” гэсэн цахим шууданг аавтайгаа хамт уншиж байлаа. “Хоёулаа өнөөдрөөс эхлэн өдөр болгон “ХАХА” гэж инээх болноо” гэж бие биедээ хэлээд чанга инээлдэж байснаа их тод санадаг. Тэр бол хамгийн гоё мөч.
Чамд итгэл бэлэглэх хүнийг өөртөө ойрхон байлга
Миний бодлоор хүн зөвхөн дотроосоо өөртөө итгэх итгэлийг төрүүлж чадахгүй гэж боддог. Хүнд итгэлийг эргэн тойрныхон нь өгдөг. Өөрөөс чинь илүү гэрэлтэж буй хэн нэгэн бэлэглэдэг. Тэр гэрэл рүү л чи тэмүүлж байх хэрэгтэй. Чамайг ангийхан чинь насаар чинь царай муутай гэж шоолсон бол чамайг өвөрмөц царайтай, бусдаас өөр, чиний энэ чинь гоё гэж хэлэх тэр хүнийг өөртөө ойрхон байлгаарай. “Би чинь дажгүй охин байсан байнашдээ” гэх бодол, итгэлийг хүн чамд өгч байгаа. Надад итгэл, урам зориг өгч сумладаг, дутагдлыг минь эвтэйхнээр ойлгуулдаг хүмүүстэй би ойр байхыг хичээдэг
Алдааг чинь олзолж, алхам болгоныг чинь өөлж байдаг хүмүүсээс зайгаа ав
Юм хийж байгаа хүн л алдаа гаргадаг. Юу ч хийхгүй бол огт алдахгүй. Тиймээс хөдөлмөрлөөд алдсан бол хоосон шүүмжийг сонсох хэрэггүй. Алдааг чинь олзолж, алхам болгоныг чинь өөлж бурууг чинь дахин дахин батлах гэж оролддог хүмүүсээс зайгаа ав. Мэдээж гаргаж болохгүй алдаа гэж бий. Жишээ нь хамгийн хайртай хүмүүсээ, ээж аавыгаа битгий гомдоо. Харин ажил дээр бол буруу ойлголцоод гомдох үе гарна. Тэр бол асуудалгүй, байх ёстой л зүйл гэж боддог. Надад өөрт бол харамсаад гуниад байх хэмжээний алдаа байхгүй ээ. Гагцхүү алдаанаасаа сургамж авахгүй бол тэр чинь жинхэнэ алдаа болно.
Цэвэрхэн, энгийн
Манай нэг найз “Ямар ч стильгүй хувцаслах нь миний стиль” гэж хошигнодог. Түүн шиг би гадаад үзэмжээ энгийн байлгахыг хичээдэг. Саяхан айхтар стильтэй, цаг үеийн хандлагыг соргог мэдэрдэг эмэгтэй найзаасаа “Үсээ яаж засуулах вэ. Яавал зүгээр вэ. Би арай хоцрогдоод байгаа юм биш биз?!” гэж асуулаа. Гэтэл “Үгүй ээ, болж л байна шүү дээ. Эрэгтэй хүн цэвэрхэн байхад л болно” гэж хариулсан. Тэгэхээр миний хэв маяг бол цэвэрхэн, энгийн...
9.00-11.00 болон 15.00-17.00 цаг хамгийн бүтээмжтэй
Юун түрүүнд өдөрт найман цаг ажиллаж, мөн цагт унтах шаардлагатай гэж боддог. Өөртөө хамгийн багадаа нэг цагийг зориулахыг хичээдэг. Тэр цагтаа юу ч хийхгүй байсан ч болно. Ямар ч зорилгогүй телевизийн нэвтрүүлэг үздэггүй. Гар утасны хэрэглээгээ багасгамаар байвч ажлын шаардлагаар чадахгүй л байна. Өглөөний 9.00-11.00, өдрийн 15.00-17.00 цагийн хооронд хамгийн эрч хүчтэй, анхаарал төвлөрдөг учраас гол ажлуудаа тэр үеэр нугалахыг зорьдог. Найзуудтайгаа уулзахдаа уйтгартай кофе шопт өнгөрөөхөөс илүү хэн хэнийнхээ эрүүл мэндэд ашигтай хамт алхах зэргээр идэвхтэй байж, ажлаа амжуулахыг эрмэлздэг. Шаардлагагүй бол мессежээр харьцахаас илүүтэй шууд утсаар ярих нь амар байдаг.
Би бизнесийг гурван жилээр, хувь хүний зорилгыг 10 жилээр төлөвлөдөг
Миний бизнес болох “Call Pro” компани, “Faro” сургалтын төв маань энэ жил таван нас хүрч байна. Бизнесийн хувьд борлуулалт, мөнгөн эргэлт гэх мэт зүйлсийг гурваас олон жилээс илүү хугацаанд төлөвлөх боломжгүй гэж боддог. Магадгүй том корпорациуд 20 жилээр төлөвлөдөг байх. “General Electric” гэхэд 20 жилээр санхүүгийн төлөвлөгөөгөө гаргадаг гэж сонссон. Би бизнесийг гурван жилээр, хувь хүний зорилгыг 10 жилээр төлөвлөдөг. Гэр бүл, хайр дурлалын асуудал дээр Баабар гуайн хэлсэн “Биологийн процессийг төлөвлөдөггүй юмаа” үгтэй санал нийлдэг. Гэр бүлийн асуудал дээр ямар ч төлөвлөгөөгүй явдаг.
Олон ажлыг зэрэг амжуулахын тулд олон баг, хамтрагчтай байх хэрэгтэй. Үндсэн суурь нь харилцаа юм. Зөв ойлголцох, зөв мэдээлэл солилцох, зөв ажлыг зөв хүндээ даалгах гэх үндэс суурин дээр олон ажил амжуулж болдог. Би хувьдаа нэг хүн олон ажлыг амжуулдагт итгэдэггүй. Нэг хүн олон хүнтэй зөв харилцаж олон ажил амжуулдаг гэвэл харин үнэн байх.
Монголд дүрмээ үзчихээд гадаад руу явбал илүү үр дүнтэй
Би Англи хэлийг маш сайн эзэмшсэн. Энгийн харилцан ярианы хэмжээнд Герман, Орос хэлтэй. Сүүлийн үед Солонгос, Япон хэлийг ярианы түвшинд сурмаар байгаа. Хэл сурах гэж байгаа хүн хамгийн түрүүнд үг цээжлэх техниктэй байх ёстой. Зарим хүн бичиг цаасны аргаар сайн сурдаг бол зарим нь ярьж, сонсох нь үр дүнтэй байдаг. Тиймээс өөрийгөө тодорхойлоод ярьж сурдаг бол гадагшаа явж, жуулчны хөтөч хийж, өөрийгөө тухайн орчинд нь оруул. Харин орчуулга хийх нь үр дүнтэй байдаг хүн мэргэжлийнхээ дагуу болон сонирхлоороо амьдралд наалдацтай бичиг цаастай зууралдаарай. Томчуудын хувьд Монголд дүрмийн сургалтаа сайн авчихаад гадаад руу явбал илүү үр дүнтэй байдаг шүү. Хүүхдүүд бол шууд явж болж байна. Би бол бичгийн төрлийн хүн. Орчуулга хийхээр их зүйлс сурдаг.
"Ажлын дүрэм"
Яг одоо уншиж буй “Ажлын дүрэм” гэх “Google” компанийн хүний нөөцийн ноу-хаун тухай ном их зүйлийг бодогдуулж байгаа. Хүн болгон адилгүй, тэдгээр ондоо хүмүүс яаж нэгдэж, нэг ажлыг хийдэг юм бэ? Зөв зохион байгуулъя гэвэл хүн өөрөөсөө гадна бусдыг танин мэдэх шаардлагатай болж байгаа биз. Сүүлийн үед надад хамгийн их бодогдож байгаа зүйл бол бусад хүнийг яаж зөвөөр ойлгодог болох вэ гэсэн асуудалд илүүтэй төвлөрч байна.
1. Солонгосоор ярьж сурах
2. Зуны Москваг үзэх
3. Мотоцикл унаж сурах
4. Энэ зун Хөвсгөл явах
5. Турник дээр тасралтгүй 20 суниаж сурах
6. “Harvard”-аас гаргасан менежментийн тухай гурван номоо уншиж дуусгах
7. Энэ зун маш том комеди фестиваль хийх
8. Нэг сайхан шоудах (Ойрын гурван сар шоудаагүй)
9. Playtime явах
СЭТГЭГДЛҮҮД
|